Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 83

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0089/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                              Г.Отгонзаяа,

Улсын яллагч                                                           Я.Сансар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                             С.Нарангэрэл,

Хохирогчийн өмгөөлөгч                                             Д.Ганхуяг,

Шүүгдэгч                                                                   Д.О нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О-д холбогдох 1839005850294 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 26-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1983 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, эрэгтэй, 36 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Биндэр сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хэнтий аймгийн сум дундын I шүүхийн шүүхийн 2002 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн №137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ял, тус шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн №59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, тус шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн №52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4, 151 дүгээр зүйлийн 151.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсгүүдэд зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 11 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан гэх Д.О /РД:/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.О нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Биндэр сумын 1 дүгээр багийн нутаг “Баянт” гэх газраас иргэн Н.Мөнхжаргалын олон тооны бод мал буюу 12 тооны үхрийг хулгайлж 6.750.000 төгрөгийн хохирол учруулсан;

2018 оны 11 дүгээр сарын 9-10-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Биндэр сум 5 дугаар багийн нутаг “Дуган хад” гэх газар оршин суух иргэн Г.Батбаярын аргамжаатай 1 тооны морийг хулгайлж, 700.000 төгрөгийн хохирол учруулсан;

2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Гурван баян” багийн зүүн талаас иргэн Ц.Батзоригийн 2 тооны адууг хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Н.Мөнхжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр үхрээ тоолж бүртгээд Улаанбаатар хот руу ажилтай явсан. Хотод байхад 2018 оны 11 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө үхэр алга болчихлоо, ойр хавийн айлуудаар хайгаад олдсонгүй, үхрээ дахин тоолж бүртгэхэд 13 үхэр дутаад байна гэж манай малчин Мөнхбат ярьсан. 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өглөө үхрээ бүртгэхэд 13 тооны үхэр дутаж байсан. ...Сэдэд гэх хүнтэй очиж уулзахад хул морьтой 10 гаруй тооны үхэр тууж явсан хүн худаг дээр таарсан гэж байсан. Тэр хүн өөрийгөө Батсүхийн хүү байна гэж хэлсэн. Тэр хүн морь явахаа больчихлоо, аймгаас унаа дуудсан байгаа, морио танайд үлдээе гэж хэлсэн. Тэгээд морио адууны захад орхиод улаан өнгийн суудлын жижиг тэргэнд суугаад яваад өгсөн гэж хэлсэн. ...2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дутуу хайсан байж магадгүй гээд Саригийн баруун хойд талд байх Ширбазар гэх айлаар орж үхэр тууж явсан хүний талаар асуухад Ширбазар гуай Д.О гэх залуу 10 гаруй тооны үхэр ах Пүүлээ гэх айлаас аваад явж байна гээд манайхаар орж ирсэн. ...Д.О тэгвэл энэ тугалтай 3 үнээг үлдээе, дахиад ахынд үхэр байгаа, тэрийгээ авчирна гэж хэлсэн гэсэн. Тэгээд тугалтай 3 үнээгээ орхиод бусад үхэрнүүдээ туугаад явсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 тал/,

Хохирогч Г.Батбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ойролцоогоор 15-16 цагийн үед би өөрийн унаж явсан 16 настай хар голтой хул морио Биндэр сумын 5-р баг “Дуган хад”-ны наана аргамжаад орхисон. Тэгээд гэрээсээ харахад аргамжсан морь маань алга болчихсон байсан. ...2018 оны 11 дүгээр сарын сүүлээр гэртээ идшээ хийгээд байж байхад манай эхнэрийн хамаатан Оюунтуяа надад Д.О гэх залуу хул морьтой үхэр хөөгөөд явж байсан сураг гараад байна гэсэн. Д.О 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Оюунтуяагийн гэрт миний алдсан хул морийг аваачиж өгчихөөд явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/,

Хохирогч Ц.Батзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Цагдаагийн байгууллагаас 2 тооны адууны хохирогч эрэн сурвалжилж байна гэсэн мэдээллийг Хурх тосгоны хэсгийн төлөөлөгчөөс мэдсэн. Адуугаа эрж яваад 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр адуугаа олоод бүртгээд үзсэн чинь шарга зүсмийн, нөгөөх нь халиу зүсмийн 2 тооны адуу байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/,

Гэрч Ц.Оргилмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...нөхөр, бид хоёр Ширбазар гуай дээр орхисон 3 тугалтай үнээг үзэхэд манай алдсан хар халзан үнээ улаан тугалтай, сэрвээ цагаан ухаа халзан үнээ улаан халзан тугалтай, улаан халзан үнээ улаан халзан тугалтай, бүгд 2 чих урдаасаа ганзага имтэй, манай 6 тооны үхэр мөн байсан. Мөн 2 чих нь онь имтэй төмстэй улаан бярууг Д.О 8 дугаар багийн нутаг Дунд Уул гэх газарт айлд үлдээсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/,

