Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
Хэргийн индекс | 146/2016/00035/И |
Дугаар | 146/ШШ2016/00251 |
Огноо | 2016-09-02 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 146/ШШ2016/00251
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, Эрдэнэтолгой баг, Арцатын 6-1 тоотод оршин суух Их догшин овгийн Цагаан-Өвгөний Нансалмаагийн /РД:ЗБ82090900/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, Эрдэнэтолгой баг, Арцатын 13-05 тоотод оршин суух Тулга овгийн Довдонгийн Бат-Отгонд /РД:ЙР89041908/ холбогдох
“2.560.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Нансалмаа, хариуцагч Д.Бат-Отгон, нарийн бичгийн дарга Б.Хулангоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Нэхэмжлэгч Ц.Нансалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Д.Бат-Отгон нь 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Ц.Нансалмаа надтай зээлийн гэрээ байгуулан 3.500.000 / гурван сая таван зуун мянга/ төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаатайгаар зээлсэн болно. Д.Бат-Отгон нь 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг төлсөн бөгөөд 8 дугаар сарын хүү 230.000 төгрөгийн хамт, үлдэгдэл 2.300.000 төгрөг үлдсэнийг 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлөхөөр Д.Бат-Отгон зөвшөөрч гэрээндээ нэмэлт бичиж гарын үсэг зурсан. Үүнээс хойш үндсэн зээл болон хүүнд төлөлт хийхгүй явсаар 2014 оны 09 дүгээр сард 230 000 төгрөгийн хүү төлж зээлийн үлдэгдэл 2 300 000 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төлөхөөр болж гарын үсэг зурсан. 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 01 дүгээр сар хүртэл үндсэн зээл, хүүнд төлөлт хийгдээгүй явсаар сарын 230.000 төгрөгийн хүү нийт 4 сар өгөөгүй бөгөөд нийт хүүний мөнгө 920 000 төгрөг болж үүнийг үндсэн зээл дээр нэмж үлдэгдэл 3.220.000 төгрөг болж үндсэн зээлнээс 200.000 төгрөгийг 2015 оны 03 дугаар сарын 10-нд төлж гарын үсэг зурсан. Үлдэгдэл зээл болох 3.020.000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцож зээлийн гэрээгээ сунгасан. 2015 оны 04 дүгээр сард үндсэн зээлнээс 20.000 төгрөг, хүүнд 300.0000 төгрөг, 2015 оны 05 дугаар сард зээлийн хүүнд 300.000 төгрөг төлсөн. Ингээд үндсэн зээл, хүүнээс төлөлт хийхгүй явсаар 2015 оны 07 дугаар сард 6, 7 сарын хүү 600.000 төгрөг үндсэн зээлээс 1.400.000 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд дээрх төлөлтүүд хийгдсэний дараа үндсэн зээл 1.600.000 төгрөг үлдсэн. Миний бие Д.Бат-Отгоноос удаа дараа зээлийн гэрээнд заасны дагуу шаардаж, шүүхэд хандах болсон тухайгаа хэлхэд та шүүхэд битгий өгөөч би удахгүй төлнө гэж хэлсээр өнөөг хүрч надад хохирол учруулж байна. Иймд миний бие Д.Бат-Отгоноос үндсэн зээлийн үлдэгдэл 1.600.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сар хүртэл нийт 6 сарын хүү болох 960.000 төгрөг, нийт 2.560.000 /хоёр сая таван зуун жаран мянга/ төгрөгийг нэхэмжилж шүүхэд хандаж байна. Миний нэхэмжлэлийг хүлээн авч зохих шийдвэрийг гаргаж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Нансалмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бат-Отгон анх 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 3.500.000 төгрөг 5 сарын хугацаатай зээлсэн. Гэрээг байгуулахдаа хүүг сар бүрийн цалингаас суутгуулж үндсэн зээлийг хугацаанд нь төлөх гэсэн хэсгийг өөрөө гараараа бичиж зээлийн гэрээг байгуулсан. Зээлийн гэрээг 2 хувь байгуулсан. Гэрээний 1 хувийг өөрт нь өгсөн боловч хариуцагч 1 хувийг хэргийн материалд өгсөн байдаг. Зээл байгуулагдсанаас хойш хүүг сар бүр цалингаасаа суутгаж явсан. 