Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 146/ШШ2016/00250

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 33 настай, эмэгтэй, Өвөрхангай аймаг, Хархорин сум, Шанх багт оршин суух, АА83121806 дугаарын регистртэй, Боржигон овгийн Лувсангончигийн Энхтуяагийн  

Н.Эрдэнэбат агсантай хамтран амьдарч байснаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгээд, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулангоо оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.Энхтуяа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Л.Энхтуяа миний бие талийгаач Найдангийн Эрдэнэбаттай 2009 онд танилцаж, 2010 онд Архангай аймгаас шилжиж ирж гэр бүл болон тусдаа гарч Хархорин сумын Шанх багт мал маллаж амьдарч байсан. Нөхөр Н.Эрдэнэбат нь 2016 оны 02-р сард бусдын гарт амиа алдсан юм. Бид хоёр нь энэ хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй хамт амьдарч байсан тул бидний хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Л.Энхтуяа нь Н.Эрдэнэбат агсантай хамтран амьдарч байснаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Л.Энхтуяа нь Н.Эрдэнэбат агсантай хамтран амьдарч байсан  тухайгаа нотлохоор Өвөрхангай аймгийн Хархорин сумын 7 дугаар багийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №77 дугаартай тодорхойлолт, Л.Энхтуяа нь Н.Эрдэнэбат агсаны хамт авахуулсан гэрэл зураг зэрэг баримт гаргаж өгсөн боловч хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хангалтгүй гэж шүүх үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Боржигон овгийн Лувсангончигийн Энхтуяагийн Н.Эрдэнэбат агсантай хамтран амьдарч байснаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч Л.Энхтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.ДАГИЙМАА