Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/00998

 

А.А-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2024/01145 дугаар шийдвэртэй,

 

А.А-ийн нэхэмжлэлтэй,

“Э-” ХХК-д  холбогдох,

 

Гэрээний үүрэг болон хохиролд нийт 1,909,050,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 126,940,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Т, Ж.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагчийн өмгөөлөгч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “Э-” ХХК нь “М-” ХХК-тай харилцан тохиролцож, Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутагт байрлах алтны уурхайн зориулалттай кемп, худаг, өндөр хүчдэл, уурхайн тоног төхөөрөмжийг худалдан авахаар болсон. Тухайн үед би Н.А-гаас 430,000,000 төгрөг зээлсэн бөгөөд энэхүү төлбөр бүхэлдээ “Э-” ХХК-ийн дээрх гэрээний үүрэгт төлөгдсөн. Хариуцагч “Э-” ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “баталгаа” гэх баримт үйлдэж, 430,000,000 төгрөгийг, 6 сарын дотор надад төлнө гэж тохиролцсон боловч 126,000,000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг төлөөгүй. Иймд үлдэгдэл төлбөр 304,000,000 төгрөг, алданги 150,000,000 төгрөг, нийт 454,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардана.

            1.1.Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагадаа: Хариуцагч “Э-” ХХК нь 2015 оноос хойш А.А- надаас их хэмжээний мөнгө зээлсэн бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тооцоо нийлсэн. Мөн өдөр талууд үүссэн өр төлбөрийг баталгаажуулж, зээлийн гэрээг нөхөж байгуулсан. Тухайн үед өөрийн компанийн хувьцааг худалдан борлуулж, 400,000 ам.долларыг “Норт старт ресурс инвестмент” ЛТД-ийн захирал О- Р-ын данснаас хариуцагч “Э-” ХХК-ийн данс руу шилжүүлсэн боловч энэхүү төлбөрийг буцаан төлөөгүй. Иймд Монголбанкны ханшаар тооцож, 400,000 ам.доллар буюу 1,340,800,000 төгрөг, хохирол 114,250,000 төгрөг, нийт 1,455,050,000 төгрөгөөр нэхэмжлэлийг нэмэгдүүлж, хариуцагч “Э-” ХХК-аас нийт 1,909,050,000 төгрөгийг шаардаж байна гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ нь “М-” ХХК болон “Э-” ХХК-ийн хооронд байгуулагдсан. Хариуцагч “Э-” ХХК нь гэрээний 2.2-т заасан төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн. Нэхэмжлэгч А.А- нь Н.А-гаас 430,000,000 төгрөг зээлсэн гэх боловч тус зээлийн гэрээнд хариуцагч “Э-” ХХК ямар нэг эрх, үүрэгтэйгээр оролцоогүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагад дурьдаж буй төлбөрийг “Э-” ХХК нь хариуцах үндэслэлгүй.

2.1.Мөн нэхэмжлэгч А.А- нь 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний дагуу нийт 602,500 ам.долларыг нэхэмжилнэ гэх боловч тус гэрээний дагуу ямар нэг мөнгөн төлбөрийг хариуцагч “Э-” ХХК-д шилжүүлээгүй буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан гэрээний харилцаа үүсээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: “Э-” ХХК-ийн хувьцааг худалдсан А.Отгонболд нь 2020 оны 03 сард тус компанийг төлөөлөн өөрийн төрсөн ах буюу нэхэмжлэгч А.А-тай эвлэрлийн гэрээ байгуулсныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 3699 дугаар захирамжаар баталгаажуулсан байдаг. Тус захирамжаар “Э- ХХК-аас 391,000,000 төгрөг гаргуулж А.А-т олгохоор шийдвэрлэсэн боловч энэхүү захирамж хүчингүй болсон.