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1.200.000 төгрөгийг декритний мөнгөнөөсөө төлсөн. 8 дугаар сарын хүү 230.000 төгрөгийн хамт төлсөн. Үүнээс үлдэгдэл 2.300.000 төгрөгийг 11 дүгээр сарын 25-ны өдөр төлөхөөр тохиролцсон боловч төлөлт хийхгүй явсаар 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр үндсэн зээлээ төлж өмнөх саруудын хүү болох 920.000 төгрөгийн хамт төлнө гэж гэрээг сунгасан. Үндсэн зээл 2.300.000 төгрөг дээр 920.000 төгрөгийн хүү нэмэгдэж нийт зээл нь 3.220.000 төгрөг болсон. 03 дугаар сарын 10-нд 200.000 төгрөг төлж түүнээс хойш 20.000 төгрөг төлсөн. Хариуцагч 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр үлдэгдэл мөнгө болох 3.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсний хүү болох 300.000 төгрөгийг сар бүр цалингаасаа суутгуулна гэж бичилт хийж өгсөн. Би 2015 оны 06 дугаар сард ажлаасаа гарсан учир хүү тооцох боломжгүй болсон. Үлдэгдэл 1.600.000 төгрөг үлдсэн. 2015 оны 07 дугаар сард 2.000.000 төгрөг төлсөн. Үндсэн мөнгөнөөс 1.400.000 төгрөг, 6, 7 дугаар сарын хүү гэж 600.000 төгрөг байдаг. Зээлнээс 1.600.000 төгрөг үлдээд удаа дараа хэлэхэд мөнгө орж ирэхээр удахгүй төлнө гэж явсаар байгаад өдийг хүрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймээс миний нэхэмжилсэн 2.560.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
Хариуцагч Д.Бат-Отгон шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Д.Бат-Отгон би Ц.Нансалмаагаас 3.500.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулан зээлсэн. Уг зээлийн хүүг сар бүр цалингаас суутгуулж төлж байсан ба үндсэн зээлээс хасч явж байгаад хамгийн сүүлд 2015 оны 07 дугаар сарын 22-нд 2.000.000 төгрөг өгч үндсэн зээлийг хааж дуусгасан. Нансалмаад 2015 оны 6, 7 дугаар сарын хүүг өгөөгүй байсан бөгөөд Нансалмаа нь үндсэн зээлээ хаачих, 6, 7 сарын хүүг тооцохоо болъё гэж хэлсэний дагуу 2015 оны 07 дугаар сарын 22-нд 2.000.000 төгрөгийг дансанд нь хийсэн. Иймд Нансалмаагийн нэхэмжилж буй үндсэн зээл 1.600.000 төгрөг, хүү 960.000 төгрөг нийт 2.650.000 төгрөгийг нэхэмжилсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч Д.Бат-Отгон нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Нансалмаагаас 2012 оноос хойш мөнгө зээлсэн. Буцааж өгч авч байгаад 2014 онд хэд хэдэн удаа мөнгө зээлсэн. Үүнийг 2014 оны 03 дугаар сарын 27-ний өдөр зээлийн гэрээгээ 5 сарын хугацаатай сунгасан. Нийт дүн нь 3.500.000 төгрөг болсон. 2014 оны 07 дугаар сард 1.200.000 төгрөг үндсэн мөнгөнөөс хассан. 08 дугаар сард би декритийн амралтаа авсан. 08 дугаар сард хүүгээ өгөөд үндсэн зээл 2.300.000 төгрөг үлдсэн. Анх гэрээ байгуулахдаа 5 сарын хугацаатай байгуулсан. 5 сарын хугацаа нь 08 дугаар сард дуусах байсан ч би декритээ авсан учир үндсэн мөнгөний үлдэгдэлтэй байсан. Хугацаа дууссан ч нэхэмжлэгч нэмэлтээр зээлийн гэрээг сунгаж явсан. Зээлийн гэрээ нь 2 талын хүсэл зоригийн үндсэн дээр хийгдэнэ. 2 хувь үйлдэгдэх ёстой. Гэрээг сунгахдаа барьцаалан зээлдүүлэх гэрээ юм шиг хийсэн. Надад нэг хувийг гардуулдаггүй байсан. Нэхэмжлэгч зээлүүлсэн мөнгөнийхөө хүүг цалингаас суутгаж авдаг байсан. Би 2015 оны 02 дугаар сард ажилдаа орсон. 2014 оны 8, 9 дүгээр сарын хүүг өгөөд 10, 11, 12 дугаар сар, 2015 оны 01 дүгээр сар нийт 4 сарын хүүг би амралттай байсан учир суутгаж аваагүй. Гэрээний хугацаа дууссан байсан. Ажилд орсоны дараа 2 сард 230.000 төгрөгийн хүү суутган авсан. 03 дугаар сард 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 01 дүгээр сар хүртэл нийт 4 сарын хүүг үндсэн зээл дээр нэмнэ гэхэд би зөвшөөрөөгүй. 03 дугаар сард 230.000 төгрөгийн хүүг аваад үндсэн зээлээс 200.000 төгрөгийг хасч цалингаас суутган авсан. 930.000 төгрөгийг 4 сарын хурамтлагдсан мөнгө дээр нэмээд үндсэн зээлээ 3.220.000 төгрөг болгосон. 4 сарын хүүг үндсэн зээл дээр нэмнэ гэж хэлэхэд нь би зөвшөөрөөгүй. Гэрээг сунгаж өөрөө бичилт хийж явсан. Би 3 сарын үндсэн мөнгөнөөс 200.000 төгрөг хассан гэж сунгасан гэрээн дээр нь гарын үсэг зурсан. Гэтэл хуримтлагдсан 4 сарын хүү 960.000 төгрөг нэмэв. Нийт үндсэн мөнгө 3.220.000 төгрөг гэж бичсэн байсан. Үүнийг би тухайн үед хараагүй. 200.000 төгрөг үндсэн зээлээс хасав гэдэг дээр гарын үсэг зурсан. 2015 оны 2, 3, 4, 5 дугаар сар хүртэл цалингаас хүүг суутгаж байгаад 6 дугаар сараас ажлаасаа гарсан тул суутгал хийгдээгүй. 2015 оны 07 дугаар сард манай нөхөр лүү утсаар яриад үндсэн зээлээ дуусгачих гэсэн. 07 дугаар сард 2.000.000 төгрөг өгөхөд 6, 7 дугаар сарын хүүг тооцохгүй гэсэн. Үүнээс хойш үндсэн зээл хаагдсан тул хүү тооцох боломжгүй. 05 дугаар сард бичиж өгсөн хүсэлтийг нэхэмжлэгч өрөөндөө дуудаж хүчээр бичүүлсэн. Би тухайн үед хуримтлагдсан хүүг үндсэн зээл дээр нэмэхийг зөвшөөрөөгүй. Нэхэмжлэгч тухайн үед шүүхэд хандана гэж дарамталдаг байсан. 2015 оны 7 дугаар сард зээл дууссан. Норлохсүрэн, Нарантуяа нарыг гэрчээр асуулгасан. Нарантуяагаас 40.000 төгрөг, Норлохсүрэнгээс 80.000 төгрөгийн авлага 2015 оны 06 дугаар сарын цалингаас гаргуулсан. Гэрч Норлохсүрэн нь тийм мөнгөний өглөг авлага байхгүй гэсэн. Нарантуяа нь 40.000 төгрөгийг 04 дүгээр сарын хурамтлалд суутган авсан гэж мэдүүлсэн байдаг. Тэгтэл нэхэмжлэгч өмнөх шүүх хуралдаан дээр 40.000 төгрөг, 80.000 төгрөгийг хувиараа авсан бараа материалынх нь мөнгө байсан түүнийгээ авсан гэж нэхэмжлэгч хэлж байхад гэрчүүд худал мэдүүлэг өгсөн. 5 сард хүсэлт бичиж өгсөн гэсэн. Үүнд хүсэлтээр гэрээ хийгдэхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2.560.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх гэрээг 5 сарын хугацаатай байгуулсан. Нэхэмжлэгч өөрөө сайн дураараа сунгаж цалингаас суутган авч байсан” гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Нансалмаа нь хариуцагч Д.Бат-Отгонд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 2.560.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Д.Бат-Отгон нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж татгалзан маргаж байна.
Ц.Нансалмаа нь Д.Бат-Отгонтой 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 5 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй, хүүг сар бүрийн цалингаас, үндсэн мөнгийг гэрээний хугацаанд төлөхөөр зээлийн гэрээг бичгээр хийсэн болох нь зээлийн гэрээ, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна.