Гэрч Т.Сэдэдийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр манай худаг дээр үхэр туусан хүн ирээд морио услаад үхэр маань энэ баруун завсар байгаа гэж хэлсэн. Тэгээд морио манай адуунд үлдээгээд явья гээд үлдээчихээд өөрөө улаан өнгийн машинд суугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/,

Гэрч Г.Ширбазарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 11 сарын дундуур Отгоо гэх залуу орж ирээд би үхэр тууж яваа юм гэж хэлсэн. Эхнэр, бид хоёр чи дулаан газар очиж хоно гээд хүү Бямбаагийнх руу явуулсан. Тэгээд тэндээ хоноод маргааш өглөө нь Отгоо манайхаас зүүн тийш яваад 10 гаруй тооны үхэр туугаад хүү Бямбаагийнд очсон. Тэндээс тууж явсан үхэрнээсээ машинд ачаад явсан. ...Отгоогийн тууж явсан үхэрнээс 3 тугалтай үнээ үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 тал/,

Гэрч Ш.Бямбажавын мөрдөн байцаалтанд өгсөн: “...үхэр дээр нь очиход тэнд нь 1 хул зүсмийн морь байсан. Тэгээд би үхэр дээр нь буулгаад ирсэн. Тэр үхэр нь тугалтайгаа 14 тооны үхэр байсан... 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр байх аймаг руу утсаар ярьж машин дуудсан, тэгээд машин нь өглөө ирсэн. 5 тооны үхэр ачаад яваад өгсөн. ...тугалтай 3 тооны үнээгээ унаж явсан морьтойгоо үлдээгээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 тал/,

Гэрч Г.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 11 сард Хэрлэн сумын 8-р баг “Зүрхний энгэр”  гэх газарт байсан үхрээ өглөө хураахад манай үхэрт улаан зүсмийн төмстэй бяруу байсан. Тэр бярууны им 2 чих нь үзүүрээсээ ац имтэй сүүлийг нь хайчилсан 2 ташаан дээрээ хул шар өнгийн будгаар Х үсэг тавьсан, мөн эвэр нь хул шар өнгийн будгаар будсан бяруу нийлсэн. Би үхрээ бөөгнүүлж орхиод гэртээ байж байхад манай гэрийн гадаа улаан өнгийн машин ирээд сахалтай намхан бор залуу орж ирээд би урагшаа үхэр туугаад явсан 1 бяруу нь явахгүй болохоор урд үлдээсэн юм. Тэр бяруу маань танай үхэрт нийлсэн байна гэсэн. ...Тэгэхэд нөгөө залуу энэ бярууг танай гэрийн гадаа нядлаад аваад явья гэхээр нь би гэрийн гадуур баас болно, шувуу эргэлдээд байна гэж хэлсэн. ...Тэгээд эргээд нөгөө залуу манайд ирээд ах нь энэ бярууг нядлахаа больё, хэд хоногийн дараа ирж авна гэж хэлчихээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56 тал/,

Гэрч Л.Оюунтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Батбаяр ах морио алдчихлаа аргамжаагаа таслаад явчихсан байх гэж хэлсэн. ...Д.О урдаас үхэр хөөж яваад цагдаа баригдчихлаа гэж надад сонсогдсон, тэгэхээр нь би Батбаяр ах руу утсаар яриад Д.Оыг ямар морь унаж явсныг нь асуугаач гэж хэлсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа Д.О нь урдаас үхэо хөөж яваад цагдаад баригдчихлаа гэж надад сонсогдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 70 тал/,

Гэрч Х.Ганцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Д.О хөдөө явна гээд гэрээс өөрийнхөө модон эмээл, суран хазаарыг аваад гарсан. 2019 оны 01 дүгээр сарын 27-ны шөнийн 23 цаг өнгөрөөгөөд ирсэн. Ирэхдээ хөдөө яваад ирлээ өөрийн маань морь гээд 2 адуу авчирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-73 тал/,

Гэрч Б.Бямбадоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 27-ны шөнө 23 цаг өнгөрөөгөөд гаднаас зүс таних залуу хул шаргал, шарга зүсмийн 2 тооны адуутай ирсэн. Нэг адууг нь өөрөө унаад ирсэн. Тэгээд 2 тооны адуу ажиллуулах гэсэн юм гэсэн. Тэгэхээр нь би шөнө ажиллаад яахав, өглөө больё гээд өнөө өглөө буюу 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өглөө 10 цагийн орчимд 2 тооны адууг нь ажиллаж өгсөн. Адуугаа ажиллаад дуусаж байхад 11 цагийн орчимд манай танил найз Бат-Эрдэнэ манайд ирсэн. Тэгсэн нөгөө адуу ажиллуулдаг залуу машин байхгүй гэсэн чинь манай найз хүргээд өгье гээд 2 тооны адууны махыг арьс, толгойтой нь ачаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 74 тал/,

Хулгайд алдагдсан малын үнэлгээ /хх-ийн 84-85, 89, 93 тал/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-16 тал/,

Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний гаргасан шинжээчийн дүгнэлт /хх-ийн 84-85 тал/,

Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ний гаргасан №002 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 89 тал/,

