Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 142/2015/01113/И |
Дугаар | 01083 |
Огноо | 2016-09-07 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 01083
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн 3-23-73 тоотод оршин суух Үхэр цагаан овгийн Жанчивдоржийн Гантулгын /регистрийн дугаар МА69040713/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, илүү цагийн хөлс 460,800 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Оюунчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьд, нарийн бичгийн дарга Н.Энхбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Гантулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ж.Гантулга миний бие “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн Геологи хайгуулын ангид 2008 оноос хойш тусгай тоноглолтой авто машины жолоочоор ажиллаж байгаад 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/899 тоот тушаалаар ажлаас халагдлаа. Би 2015 оны 7 дугаар сарын 3, 5, 7, 9-нд 24 цагаар тулаа хийн ажиллаж нийт 96 цаг ажилласан байсан тул илүү цагаа авах эрхтэй байсан. 2015 оны 4-р сард жолооч Бат-Ундрахтай ээлж сольж арга хэмжээ авахуулсан. Бат-Ундрах аавын бие муу байна Улаантолгой явах хэрэгтэй байна гэсэн. Би ч бас ажилтай байсан учир ээлж сольсон. Цехийн хурал дээр ерөнхий инжинер Төрмөнх 4 сард сануулагатай, одоо 2 хоног болсон тул ажлаас халах саналтай гэж санал оруулаад халуулсан байна. Илүү цаг ажилласаар байхад илүү цагийн чөлөө өгөөгүй, 7 дугаар сард 160 цаг ажиллах ёстой байснаас ажилласан цаг нь бүрэн орсон байхад ажлаас халсанд гомдолтой байна. Би мастер дарга нарын өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэн ажилладаг байсан. Өрөм нүүлгэж буулгаж байхад оройтож тардаг байсан. Түүний цаг ер ордоггүй. Энэ шийтгэл бодит байдалд нийцээгүй тул Б/899 тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. Би 10, 11 дүгээр ангид сурдаг 2 хүүтэй. Удахгүй оюутан болно. Би байрны зээлд сард 650 000 төгрөг, эхнэр цалингийн зээлд 500 000 төгрөг төлдөг. Иймд ГХА-н тусгай тоноглолтой тэрэгний жолоочийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Ж.Гантулга нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Миний бие 2015 оны 07 дугаар сарын 03, 07 дугаар сарын 05, 07 дугаар сарын 07, 07 дугаар сарын 09-ний өдрүүдэд хөдөлмөрийн гэрээний дагуу гүйцэтгэх ажил үүргийг өглөөний 08 цагаас дараа өдрийн 08 цаг хүртэл гүйцэтгэж байсан тул хөдөлмөрийн хуулинд заасны дагуу илүү цагийн хөлс 460 800 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунчимэг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Миний бие Гантулга нь ажлаас үндэслэлгүй халагдсан бөгөөд гомдол гаргасан.Энэ шаардлага дээр 2015-04-15-ны өдрийн ГХА-н 5/29 тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай /2015-08-03-наас 2016-07-04 буюу одоог хүртэл / гаргуулахыг шаардаж байна.2015-04-15-ний тушаалыг өнөөдрийг хүртэл гардуулж өгөөгүй бөгөөд 2016-06-27-ны өдрийн хуралд уг тушаалын хуулбартай танилцаж, уг тушаал үндэслэлгүй болохыг мэдлээ.