3.1.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар “Э-” ХХК-ийн данснаас 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 126,940,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.А-т олгосон байдаг.  Дээрх нөхцөл байдлаас үзэхэд хариуцагч нь нэгэнт хүчингүй болсон шүүхийн шийдвэрийг үндэслэн “Э-” ХХК-аас 126,940,000 төгрөгийг үндэслэлгүйгээр гаргуулан авсан байна. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж хүчингүй болсон шүүхийн шийдвэрийн дагуу “Э-” ХХК-аас авсан 126,940,000 төгрөгийг  А.А-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа Н.А-гаас зээлсэн үндсэн төлбөр 430,000,000 төгрөгөөс шүүхийн шийдвэрээр миний дансанд орсон 126,000,000 төгрөгийг хасаад, үлдэх 304,000,000 төгрөгийг шаардсан. Иймд 126,940,000 төгрөгийг хариуцагчид буцаан төлөх үндэслэлгүй гэжээ.

 

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:  Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.3, 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э-” ХХК-аас 233,060,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,549,050,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.А-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,021,950 төгрөгийг, хариуцагч “Э-” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 792,650 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э-” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,957,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.А-т, нэхэмжлэгч А.А-аас улсын тэмдэгтийн хураамжид 792,650 төгрөгийг гаргуулж, хариуцагч “Э-” ХХК-д тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.

 

6.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: “... Гэрчээр оролцсон О- Антони Р- нь хариуцагч “Э-” ХХК-ийн 45 хувийн хувьцааг “Г-” гэх Сингапур Улсад бүртгэлтэй хуулийн этгээдээр дамжуулан эзэмшдэг бөгөөд өөрийн хувьцааг нь эзэмшдэг компаниас төлбөр гаргуулах нэхэмжлэл бүхий хэрэгт хувийн ашиг сонирхлын үүднээс мэдүүлэг өгсөн гэж үзэхээр байна”. Гэтэл шүүх энэ мэдүүлгийг шууд нотлох баримтаар үнэлсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь, эргэлзээгүй, үнэн зөв, бодитой үнэлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж болохоор байна.

 

6.1.Хэрэгт авагдсан Ш- компанийн хувь эзэмшил өөрчлөгдсөн бүртгэлийн материалаас харахад О- Антони Р-оос мөнгө шилжүүлсний дараа нэхэмжлэгч А.А- нь өөрийн хувьцааг нь эзэмшиж байсан “Ш-” компанийн хувьцааг О- Антони Р-т шилжүүлсэн болох нь тогтоогддог. Хариуцагч “Э-” ХХК нь нэхэмжлэгч А.А-т нийт 602,000 ам.долларын өр төлбөртэй байсан бөгөөд энэхүү өр төлбөрөө нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагын дагуу үнэн зөв тайлагнасан.

 

6.2.“Э-” ХХК нь худалдах, худалдан авах гэрээний зарим төлбөрийг А.А-ийн иргэн Н.А-гаас зээлж авсан 430,000,000 төгрөгөөр төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн гэрээ, шүүхийн шийдвэр “М-”ХХК болон “М-” ХХК-иудаас ирүүлсэн тайлбар, “М-” ХХК-ийн өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан, “Э-” ХХК -ийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн баталгаа, “Э-” ХХК-ийн захирал, А.А- нарын хоорондын тооцоо нийлсэн акт зэрэг нотлох баримтуудаар нотлогддог.

6.3.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу “Э-” ХХК-аас 126,940,000 төгрөг гаргуулсан шийдвэр цуцлагдаагүй, мөн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох хүртэл хугацаанд биелэгдсэн шийдвэр гүйцэтгэх  ажиллагаа хүчин төгөлдөр хэвээр байгааг шүүх дүгнээгүй. Нэхэмжлэгч А.А- нь хариуцагч “Э-” ХХК-иас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу төлөгдсөн 126,940,000 төгрөгийг 430,000,000 төгрөгөөс хасаж нэхэмжилсэн байхад анхан шатны шүүх 360,000,000 төгрөгөөр тооцож байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх А.А-аас “Э-” ХХК-д гэрээний төлбөрт өгсөн 430,000,000 төгрөгийг 360,000,000 гэж тооцоолж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага 126,940,000 төгрөгийг хасаж шийдвэрлэснийг эс зөвшөөөрч зөрүү болох 70,000,000 төгрөгийн үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамж төлсөн болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