Шүүгдэгч Д.Оын шүүх хуралдаанд өгсөн: “...тухайн үед гэр орон байхгүй, өвлийн хүйтэн байсан. Би гэр орон авах гэж л хулгай хийсэн, миний буруу, хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.О нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Биндэр сумын 1 дүгээр багийн нутаг “Баянт” гэх газраас иргэн Н.Мөнхжаргалын олон тооны бод мал буюу 12 тооны үхрийг хулгайлж 6.750.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Н.Мөнхжаргалын мэдүүлэг, гэрч Ц.Оргилмаагийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, хөрөнгө үнэлгээний тайлан, Д.Оын мөрдөн байцаалтанд яллагдагчаар болон шүүх хуралдаанд шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг зэргээр;

2018 оны 11 дүгээр сарын 9-10-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Биндэр сум 5 дугаар багийн нутаг “Дуган хад” гэх газар оршин суух иргэн Г.Батбаярын аргамжаатай 1 тооны морийг хулгайлж, 700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Г.Батбаярын мэдүүлэг, гэрч Л.Оюунтуяагийн мэдүүлэг, гэрч Т.Сэдэдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, Д.Оын мөрдөн байцаалтанд яллагдагчаар болон шүүх хуралдаанд шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг зэргээр;

2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Гурван баян” багийн зүүн талаас иргэн Ц.Батзоригийн 2 тооны адууг хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ц.Батзоригийн мэдүүлэг, гэрч Б.Бямбадоржийн мэдүүлэг, гэрч Н.Бат-Эрдэнийн мэдүүлэг, үнэлгээний комиссын үнэлгээ, Д.Оын мөрдөн байцаалтанд яллагдагчаар болон шүүх хуралдаанд шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.

 

Шүүгдэгч Д.Оын дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг буюу бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг мөн бөгөөд прокурор Я.Сансар шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон үндэслэлтэй байх тул Д.От эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл нь шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргийн 130 дугаар талд авагдсан Хэнтий аймаг дахь сум дундын I шүүхийн 2004.5.27-ны өдрийн №73 дугаартай шийтгэх тогтоолыг шинжлэн судлуулсан бөгөөд уг шийтгэх тогтоол нь шүүгдэгч Д.От хамааралгүй тогтоол байх тул нотлох баримтаас хасаж тооцох нь зүйтэй байна.

 

Хохирогч Г.Батбаяр нь алдсан гэх 1 тооны адуугаа олж авсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй /хх-ийн 37 тал/ гэсэн тул шүүгдэгч Д.Оыг хохирогч Г.Батбаярт төлөх төлбөргүй;

Хохирогч Ц.Батзориг нь 1.100.000 төгрөгийг хохиролд хүлээн авсан, үлдсэн 900.000 төгрөгийг нэхэмжилнэ /хх-ийн 41 тал/ гэсэн тул шүүгдэгч Д.Оаас 900.000 төгрөг гаргуулж, хохирогч  Ц.Батзоригт;

Хохирогч Н.Мөнхжаргал нь 5 тооны үхэр буюу малын үнэлгээгээр /хх-ийн 85 тал/ тогтоогдсон 4.150.000 төгрөгийн хохирол төлбөртэй, Д.Оаас нэхэмжилнэ гэсэн бөгөөд шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч, хохирогчийн өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд хохирлын талаар маргаагүй, төлөхийг зөвшөөрсөн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул 4.150.000 төгрөгийг шүүгдэгч Д.Оаас гаргуулж, хохирогч Н.Мөнхжаргалд тус тус олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд заасан санаатай гэмт хэргийг 2 ба түүнээс дээш удаа үйлдсэнийг мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.От 7 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийг устгах санал гаргасан бөгөөд, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл нь шүүгдэгч Д.Оын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ар гэрийн байдал зэргийг харгалзан 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү гэжээ. Шүүгдэгч Д.О нь хулгайн гэмт хэрэг, тэр дундаа малын хулгайн гэмт хэрэг үйлдэж, шүүхээс урьд 3 удаа ял шийтгүүлж байсан бөгөөд гэмт зангаа засаагүй, амар хялбар аргаар амьдрах гэж бусдын олон тооны мал хулгайлсан, хохирол төлбөр төлөөгүй зэргийг түүний хувийн байдалд тооцож, түүнд оногдуулах хорих ялын хэмжээг 05 жил 06 сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Д.Оын эмээл 1 ширхэг, төмөр сүх 1 ширхэг, суран хазаар 1 ширхэг, хутга 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Д.Оын энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 31 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Д.Оаас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.О-г бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-д 05 /тав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-д оногдуулсан 05 /тав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-н цагдан хоригдсон 31 /гучин нэг/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулсан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эмээл 1 ширхэг, төмөр сүх 1 ширхэг, суран хазаар 1 ширхэг, хутга 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Оаас 4.150.000 /дөрвөн сая нэг зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Н.Мөнхжаргалд, 900.000 /есөн зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ц.Баатарзоригт тус тус олгосугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, ба түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Ц.МӨНХТУЛГА