Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/01006

 

Б.О-, Ц.Т- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Золзаяа, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2024/01057 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.О-, Ц.Т- нарын хариуцагч Н-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг нэхэмжлэгч Ц.Т-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.О-, Ц.Т- нарын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Н- нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1154 дугаар захирамжид шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Бага тойруу гудамж - дугаар байрны - тоотод байрлах улсын бүртгэлийн - дугаарт бүртгэлтэй 70.32 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг, мөн - дугаар байрны 12б тоотод байрлах улсын бүртгэлийн - дугаарт бүртгэлтэй 70.32 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаанд оруулах зорилгоор хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээ хийлгэсэн байна.

2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шинжээч томилох тухай 3/60 дугаар тогтоол үйлдэж шинжээчээр М- ХХК-ийг томилсон байх ба 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авсан талаарх баримтыг нөхөн бүрдүүлж тогтоол үйлдэхээс өмнө үнийн санал авсан мэтээр хуурамч баримт бүрдүүлэн гүйцэтгэх бичиг баримтанд хавсаргасан байна.

Иймд төлбөр төлөгч Б.О- миний бие Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнийн санал авах ажиллагаа хийгдээгүй учир үнэлгээ хууль бусаар явагдсан гэж үзэж байна. Иймд эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029909 дугаарт бүртгэлтэй орон сууцыг 127,561,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, мөн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014206 дугаарт бүртгэлтэй орон сууцыг 220,504,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 01156 дугаар захирамжаар Х- ХХК болон Ц.Т-, Ш.О- нараас 766,265,340 төгрөг гаргуулж Тайм энд валью ББСБ ХХК-д олгохоор шүүхийн шийдвэр гарсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр эхлүүлсэн. Төлбөр төлөгч Х- ХХК-ийн захирал болох Ц.Т-, төлбөр төлөгч Ш.О- нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдэл өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дугаарт бүртгэлтэй Б- дүүргийн 13 дугаар хороо, нэгдүгээр гудамж 208 тоотод байрлах 683 м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай газар, Г-2204013981 дугаарт бүртгэлтэй Б- дүүргийн 13 дугаар хороо, Дүүрэг 4 дүгээр гудамж, 207Б тоотод байрлах 492 м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай газар, Ү-2204081608 дугаарт бүртгэлтэй Б- дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж 50а тоотод байрлах 3450 м.кв талбай бүхий 70%-ийн гүйцэтгэлтэй барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014206 дугаат бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, - байр, - тоотод байрлах 70,32 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, мөн хаягт байрлах - байрны 12б тоот, 40.68 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг хурааж, битүүмжилж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу талуудаас үнийн санал авч, харилцан тохиролцоогүй тул тухайн таван эд хөрөнгөд үнэлгээ тогтоох шинжээчээр Мөнхоргил трейд ХХК, Сэлэнгэ эстимэйт ХХК, Виннер вэй ХХК-ийг тус тус томилж үнэлгээг тогтоосон. Төлбөр төлөгч Х- ХХК-ийн нэхэмжлэлтэй үнэлгээ хүчингүй болгуулах тухай хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 484 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 775 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Бие даасан шаадлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдийн 181/ШШ2021/01154 дугаар шийдвэрээр Х- ХХК болон Б.О-, Ц.Т- нараас зээлийн гэрээний үүрэгт 766,265,346 төгрөгийг гаргуулж Х- ББСБ ХХК одоогийн Хасхаан ББСБ XXK-д олгохоор шийдвэрлэсэн.

Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр үүсгэж албадан гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж эхэлсэн.

Улмаар барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014206 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу гудамж, - дугаар байр, - тоотод байрлах, 70.32 м.кв 3 өрөө орон сууц, улсын бүртгэлийн - дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу гудамж, --р байр 126 тоотод байрлах 40.68 м.кв орон сууц зэрэг хөрөнгүүдийг битүүмжилж, хураан авч улмаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хөндлөнгийн шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээ хийлгэснийг буруутгах үндэслэлгүй.

Төлбөр төлөгч Х- ХХК-ийн зүгээс энэхүү хөрөнгийн үнэлгээтэй холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулахаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан ба тус шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 484 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 775 дугаар магадлалаар тус тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байтал ийнхүү дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дах хэсэгт заасныг зөрчиж байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчиж 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайланг мэдэгдсэн байтал 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Иймд, нэхэмжлэгч Б.О-, Ц.Т- нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсгийг тус тус зөрчсөн, үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Н-т холбогдох нрхийн улсын бүртгэлийн Ү-2203014206 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, - дугаар байрны - тоотод байрлах 70,32 мкв талбайтай, 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн - дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, - дугаар байрны 12Б тоотод байрлах 40,68 мкв талбайтай, 2 өрөө орон сууц зэргийг тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.О-, Ц.Т- нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.О-, Ц.Т- нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /141,000+140,400/ нийт 281,400 төгрөгөөс 280,800 төгрөгийг улсын орлого олгож, илүү төлсөн 600/зургаан зуун/ төгрөгийг улсын орлогоос гаргуулж Б.О-т буцаан олгуулахаар шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгч Ц.Т-ын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Би болон миний эхнэр Б.О- бид хариуцагч Н-т холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Миний хувьд хуулийн мэдлэг хомс, дутмаг байдлаас болж үнэлгээг зөвшөөрөөгүй гомдол гаргах цаг хугацаатай байдгийг нь мэдэхгүйгээс гомдлоо гаргаагүй ба шийдвэр гүйцэтгэгч хүртэл надад үнэлгээний талаар гомдол гаргах хэрэгтэйг тайлбарлаж өгөөгүй. Одоо бид амьдарч байсан байр болох Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 46а байрны -, 12б тоот орон сууцнаас хөөгдөн гарч өрөө түрээслэн амьдарч маш хэцүү байна. Бидний байрыг зах зээлийн үнэлгээнээс доогуур дуудлага худалдаанд оруулж, бас худалдаж авсан хүн 150 сая төгрөг нэмж зах зээлийн бодит үнээр зар тавьж зарж байна. Бидий хувьд өмч хөрөнгө хуулиар хамгаалагдсан байхад ашиг хонжоо хайгчдад олз болгож бидний амьдарч байсан орон сууцыг маань үнэгүйдүүлсэнд маш их гомдолтой байна. Иймд хэргийг хянан үзэж анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6.Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн цагаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд өмгөөлөгчтэй оролцож байгаа. Хууль эрх зүйн мэдлэггүйгээс болоод Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу үнэлгээтэй холбоотой гомдлыг мэдсэнээсээ хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргана гэх агуулгыг мэдээгүйгээсээ болж зөрчсөн гэх тайлбар үндэслэлгүй. Бид өөрсдөө эхлээд үнэлгээгээ хийлгээд дараа нь шийдвэр гүйцэтгэх газар үнэлгээ хийлгээд энэ хоёрын дундаас үнэлгээ гарах ёстой гэж буруу тайлбарлаж гомдол гаргадаг. Энэ асуудалд анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн заалтаар талуудаас үнийн санал авна. Үнийн саналтай холбоотойгоор хоёр тал зөвшилцөхгүйгээр үнэлгээчин томилно гэсэн заалттай. Тухайн заалтын хүрээнд хариуцагч байгууллага үнэлгээчин томилж, улмаар шинжээч үнэлгээ гаргасан нь хууль зөрчөөгүй. Үнэлгээтэй холбоотой асуудлын хувьд 7 хоногийн дотор гомдол гаргах ёстой. Гэтэл бүтэн 1 жил хагасын хугацаа өнгөрсөн байхад гомдол гаргаж шүүхээр шийдвэрлүүлэхээр явж байгаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг санаатайгаар удаашруулах гэсэн асуудлыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Монгол Улсын дээд шүүх яг энэ маргаад байгаа үйл баримтыг дүгнээд шийдсэн хүчин төгөлдөр шийдвэр байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч Б.О-, Ц.Т- нар нь хариуцагч Н-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2021/01154 дугаар захирамжаар хариуцагч Х- ХХК, Ц.Т- Б.О- нар нь 766,265,346 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч Х- ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 383,132,673.04 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр, үлдэх 383,132,673.04 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төлж барагдуулах, үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хх-ийн 47-51-р тал/

 

4.а.Төлбөр төлөгч Х- ХХК, Ц.Т-, Б.О- нар нь шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул төлбөр авагч Х- ББСБ ХХК-ийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 181/ГХ2021/00678 дугаар гүйцэтгэх хуудсыг олгосон байна. /хх-ийн 43-р тал/

 

4.б.Хариуцагч Н- нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол үйлдэж, барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг 8-р хороо - байр - тоот 3 өрөө, 12Б тоот 2 өрөө орон сууцуудыг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр битүүмжилж, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцжээ. /хх-ийн 54,56,73,76-р тал/

 

4.в. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох зорилгоор талуудаас үнийн санал авсан боловч талууд үнэлгээнд тохиролцоогүй, үүнтэй холбоотойгоор хариуцагч байгууллага нь үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсон талаарх баримт хэрэгт авагдсан байна. /хх-ийн 73,84,85-р тал/

4.г.Нэхэмжлэгч нар нь шинжээчийн тогтоосон үнэлгээнд бус харин үнэлгээ тогтоох ажиллагааны журам зөрчсөн буюу талуудаас хураагдсан эд хөрөнгүүдэд үнийн санал авалгүйгээр шинжээч томилж, тогтоол гаргасан үндэслэлээр маргажээ.

 

4.д.Х-" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н-т холбогдох Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ20241/01154 дугаар шийдвэрт явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллааны явцад барьцаа хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал хавтаст хэрэгт авагдсан байна. /хх-ийн 116-126,127-132-р тал/

 

4.е.Дээрх шийдвэр, магадлалаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлсэн. Ийнхүү шийдвэрлэхдээ үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 5 ширхэг үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, хураасан, улмаар шинжээч томилж үнэлүүлсэн талаар дүгнэсэн байх бөгөөд эдгээр 5 үл хөдлөх хөрөнгийн дотор -, 12б тоот орон сууцууд багтсан байна.

 

4.ё.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

 

5.Мөн нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлж, гомдлоо гаргасан үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

6.Нэхэмжлэгч нь гомдол гаргах цаг хугацаатай байдгийг нь мэдэхгүйгээс гомдлоо гаргаж чадаагүй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргаж байх боловч Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 

6.Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2024/01057 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧ   Э.ЗОЛЗАЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ   Г.ДАВААДОРЖ