Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
Хэргийн индекс | 133/2016/0280/И/ |
Дугаар | 319 |
Огноо | 2016-09-09 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 319
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг Өнөр хороолол 3-1 тоотод оршин суух Баруун отог овогт Дүгэрийн Амартүвшингийн /РД: ДЮ73011816/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймаг “Тайшир-Гуулин усан цахилгаан станц” хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 07 сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Амартүвшин, хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал Ц.Батзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Амартүвшин нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Тайшир-Гуулин усан цахилгаан станц” ХХК-ний гүйцэтгэх захирлын 01 тоот тушаалаар томилогдсон. Үүнээс хойш хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаад 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс ээлжийн амралтаа авч, орон нутгийн сонгуульд нэр дэвшин оролцож байх үед “Тайшир-Гуулин усан цахилгаан станц” ХХК-ний гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/23 тоот тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас халсан учир уг тушаалыг хүчингүй болгож, намайг “Тайшир-Гуулин усан цахилгаан станц” ХХК-ний ХАБЭА-ын инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Амартүвшин шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Амартүвшин миний бие танай шүүхэд гаргасан ажилд эгүүлэн томилуулах шийдвэрийг гаргуулах, ажлаас халсан шийдвэрийг хүчингүй болгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх шийдвэр гаргуулах нэхэмжлэлд дурдсан шаардлагыг биелүүлэх тохиролцоог “Тайшир-Гуулин усан цахилгаан станц” ХХК-ий гүйцэтгэх захиралтай хийсэн тул дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.
Хариуцагч байгууллагын захирал Ц.Батзориг нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ХАБЭА-ны инженер Д.Амартүвшинг 2016 оны 06 сарын 20-нд ажлаас халсан шийдвэрийг хүчингүйд тооцон 2016 оны 06 сарын 10-наас 2016 оны 07 сарын 22-нд ээлжийн амралтыг тооцож, 08 сарын цалин хөлсийг тооцон, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг тайлан тооцоонд оруулан залруулахаар харилцан тохиролцсон гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Амартүвшингийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймаг “Тайшир-Гуулин усан цахилгаан станц” хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь “…“Тайшир-Гуулин усан цахилгаан станц” ХХК-ний ХАБЭА-ын инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх тохиролцоог “Тайшир-Гуулин усан цахилгаан станц” ХХК-ий гүйцэтгэх захиралтай хийсэн тул дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна...” гэх тайлбараар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь 2016 оны 07 сарын 19-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэл гаргасны дараа буюу 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэлд дурдсан шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийн тал хувь 35.100 төгрөгийг хариуцагч “Тайшир-Гуулин усан цахилгаан станц” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас гаргуулж төрийн санд оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Амартүвшингийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Тайшир-Гуулин усан цахилгаан станц” хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийн тал хувь 35.100 төгрөгийг хариуцагч “Тайшир-Гуулин усан цахилгаан станц” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас гаргуулж төрийн санд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН