Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
Хэргийн индекс | 152/2016/00468/И |
Дугаар | 505 |
Огноо | 2016-08-02 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 505
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Тариалан сумын Хөхөө дугаар багт оршин суух, 1962 онд төрсөн, 54 настай, эрэгтэй, ОМ62042715 регистртэй, Шаавай овогт Төмөрийн Хадаахүүгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Хадаахүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баясгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Хадаахүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1962 онд төрсөн, 54 настай. Би Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд 15 настайгаасаа буюу 1977 оноос эхлэн барилга, байнгын бригадын грушек зэрэг ажил хавсран хийж байсан. Тэгээд 1980 оны 7 дугаар сард цэргийн албанд явсан. Цэргээс ирээд тус нэгдэлдээ үргэлжлүүлэн туслах ажилчнаар ажилласан. Одоо нас өндөр болж байгаа тул тэтгэврийн бичиг баримтаа цэгцлэх шаардлага болсон байна. Иймд миний Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд 1977 оны 6 дугаар сараас 1980 оны 6 дугаар сарыг дуустал туслах ажилчнаар, 1983 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарыг дуустал туслах ажилчнаар, 1992 оны 4 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал “Туяа” ХК-нд туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Хадаахүү нь Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд 1977 оны 6 дугаар сараас 1980 оны 6 дугаар сарыг дуустал туслах ажилчнаар, 1983 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарыг дуустал туслах ажилчнаар, “Туяа” ХК-нд 1992 оны 4 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гаргаж ирүүлсэн Т.Хадаахүүгийн Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд 1977 оны 6 сараас 1980 оны 6 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ,
2. Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлийн даргын 1983 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 125 тоот “Ажилд томилох тухай” тушаалд “Төмөр овогтой Хадаахүүг 1983 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ХХБ-ийн бригадад томилон ажиллуулсугай” гэжээ,
3. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гаргаж ирүүлсэн Т.Хадаахүүгийн Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд 1983 оны 9 дүгээр сараас 1991 оны 4 дүгээр сарын дуустал туслах ажилчнаар ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ,
4. Т.Хадаахүүгийн 1991 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
5. Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлийн даргын 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 109 тоот “Ажлаас чөлөөлж өөр байгууллагад шилжүүлэх тухай” тушаалд “Туяа” нэгдэлд ажиллаж байсан 364 хүнийг 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс гэж бичигджээ, “Туяа” компанийн мэдэлд шилжүүлэв гэсэн тушаалын хавсралтын 12-рт “Т.Хадаахүү байнгад” Холбооны газрын даргын 2003 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 51 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “…Б.Сүрэнхорлоог 2003 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсүгэй” гэж бичигджээ,
6. Гэрч И.Сүрэнжавын шүүхэд өгсөн: “Би 1980 оноос эхлэн Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлийн Үйлдвэр бригадад ачигч буулгагч зэрэг туслах ажлыг 1983 он хүртэл хийгээд, 1983-1986 оны хооронд цэргийн алба хааж ирээд үргэлжлүүлэн 1992 он хүртэл буюу Туяа нэгдэл тарах хүртэл ажилласан юм. Намайг 1980 онд анх нэгдэлд ажилд ороход Т.Хадаахүү нь манай нэгдлийн Үйлдвэр бригадын туслах ажилчнаар ажиллаж байсан бөгөөд 1992 он хүртэл бид хамт ажиллаад би чөлөөлөгдөж, Т.Хадаахүү үргэлжлүүлэн 1994 оныг дуустал ажилласан. Бид нэг нутгийн хүмүүс учраас эртнээс бие биенээ сайн таньж мэднэ, хамт ажиллаж байсан нь үнэн. Тухайн үед Тариалан сумын “Туяа” нэгдлийн даргаар Г.Баазар, Т.Пүрвээ, Б.Санхүү гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
7. Гэрч О.Зоригоогийн шүүхэд өгсөн: “Би 1983 оноос эхлэн Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлийн Үйлдвэр бригадад ачигч буулгагч зэрэг туслах ажлыг 1992 он хүртэл хийгээд Туяа ХК болоход 1993 он хүртэл ажилласан юм. Намайг 1983 онд анх нэгдэлд ажилд ороход Т.Хадаахүү нь манай нэгдлийн Үйлдвэр бригадын туслах ажилчнаар /грушек, хадланчин, барилгачин, ногоочин/ ажиллаж байсан бөгөөд 1992 он хүртэл ажиллаад, 1992 оноос Туяа ХК болоход 1993 он хүртэл бид хамт ажилласан. Т.Хадаахүү үргэлжлүүлэн 1994 оныг дуустал ажилласан санагдаж байна. Т.Хадаахүү ажиллах хугацаандаа олон шагнал урамшуулал авч байсан юм. Түүний эхнэр Бужгаа нь мөн нэгдлийн Үйлдвэр бригадад нөхрийнхөө хамт барилгын туслах ажилчнаар ажиллаж байсан юм. Тухайн үед Тариалан сумын “Туяа” нэгдлийн даргаар Г.Баазар, Т.Пүрвээ, Б.Санхүү гэх хүмүүс ажиллаж байсан юм” гэх мэдүүлэг,
8. Гэрч И.Сүрэнжавын Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 263 тоот шүүхийн шийдвэрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, О.Зоригоогийн Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 981 тоот шүүхийн шийдвэрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Т.Хадаахүү нь Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд 1977 оны 6 дугаар сараас 1980 оны 6 дугаар сарыг дуустал туслах ажилчнаар, 1983 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарыг дуустал туслах ажилчнаар, “Туяа” ХК-нд 1992 оны 4 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гаргаж ирүүлсэн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлийн даргын 1983 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 125 тоот “Ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гаргаж ирүүлсэн цалингийн тодорхойлолт, Т.Хадаахүүгийн 1991 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал бичилттэй хөдөлмөрийн дэвтэр, Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлийн даргын 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 109 тоот “Ажлаас чөлөөлж өөр байгууллагад шилжүүлэх тухай” тушаал, гэрч И.Сүрэнжав, О.Зоригоо нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Т.Хадаахүүгийн Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд 1977 оны 6 дугаар сараас 1980 оны 6 дугаар сарыг дуустал 1 жил, 8 сар туслах ажилчнаар, 1983 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарыг дуустал 8 жил, 7 сар, 15 хоног туслах ажилчнаар, “Туяа” ХК-нд 1992 оны 4 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал 2 жил, 9 сар туслах ажилчнаар, нийт 13 жил, 15 хоног туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Хадаахүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шаавай овогт Төмөрийн Хадаахүүгийн Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд 1977 оны 6 дугаар сараас 1980 оны 6 дугаар сарыг дуустал 1 /нэг/ жил, 8 /найм/ сар туслах ажилчнаар, 1983 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарыг дуустал 8 /найм/ жил, 7 /долоо/ сар, 15 /арван тав/ хоног туслах ажилчнаар, “Туяа” ХК-нд 1992 оны 4 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал 2 /хоёр/ жил, 9 /ес/ сар туслах ажилчнаар, нийт 13 /арван гурав/ жил, 15 /арван тав/ хоног туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Хадаахүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР