Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 56

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ  даргалж,

            Улсын яллагч Л.Солонго,

            Шинжээч эмч Ж.Жаргалтуяа,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг,

Насанд хүрээгүй хохирогч М.С , түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Н.М ,

Өсвөр насны шүүгдэгч, хохирогч Т.Х , хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ч.М ,

 Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дамбийгэцэл овгийн Т.Х т холбогдох эрүүгийн 1928000000031 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 2001 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, 17 настай, бүрэн бус дунд боловсролтой, Политехникийн коллежийн мужааны ангид 1 дүгээр курс, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Өмнөговь аймаг, ........................... багт оршин суух, ял шийтгэлгүй, Дамбийгэцэл овгийн Т.Х , регистрийн дугаар ................;

 

  /Яллах дүгнэлтэд бичигдснээр/

Өсвөр насны шүүгдэгч 17 нас 2 сар 12 хоногтой Т.Х  нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ангид М.С тай маргалдан улмаар харилцан зодолдсоны улмаас М.С ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Өсвөр насны шүүгдэгч Т.Х  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр түүх нийгмийн ангид сууж байсан. М.С  миний араас хөлөөрөө өшиглөөд авсан би чи зүгээр бай гэхэд 2-3 удаа ахиад өшиглөсөн би зүгээр байгаач гээд хөл рүү нь гараараа 3 удаа цохиод авахад чи муу яаж байна гээд миний нүүр рүү алгадаад авахаар нь би уурлаад өвөр дээр байсан цүнхээрээ хүзүү толгойн хооронд нь нэг удаа цохисон чинь М.С  ална шүү хоёулаа хүзүү гээд. Хажууд сууж байсан Б.О ыг босгоод миний дэргэд ирж суугаад духаа миний толгой руу нийлүүлж байгаад хоёулаа гараад үзчихье гэхэд би үгүй гэсэн тэгээд хонх дуугараад М.С  түрүүлээд гараад явсан би шатаар бууж байхыг нь хараад бас хэрүүл зодоон болох вий гээд шат өөд зугтаахад М.С  араас дуудаад нүүр хэсэг рүү нь нэг удаа мөргөөд авсан. Тэгсэн миний хамраас цус гараад хамраа дарах гэсэн М.С  багш ирж байна гээд намайг сургуулиас гаргах гээд хаалга руу чирээд явсан. Би салж хамрын цусаа арчих гээд хөл хэсэг рүү нь 2 удаа цохисон гадаа гараад А.Б  багш ирээд юу болсон яагаад зодолдоод байгаа юм гэхэд М.С  багшид энэ намайг зүгээр байхад цүнхээрээ цохиод авсан гэж худлаа хэлсэн. А.Б  багш бид хоёрыг одоо тайвшир одоо та хоёр эвлэр гэж хэлэхэд М.С  намайг эвлэрье гээд инээгээд байхаар нь би хацар луу нь 2 удаа цохисон. Миний хамрыг чи хугалчихлаа гэсэн чинь үгүй зүгээр цус гарч байна гэж хэлсэн. Миний хамар хугараад цаашаа орсон нь мэдэгдэж байсан...” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Т.Х ын хууль ёсны төлөөлөгч Ч.М  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Миний хүү хамраа гэмтээгээд ирэхэд нь эм тариа 98.000 төгрөгөөр авсан. Дээрх мөнгөнүүдийг саяхан М.С ын ар гэрээс өгсөн. Эмч хот явж үзүүл гээд хот явж үзүүлээд 200.000 гаруй төгрөг зарцуулж явж ирсэн. Хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн. Хамар үрэвсэлтэй байгаа учраас үрэвслээ эмчлээд ир гээд эм бичиж өгсөн. Хагалгаа хийлгэхэд 2.973.755 төгрөг нэхэмжилж байгаа. Хамар нь битүүрч эм дусааж байгаа. Баруун талын хамар мурийлттай байгаа гэв.

Насанд хүрээгүй хохирогч М.С  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2019 оны 02 сарын 26-ны өдөр түүх, нийгмийн ангид хичээл орж байхад багшийн хэлж байгаа сонсогдохгүй байна гэж хажууд сууж байсан Зулаа гэдэг хүүхэдтэй хамт хэлсэн чинь сонсоогүй.  Би хойд талаас нь зөөлхөн 2-3 удаа өшиглөөд авахад Т.Х  нь эргэж хараад миний хөл рүү гараараа 3-4 удаа цохиод авсан би эргээд харахаар нь би гараараа хацар луу нь яг ч алгадаагүй шүргээд өнгөрсөн чинь цүнхтэй номоороо миний толгойны ар шил, дагз хэсэг рүү Т.Х  нь нэг удаа савсан миний толгой өвдөж байсан болохоор уур хүрээд Оогий хойшоо сууж бай гээд Т.Х ын хажууд нь суугаад ярилцсан чинь чамайг би хүүхдээр зодуулна гэж сүрдүүлсэн. Би тэр хүүхдээс нь айгаад чи өөрөө надтай зодолдвол зодолд гээд бид хоёр маргалдаад ангиас гараад шатан дээр очоод Т.Х  намайг хүүхдээр зодуулна гэхээр нь би араас татаад нэг удаа нүүр хэсэг рүү нь мөргөөд авсан. Хамраас нь бага зэргийн цус гоожсон байхаар нь би багшийг ирж байхаар нь сандраад уучлаарай найзаа гараад цусаа цэвэрлэе гэсэн багш хүрээд ирсэн. Хаалга руу би их чирч яваагүй татсан чинь миний гарыг цохиод болиулчихсан. Багш ирсний  дараа миний шанаа руу 3-4 удаа цохиж авсан. Сургуулиас гараад бас миний нүүр эрүү рүү 2-3 удаа мөргөсөн. Цагдаагийн хэлтэс дээр очоод чи байж бай гэж хэлээд Т.Х ыг аваад яаралтай явсан. Би гэртээ толгой өвдөж хэвтэж байгаад орой ээж, аавыг ирсэн дараа ирэхээр нь миний толгой өвдөөд байна гэж хэлсэн чинь эмнэлэг явж үзүүлье. Толгой барьдаг хүн дээр очоод бариулахад 1 хуруу зайтай байна гээд сургуулиас 7 хоногийн акт авч толгойгоо бариулж хэвтсэн гэв.

Иргэний хариуцагч Н.М  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Эмчилгээ хийлгээд баримттай бол мөнгийг нь төлнө гэж бодож байна. Наана нь төлөх боломжгүй гэв.

Шинжээч эмч Ж.Жаргалтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 145 дугаартай шинжээчийн дүгнэлийн хувьд насанд хүрээгүй хохирогч М.С ын биед учирсан тархины доргилт гэмтэл нь хөнгөн зэрэгт орно. Нөгөө 2 гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...146 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хувьд Т.Х ын биед учирсан тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, 2 нүдний эргэн тойрны цус хуралт зэрэг гэмтлүүд нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Энэ нь хамар ясны мурийлттай холбоотой үүсэж байгаа  боловч зөөлөн эдийн хавдар их байсан учраас гэмтлийн хөнгөн зэрэгт тооцсон...М.С ын тархины доргилтын хувьд тухайн үйл явдал 26-ны өдөр болсон ба миний үзлэг 28-ны өдөр болсон. Тархины доргилт 2-3 хоногт илэрдэг болохоор тархины доргилт нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой юм гэв.

Насанд хүрээгүй хохирогч М.С ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2019 оны 02 сарын 26-ны өдөр нийгмийн ангид хичээл орж байхад миний урд ангийн найз Т.Х  сууж байсан ба урд багшийн хэлж байгаа сонсогдохгүй байна чи хойшоо суучих гэж хэлэхэд сонсохгүй байхаар нь би хөлөөрөө сандал руу нь 2-3 удаа өшиглөөд авахад Т.Х  нь эргэж хараад миний хөл рүү гараараа 3-4 удаа цохиод авсан би эргээд харахаар нь би гараараа хацар луу нь нэг удаа алгадсан цүнхээрээ миний толгой руу Т.Х  нь нэг удаа савсан ба бид хоёр маргалдаад ангиас гараад шатан дээр очоод Т.Х  намайг хүүхдээр зодуулна гэхээр нь би араас татаад нэг удаа нүүр хэсэг рүү нь мөргөөд авсан. Сургалтын менежир ирж байгааг би харсан ба Т.Х ын хамарнаас цус гарсан байхаар нь цусаа цэвэрлэе гэсэн чинь миний нүүр хэсэг рүү 3-4 удаа цохиод авсан. Сургуулиас гараад бас миний нүүр хэсэг рүү 2-3 удаа мөргөөд авсан эрхлэгч А.Б  бид хоёрыг аваад цагдаа руу явсан ийм л зүйл болсон...” гэжээ. /хх-11-12/,

Насанд хүрээгүй хохирогчТ.Х ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Миний бие 2019 оны 02 сарын 26 ны өдөр 13 цагийн үед сургууль дээрээ хичээл орж байхад би хамгийн урд талын эгнээний ширээнд байсан ард М.С  сууж байсан гэнэт миний араас хөлөөрөө бөгс рүү 3-4 удаа өшиглөөд авсан би чи зүгээр бай гэхэд 3 удаа ахиад бөгсрүү өшиглөсөн би зүгээр байгаач гээд хөл рүү нь гараараа 3 удаа цохиод авахад чи муу яаж байна гээд хацар хэсэг рүү нэг удаа алгадаад авахаар нь өвөр дээр байсан цүнхээрээ хүзүү толгойн хооронд нь нэг удаа цохисон чинь М.С  ална шүү хоёулаа үзэх үү гээд. Хажууд сууж байсан Б.О ыг босгоод миний дэргэд ирж суугаад духаа миний толгойруу нийлүүлж байгаад хоёулаа гараад үзчий гэхэд би үгүй гэсэн тэгээд хонх дуугараад М.С  түрүүлээд гараад явсан би шатаар бууж байхыг нь хараад бас хэрүүл зодоон болох вий гээд шат өөд зугтаахад М.С  араас дуудаад нүүр хэсэг рүү нь нэг удаа мөргөөд авсан. Тэгээд багш ирж байна гээд намайг сургуулиас гаргах гээд хаалга руу чирээд явсан. Би салах гээд хөл хэсэг рүү нь 2 удаа цохисон гадаа гараад А.Б  багш ирээд юу болсон яагаад зодолдоод байгаа юм гэхэд М.С  багшид энэ намайг зүгээр байхад цүнхээрээ цохиод авсан гэж худлаа хэлсэн. А.Б  багш бид хоёрыг одоо тайвшир одоо та хоёр эвлэр гэж хэлэхэд М.С  намайг эвлэрчий гээд инээгээд байхаар нь би хацар луу нь 2 удаа цохисон. Тухайн өдөр М.С ын аав ээжтэй хамт аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирж эмнэлэгт ээж эгч нарын хамт үзүүлхэд эмч чиний хамар хугараад мурийчихсан байна чи хамарныхаа зургийн авахуулаад хавангийн буулгаад ир гэсэн. Би маргааш нь очиход хаван буулгах эм бичиж өгсөн ба түүнийг нь уугаад очиход чиний хамарны хаван буугаагүй байна.Хотод эмчилгээ хийлгэх хэрэгтэй байна гэсэн.Нийт эмчилгээнд эм тарианы мөнгө, хамараа тэгшлүүлэх зэрэг зардлууд гарсан ба одоо энэхүү төлбөрөө гаргуулан авах хүсэлтэй байгаа....” гэжээ. /хх-13-14/,

Иргэний нэхэмжлэгч Ч.М ий мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Манай хүү болох Т.Х  нь 2019 оны 02 сарын 26-ны эдөр ангийн хүүхэд болох М.С  маргалдсаны улмаас  биед нь хөнгөн гэмтэл учирч эмнэлгийн байгууллагаар одоо болтол явж байна. Иймд би хүүгийнхээ эмчилгээний зардлыг нэхэмжилж энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна...” гэжээ. /хх-16/,

Иргэний хариуцагч Н.М ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Миний хүү болох М.С  нь 2019 оны 02 сарын 26-ны өдөр ангийн хүүхэд болох Т.Х тай зодолдож өөрийн болон нөгөө хүүхдийн биед хөнгөн гэмтэл учруулсан ба энэ хэрэгт хүүгээ төлөөлж иргэний хариуцагчаар ороход татгалзах зүйлгүй...” гэжээ. /хх-18/,

Насанд хүрээгүй хохирогч М.С ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Миний бие Ханхонгор сумын ерөнхий боловсролын сургуулийн 10а ангид суралцдаг ба 2019 оны 02 сарын 26 ны өдөр 13 цагийн үед нийгмийн ангид яриа хийж байсан ба миний урд талд ангийн найз Т.Х  би яг чанх ард нь сууж байсан ба араас багшийн ярьж байгаа сонсогдохгүй байсан болохоор чи хойшоо суучих гэсэн чинь сонсоогүй юм тэгэхээр нь би араас нь хөлөөрөө сандал руу нь 3-4 удаа жийгээд авсан чинь.Эргэж хараад миний хөл рүү гараараа 3-4 удаа цохисон тэгээд над руу харахаар нь би нэг удаа хацар хэсэг рүү нь алгадаад авахад намайг эргүүлээд өвөр дээр байсан цүнхээрээ нэг удаа толгой руу цохиод авсан тэгэхээр нь миний уур хүрээд хажууд нь очоод суугаад “Араа даана биз дээ гэж хэлсэн чинь чи өөрөө араа даана биз дээ би чамайг хүүхдээр зодуулна гэсэн тэгээд бид хоёр хэрэлдээд ангиас гарсан ба 1 давхарын шатан дээр ирэхэд Хосоо над руу гараараа далайхаар нь би татаж аваад нүүр лүү нэг удаа мөргөсөн тэр үед манай сургалтын менежир А.Б  эгч хүрч ирээд чи болиоч гээд Хосоод хэлсэн ба би багшийг ирхээр нь урдаас нь зодолдоогүй юм тэр үед намайг нэлээд олон удаа багшийн хажууд нүүрлүү гараараа цохисон, мөн эрүү хэсэг рүү 2 удаа мөргөж, төмсөг рүү минь 2 удаа бас өшиглөсөн. Манай багш А.Б  Т.Х ыг салгах гээд байхад дийлээгүй урдаас нь эсэргүүцээд байсан.Тэгээд манай багш бид хоёрыг замдаа загнаж явсаар байгаад сумын Цагдаа дээр аваад ирсэн. Тэгээд манай аав аймгийн эмнэлэг рүү Т.Х ыг аваад явсан би мөргөснөөс болж хамар нь жаахан улайчихсан байсан чамархай хэсэг нь жаахан дотогшоо цөмөрчихсөн харагдсан... Эхлээд баруун гараараа хацар хэсэгт 5-6 удаа цохьсон мөн эрүү хэсэг рүү 3 удаа мөргөсөн, 2 удаа баруун хөлөөрөө төмсөг хэсэг рүү өшиглөсөн толгой хэсэг рүү цүнхээрээ нэг удаа цохисон мөн ангид байхад хөлний шилбэ хэсэг рүү гараараа 2-3 удаа цохьсон...” гэжээ /хх-22-23/,

Гэрч Н.М ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Миний бие 2019 оны 02 сарын 26 ны өдөр 15 цагийн үед миний эхнэр Я.Н  маань над руу утсаар залгаад М.С  хүүхэд зодчихсон байна.Тэр хүүхдийн аваад аймаг орж үзүүл гэж хэлсэн ба би тэр хүүхдийг аваад сумынхаа эмнэлэг дээр авч очиж үзүүлээд аймаг руу өөрийн машинаар аваад очиход. Нөгөө хүү ээж эгч рүүгээ миний утсаар яриад эрүүл мэндийн дэвтэр аваад доод эмнэлэг дээр хүрээд ир гэсэн ба тэр 3 эмнэлэг рүү ороод явсан.Тэгээд би эхнэртэйгээ буцаад суман дээрээ ирсэн.Ирэхэд манай хүү нийгмийн ажилтаны өрөөнд байхаар нь аваад гэртээ харьсан... Манай хүү их төлөв даруу үгэнд сайн ордог гэр бүлийн хүмүүжил бол сайн гэж хэлэхэд болно.Янз бүрийн элдэв дутуу зан байхгүй хүүхдээрээ байгаа юм...” гэжээ. /хх-24/,

Гэрч Я.Н ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Миний биз 2019 оны 02 сарын 26 ны өдөр би 15 цагийн үед ажил дээрээ байж байхад манай хүүхэд би цагдаа дээр байна хүрээд ирээч гэж нэг танихгүй утаснаас залгасан тэгээд би сумынхаа цагдаагийн хэсэг дээр ирээд нөгөө хамар нь хугарсан гэх хүүхдийг нөхрийн хамт аваад өөрийн сумынхаа эмнэлэгт үзүүлчихээд аймгийн эмнэлэгрүү аваад явсан.Тэгээд нөгөө хүүхдийн эгч, ээжтэй уулзаад ийм зүйл боллоо гэхэд нээх юм яриагүй эмнэлэг рүү аваад орсон. Би эгчийнхээ хамтаар нөгөө хүүг аваад эмч дээр орсон.Эмчид үзүүлээд нөгөө хүүгийн картан дээр эм бичиж өгсөн.Энэ эмнүүдээ уугаад 02 сарын 28 нд хүрээд ир тэгээд хамрыг нь 50,000 төгрөгөөр янзлаад өгье гэсэн. Тухайн өдөр авсан эм тариа нь 31,500 төгрөг болсон тэр эмний мөнгийг ээж гаргаж өгсөн. Тухайн эмийг 2 цагийн зайтай таслахгүй уугаарай тэгээд зүгээр болно гэсэн.Ээж нь гарч ирээд бид хэдтэй машин дээр ирээд За за хүүхдүүд маргалдаа л биз та хэд одоо яв яв гэсэн чинь нөгөө хамрандаа цохиулсан хүү ээж рүүгээ муухай хараад та юу гээд байгаа юм гэж байсан. Тэгээд бид 2 гэртээ ирээд байж байтал нэг хүн 22 цагийн үед яриад би Т.Х ын ах нь байна манай дүүгийн хамрыг арай л болгочихсон байна хотруу авч явж эмчлүүлэх хэрэгтэй байна. Та нар 3 сая төгрөг өгвөл хот руу авч явлаа гэхэд би тийм их мөнгө бол өгч чадахгүй шүүх цагдаагаараа яваад үнэн мөнөө тодруулья манай хүүхэд бас зодуулсан бие нь өвчтөй байгаа шүү гэхэд нөгөө залуу за тэгвэл би та нараас 5 сая төгрөг нэхэн шүү гээд утсаа тасалчихсан надаа нэрээ ч хэлээгүй...” гэжээ. /хх-25/,

Гэрч Ч.М ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг “...Миний бие Даланзадгад суманд гэртээ байж байхад 2019 оны 02 сарын 26-нд 15 цагийн үед манай бага банди нэг танихгүй дугаараас нэг эмэгтэй хүн яриад манай хүүхэд танай хүүхэдтэй зодолдоод хамрыг нь хугалчихсан байна. Намайг эрүүл мэндийн дэвтрийг нь аваад доод эмнэлэг дээр хүрээд ир гэсэн. Тэгээд очсон чинь хамар хоолойн эмчид үзүүлсэн. Эмч хамарныхаа хавдарын буулгаад хүрээд ир хавдартай хамар тэгшлэхгүй гэж хэлээд эм бичсэн ба 31,500 төгрөгний эм бичиж өгөхөөр нь би хүүхэддээ авч өгсөн...” гэжээ. /хх-26/,

Өсвөр насны яллагдагч Т.Х ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр  өгсөн мэдүүлэг “...2019 оны 02 сарын 26 өдөр миний бие өдөр 13 цагийн үед нийгмийн кабинетэд Н.Д  багш яриа хийж байсан ба би хамгийн урд талын ширээнд М.С  миний ард талд сууж байсан. Миний араас бөгс рүү сандалны завсараар хөлөөрөө 3-4 удаа өшиглөөд авсан тэгэхээр би эргэж хараад зүгээр байлдаа чи гээд хөл рүү нь цохиод авсан чинь чи муу яаж байна гээд намайг нэг удаа алгадаад авсан ба цүнхээ бариад сууж байсан болохоор толгой хүзүү хэсэгт нь нэг удаа цохиод авсан юм. Тэгээд хичээл тараад шатаар би бууж байх үед М.С  түрүүлж буугаад явсан ба намайг дуудаад шатан дээр очих үед М.С  миний хамар хэсэг рүү нэг удаа мөргөөд авсан. Тэгээд байж байтал багш ирлээ гээд намайг М.С  хаалга руу чирээд явж байтал манай эрхлэгч гарч ирээд бид 2 салгасан юм. Тэгээд нүүр лүү 2 удаа гараараа би цохиод авсан юм ерөөсөө надаа цохиулахгүй байсан ба тэгээд бид хоёрыг аваад цагдаа руу явсан. Тэгээд М.С ын аав ээж хоёр намайг аваад аймгийн эмнэлэг орсон... М.С  миний эхлээд бөгсрүү хөлөөрөө 3-4 удаа өшиглөсөн, нэг удаа хацар хэсэг рүү алгадаад авсан, нэг удаа хамар хэсэг рүү мөргөсөн... Би М.С ыг эхлээд хөл рүү нь гараараа нэг удаа цохисон, дараа нь нэг удаа хүзүү рүү нь цүнхээрээ нэг удаа цохисон, дараа нь намайг чирж гаргах гэж байх үед би хөл гар хэсэг рүү нь нэлээн олон удаа цохисон, 2 удаа гараараа хацар эрүү хэсэг рүү цохисон...” гэжээ. /хх-27/,

Гэрч А.Б ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2019 оны 02 сарын 26-ны өдөр би суруулиас гарах гээд сургууль дотор зүүн талын зааланд явж байх үед М.С  Т.Х  хоёр нь заамдалцаад сургуулийн гарах хаалган дээр зууралдаад гарах гээд явж байсан. Тухайн үед М.С  нь намайг харсан Т.Х  нь бол намайг хараагүй тэгээд сургуулийн гадаа гараад очиход Т.Х  нь ууралчихсан гар хөл нь чичэрчихсэн байж байсан. Би та хоёр одоо боль гэхэд Т.Х  нь М.С ыг гараараа толгой хэсэг рүү 2 удаа цохиод авсан ба би Т.Х ын гараас барьж аваад “Боль яаж байгаа юм гэхэд” Т.Х  нь М.С ын толгой хэсэг рүү нэг удаа мөргөөд авсан. Би Т.Х т хандаж чи одоо тайвшир гэхэд Т.Х  энэ чинь миний хамрыг мөргөөд хамар ийм болгочихсон гээд хамраа харуулахад нь хамар нь цаашаагаа цохигдоод орчихсон байсан битгий уурлаад бай би мэдэж байна одоо цагдаа дуудлаа гэсэн чинь М.С  бид хоёр эндээ асуудлаа шийдчихнээ гэж байсан тэгээд би цагдаа руу дуудлага өгч байх хооронд Т.Х  нь М.С ын хөл хэсэг рүү нэг удаа өшиглөөд авч байсан. Би тэгээд хоёулангийн загинаж болиулаад цагдаа руу дагуулаад явсан ийм л зүйл болсон. М.С  нь тухайн үед зодсон цохисон зүйл байхгүй байсан намайг харж байх үед...” гэжээ /хх-28-29/,

Гэрч Н.Д  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би энэ 10 а бүлгийг аваад 14 хоног болж байгаа юм М.С  болон Т.Х  нарын хоорондын зодооныг А.Б  багшаас мэдсэн ба эдгээр хүүхдүүдийн хувьд бол Т.Х  нь бол ер нэг хэнэггүй өгсөн үүрэг даалгаварыг биелүүлдэггүй даруухан л хүүхэд байдаг юм. М.С ыг бол багаас нь мэддэг өгсөн үүрэг даалгаврыг бол 60-70-тай биелүүлээд явчихдаг тусархаг л хүүхэд байдаг юм ерөнхий боловсролын хичээлдээ энэ хоёр хүүхэд хоёулаа тааруухан харин мэргэжлийн морин хуур болон зургийн хичээлдээ бол маш сайн хүүхдүүд байгаа юм би энэ ангийг аваад удаагүй байгаа учир хүүхдүүдийн талаар нарын сайн мэдээлэлгүй байна. Энэ маргаан болсон дараа ангийн хүүхдүүдтэйгээ уулзаж хурал хийхээр төлөвлөж байгаа...” гэжээ /хх-30/,

Насанд хүрээгүй гэрч Б.Б.О ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Миний бие Ханхонгор сумын ерөнхий боловсролын сургуулийн 10а ангид суралцдаг ба 2019 оны 02 сарын 26 ны өдөр 13 цагийн үед нийгмийн ангид яриа хийж байсан ба миний урд талд ангийн найз Т.Х  би яг чанх ард нь сууж байсан ба араас багшийн ярьж байгаа сонсогдохгүй байсан болохоор чи хойшоо суучих гэсэн чинь сонсоогүй юм тэгэхээр нь би араас нь хөлөөрөө сандал руу нь 3-4 удаа жийгээд авсан чинь.Эргэж хараад миний хөл рүү гараараа 3-4 удаа цохисон тэгээд над руу харахаар нь би нэг удаа хацар хэсэг рүү нь алгадаад авахад намайг эргүүлээд өвөр дээр байсан цүнхээрээ нэг удаа толгой руу цохиод авсан тэгэхээр нь миний уур хүрээд хажууд нь очоод суугаад “Араа даана биз дээ гэж хэлсэн чинь чи өөрөө араа даана биз дээ би чамайг хүүхдээр зодуулна гэсэн тэгээд бид хоёр хэрэлдээд ангиас гарсан ба 1 давхарын шатан дээр ирэхэд Хосоо над руу гараараа далайхаар нь би татаж аваад нүүр лүү нэг удаа мөргөсөн тэр үед манай сургалтын менежир А.Б  эгч хүрч ирээд чи болиоч гээд Хосоод хэлсэн ба би багшийг ирхээр нь урдаас нь зодолдоогүй юм тэр үед намайг нэлээд олон удаа багшийн хажууд нүүрлүү гараараа цохисон, мөн эрүү хэсэг рүү 2 удаа мөргөж, төмсөг рүү минь 2 удаа бас өшиглөсөн. Манай багш А.Б  Т.Х ыг салгах гээд байхад дийлээгүй урдаас нь эсэргүүцээд байсан.Тэгээд манай багш бид хоёрыг замдаа загнаж явсаар байгаад сумын Цагдаа дээр аваад ирсэн. Тэгээд манай аав аймгийн эмнэлэг рүү Т.Х ыг аваад явсан би мөргөснөөс болж хамар нь жаахан улайчихсан байсан чамархай хэсэг нь жаахан дотогшоо цөмөрчихсөн харагдсан... Эхлээд баруун гараараа хацар хэсэгт 5-6 удаа цохьсон мөн эрүү хэсэг рүү 3 удаа мөргөсөн, 2 удаа баруун хөлөөрөө төмсөг хэсэг рүү өшиглөсөн толгой хэсэг рүү цүнхээрээ нэг удаа цохисон мөн ангид байхад хөлний шилбэ хэсэг рүү гараараа 2-3 удаа цохьсон...” гэжээ /хх-31/,

Насанд хүрээгүй гэрч Б.Б гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 02 сарын 26 ны өдөр Т.Х  миний хажууд сууж байсан ба анги дотор тэр хоёрын зодооны талаар сайн мэдэхгүй байна ямар ч байсан маргалдаад байх шиг байсан. Тэрний дараа ангиас гараад 1 давхарийн коридорт М.С  эхлээд шатаар бууж байгаа харагдсан ба түүний араас Т.Х  явж байгаа харагдсан би тэр хоёрын ардхан явж байсан тэгсэн чинь М.С  нь Т.Х ыг шатаар өгсөж байх үед араас очоод гараараа нэг удаа араас нь цохиод авах шиг болсон чинь Т.Х  нь шатнаас уурлаж бууж ирээд яагаад байгаа пизда вэ гэхэд нь М.С  нь нүүр хэсэг рүү мөргөөд авсан тэгээд М.С  Т.Х ыг аваад сургуулиас гараад явсан тэгээд А.Б  багш ирээд тэр хоёрыг салгах гэж байх үед Т.Х  М.С ын нэг удаа нүүр хэсэг рүү цохиж байгаа харагдсан ба би тэгээд дотуур байрлуугаа яваад өгсөн өөр надаа мэдэх зүйл байхгүй...” гэжээ /хх-32/,

Өсвөр насны яллагдагч Т.Х ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Миний биө 2019 оны 02 сарын 26-ны өдөр 13 цагийн үед сургууль дээрээ хамгийн урд талын эгнээний ширээнд хичээлдээ сууж байсан миний ард талын ширээнд М.С  сууж байсан. Гэнэт миний араас хөлөөрөө бөгс рүү 3-4 удаа өшиглөөд авсан ба “Би чи зүгээр бай гэхэд М.С  нь 3 удаа ахиад бөгс рүү хөлөөрөө өшиглөсөн би зүгээр байгаач гээд хөл рүү нь гараараа 3 удаа цохиод авахад чи муу яаж байна гээд хацар хэсэг рүү нэг удаа алгадаад авахаар нь өвөр дээр байсан цүнхээрээ хүзүү толгойн хооронд нь нэг удаа цохисон чинь М.С  ална шүү хоёулаа үзэх үү гээд хажууд ирээд суусан би чамтай зодолдохгүй гээд урагшаа хараад суусан. Тэгтэл хажууд сууж байсан Б.О ыг босгоод миний дэргэд ирж суугаад духаа миний толгой руу нийлүүлж байгаад хоёулаа гараад үзчий гэсэн тэгээд хонх дугараад М.С  түрүүлээд гараад явсан би шатаар бууж байхыг нь хараад зугтаахад М.С  араас дуудаад нүүр хэсэг рүү нь нэг удаа мөргөөд авсан. Тэгээд багш ирж байна гээд намайг сургуулиас гаргах гээд хаалга руу чирээд явсан. Би салгах гээд хөл хэсэг рүү нь нэлээн олон удаа хөл рүү нь 2 удаа цохисон гадаа гараад А.Б  багш ирээд юу болсон яагаад зодолдоод байгаа юм гэхэд М.С  багшид энэ намайг зүгээр байхад цүнхээрээ цохиод авсан гэж худлаа хэлсэн. А.Б  багш бид хоёрыг одоо тайвшир одоо та хоёр эвлэр гэж хэлэхэд М.С  намайг эвлэрчий гээд инээгээд байхаар нь би хацар луу 2 удаа цохисон тэгээд багш бид хоёрыг аваад сумын цагдаа руу дагуулаад явсан... Намайг зүгээр сууж байхад л араас өшиглөж энэхүү маргаан нь эхэлсэн бид хоёрын хоорондын харилцаа муу байдаг. Өмнө нь намайг олон хүний дэргэд ташиж унагаж байсан...” гэжээ /хх-51-52/,

2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 145 шинжээчийн дүгнэлтэнд: “М.С ын биед тархи доргилт, зүүн шуунд зулгаралт, баруун нүдний доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх    гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-33/,

2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 146 шинжээчийн дүгнэлтэнд: “Т.Х ын биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, 2 нүдний эргэн тойрон цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг, болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-35/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-2/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-3/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-4/,

Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-5/,

Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-6/,

Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-7/,

Өсвөр насны шүүгдэгчид учирсан гэмтлийн талаарх гэрэл зураг /хх-8/,

Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-9/,

Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-10/,

Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-15/,

Иргэний хариуцагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол /хх-17/,

Өсвөр насны шүүгдэгч Т.Х ын эмчилгээнд хэрэглэсэн эмний баримт /хх-19-21/,

Өсвөр насны шүүгдэгч Т.Х ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-57/,

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын мэргэжлийн сургалттай сургуулийн тодорхойлолт /хх-58/,

Өсвөр насны шүүгдэгч Т.Х ын хууль ёсны төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-59/,

Өсвөр насны шүүгдэгч Т.Х ын оршин суугаа газрын лавлагаа /хх-61/,

Өсвөр насны шүүгдэгч Т.Х ын амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-62-63/,

Өсвөр насны шүүгдэгч Т.Х ын сурагчийн хувийн хэрэг /хх-64-68/,

Өсвөр насны шүүгдэгч Т.Х ын суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-70/,

Өсвөр насны шүүгдэгч Т.Х ын прокурорын газарт гаргасан өргөдөл, төлбөрийн баримт /хх-111-117/

Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /хх-109/ зэргийг шинжлэн судлав.

Өсвөр насны шүүгдэгч Т.Х т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18  дугаар бүлэгт заасан өсвөр насны сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх журмын шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.

            Өсвөр насны шүүгдэгч Т.Х  нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ангид М.С тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан харилцан зодолдож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэж хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд санаатайгаар халдаж хөнгөн хохирол учруулсан байхыг ойлгохоор эрүүгийн эрх зүйд тайлбарласан. 

 Өсвөр насны шүүгдэгч Т.Х  нь  2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ангид М.С тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж харилцан зодолдсоны улмаас М.С ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь насанд хүрээгүй хохирогч М.С ын “...Би 2019 оны 02 сарын 26-ны өдөр нийгмийн ангид хичээл орж байхад миний урд ангийн найз Т.Х  сууж байсан ба урд багшийн хэлж байгаа сонсогдохгүй байна чи хойшоо суучих гэж хэлэхэд сонсохгүй байхаар нь би хөлөөрөө сандал руу нь 2-3 удаа өшиглөөд авахад Т.Х  нь эргэж хараад миний хөл рүү гараараа 3-4 удаа цохиод авсан би эргээд харахаар нь би гараараа хацар руу нь нэг удаа алгадсан, цүнхээрээ миний толгой руу Т.Х  нь нэг удаа савсан...миний нүүр хэсэг рүү 3-4 удаа цохиод авсан. Сургуулиас гараад бас миний нүүр хэсэг рүү 2-3 удаа мөргөөд авсан эрхлэгч А.Б  бид хоёрыг аваад цагдаа руу явсан ийм л зүйл болсон...” гэсэн мэдүүлэг /хх-11-12/, насанд хүрээгүй хохирогч Т.Х ын “...Миний бие 2019 оны 02 сарын 26 ны өдөр 13 цагийн үед сургууль дээрээ хичээл орж байхад би хамгийн урд талын эгнээний ширээнд байсан ард М.С  сууж байсан гэнэт миний араас хөлөөрөө бөгс рүү 3-4 удаа өшиглөөд авсан би чи зүгээр бай гэхэд 3 удаа ахиад бөгсрүү өшиглөсөн би зүгээр байгаач гээд хөл рүү нь гараараа 3 удаа цохиод авахад чи муу яаж байна гээд хацар хэсэг рүү нэг удаа алгадаад авахаар нь өвөр дээр байсан цүнхээрээ хүзүү толгойн хооронд нь нэг удаа цохисон чинь М.С  ална шүү хоёулаа үзэх үү гээд...хонх дуугараад М.С  түрүүлээд гараад явсан би шатаар бууж байхыг нь хараад бас хэрүүл зодоон болох вий гээд шат өөд зугтаахад М.С  араас дуудаад нүүр хэсэг рүү нь нэг удаа мөргөөд авсан...Би салах гээд хөл хэсэг рүү нь 2 удаа цохисон гадаа гараад А.Б  багш ирээд юу болсон яагаад зодолдоод байгаа юм гэхэд М.С  багшид энэ намайг зүгээр байхад цүнхээрээ цохиод авсан гэж худлаа хэлсэн. А.Б  багш бид хоёрыг одоо тайвшир одоо та хоёр эвлэр гэж хэлэхэд М.С  намайг эвлэрчий гээд инээгээд байхаар нь би хацар луу нь 2 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-13-14/, иргэний хариуцагч Н.М ын “...Миний хүү болох М.С  нь 2019 оны 02 сарын 26-ны өдөр ангийн хүүхэд болох Т.Х тай зодолдож өөрийн болон нөгөө хүүхдийн биед хөнгөн гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-18/, насанд хүрээгүй хохирогч М.С ын гэрчээр өгсөн “...би нэг удаа хацар хэсэг рүү нь алгадаад авахад намайг эргүүлээд өвөр дээрээ байсан цүнхээрээ нэг удаа толгой руу цохиод авсан...намайг нэлээд олон удаа багшийн хажууд нүүр рүү гараараа цохисон, мөн эрүү хэсэг рүү 2 удаа мөргөж, төмсөг рүү минь 2 удаа бас өшиглөсөн. Манай багш А.Б  Т.Х ыг салгах гээд байхад дийлээгүй урдаас нь эсэргүүцээд байсан.Тэгээд манай багш бид хоёрыг замдаа загнаж явсаар байгаад сумын Цагдаа дээр аваад ирсэн... Эхлээд баруун гараараа хацар хэсэгт 5-6 удаа цохьсон мөн эрүү хэсэг рүү 3 удаа мөргөсөн, 2 удаа баруун хөлөөрөө төмсөг хэсэг рүү өшиглөсөн толгой хэсэг рүү цүнхээрээ нэг удаа цохисон мөн ангид байхад хөлний шилбэ хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-22-23/, өсвөр насны яллагдагч Т.Х ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр  өгсөн мэдүүлэг “... Би М.С ыг эхлээд хөл рүү нь гараараа нэг удаа цохисон, дараа нь нэг удаа хүзүү рүү нь цүнхээрээ нэг удаа цохисон, дараа нь намайг чирж гаргах гэж байх үед би хөл гар хэсэг рүү нь нэлээн олон удаа цохисон, 2 удаа гараараа хацар эрүү хэсэг рүү цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-27/,  гэрч А.Б ийн “...Би 2019 оны 02 сарын 26-ны өдөр би суруулиас гарах гээд сургууль дотор зүүн талын зааланд явж байх үед М.С  Т.Х  хоёр нь заамдалцаад сургуулийн гарах хаалган дээр зууралдаад гарах гээд явж байсан...сургуулийн гадаа гараад очиход Т.Х  нь ууралчихсан гар хөл нь чичэрчихсэн байж байсан. Би та хоёр одоо боль гэхэд Т.Х  нь М.С ыг гараараа толгой хэсэг рүү 2 удаа цохиод авсан ба би Т.Х ын гараас барьж аваад “Боль яаж байгаа юм гэхэд” Т.Х  нь М.С ын толгой хэсэг рүү нэг удаа мөргөөд авсан. Би Т.Х т хандаж чи одоо тайвшир гэхэд Т.Х  энэ чинь миний хамрыг мөргөөд хамар ийм болгочихсон гээд хамраа харуулахад нь хамар нь цаашаагаа цохигдоод орчихсон байсан битгий уурлаад бай би мэдэж байна одоо цагдаа дуудлаа гэсэн чинь М.С  бид хоёр эндээ асуудлаа шийдчихнээ гэж байсан тэгээд би цагдаа руу дуудлага өгч байх хооронд Т.Х  нь М.С ын хөл хэсэг рүү нэг удаа өшиглөөд авч байсан. Би тэгээд хоёуланг нь загинаж болиулаад цагдаа руу дагуулаад явсан ийм л зүйл болсон...” гэсэн мэдүүлэг /хх-28-29/, насанд хүрээгүй гэрч М.С ын “...манай сургалтын менежир А.Б  эгч хүрч ирээд чи болиоч гээд Хосоод хэлсэн ба би багшийг ирэхээр нь урдаас нь зодолдоогүй юм тэр үед намайг нэлээд олон удаа багшийн хажууд нүүр рүү гараараа цохисон, мөн эрүү хэсэг рүү 2 удаа мөргөж, төмсөг рүү минь 2 удаа бас өшиглөсөн. Манай багш А.Б  Т.Х ыг салгах гээд байхад дийлээгүй урдаас нь эсэргүүцээд байсан. Тэгээд манай багш бид хоёрыг замдаа загнаж явсаар байгаад сумын Цагдаа дээр аваад ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-31/, насанд хүрээгүй гэрч Б.Б н “...Т.Х  нь шатнаас уурлаж бууж ирээд яагаад байгаа пизда вэ гэхэд нь М.С  нь нүүр хэсэг рүү мөргөөд авсан тэгээд М.С  Т.Х ыг аваад сургуулиас гараад явсан тэгээд А.Б  багш ирээд тэр хоёрыг салгаж байх үед Т.Х  М.С ын нэг удаа нүүр хэсэг рүү цохиж байгаа харагдсан ба би тэгээд дотуур байр руугаа яваад өгсөн өөр надад мэдэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-32/, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 145 шинжээчийн “М.С ын биед тархи доргилт, зүүн шуунд зулгаралт, баруун нүдний доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.  Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-33/, насанд хүрээгүй хохирогч М.С ын амбулаториор эмчлүүлэгсдийн карт зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.  

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.17 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн ба 18 насанд хүрээгүй хүнийг өсвөр насны яллагдагч, шүүгдэгч гэж тодорхойлсон байх тул өсвөр насны шүүгдэгч Т.Х  нь 2001 оны 12 дугаар сарын 14-нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 2 сар 12 хоногтой байсан нь хавтаст хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн хуулбар /хх-57/, мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл /хх-101/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.

Шүүх шүүгдэгч Т.Х ыг өсвөр насны шүүгдэгч гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмыг баримтлан шуурхай богино хугацаанд хуульд заасан эрхийг нь хангаж хэргийг шийдвэрлэсэн болно.  

Өсвөр насны шүүгдэгч Т.Х  анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-87/ тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус  тооцлоо.

Харин өсвөр насны шүүгдэгч Т.Х ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар М.С  нь Т.Х ын сууж байсан сандлын араас өшиглөсөн зүй бус үйлдлийн улмаас уг гэмт хэрэг гарах нөхцөл байдлыг бүрдүүлсэн гэж үзэхээр байна.

Шүүх өсвөр насны шүүгдэгч Т.Х ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгч Т.Х ын үйлдсэн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах юм.

Шүүх өсвөр насны шүүгдэгч Т.Х ын анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мэргэжлийн сургалттай сургуулийн 10 дугаар ангид суралцаж байсан /хх-58/, хичээлээс гадуур зохион байгуулсан нийгмийн ажилд идэвхи санаачлагатай оролцдог, уг гэмт хэргийн улмаас бие мах бодид нь хөнгөн хохирол учирсан зэрэг хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогчид төлөх төлбөргүй зэрэг байдлуудыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Х т ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүх өсвөр насны шүүгдэгч Т.Х т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.2 дугаар зүйлд заасан нийтлэг шаардлагыг баримтлан өсвөр насны шүүгдэгчийн 10 жилийн сургуулийн сурагч, ажил хөдөлмөр эрхлэх насанд хүрээгүй байдал, насны онцлог зэрэг түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангаж цаашид засарч хүмүүжүүлж, гаргасан алдааг дахин давтуулахгүй, хараа хяналтандаа байлгах үүргийг Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, эх Ч.М д тус тус даалгаж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэнэ гэж үзсэн.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй талаар дээрх зүйлд заасан тул өсвөр насны шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргийнхээ хариуцлагыг өөрөө хүлээх ёстой ба эцэг, эх, хүлээх ёсгүй юм.

            Насанд хүрээгүй хохирогч М.С  нь гэмт хэрэг үйлдэх үедээ 15 нас 11 сар 26 хоногтой байсан тул 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаартай Прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй. 

            Өмгөөлөгч Б.Оюунтунгалаг нь өсвөр насны шүүгдэгч Б.Т.Х  нь насанд хүрээгүй хохирогч М.С ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь эргэлзээтэй, насанд хүрээгүй хохирогч М.С  нь шүүгдэгчийн нүүр рүү нь мөргөх үед тархины доргилт гэмтэл авсан байх боломжтой байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэсэн үндэслэл бүхий дүгнэлтийг гаргасан ба шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан гэрч А.Б ийн “...Т.Х  нь М.С ыг гараараа толгой руу нь 2 удаа  цохиод авсан. Би Т.Х ын гараас барьж аваад юу болж байгаа юм гэхэд Т.Х  М.С ын толгой хэсэг рүү нэг удаа мөргөөд авсан...” гэсэн мэдүүлэг /хх-28-29/, Насанд хүрээгүй гэрч Б.Б.О ын “...Т.Х  уурлаад цүнхээрээ нүүр хэсэг рүү нь нэг удаа цохиод авсан...” гэсэн мэдүүлэг /хх-31/, насанд хүрээгүй гэрч Б.Б н “...Т.Х  М.С ын нүүр хэсэг рүү цохиж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-32/, насанд хүрээгүй хохирогч М.С ын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг зэргээр өсвөр насны шүүгдэгч Б.Т.Х  нь насанд хүрээгүй хохирогч М.С ын биед тархины доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь эргэлзээгүй тогтоогдож байна. Иймд өсвөр насны шүүгдэгч Т.Х т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

            Хохирол төлбөр, иргэний нэхэмжлэлийн тухайд:

Өсвөр насны шүүгдэгч Т.Х т насанд хүрээгүй хохирогч М.С ын гэмт үйлдлийн улмаас хөнгөн хохирол учирсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. Мөн хуулийн 2 дахь хэсэгт “ энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж тус тус заажээ.

Иймд уг гэмт хэргийн улмаас өсвөр насны шүүгдэгч Т.Х ын эрүүл мэндэд тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, 2 нүдний эргэн тойрон цус хуралт, хамрын нуруунд зөөлөн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан нь шинжээч эмчийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 146 тоот дүгнэлтээр тогтоогдож байх тул өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ч.М  нь насанд хүрээгүй хохирогч Т.Х ын эмчилгээнд зарцуулсан хохирол төлбөрөө нэхэмжлэх эрхтэй байна.

            Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд “...эцэг, эх нь үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг гэж заасан.

Иргэний хариуцагчаар мөрдөн байцаалтын шатанд М.С ын эцэг Н.М  тогтоогдсон ба уг гэмт хэргийн улмаас учирсан өөрөөр хэлбэл М.С ын гэмт үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Т.Х ын эрүүл мэндэд учруулсан эмчилгээтэй холбоотой зардлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн мөн гэж үзсэн.

            Иргэний нэхэмжлэгч Ч.М  нь насанд хүрээгүй хохирогч Т.Х ын хамрын эмчилгээтэй холбоотой зардалд 350.020 төгрөгийг, цаашид мэс засал хийлгэх төлбөрт 2.769.755 төгрөгийг тус тус нэхэмжилсэн.

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтыг үнэлж насанд хүрээгүй хохирогч Т.Х ын эмчилгээтэй холбоотой гарсан 350.020 төгрөгийг иргэний хариуцагч Н.М аас гаргуулан шийдвэрлэв.

Иргэний хариуцагч Н.М  нь иргэний нэхэмжлэгч Ч.М д эмчилгээний зардалд 98.000 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, мэдүүлгээр  тогтоогдож байх тул 350.020 төгрөгөөс 98.000 төгрөгийг хасан тооцож иргэний хариуцагч Н.М аас 252.020 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ч.М д олгохоор шийдвэрлэлээ.

Харин иргэний нэхэмжлэгч Ч.М  насанд хүрээгүй хохирогч Т.Х т хамрын мэс заслын төлбөрт 2.769.755 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Учир: Эрүүгийн хуульд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг урьдчилан шийдвэрлэх боломжгүй тул иргэний нэхэмжлэгч Ч.М  нь  насанд хүрээгүй хохирогч Т.Х ын хамрын мэс заслыг хийлгэснийхээ дараа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагч Н.М аас хохирол төлбөрөө нэхэмжлэх нь хохирогчийн эрх ашгийг хөндөхгүй гэж үзэв.

Өсвөр насны шүүгдэгч Т.Х аас насанд хүрээгүй хохирогч М.С , хууль ёсны төлөөлөгч Н.М  нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч Т.Х т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Арван найман насанд хүрээгүй хохирогч М.С ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах шаардлагатай байна гэж үзэж шүүх хуралдааныг хаалттай явуулсан болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Өсвөр насны шүүгдэгч Дамбийгэцэл овгийн Т.Х ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан өсвөр насны шүүгдэгч Т.Х т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Х ыг хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, эх Ч.М д тус тус даалгасугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар иргэний хариуцагч Н.М аас 252.020 /хоёр зуун тавин хоёр мянга хорь/ төгрөгийг гаргуулан Өмнөговь аймгийн ................. багт оршин суух иргэний нэхэмжлэгч Ч.М  /регистрийн дугаар ................/-д олгосугай.

5. Иргэний хариуцагч нь иргэний нэхэмжлэгчид 98.000 /ерин найман мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч Т.Х , түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ч.М  нь хамрын мэс заслын хохирол төлбөрөө иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Өсвөр насны шүүгдэгч Т.Х  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч Т.Х т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч нь иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгтээ тогтоол гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүрүүлснээс хойш 14  хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

         

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ОЮУН-ЭРДЭНЭ