7.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу 70,000,000 төгрөгийн хувьд гомдол гаргасан. “Э-” ХХК-ийг 2018 онд шилжүүлж авах үед нэхэмжлэгч А.А-т өр төлбөртэй гэсэн зүйл байгаагүй.

7.1.“Э-” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2012-2017 онд нэхэмжлэгч А.А-ийн дүү А.Отгонболд ажиллаж байсан бөгөөд үндэслэлгүйгээр баримт бүрдүүлж, шаардлага гаргасан. Нэхэмжлэгч А.А-аас “Э-” ХХК руу 430,000,000 төгрөг болон 360,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн үйл явдал байхгүй гэжээ.

 

8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. 2015 оны 02 сарын 02-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ нь нотлох баримтын шаардлага хангаагүй бүрэн бус баримт юм. Тус гэрээний эхний нүүр нь 2.4 гэж дуусдаг бол 2 дахь нүүр нь 7.2.5 дахь хэсэг гэж эхлээд эд хөрөнгө хөлслөх гэрээний агуулга тусгасан байдаг ба гэрээний 2.4 -7.2.5 хүртэлх голын зохицуулалтууд нь байдаггүй, доторх үг, үсэг засвартай. Мөн шүүхийн шийдвэрт заасан Н-11-ХУ-15/01 дугаартай гэрээ хэрэгт авагдаагүй, ийм дугаартай гэрээг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагад дурьдаагүй. Мөн албан бичгүүдэд гурван өөр үнийн дүн бичигсэн байгааг шүүх анхаараагүй.

8.1.Н.А-гаас шилжүүлсэн гэх 360,000,000 төгрөг нь “Э-” ХХК-аас “М-” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний үүрэгт хамааралгүй гэдэг нь тухайн үнийн дүнгийн зөрүүнээс илэрхий харагдаж байхад хэт нэг талыг барин үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Н.А-гийн шилжүүлсэн гэх 360,000,000 төгрөг нь “Э-” ХХК-ийн худалдан авсан тоног төхөөрөмжийн төлбөрт гэх утга агуулга байхгүй, харин “Алтанхуягийн үлдэгдэл төлбөрт зээл олгов” гэх өөр агуулгаар шилжүүлсэн байдаг.

8.2.Хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. А.А- нь “Э-” ХХК-аас тухайн мөнгийг шаардах эрхгүй бөгөөд шаардах эрх үүссэн гэж үзэх тохиолдолд А.А- нь Н.А-гаас зээлсэн гэх 360,000,000 төгрөгийг бүрэн төлсөн байж шаардах эрх үүсэхээр байна. Гэвч хэрэгт авагдсан баримтаар А.А- нь Н.А-гаас зээлсэн мөнгөө бүрэн төлсөн гэх үйл баримт тогтоогдоогүй. Нэхэмжлэгч нь 2016 оны 05 дугаар сарын 20-ны “Зээлийн гэрээ”-г үндэслэн “Э-” ХХК-аас мөнгөн хөрөнгө гаргуулна гэж тодорхойлсон. Хариуцагчийн зүгээс дээрх шаардлагын хүрээнд тайлбар татгалзлын үндэслэлээ нотолж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд шүүхээс Иргэний хуулийн 492 дугаар зүйл 492.1.1-т заасныг үндэслэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан “Мэтгэлцэх зарчим”-ыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь манай компанийн зүгээс зээлийн гэрээ байгуулагдаагүй талаар, зээл авах хүсэл зориг, хэрэгцээ шаардлага байгаагүй талаар тайлбарлаж, холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Шүүхийн дүгнэлт мэтгэлцэх зарчмыг илтэд зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

9.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй, хариуцагч хариу татгалзлаа нотлох үүрэгтэй. Н.А- гэх хүнтэй байгуулсан гэрээний дагуу үүссэн төлбөр, тухайн хүнтэй байгуулсан гэрээний төлбөрийг шүүхийн шийдвэрээр биелүүлэх эсэх асуудал яригдана. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ гэрээний харилцагч буюу “М-” ХХК-аас нотлох баримт гаргуулах замаар нотолсон гэж үзэж байгаа. Иймд хариуцагчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                      ХЯНАВАЛ:

 

            1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад зохигчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч А.А- нь хариуцагч “Э-” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон хохиролд нийт 1,909,050,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч 126,940,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3.Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 304,000,000 төгрөг, алданги 150,000,000 төгрөг, нийт 454,000,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ “хариуцагч “Э-” ХХК нь “М-” ХХК-ийн охин компани болох “М-” ХХК-аас уурхайн барилга байгууламж, тоног төхөөрөмж худалдан авч, төлбөрийг төлөхтэй холбоотойгоор надаас зээл хүссэн, би иргэн Н.А-тай зээлийн гэрээ байгуулан 430,000,000 төгрөг зээлж, Н.А- нь тус мөнгийг “Э-” ХХК-ийн гэрээний төлбөрт “М-” ХХК-руу шууд шилжүүлсэн, хариуцагч “Э-” ХХК нь надад 126,940,000 төгрөг төлсөн тул үлдэгдэл 304,000,000 төгрөгийг алданги 150,000,000 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулна” гэж тайлбарлажээ.

 

3.а.Хариуцагч “Э-” ХХК нь “М-” ХХК-тай 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч “Э-” ХХК нь “М-” ХХК-аас Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутагт байрлах алтны уурхайн чиглэлээр ашиглаж байсан барилга байгууламж /кемп/, худаг, өндөр хүчдэл, уурхайн зориулалттай тоног төхөөрөмжүүдийг нийт 1,117,055,504 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон бичгийн баримт хэрэгт авагдсан. /1хх-ийн 4-р тал/

 

3.б.Нэхэмжлэгч А.А-т мөнгө зээлдүүлсэн гэх Н.А- нь 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “М-” ХХК-нд “А.А-ийн үлдэгдэл төлбөрт зээл олгов” гүйлгээний утгаар 360,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогджээ. /1хх-ийн 5, 106-р тал/. Улмаар Н.А- нь А.А-аас зээлийн гэрээний үүрэг шаардаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тус шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1353 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1401 дугаар магадлалаар А.А-аас 114,250,000 төгрөг гаргуулж, Н.А-д олгуулахаар шийдвэрлэжээ. /2хх-ийн 130-132-р тал/

 

3.в.Мөн “М-” ХХК, “М-” ХХК-ууд нь хариуцагч “Э-” ХХК-аас 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг хүлээн авч төлбөр, тооцоо дуусгавар болсонтой холбоотой албан бичгүүдийг шүүхэд ирүүлсэн байна. /1хх-ийн 204-205, 222-223, 240, 243, 2хх-ийн 87-94-р тал/

 

3.г.Анхан шатны шүүх “нэхэмжлэгч А.А- нь Н.А-гаас зээлсэн 430,000,000 төгрөгөөс 360,000,000 төгрөгийг “Э-” ХХК-ийн уурхайн барилга байгууламж, тоног төхөөрөмж худалдан авах гэрээний үүрэгт төлсөн” гэж дүгнэсэн нь хэргийн баримтад үндэслэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, “Э-” ХХК, “М-” ХХК-ийн хооронд 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ, мөнгөн хөрөнгө шилжсэн цаг хугацаа болон гүйлгээний утга, гэрээний талуудаас ирүүлсэн албан бичгийн агуулга зэрэг хоорондоо шалтгаант холбоотой буюу анхан шатны шүүх энэ талаар дүгнэхдээ нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна.

