| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2019/0049/Э |
| Дугаар | 47 |
| Огноо | 2019-04-11 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 47
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шїїх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалж,
Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,
Шүүгдэгч: Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С-д холбогдох 1935000770049 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 16-нд ... аймгийн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, багш мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, ээж аав нарын хамт багт оршин суух, Б.С
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.С нь 2019 оны 02 дугаар сарын 19-ний шөнө Увс аймгийн Баруунтуруун сумын 01 дүгээр багийн нутагт Увс аймгийн Цагдаагийн газрын Баруунтуруун сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ч.Д-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж хүч хэрэглэн эсэргүүцэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Б.С-г хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.С нь 2019 оны 02 дугаар сарын 19-ний шөнө Увс аймгийн Баруунтуруун сумын 01 дүгээр багийн нутагт Увс аймаг дахь Цагдаагийн газрын Баруунтуруун сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ч.Д-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж хүч хэрэглэн эсэргүүцсэн түүний бие махбодод нь халдсан болох нь хохирогч Ч.Д-ийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 19-ний шөнийн 23 цаг 30 минутын үед Баруунтуруун сумын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Л.Б өөрийн ... дугаарын гар утаснаас миний ... дугаарын гар утас руу залгаж “Та цаг уурын байрны гадна хүрээд ирээч. Энд мотоцикльтой согтуу хүн байна, шаардлага эсэргүүцээд байна” гэж ярихаар нь би явганаар цаг уурын ажлын байрны хажууд очиход цагдаа Л.Б хажуудаа согтуу тус сумын харъяат Б овогтой С гэх залуутай зогсож байсан. Би тэр хоёрын хажууд очиход Б.С цагдаа Б.Б-тай маргалдаад зогсож байсан. Намайг тэр хоёрын хажууд очиход С нилээн согтуу бололтой над руу “муу сайн цагдаа нар, та нар юу юм бэ?. Та мөрдөсөө тайлахаар адилхан хүн шүү дээ, та нарыг ална” гээд юм яриад байхаар нь би түүнд “би Баруунтуруун сумын хэсгийн төлөөлөгч Ч.Д байна. Та цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцэж болохгүй. Цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүлэх ёстой” гэж хэлэхэд урдаас “муу сайн цагдаа нар та нар адилхан хүн шүү дээ. Та нар намайг зодож чадах уу” гээд байсан. Тэгээд би Б-ыг “чи С-ыг хараад байж бай би Цаг уур руу ороод ирье” гэж хэлээд юу болсон талаар тодруулах зорилгоор цаг уурын байр руу ороход дотор нь 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан танихгүй эмэгтэй хүн нөхөртэйгөө байсан ба хажууд нь Т гэх согтуу залуу байхаар нь Т нөхөр хоёрыг нь гаргаад эмэгтэйгээс юу болсон талаар асуухад тэр эмэгтэй “С, Т хоёр согтуу, архитай орж ирээд гарч явахгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би цаг уураас гарч С, Т нарт залуучууд та нар албан байгууллага дээр согтуу архи уусан байсан. Та нар байгууллага дээр архидан согтуурч болохгүй талаар хэлсэн. С ямар нэг улсын дугааргүй Хятад улсад үйлдвэрлэсэн мотоцикль унаж яваа бололтой хажууд байхаар нь С, Б нараас “энэ хэний мотоцикль вэ?” гэж асуухад С-ын унаж яваа мотоцикль юм байна гэж Б хэлэхээр нь би С болон Т нарт “согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй. Мотоциклийг бид нар журамлана, харин та хоёр маргааш ирж мотоциклио ирж аваарай. Одоо та хоёр явж амар” гэж хэлээд Б бид хоёр С-ын мотоциклийг аваад цагдаагийн хэсгийн байр руу явах гэхэд С хүрч ирээд кондуктор дээр байсан түлхүүрийг булаагаад авсан. Би Б-д түлхүүр хамаагүй гээд мотоциклийг нь түлхээд явахад С Т гэх залуу бид хоёрыг бас дагаад явсан. Мотоциклийг түлхээд цагдаагийн хэсгийн кабоны хашаа руу оруулчихоод цагдаагийн кабоны үүдэнд Б, С, Т бид дөрөв ирэхэд С эхлээд Б руу дайраад “муу сайн цагдаа нар та нарыг ална. Чаддаг юм бол надыг 20 жил шоронд явуулчих” гээд дайраад Л.Б-ыг бариад авахаар нь би Б-д “наад залуу чинь шаардлага эсэргүүцээд болохгүй юм байна чи яваад гав аваад ир” гэхэд Б олон нийтийн цагдаа Г-аас гав авахаар өөрийнхөө машинаар гэр рүү нь явсан. Б явсны дараа С Т хоёр хоорондоо муудалцаад бие биенээ ална шүү гээд дайраад байхаар нь би тэр хоёрыг салгахад С над руу “ би яасан юм вэ?, би шийдсэн хүн шүү, надыг 20 жилээр шоронд явуулчих би гарч ирээд чамайг ална” гээд олон удаа хэлээд над руу дайраад байхаар нь би түүнд “ахын дүү чи согтуу байна, маргааш та нарын архи чинь гарна шүү, би та нараас хорин насаар ах хүн, тайван бай” гэж хоёроос гурван удаа хэлэхэд бас л нөгөө хэлдэг үг болох “би шийдсэн хүн, би чамайг ална шүү, намайг шоронд явуулчих” гээд дайраад байхаар нь би тухайн үед энэ согтуу залуучууд яаж ч мэднэ гэж бодоод цагдаагийн кабон руу орох гээд эргээд явж байхад араас нуруун дээр гараараа нэг удаа цохихоор нь би “яаж байнаа” гээд эргээд харахад С миний хамар дээр гараараа нэг удаа цохиход миний хамраас цус гарсан. Тэгээд би С-ын гарыг нь мушгиад хамт явсан. Т гэх залууд найзыгаа авч яв гээд өгч байхад цагдаа Б, олон цагдаа Г нар ирсэн. Би С-д цохиулсны улмаас миний хамраас цус гараад тогтохгүй байсан тул эмч дуудаж үзүүлж эмнэлэг дээр очиж хамраас гарч байгаа цусыг тогтоолгох эмчилгээ хийлгэсэн. С-д цохиулсаны улмаас миний хамрын яс хугарсан. Одоо би эмчилгээ хийлгээд явж байна. Баруунтуруун сумын таксинд явдаг Л гэх залуу Б цаг уурын гадна согтуу хүн мотоциклийн хажууд хэвтэж байна гэж дуудлага өгсөн тул Б надад хэлэлгүй ганцаараа дуудлагаар очсон байсан. ... Би С-д зодуулсны улмаас миний хамар хугарч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Одоо хамраа эмчилгээ хийлгээд гайгүй болж байна. Хамраа эмчлэх гэж нийт 450.000 төгрөний хохирол учирсан. Үүнд Баруунтуруунаас автомашин хөлсөлж 250.000 төгрөгөөр Улаангомд ирсэн. Мөн эмчилгээнд 200.000 хохирол учирсан. Надад учирсан 450000 төгрөгний хохирлыг С төлж барагдуулсан. Одоо надад С-аас нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол тэмцэл байхгүй.” /хх-ийн 5-6, 7-8-р тал/ гэх мэдүүлэг,
гэрч Н.Э-ын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “ ... Би 2019 оны 02 дугаар сарын 19-ний орой ажлаасаа тараад гэртээ очоод компьютер дээр жаахан юм хийж байгаад 24 цагийн үед унтаж байтал шөнийн 01 цагийн үед миний гар утас дуугарахаар нь авахад цагдаа Б яриад “Та завтай байна уу? Улаангом руу Ч.Д ах явах ажилтай боллоо, та яваад өгөөч” гэхээр нь түүнд “Д яагаад өөрөө ярихгүй байгаа юм” гэж хэлэхэд удалгүй Ч.Д өөрийнхөө гар утсаар залгаж “Өнөө шөнө Улаангом руу явах ажил гараад байна, та машинаараа яваад оруулаад өгөөч” гэхээр нь би түүнээс ямар ажилтай явах гэж байгаа талаар асуухад “нэг согтуу нөхөр миний хамар дээр цохьчихлоо” гэж хэлсэн. Би Улаангом руу явах ажилгүй байсан. Гэрт ажил ихтэй байсан болохоор Ч.Д гуйгаад байхаар нь Улаангом руу машинаараа явахаар болсон. Ч.Д миний машинд хоёр талын 60 литр шатахуун хийж өгсөн. Би шатахуунаа аваад цагдаагийн кабон дээр очиход цагдаагийн байранд нэг танихгүй хар залуу байсан. Ч.Д надад “ энэ хүн зоддог хүн мөн үү?, энэ нөхөр хамар дээр цохьчихлоо” гэж хэлсэн. Тэгээд Улаангом руу Ч.Д, цагдаа Л.Б болон Ч.Д зодсон гэх залууг аваад явсан. Ч.Д-гийн биеийг харахад хамартаа чихээс хийчихсэн байхад цус гараад, нүднээс нь нулимс гарахад нь арчаад яваад байсан. Бид нар шөнө 02 цагийн үед яваад Улаангом ороод тэд нарыг шууд цагдаагийн газар дээр буулгаад буцсан. Замдаа Ч.Д-аас юу болсон талаар асуухад Л.Б цагдааг гав аваад ир гээд явуулчихсан байтал энэ залуу хамар дээр цохьчихлоо гэж хэлсэн. Д өөр зүйл надад хэлээгүй. Би Д-аас лавлаж юу болсон талаар сайн асуугаагүй. Зүүнговь суманд ирээд зодсон гэх залуугаас юу болж байгаа юм вэ? гэж асуухад тэр залуу “би юу ч мэдэхгүй байна” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9-р тал/,
гэрч Б.З-ийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “ ... 2019 оны 02 дугаар сарын 19-ний шөнө 23 цагийн үед би гэртээ байх үед хэсгийн төлөөлөгч Ч.Д над руу гар утсаар залгаж “ согтуу хүн хамар цохиод муруйлгачихлаа гэсэн дуудлага өгсөн. Дуудлагын дагуу цагдаагийн хэсгийн байранд ирж Ч.Д-ийн биед үзлэг хийхэд хамар нь зүүн тал руугаа муруйсан хамраас цус гарсан байдалтай байсан. Тэгээд Ч.Д-г эмнэлэг рүү авч яваад Ч.Д-ийн хамранд чихээс хийж хамрыг муруйг тэгшилж зассан. Ч.Д-д аймгийн нэгдсэн эмнэлэгт гэмтлийн эмчид үзүүлж хамрын ясны рентген зураг авахуулах шаардлагатай болохыг зөвлөсөн. Намайг цагдаагийн хэсгийн байранд дуудлагаар очиход нэг согтуу хүн “согтуу хүнийг цагдаа нар торгоод явуулдаг биз дээ” гэсэн орилсон хашгирч байсан. Хэн гэдгийг нь би таниагүй. Ч.Д-гаас би юу болсон талаар асуухад “Согтуу хүнтэй юм яриад байж байтал хамар дээр цохичихлоо” гэж хэлсэн. Би түүнээс хэн зодсон талаар асуугаагүй. Ч.Д-гийн биед өөр ямар нэг гэмтэл байхгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/,
гэрч Д.Л-гийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 19-ний шөнө 21 цаг 30 минутын үед Б гэх айлаас нэг хүн аваад өөрийнхөө автомашинтай эмнэлэг явж байхад Цаг уурын гадна мотоциклийн хажууд нэг хүн хэвтэж байсан. Тухайн үед нэг харж анзааралгүй зөрөөд явж эмнэлэгт хүнээ буулгачихаад хариу буцаад Б-ын гадна ирэхэд Цаг уур гадна хэвтэж байсан хүн бас л тэндээ хэвтэж байхаар нь цагдаа Б руу гар утсаар ярьж “цаг уурын гадна согтуу хүн хэвтэж байх шиг байна” гэж хэлэхэд Б цагдаа “та машинтайгаа хүрээд ир хоёулаа очъё” гэж хэлэхээр нь би цагдаагийн хэсгээс Б-ыг аваад цаг уурын гадна бид хоёр машинтай очиход Б.С гэх залуу мотоциклийнхоо хажууд доошоо хараад хэвтэж байсан. Б машинаас буугаад очоод татахад С гар утсаар ярьсан хэвтэж байсан. Б цагдаа С-ыг босоод машинд суу гэхэд С чадахгүй гээд маргалдаад байсан. Тэгээд намайг гар утсаар манай гэрийн хүмүүс дуудаад байхаар нь би тэр хоёрыг орхиод явсан. С согтуу байсан. Тэр орой дахиж Б, С хоёртой уулзаагүй. С ганцаараа байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р тал/,
гэрч Д.Ч-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн би гэртээ Т гэх найзтайгаа байж байхад С орж ирсэн. Хөдөөнөөс хүүхдийн эм тариа авахаар орж ирлээ гэсэн ирсэн. Т С бид нар багаасаа нэг ангид сурч байсан болохоор бие биенээс сайн таньдаг найзууд юм. Т Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг бөгөөд Улаанбаатар хотоос Баруунтуруунд ирээд удаагүй байсан юм. Тэгээд С гэрт орж ирээд цай уучихаад эм авна гээд Т тэр хоёр гараад удалгүй нэг 2,5 литр пивотой орж ирсэн. Эм авчихлаа гэсэн орж ирсэн. Пивийг Т С хоёр хувааж ууж дуусаад С гэр рүүгээ явна, бензин аваад явлаа гээд ганцаараа гараад мотоциклио унаад 17 цагийн үед явсан. С-ыг гэрээс гараад явсны дараа Т С-тай гар утсаар яриад байсан. Удалгүй С манайд эргээд ирсэн. Тэгээд С, Т бид гурав манайд хөзөр тоглоод сууж байгаад би цагаан сарын баярын үлдэгдэл 0.75 гр Ерөөл гэх архи байсныг гаргаж тэр хоёрт өгөөд Т С хоёр хуваагаад ууж байтал манай эхнэр О орж ирээд “та нар юун архи уугаад байгаа юм. Та нар одоо гэр рүүгээ явцгаа” гэж уурлахад Т С хоёр гарч явахаар болж С миний задалсан архийг авч явна гэж зүтгэсээр байгаад аваад явсан. Тэр хоёр манайхаас гараад юу болсон талаар надад мэдэх зүйл байхгүй. 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр С над руу гар утсаар залгаж “Би Улаангомд ирчихсэн байна. Цагдаа дээр байна. Чи манай гэрээс миний хувцас хунар аваадУлаангом руу явуулаач” гэж яриад гар утсаа тасалсан. Т-тэй 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баруунтуруун суманд уулзахад “өчигдөр орой Цаг уурын гаднаас цагдаа нарт баригдаад цагдаагийн хэсгийн байранд очиход С хэсгийн төлөөлөгч Ч.Д-ийн хамар руу цохиод Улаангом руу баригдаад явсан” гэж хэлсэн. Би түүнээс яагаад цагдаа зодсон талаар лавлаж асуугаагүй. С илүү дутуу зан гаргаад байдаггүй юм. Архи хааяа нэг уудаг. Архи уусан үедээ агсам согтуу тавиад байдаггүй. Яагаад цагдаагийн албан хаагчийн зодсон талаар надад мэдэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/,
гэрч Э.Э-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 19-ний орой би гэртээ гурван настай хүүхдийн хамтаар байж байхад орой 21 цагийн үед Т, С хоёр манайд мотоцикльтой ирсэн. Тэр хоёр гэрт орж ирэхэд би цай хийж өгөөд сууж байхад С дээлнийхээ өврөөс 0.75 гр Ерөөл гэх задалчихсан тал архи гаргаж надад өгөхөөр нь би уг архийг хундагалж уусан. Би хүүхэд харж байсан учраас архи уугаагүй. Т С хоёр архиа ууж байхад миний эхнэр Ц над руу залгаж миний гар утасны цэнэглэгч аваад Цаг уур дээр хүрээд ир гэхээр нь би гэртээ нүүрсээ хийгээд хүүхдээ хувцаслаад цаг уур руу явахаар болж би Т, С хоёрт “та хоёр одоо гэртээ очоод амраарай би өнөөдөр цаг уур дээр хонох ёстой” гэхэд С ууж байсан архиа аваад өвөртэй хийгээд би хүүхдээ аваад бид нар гэрээс гарч би явганаар цаг уур руу орсон. Манай гэр цаг уурын байртай ойрхон байдаг юм. Харин С, Т хоёр харина гээд мотоциклио асаагаад үлдсэн. Би хүүхдээ аваад цаг уур руу ороод эхнэртэйгээ уулзаад байж байхад С, Т хоёр мотоцикльтой ирээд тэр хоёр ороод ирсэн. Цаг уур дотор тэр хоёр орж ирээд С өврөөсөө манайхаас авч гарсан архиа гаргаж Т-д өгөөд “нэг хийчих” гэхэд манай эхнэр Ц тэр хоёрт “та хоёр ажлын байранд ирж архи уулаа” гэж уурлахад Т ширээн дээр байсан аяга аваад архи хийгээд С-д өгөхөд С архийг авч уучихаад миний гар утсыг утсаар ярина гэж гуйж аваад ганцаараа цаг уураас гарсан. Тэгээд С утсаар ярина гэж гарчихаад удаад байхаар нь би араас нь гарахад С миний гар утсыг гартаа барьчихсан өөрийнхөө гар утсаар ярьж байхаар нь очиж өөрийнхөө гар утсыг аваад цаг уур руу эргээд орсон. С утсаар яриад гадна үлдсэн. Цаг уур дотор Ц, Т бид гурав гар утсаар дуу сонсоод суугаад байсан. Харин С орж ирэхгүй 10 гаруй минут болж байхад хэсгийн төлөөлөгч Ч.Д ганцаараа орж ирээд “Амрыг эрье. Та нар найзыгаа гадна орхичихсон энд юу хийж байгаа юм вэ? энэ найз чинь гадна хэвтээд хөлдөж үхэх гэж байна шүү дээ. Та нар ажлын байр нь дээр яагаад архи уугаад байгаа юм вэ?” гэж хэлээд зогсож байхад гаднаас Б цагдаа ганцаараа орж ирсэн. Тэгээд Т хувцсаа өмсөөд Д, Б хоёрыг дагаад гарсан. Тэд нар цаг уураас гарсны дараа би ганцаараа гарахад Т, С хоёр Ч.Д-г дагасан цагдаагийн байр руу явж байсан ба С цагдаа Д-ай маргалдаад байгаа юм уу яагаад байгаад юм мэдэхгүй том том дуугараад юм хэлээд явж байсан. Тэгээд намайг Б цагдаа хоёулаа С-ыг мотоциклийг түлхээд явъя чи араас түлх гэхээр нь би очоод араас нь түлхээд явж байхад С хүрч ирээд мотоцилийн кондукторт байсан түлхүүрийг булаагаад авсан. Би тэд нартай хамт явж байхад Д цагдаа “чи яв” гэхээр нь би буцаад цаг уур руу орсон. Ер нь бол С хэтэрхий их согтсон байсан. С-мыг урд өмнө нь согтуу байж байхыг харж байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/,
гэрч Б.Ц-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 19-ний орой би Цаг уурын өртөөнд ээлжийн ажилтай байсан. Манай гэр цаг уурын өртөөтэй ойрхон тул орой 22 цагт нөхөр Э рүү гар утсаар залгаж гар утасны цэнэглэгч, хүүхдээ аваад цаг уур руу хүрээд ир гэж хэлсэн. Би 24 цагаар хонож ажилладаг тул нөхөр хүүхэдтэйгээ цаг уур дээр хонох гэж дуудсан юм. Тэгэхэд Э манай гэрт Т, С хоёр ирчихсэн байна. Тэр хоёрыг явуулчихаад очъё гэж хэлээд удалгүй Э хүүхдээ дагуулсан орж ирсэн. Э “би С, Т хоёрыг явуулчихаад ирлээ” гэж хэлээд сууж байхад 5-6 минутын дараа С, Т хоёр согтуу орж ирсэн. С Е гэх 0.75 гр архины шил барьчихсан шилийн ёроол хэсэгт хоёр хуруу жаахан архи байсан. Би тэр хоёрт “ажлын байр нь дээр архи ууж болохгүй, та нар юу хийж яваа юм” гэж хэлж байхад С гар утсаар ярина гээд ганцаараа гарсан. Т үлдээд олон юм хэлээд сууж байсан. Тэгээд С орж ирэхгүй байхаар нь Э ганцаараа гараад удалгүй орж ирсэн. Бид нар юм яриад сууж байхад хэсгийн төлөөлөгч Ч.Д ганцаараа орж ирээд “Амрыг эрье, та нар найзыгаа гадна орхичихсон энд юу хийж байгаа юм вэ? энэ найз чинь гадна хэвтээд хөлдөж үхэх гэж байна шүү дээ. Та нар ажлын байр нь дээр яагаад архи уугаад байгаа юм вэ?” гэж хэлээд Т-д “чи энд юу хийж яваа юм” гэж хэлээд Т-г дагуулаад гарсан. Э гарах гэхэд нь би түүнд “чи гарч яах гээд байгаа юм” гэж уурлаад гаргаагүй юм. Цаг уурын гадна хэсгийн төлөөлөгч Ч.Д, С хоёрын дуу сонсогдоод байсан. Юу гэж яриад байгаа нь мэдэгдэхгүй байсан. Тэгж байгаад цагдаагийн байр руу явсан байх. Дуу гарахаа больсон. Тэгээд бид нар ажил дээр хоноод гэртээ очиход Т манай гэрт байсан. Т нөхөр бид хоёрт “ өчигдөр орой С хэсгийн төлөөлөгч Ч.Д-г зодчихсон. Одоо би цагдаагийн хэсгийн байр руу очно” гээд гараад явсан. Өөр мэдэх зүйл байхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р/,
гэрч Ч.Дгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр С над руу залгаж “Ээжээ би хүн зодчихсон байна” гэж хэлээд гар утсаа таслаад байсан. Би түүнээс чи чагаад хүн зодож байгаа юм бэ?, муу сайн ч гэсэн төрийн цагдаа хүн. Ялгаа байхгүй адилхан хүн шүү дээ” гэж хүүгээ загнахад хүү маань “би тантай ярьж чадахгүй байна гээд уйлад гар утсаа таслаад байсан. Миний хүү архи нэг их уугаад байдаггүй, найз нөхөдтэй уулзаад нийлж яваад байдаггүй, гэртээ байнга байдаг байсан. Бага байхдаа зүрх нь өвддөг хүүхэд байсан. Сургууль төгсөж цэргийн алба хааж ирээд эмнэлэгт биеэ үзүүлдэггүй болсон. Манай гэрийн ганц гар хөл болж байсан залуу юм. С надтай яриад “би юу болсныг мэдэхгүй байна, ямар ч байсан цагдаа хүнийг зодсон байна” гэж хэлсэн. Миний хүүгийн буруу, би хүүгээ өмөөрөхгүй, ажлаа хийж явсан цагдаа хүнийг зодно гэж юу гэсэн үг вэ?” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/,
гэрч Л.Б-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2019 оны 02 дугаар сарын 19-ний орой 22 цаг 20 минутын үед гэртээ байхад манай сумын Л гэх хүн гар утсаар над руу залгаж “Цаг уурын хажууд нэг мортоцикльтой хүн уначихсан юм шиг байна. Хэвтээд ерөөсөө хөдлөхгүй байна” гэсэн дуудлага өгөхөөр нь би түүнийг та машинтайгаа хүрээд ирээч хоёулаа очоод ирье гэхэд Л удалгүй машинтайгаа хүрээд ирэхээр нь бид хоёр Цаг уурын байрны үүдэнд очиход мотоциклийн хажууд нэг залуу доошоо хараад гар утсаар яриад хэвтэж байсан. Тэгээд би машинаас буугаад тэр залуугийн хажууд очоод “чи одоо босооч, цасан дээр хэвтчихсэн юу хийж байгаа юм вэ?” гэж хэлэхэд тэр залуу “чамд ямар хамаатай юм вэ” пизда минь гэхээр нь би “чи одоо юу гээд байгаа юм” гээд дээлнээс нь татаад босгох гэхэд манай сумын С гэх залуу байсан. Тэгээд би түүнийг Л-ийн машинд суулгаад цагдаагийн хэсэг рүү авч явах гэхэд С машинд суугаагүй. Тэгэхээр нь би Л-г чи яв гээд явуулчихаад хэсгийн төлөөлөгч Ч.Д руу гар утсаар ярьж “та цаг уурын хажууд ирээд ирээч, энд нэг согтуу залуу байна, шаардлага эсэргүүцээд байна” гэж дуудсан. Удалгүй хэсгийн төлөөлөгч Ч.Д хүрч ирэхэд С “би хаана хэвтэх та нарт ямар хамаатай юм, муусайн цагдаа нарыг ална шүү” гээд орилж хашгираад эхэлсэн. Тэгээд хэсгийн төлөөлөгч Ч.Д цаг уурын байр руу ороход нь би түүний араас Цаг уур руу ороход дотор нь цаг уурын ажилтан Ц, Э, Т нар байсан. Т нь согтуу байсан. Нэг шил 0.75 гр Ерөөл гэх архины шил ширээн дээр хоосон байсан. Тэд нарт хэсгийн төлөөлөгч Ч.Д бид хоёр “Та нар албан байгууллага дотор яагаад архидан согтуурч байдаг юм вэ? Гадна согтуу хүн хэвтэж байна” гэхэд Т гэх залуу нь “бид нар хамт явж байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд хэсгийн төлөөлөгч Ч.Д бид хоёр цаг уураас гарахад Т араас дагаад гарч ирсэн. Цаг уураас гарахад С гадна зогсож байсан. С-ыг хэсгийн төлөөлөгч Ч.Д дагуулаад цагдаагийн хэсгийн байр руу явсан ба С Ч.Д-тай маргалдаад явж байсан. Юу гэж хэлж байсныг би мэдэхгүй байна. Би С-ын мотоциклийг түлхээд явах гэхэд С хүрч ирээд мотоцикпь дээр байсан түлхүүрээ авсан. С-ыг цагдаагийн хэсгийн гадна дагуулж ирээд мотоциклийг хашаанд оруулж тавихад С “та нарыг буудаж ална, чаддаг юм бол та нар надыг явуулдаг газар руугаа явуулчих, би гарч ирээд та нарыг бүгдийг чинь буудаж ална. Би шийдчихсэн хүн шүү” гээд над руу дайраад байсан. Тэгээд Д “чи наадахыгаа гав авч ирээд гавлаадах гэхээр нь тухайн үед надад гав байхгүй байсан тул С-ыг Д-тай хамт үлдээгээд олон нийтийн цагдаа Г-ын гэрээс гав авахаар машинтайгаа яваад Г-нд очиж гав аваад Г-ыг дагуулаад ирэхэд С Т хоёр кабоны гадна сууж байсан. Би байр руу ороход Д “намайг С зодчихлоо” гэсэн хамраа алчуураар дарсан суусан. Хамрын дарж байсан алчуурыг нь авахад хамар нь муруйчихсан цус гарч байсан. Тэгээд би гарахад Т нь С-д “чи цагдаа зодчихлоо ш дээ” гэсэн хэлж байсан. Тэгээд эмч дуудаж Д-гийн биеийг үзүүлж хамрын муруйг нь тэгшилж гаргасан. С нь урд өмнө нь архи ууж явж харагддаггүй байсан. Т нь Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг ба хааяа Баруунтуруунд ирдэг юм. Ирсэн үедээ архи ууж янз бүрийн асуудал их гаргадаг танхай залуу байдаг юм. С 2019 оны 12 дугаар сарын 19-ний шөнө их согтуу байсан. Би эхлээд С-д “чи согтуу юу хийж байгаа юм вэ?” гээд цагдаагийн хэсгийн байр руу авч явах гэхэд явахгүй шаардлага эсэргүүцээд байсан. Мөн хэсгийн төлөөлөгч Ч.Д ирээд тээврийн хэрэгсэл унаад яагаад албан байгууллагад архидаад байгаа юм вэ? цагдаагийн хэсэг дээр очъё гэж хэлэхэд С “ та нарт ямар хамаатай юм вэ? цагдаа нарыг ална” гээд янз бүрийн үг хэлээд орилж хашгираад бид хоёрын үгэнд орохгүй байсан. Тэгээд цагдаагийн хэсгийн байранд ирээд “чиний мотоциклийг өгч явуулахгүй, маргааш ирж ав” гэж хэлэхэд “та нарыг буудаж ална, чаддаг юм бол та нар надыг явуулдаг газар руугаа явуулчих. Би гарч ирээд та нарыг бүгдийг чинь буудаж ална. Би шийдчихсэн хүн шүүу гээд орилж хашгираад байсан. С бол цаг уурын байрнаас эхлээд бид хоёр руу хэл амаар дайрч байсан. Ер нь бол шийдчихсэн байдалтай байсан. С намайг зодож цохисон асуудал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21, 22-р тал/,
гэрч Л.Г-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2019 оны 02 дугаар сарын 19-ний орой 23 цагийн үед гэртээ байхад манай сумын цагдаа Б манайд ирээд “гавыг чинь авмаар байна, цагдаагийи кабон дээр хоёр согтуу залуу байна” гээд гав аваад явах гэхэд би бас хувцсаа өмсөөд хамтдаа цагдаагийн кабон руу Б-ын машинтай очсон. Цагдаагийн кабон дээр ирэхэд С, Т гэх хоёр залуу цагдаагийн кабоны коридорт байсан. Тэгээд цагдаагийн байр руу ороход хэсгийн төлөөөлөгч Ч.Д “намайг С зодчихлоо” гэсэн хамраа алчуураар дарсан суухад нь Б бид хоёр гараад С-ыг гавласан. Түүнийг гавлах гэхэд С “та нарыг зодоход яадаг юм” гээд бас олон үг хэлж эсэргүүцсэн. Түүнийг гавалчихсан байхад Т, С хоёр хоорондоо чамаас боллоо гээд маргалдаж байгаад Т нь С-ын нүүр рүү нь гараараа нэг удаа цохиход С-н хамар нь шалбарчихсан юм. Тэгээд Т-г “чи явж амар” гээд явуулсан. Би цагдаагийн байранд Б-ын хамт ирэхэд С согтуу байсан ба хүний хэлсэн шаардлагыг эсэргүүцсэн байдалтай байсан. С над руу “надад хууль үйлчилдэггүй юм, чамд ямар хамаатай юм” гэж хэлж байсан. Ер нь үг хэлэх юм бол маргалдах гээд байсан. Ч.Д-гийн хамрыг С гараараа цохиод хамрыг ясыг хугалж муруйлгасан байсан. Б гав авах гээд явсан хойно нь С тавьсан шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцсээр байгаад гараараа цохисон гэсэн. С нь аав, ээжийн хамтаар амьдардаг. Архи уугаагүй үедээ ч гэсэн хүний хэлсэн үгийг үл ойшоосон, эсэргүүцэж байдаг залуу юм. Их хэгжүүн зантай. Т гэдэг залуу бол ерөөсөө хүний хэлсэн үгийг авдаггүй. Их архи уудаг танхай залуу байдаг юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/,
гэрч А.Т-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг бөгөөд Увс аймгийн Улаангом суманд 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр эхнэр хүүхэдтэйгээ уулзахаар ирээд 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баруунтуруун сум руу явж өвөө эмээ хоёр дээрээ байсан хүүхэдтэйгээ уулзахаар очсон. Би 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр найз Ч-ын гэрт байхад хөдөөнөөс 14 цагийн миний багын найз С ганцаараа орж ирсэн. Би түүнээс ямар ажилтай явж байгаа талаар асуухад С “би эм тариа авахаар орж ирлээ” гэж хэлсэн. Тэгээд С бид хоёр Ч-ын гэрээс гарч эмийн сан орж эм тариагийн аваад мөн хүмүүсийн захисан гэх хоол хүнсийг аваад хариу буцаад Ч-ын гэрт орсон. С орохдоо дэлгүүрээс 2.5 литр пиво авч ороод С бид хоёр хувааж уусан. Ч бол пиво уугаагүй. Тэгээд пивоо уучихаад С орой боллоо би явлаа гээд ганцаараа мотоциклио унаад явсан. Би Ч-ын гэрт байж байхад Ч манайд цагаан сарын баярын үлдэгдэл нэг шил хагас архи байгаа гэхээр нь би С руу гар утсаар залгаж “чи хаана байна” гараад явчихсан уу? гэж асуухад тэр “би колонк дээр бензин аваад явж байна” гэж хэлэхээр нь би түүнд “Ч нэг шил архи задалж байна, чи хүрээд ирэх үү” гэхэд С “тэгье” гээд хүрээд ирсэн. Тэгээд Ч 0.75 гр Ерөөл гэх задалчихсан хагас архи гаргаж ирээд С бид хоёрт хундагалаад ууж байтал Ч-ын эхнэр орж ирээд С руу уурлаж “чи явна гэсэн яасан юм вэ?, яагаад архи уугаад байгаа юм вэ?” гээд уурлахаар Ч-ийн эхнэрээс санаа зовоод гэрээс нь гарсан. Бид хоёр гарахдаа С Ч-ын задалсан архийг аваад өвөртэй хийгээд гарсан. Бид хоёр гараад найз Э-ийн гэрт очиход Э гэртээ хүүхэдтэйгээ хоёулаа байсан. Эхнэр Ц цаг уур дээр ээлжийн ажилтай байсан. Э-ийн гэрт ороод С өврөөсөө архиа гаргаж ирээд С бид хоёр хувааж ууж байтал С гэрээс гарчихаад орж ирэхдээ их согтсон байсан. Би түүнийг ганцааранг нь явуулж болохгүй амраана даа гэж бодож байсан. Тэгээд архиа тойруулаад сууж байхад архи ер нь бол дуусах дөхөж байсан. Хоёр хуруу архи үлдсэн байсан байх. Энэ үед Э-ийн эхнэр түүн рүү гар утсаар залгаж нөхөр хүүхэд хоёроо цаг уур дээр хүрээд ир гэхэд тэр хоёр явлаа гэхээр нь С бид хоёр Э-ийн гэрээс гарахдаа С үлдсэн архиа аваад өвөртэй хийгээд гарсан. Э хүүхдээ аваад цаг уурын байр руу явахаар нь С бид хоёр мотоцикльтой бас цаг уур руу очсон. Цаг уур руу ороход Э-ийн эхнэр Ц Э хоёр хүүхэдтэйгээ байсан. Цаг уур руу ороод С өврөөс нөгөө Э-ийн гэрээс авч гарсан архиа гаргаж надад өгөөд “надад нэг хундага архи хийгээд өг” гэхээр нь нэг аяга аваад хийгээд өгөхөд С аягатай архийг уучихаад гар утсаар ярина гээд Э-ийг гар утсыг гуйж аваад цаг уураас гарсан. Түүнийг гараад удаад байхаар нь Э араас нь ганцаараа гарчихаад удалгүй ороод ирсэн. С гадна үлдсэн. Тэгээд Э Ц бид нар юм яриад сууж байтал гаднаас хэсгийн төлөөлөгч Ч.Д, цагдаа Л.Б нар орж ирээд “энд яагаад архи уугаад байгаа юм вэ? гадна нэг нөхөр чинь хөлдөөд үхэх гэж байна ш дээ” гэж хэлэхэд би “дөнгөж сая гар утсаар ярина гээд гарсан юм даа” гэж хэлэхэд тэр хоёр цагдаа гараад явахаар нь би араас нь гарсан юм. Тэгээд С-ыг хэсгийн төлөөлөгч Ч.Д дагуулж яваад цагдаа Б С-ыг мотоциклийг түлхээд явахаар нь би мотоциклийн араас нь түлхэж цагдаагийн хэсгийн байранд очоод С-ын мотоциклийг цагдаагийн хэсгийн байр руу оруулсан. Тэгээд цагдаагийн байрны гадна С хууль яахаар нэг хүнд үйлчилдэг юм гээд олон үг хэлээд цагдаа нартай маргалдаад дайраад байсан. Би тухайн үед согтуу байсан болохоор С яг юу гэж хэлж байсныг мэдэхгүй байна. Тэгээд цагдаа Б машинаа асаагаад явсны дараа С эд нарыг бүгдийг нь алаад хаячихъя гээд цагдаагийн байрны үүдний хэсэгт хэсгийн төлөөлөгч Ч.Д-ийн араас очоод гараараа цохихоор нь би очоод С-ыг бариад авахад Ч.Д “хамар дээр цохиод цус гаргачихлаа” гэсэн хамраа дарсан зогсож байсан. Би С-ыг барьж аваад зогсож байхад Б цагдаа хүрээд ирэхэд Ч.Д наад С-ыг гавал гэж хэлэхэд Л.Б цагдаа түүнийг гавалсан. Цаг уурын гадна С-ыг хэвтэж байхад нь Б цагдаа ирээд босгох гээд татсанаас болоод би яахаар хэвтэж болдоггүй юм гээд уурлаад байх шиг байсан. С бид хоёрыг цагдаа нар зодож цохиогүй. Ямарч байсан өвлийн цагт унаж болохгүй хориотой тээврийн хэрэгсэл унаж архидан согтуурсан байна гэж хэлж байсан. С тэр хоёр ярилцаад байсан. Цагдаа нарын хэлж байгаа үгийг С хүлээж авахгүй байсан. Би тэр хоёрыг юу ярьж байсныг мэдэхгүй. Надыг цагдаа нар болохоор чи явж амар гэсэн шаардлага тавьж байсан. Би болохоор найзыгаа аваад явчихъя гэж бодоод хамт яваад байсан. Б.С хэсгийн төлөөлөгч Ч.Д-г зодсоны дараа “чи цагдаа хүн зодчихлоо ш тээ гээд уурлаад түүнийг татаж унагааж мөр хавьд нь гараараа нэг цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/,
гэрч Б.Г-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байрны жижүүр эмчээр ажиллаж байхад Баруунтуруун сумын хэсгийн цагдаа Л.Б, хэсгийн төлөөлөгч Ч.Д нар Б.С гэх согтуу залууг Баруунтуруун сумаас авчирч эрүүлжүүлсэн. Б.С-ын согтуурлын зэргийг шалгахад 0,51 хувийн согтолтой гарсан. Б.С-ын биеийг шалгаж үзэхэд хамрын нуруу хэсэгт жаахан хэмжээний шалбарсан байсан. Өөр ямар нэг шарх сорви гэмтэл байхгүй байсан. Тэгээд Б.С-ыг эрүүлжүүлсэн. Би Б.С-аас хамар чинь яагаад шалбарсан талаар асуухад өөрөө шалбарчихсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р тал/,
шүүгдэгч Б.С-ын мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Би 2019 оны 02 дугаар сарын 19-ний өглөө 8 цагт босож малаа хашаанаас нь гаргаж малынхаа хашаа хороог цэвэрлээд байж байхад манай гэрээс холгүй өвөлжиж байгаа О гэх манай хүргэн ахын охин С гар утсаар над руу залгаж “ манай аав О, дүү М нар ханиад авчихлаа, та сумын төв ороод эмийн сангаас эм авчирж өгөөч” гэж гуйсан. Тэгээд би энэ талаар аав, ээждээ хэлэхэд манай ээж Д “сумын төв рүү яваад эмийг нь авчирж өг, надад ч гэсэн эм авчирж өг” гэж хэлэхээр нь би О-ийн мотоциклийг унаад ганцаараа сумын төв рүү явсан. Манай гэр сумын төвөөс 20 км зайтай байдаг юм. Би едрийн 14 цагийн үед Баруунтуруун сумын төвд ирээд найз Ч-ын гэрт ороход Ч, Т нар сур элдсэн суусан. Т-ий гэр нь Улаанбаатар хотод байдаг бөгөөд Баруунтуруун суманд 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр ирсэн байсан. Би Т-тэй 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр уулзчихсан байсан. Тэгээд би Ч-ийн гэрт ороход Ч надад аяганд цай хийж өгөхөер би цайг нь уучихаад Ч Т хоёрт “би эм авахаар орж ирсэн, гарч эмийн сангаас эм авъя” гэж хэлэхэд Т намайг дагаж гарсан. Би Д гэх айлын дэлгүүр рүү орж эмээ аваад хариу Ч-гын гэр рүү орж Т, Ч бид гурав хөзөр тоглосон. Хөзөр тоглож байхдаа 2.5 литр Сэрүүн гэх пивийг би дэлгүүрээс худалдан авч бид гурав хувааж уусан. Пивоо ууж дуусаад Ч, Т хоёрт би гэр рүүгээ явлаа. Оройтож байна. гэж хэлээд ганцаараа гараад ШТС дээр очоод мотоцикльдоо бинзен аваад зогсож байхад миний гар утас дуугарахаар нь аваад ярихад Т байсан ба тэр надад “чи эргээд Ч-ын гэрт хүрээд ир” гэж ярихааар нь би буцаад Ч-ын гэрт очиход Ч “цагаан сарын баяраар задалчихсан архи” гээд 075 граммтай Ерөөл гэх архи гаргаж ирсэн. Ерөөл архины шилэнд 500 гр орчим архи байсан байх. Тэр архийг Т бид хоёр хувааж уусан. Ч архи уугаагүй. Архиа уугаад сууж байхад Ч-ийн эхнэр орж ирээд “та нар юу болоод архи уугаад байгаа юм. Чи одоо гэр рүүгээ яваач гэж надад хэлэхээр нь Тэмүүжин бид хоёр ууж байсан шилтэй архиа аваад явсан. Ч-гийн гэрээс гараад би мотоциклио унаж миний араар Т сууж бид хоёр найз Э-ийн гэр рүү очиход Э гэртээ байхгүй байхаар нь түүн рүү гар утсаар залгаж дуудахад Э ганцаараа ирээд гэртээ орсон. Э-ийн гэрт орж авч яваа архи гаргаж хувааж уусан. Э бол архи уугаагүй. Э-ийн гэрт очиход нар орж бүрэнхий болж байсан. Т бид хоёр архиа ууж байгаад би бие засах гээд гэрээс гарахад гадна харанхуй болчихсон байсан. Гэрээс гараад би согтож найгаж хөл дээроэ явж чадахгүй байхыг мэдээд гэрт орж гадна харанхуй болчихсон байна. Миний унаж яваа мотоцикль гэрэлгүй учраас би явж чадахгүй юм байна гэж хэлээд хөзөр тоглохоор болсон. Тэгээд Э-ийн гар утас дуугарч эхнэр нь Э-ийг цаг уур дээр ир гэж хэлэхээр нь бид гурав гэрээс хамт гарч Э цаг уур руу явсан. Т бид хоёр мотоциклио түлхээд цаг уурын ажлын байр нь дээр очсон. Э-ийн гэрээс гарахдаа ууж байсан Ерөөл гэх архи жаахан үлдсэн байсныг би аваад өвөртөлчихсөн байсныг цаг уур дээр очоод Т-д гаргаад өгөхөд Т надад нэг аяганд хийгээд өгөхөөр нь би өгсөн архийг нь бүгдийг уучихсан. Архи уусны дараа миний бие сонин болоод байхаар нь цаг уураас гарч байснаа санаж байна. Түүнээс хойш үйл явдлыг би санахгүй байна. Ямар ч байсан би цаг уурын гадна хэвтэж байхад манай сумын цагдаа Б машинтай ирээд миний өөдөес машины гэрэл тусгаж байсныг муухан санаж байна Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг сэрэхэд машин дотор явж байсан ба Э багш машин барьчихсан. Ч.Д цагдаа урд талын суудалд суучихсан Б цагдаа миний хажууд сууж явсан. Хаана явж байгааг харахад З суманд ирж байсан. Миний гарт гав хийчихсэн байсэн ба уг гав нь чангараад байхаар нь Б цагдаад хэлж гавыг султгаж авсан. Тэгээд би машин дотор унтчихсан. Нэг мэдэхэд аймгийн Цагдаагийн газарт ороод ирчихсэн. Намайг машинаас буулгаж эрүүлжүүлэх байр руу оруулж миний согтуурлыг цагдаа нар шалгасан. Тухайн үед миний архи гараагүй байсан. Д цагдаа надтай уулзаад “чиний архи чинь гарна ахын дүү, ах нь чамаас хорин насаар ах хүн” гэж хэлсэн. Ч.Д цагдаа яагаад ингэж хэлснийг мэдэхгүй. Д цагдаагийн нүүрийг харахад хамар нь шалбарчихсан, хамар руугаа бинт чихчихсэн байсан. би согтуу байсан учраас юу ч мэдэхгүй байна. Тэр орой юу болсныг мэдэхгүй байна. Цагдаагийн хэсгийн байрны гадна хэсгийн төлөөлөгч Ч.Д юунаас болж маргалдснаа мэдэхгүй байна. Ч.Д-г зодож цохисноо ч гэсэн мэдэхгүй байна. Сүүлд найз Т-тэй уулзаж юу болсон талаар асуухад Цаг уур дотор бид нар байхад цагдаа нар орж ирсэн. Чи цаг уурын гадна хэвтэж байсан. Тэгээд чиний мотоциклийг аваад цагдаагийн хэсгийн байр нь дээр ирсэн. Би чамайг авч явах гээд хамт явж байсан. Би бас юу болсныг сайн санахгүй байна. Цагдаагийн хэсгийн байрны гадна сууж байхад Д цагдаа гэнэт “энэ залуугаа ирж ав, намайг зодчихлоо” гэж хэлэхээр нь би очиж чамайг салгаж авсан. Чи Ч.Д цагдааг зодсон гэж хэлсэн. Би тухайн үед их согтсон байсан учраас юу хйиж байгаагаа мэдээгүй. Би цагдаагийн албай хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж хүч хэрэглэснээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх үнэлэн, хэргийн үйл баримтуудыг тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж хуульчилсан байх тул Увс аймаг дахь Цагдаагийн газрын Баруунтуруун сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ч.Дг хууль сахиулагч гэж үзнэ.
Хохирогч Ч.Д нь цагдаагийн байгууллагын алба хаагчийн хувьд хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйлчилгээг иргэдэд үзүүлэх үүрэг бүхий Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д заасан төрийн тусгай алба хаагч юм.
Увс аймаг дахь Цагдаагийн газрын Баруунтуруун сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ч.Д нь нийтийн хэв журмыг хамгаалах, нийтийн амгалан тайван байдлыг сахиулах цагдаагийн алба /хууль сахиулагч/-ны үндсэн чиг үүргийнхээ дагуу Б.С-д “согтуугаар тээврийн хэрэгсэл /мотоцикль/ жолоодож бололхгүй” гэж хууль ёсны шаардлага тавихад нь зүй бус үг хэллэгээр доромжлон, улмаар түүний биед халдаж, хамрын ясыг хугалж, хамрын таславчийг муруйлгасан байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 175 дугаартай шинжээчийн “Ч.Д-гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчны муруйлт гэмтэл учирсан байна. Энэ гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна” гэх дүгнэлт / хх-ийн 33-р тал/-ээр шүүгдэгчийн хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдлийн улмаас хохирогч /хууль сахиулагч/ Ч.Д-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг нь хэв журам сахиулах үүргээ биелүүлж буй төрийн албан хаагчийн шаардлагыг үл ойшоон, тэдгээрийн эсрэг бие махбодийн, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэх, тавьсан шаардлагыг нь үл биелүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй байдаг.
Шүүгдэгч Б.С-ын албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн ажилтан Ч.Д-ийн нийтийн хэв журмыг сахиулах үүргээ биелүүлэхэд нь саад учруулан шаардлага тавихад нь эсэргүүцэж, хүч хэрэглэн биед нь халдаж, хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж дүгнэнэ.
Иймд Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж шүүгдэгч Б.С-мын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.С-ыг Хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2. Шүүгдэгч Б.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.С-д хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.С-ын хувийн байдлын талаар гэрч Г.Гын: “...Бээвэй овогтой С нь аав, ээж дүү нарын хамтаар хөдөө мал маллаж амьдардаг. Бүрэн дунд боловсролтой, цэргийн алба хаасан. Ажилсаг хөдөлмөрч залуу байдаг. Найз нөхөдтэйгөө нийлж дарвиж архи дарс ууж яваад байдаггүй. Үг дуу цөөтэй, даруухан зантай залуу байдаг. Сумын төвөөр нэг их орж ирээд яваад байдаггүй. Хөдөө гэртээ малаа маллаад байдаг. Архи уугаад байдаггүй, архи уусан байхыг нь харж байгаагүй. Догшин ширүүн зан гаргаад байдаггүй юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/, гэрч Ч.Н-ийн: “...С нь аав, ээжийн хамтаар Баруунтуруун суманд мал маллаж амьдардаг. Миний зээ болох залуу юм. Улаангом коллежийг төгссөн. Улаангом коллежд сурч байхдаа манай гэрт байдаг байсан. Нэг эгч, эмэгтэй дүүтэй. Эгч дүү хоёр нь хоёулаа тусдаа гэр болоод ажиллаж амьдарч байна. С нь Улаангом коллежийг төгсөөд цэргийн алба хаасан. Улаанбаатар хотод хувийн компанид ажиллаж байгаад малчин болохоор ирсэн. Амьдрал ахуйн хувьд аав, ээж нь 200 гаруй малтай. Амьдрал ахуйн хувьд бол боломжийн амьдралтай айл байдаг. Ээж Д нь элэг, нүд муутай хүн бөгөөд тахир дутуугийн тэтгэвэр авдаг. С тусдаа гэр бүл болоогүй болохоор аав, ээжтэйгээ нэг өрх болоод явж байна. Зан аашийн хувьд томоотой даруухан залуу байдаг. Догшин ширүүн зан байдаггүй. Тамхи татдаг, архи ууж мэддэггүй юм. Янз бүрийн гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р тал/, гэрч Т.Нарантуяагийн: “...С нь Баруунтуруун суманд сурч байгаад Улаангом коллежийг төгссөн. Улаангом коллежд сурч байхдаа манай гэрт амьдардаг байсан. Даруухан, элдэв янзын ааш зангүй хүүхэд байсан. Аав, ээж нь Баруунтуруун суманд мал маллаж амьдардаг. Одоо аав, ээж нарын хамтаар гэртээ амьдарч байна. Нэг эгч, эмэгтэй дүүтэй. Эгч дүү хоёр нь хоёулаа тусдаа гэр болоод ажиллаж амьдарч байна. Амьдрал ахуйн хувьд аав, ээж нь насаараа мал маллаж амьдарч байсан болохоор өөрийн гэсэн малтай. Амьдрал ахуйн хувьд бол боломжийн амьдралтай айл байдаг. Аав нь тэтгэвэрт гараагүй. Ээж нь тахир дутуугийн тэтгэвэр авдаг. С архи ууж хүнтэй зодолдож байсныг харж байгаагүй. Тийм зүйл хийдэггүй. Архи ууж найз нөхдөө дагаж гадуур тэнээд байдаггүй. Би гайхаж байна. Яаж яваад ийм хэрэг хийдэг байна гэж. Их даруухан хүүхэд байдаг юм. Баян-Өлгий аймагт цэргийн албыг нэр төртэй хаасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р тал/, гэрч А.Буянаагийн: “...С нь сургуульд байхдаа даруу төлөв зантай сэргэлэн хүүхэд байдаг байсан. Аав, ээж нь малчин хөдөлмөрч даруухан хүмүүс байдаг. Улаангом коллежийг төгссөн. Нэг эгч, эмэгтэй дүүтэй. Эгч дүү хоёр нь хоёулаа тусдаа гэр бүл болоод ажиллаж амьдарч байна. С нь Улаангом коллежийг төгсөөд цэргийн алба хаасан. Даруухан зантай ажилсаг залуу байдаг юм. Амьдрал ахуйн хувьд аав, ээж нь 200 гаруй малтай. Амьдрал ахуйн хувьд бол боломжийн амьдралтай айл байдаг. Зан аашийн хувьд догшин ширүүн зан байдаггүй. Тамхи татдаг, архи ууж мэдэгддэггүй юм. Янз бүрийн гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р тал/ гэх мэдүүлгүүд болон Увс аймгийн Баруунтуруун сумын 3 дугаар багийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 1/122 тоот тодорхойлолт, Увс аймаг хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 517 тоот албан бичиг, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт болон албан бичиг, иргэний үнэмлэхний хуулбар, Автотээврийн төвийн албан бичиг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67, 68, 69, 70, 71-р тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч Б.С хохирогч Ч.Д-ийн нэхэмжилсэн 450.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогчийн “...ямар нэгэн гомдол тэмцэл байхгүй, бөгөөд нэхэмжлэх зүйл байхгүй” талаарх тодорхойлолт, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 7-8, 93-р тал/ шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан мэдүүлгээр тус тус нотлогдсон тул шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг нь 2700-14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба шүүгдэгч Б.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “... гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэсэн ял хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөсөн болон шүүгдэгч Б.С-ын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаанд тэнсэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.С нь энэ гэмт хэргийг согтууруулах ундааны зүйл хэрэглэж өөрсдийгөө бүрэн хянах чадваргүй болсоны улмаас үйлдсэн байх тул шүүхээс шүүгдэгчид тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзсэн ба тогтоосон хязгаарлалтын арга хэмжээг зөрчвөл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлаж байна.
Шүүгдэгч Б.С энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.С Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д тус тус зааснаар шүүгдэгч Б.С-д тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
4. Албадлагын арга хэмжээ авагдсан ялтанд хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