Зохигч 3.500.000 төгрөг зээлсэн дээр, хариуцагч үндсэн зээлээс 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1.200.000 төгрөг төлсөн дээр хэн аль нь маргаангүй байна.
Дээрх зээлийн гэрээ нь хуулийн шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж гарын үсэг зурсан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй адил хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Ц.Нансалмаа нь зээлдэгч Д.Бат-Отгоны өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч Д.Бат-Отгон нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг харилцан хүлээсэн байна.
Энэхүү зээлийн гэрээний дагуу хариуцагч нь сар бүр зээлийн хүүг өгч байсан бөгөөд 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр үндсэн зээлээс 1 200 000 төгрөгийг төлж гэрээг өмнөх нөхцөлтэйгөөр 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сунгасан ба хариуцагч Д.Бат-Отгон нь 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 01 дүгээр сар хүртэл нийт 4 сарын хүү 920.000 төгрөгийг төлөөгүй ба энэхүү мөнгийг үндсэн зээл болох 2.300.000 төгрөг дээр нэмж нийт 3.220.000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төлөхөөр гэрээг сунгажээ.
Хариуцагч нь 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 01 дүгээр сарын нийт 960.000 төгрөгийн хүүг төлөөгүй, гэхдээ би уг мөнгийг үндсэн зээл 2.300.000 төгрөг дээр нэмж тооцохыг зөвшөөрч гарын үсэг зураагүй гэж маргадаг боловч гэрээний ард бичилт хийж гэрээнд өөрчлөлт оруулан сунгаж байсан, гэрээнд зурагдсан гарын үсэг минийх мөн, 2015 оны 05 дугаар сард нэхэмжлэгч Ц.Нансалмаад хүсэлт бичиж өгч байсан гэдгээ хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Иймд гэрээний ард талууд хугацаа болон хүүг тохиролцож гарын үсэг зурж байсныг шүүх 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт анзын гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заажээ.
Зохигч зээлийн гэрээнд хүү болон алдангийг тохирсон тул хүү алданги тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч Д.Бат-Отгон нэхэмжлэгч Ц.Нансалмааг 2015 оны 2, 3, 4, 5 дугаар сарын цалингуудаас үндсэн зээл болон зээлийн хүүг авч байсан учраас цалин авч байгаагүй гэж тайлбарладаг боловч Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Шүүхийн тамгын газраас гаргуулсан цалингийн баримтаар хариуцагч 2015 оны 2 дугаар сард 578.472 төгрөгийн цалин, 3 дугаар сард 581,672 төгрөгийн цалин, 4 дүгээр сард 297.404 төгрөгийн цалин, 5 дугаар сард 313.404 төгрөгийн цалин авч байсан нь цалингийн цэсний баримтаар тогтоогдож байна. Иймд хариуцагчийг дээрх саруудад цалин авч байгаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.
Гэрч Батмандах нь “Ц.Нансалмаа нь үндсэн зээлийн мөнгөө өгчих, 6, 7 сарын хүүг авахгүй гэсэн” гэж мэдүүлсэн боловч дээрх гэрчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдохгүй байх тул шүүх гэрч Батмандахын мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж үзлээ.
Хариуцагч нь хамт ажилладаг Нарантуяагаас 45.000 төгрөг, Норлохсүрэнгээс 80.000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Нансалмаа нь авсан байсан тул өгөх ёстой мөнгөнөөсөө хасч тооцно гэж тайлбар гаргаж гэрчээр дээрх хүмүүсийг асуусан боловч тэдгээр нь Нансалмаад мөнгө өгөөгүй гэсэн тул нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцоогүй болно.
Мөн тэрээр зээлийн гэрээний хугацаа 2015 оны 06 дугаар сард дууссан тул түүнээс хойших хүү төлөхийг зөвшөөрөхгүй гэжээ.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт мөнгөн төлбөрийн үүрэгт хугацаанд гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж заасан байх тул нэхэмжлэгчийн 2015 оны 08 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сарын хүү болох 960.000 төгрөгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч Д.Бат-Отгоноос зээлийн гэрээний үүрэгт 2.560.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Нансалмаад олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх зааснаар хариуцагч Д.Бат-Отгоноос зээлийн гэрээний үүрэгт 2.560.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Нансалмаад олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.Нансалмаагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55.910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бат-Отгоноос улсын тэмдэгтийн хураамжид 55.910 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Нансалмаад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Г.ЭНХ-АМГАЛАН