 

3.д.Нэхэмжлэгч А.А-ийн хувьд Н.А-гаас зээлсэн 430,000,000 төгрөг бүхэлдээ хариуцагч “Э-” ХХК-ийн гэрээний үүрэгт төлөгдсөн гэж тайлбарлаж байх боловч мөнгөн шилжүүлгийн баримтаар 360,000,000 төгрөг шилжсэн болох нь тогтоогдсон. 1 дүгээр хавтаст хэргийн 30 дугаар талд авагдсан “Баталгаа” гэх баримтад 430,000,000 төгрөг гэж тусгагдсан боловч тухайн баримтад гарын үсэг зурсан А.Отгонболд нь нэхэмжлэгч А.А-тай хамаарал бүхий этгээд байх тул үүнийг эргэлзээгүй баримт гэж үзэх боломжгүй. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 

3.е.Хариуцагч “Э-” ХХК нь нэхэмжлэгчийн дээрх шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч татгалзал, гомдол гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор өгсөн худалдах, худалдан авах гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт, гэрээний талуудын албан бичиг зэргийг үндэслэл бүхий баримтаар няцааж чадаагүй. Хариуцагч “Э-” ХХК нь хувьцаа худалдан авах гэрээгээр өр төлбөр шилжээгүй гэх боловч талуудын маргааны зүйл нь тус гэрээтэй хамааралгүй байна. Иймд энэ талаарх хариуцагч талын гомдлыг хангах боломжгүй. 

 

3.ё.Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлд хамаарах шаардах эрхийн үндэслэлийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хамааруулан дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь хариуцагч “Э-” ХХК нь хууль болон гэрээний үндсэн дээр 360,000,000 төгрөгийг хүлээн авч, өөрийн компанийн бизнесийн үйл ажиллагаанд зарцуулсан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул энэ хэмжээгээр түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.

 

4.Харин анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 1,340,800,000 төгрөг, хохиролд 114,250,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй гэж үзэхээр байна.

4.а.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд гомдол гаргаж байгаа этгээд шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлнө” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч 70,000,000 төгрөгөөс тооцож улсын тэмдэгтийн хураамжид 508,000 төгрөг төлжээ. Иймд давж заалдах шатны шүүх энэ хүрээнд дүгнэлт өгсөн болно.

 

5.126,940,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд анхан шатны шүүх тус шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Учир нь хариуцагч “Э-” ХХК нь нэхэмжлэгч А.А-т 126,940,000 төгрөг төлөх үндэслэл болсон шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас хүчингүй болсон үйл баримт тогтоогдсоноос гадна нэхэмжлэгч А.А- нь тус төлбөрийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцохоо илэрхийлсэн байна.

 

5.а.Харин анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг харилцан тооцох байдлаар шийдвэрийн тогтоох хэсэгт тусгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцээгүй байх тул хариуцагч “Э-” ХХК-аас 360,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.А-т олгож, нэхэмжлэлээс 1,549,050,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч А.А-аас 126,940,000 төгрөг гаргуулж, хариуцагч “Э-” ХХК-д олгох нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулахаар тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2024/01145 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “... хариуцагч Э- ХХК-аас 233 060 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 549 050 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “хариуцагч “Э-” ХХК-аас 360,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.А-т олгож, нэхэмжлэлээс 1,549,050,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч А.А-аас 126,940,000 төгрөг гаргуулж, хариуцагч “Э-” ХХК-д олгосугай.” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч А.А-аас төлсөн 580,000 төгрөг, хариуцагч “Э-” ХХК-аас төлсөн 1,957,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ЗОЛЗАЯА

 

                                           ШҮҮГЧИД                                Д.ЦОГТСАЙХАН

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Г.ДАВААДОРЖ