Миний бие Гантулга нь ажлаас үндэслэлгүй халагдсан нэхэмжлэлийг 2015-08-10-нд шүүхэд гаргасан бөгөөд одоо нэхэмжлэлийн шаардлагыг ажилгүй байсан хугацааны цалинг 2015-08 сараас 2016-06 сар дуусталх хугацааны цалин 19,571,465 төгрөгийг гаргуулж өгнө үү.УТХ-н тухай хуулийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бйагаа билээ гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунчимэг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Миний бие Гантулга нь ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлыг 2015-09 сард шүүхэд гаргасан ба ажлаас халсан 2015-08-06-ны тушаалд 2015-40-15-ны өдөр Б/29 тушаалаар шийтгэл ногдуулсан уг тушаалыг хувийн хэргээс уншиж танилцаад /2016-06-28/ хуулийн хэлтэст гомдол гаргахад шүүхээр шийдвэрлэгдэнэ хариу өгч шийдээгүй тул тушаалд гомдол гаргах хугацааг сэргээж өгнө үү.Б./29 тушаалын 1 хувийг надад ер гардуулаагүй бөгөөд тушаалыг хэрэгт гаргаж өгсөн үеэс уншиж өргөдөлтэй нь танилцсан юм гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Илүү цагийн хөлс 460 800 төгрөгийг гаргуулах шаардлагаас татгалзаж бусад шаардлагаа дэмжиж байна.Гантулга 7 сарын 3,5,7,9-нд 24 цагаар тулж ажилласан тул илүү цагийн амралт эдлэх эрхтэй тул мастертаа амаар хэлээд 7 сарын 20,21-нд ажилдаа очоогүй.7 сард 160 цаг ажиллахаас164 цаг ажилласан.үүнээс шөнийн цаг нь 20 цаг байгаа.Илүү цагийн амралтыг амаар авч болно гэж дотоод журамд заасан.Мастер Пүрэвдоржид утсаар хэлэх гэсэн утсаа аваагүй.Дараа нь Ерөнхий инженер Төрмөнх чөлөөний хуудас бичээд ороход нь хүлээж аваагүй гэсэн.Гантулга хөдөлмөрийн гэрээ дотоод журмыг зөрчөөгүй.Мөн 2015-4-15-ны өдрийн Б/29 тоот тушаалыг өөрт нь танилцуулаагүй.Гантулга 8 цагаар ажилладаг.4 сарын 11-нд хүн гуйсан тул ээлж сольсон байдаг.Энэ тушаалыг түүнд гардуулаагүй,танилцуулаагүй тул хугацааг сэргээж,тушаалыг хүчингүй болгоно уу.Гантулга хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаагүй тул ажилд нь тогтоохыг хүсэж байна.Ажилгүй байсан хугацааны цалин 19,571,465 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьд шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн Ж.Гантулгын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй танилцаж, нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэгч Ж.Гантулга нь тус компанийн Геологи хайгуулын ангид тусгай тоноглогдсон автомашины жолоочоор ажиллаж байх хугацаандаа 2015.07.20, 21-ний өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан тул компанийн хөдөлмөрийн Дотоод журмын 8.9.10. Ж.Гантулгатай байгуулсан 22561 дугаар хөдөлмөрийн гэрээний 4.9 дэх заалтуудын дагуу сахилгын шийтгэл ногдуулсан.Ж.Гантулга нь 2015.04.11-ний өдөр өөрийн ажилладаг ээлжийг дур мэдэн солисон, ажлаас зөвшөөрөлгүй эрт буусан сахилгын зөрчил гаргаж 2015.04.15-ны өдрийн Б/29 дүгээр тушаалаар сахилгын шийтгэл хүлээсэн. Энэ нь Эрдэнэт үйлдвэр ХХК- Геологи хайгуулын ангийн даргын 2016 оны 06 сарын 27-ны өдрийн .... тоот тодорхойлолт албан бичгийн хавсралт болох 2015 оны 04 дүгээр сарын ажлын цагийн бүртгэл, цалингийн шифр,ээлжийн мастерийн тайлбар болон өмнөх анхан шатны шүүх хуралдаанд өгсөн гэрчүүдиин мэдүүлэг зэргээр нотлогддог.Ж.Гантулгын цалингийн тооцооны хуудас,цагийн бүртгэлээс үзэхэд 2015 оны 07 сард нийт 160 цаг ажиллахаас 156 цаг ажилласан байдаг. Мөн цалингийн тооцооны хуудаст шөнийн нэмэгдэлд 25200 төгрөг авсан болох нь харагддаг тул шөнийн цагийн нэмэгдлээ аваагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.Ажилтан илүү цагаар ажилласан бол нөхөн амрахдаа өөрийн шууд удирдах албан тушаалтанд бичгээр хүсэлтээ гарган зохих зөвшөөрөл авсны үндсэн дээр нөхөн амрах эрхтэй. Гэтэл Ж.Гантулга нь ямар нэг зөвшөөрлийг амаар болон бичгээр аваагүй бөгөөл энэ тухай нотлох баримтыг шүүхэд гаргаагүй бөгөөд гэрчүүдийн мэдүүлэг мастер Пүрэвдоржийн мэдүүлэг, тайлбар бичгээр нотлогддог.Мөн хэрэв ажилтан эрхээ зөрчигдсөн гэж үзвэл уг асуудлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацаанд гомдол гаргах эрхтэй байсан боловч уг эрхээ хэрэгжүүлээгүй буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй байх тул ажил олгогчийн гаргасан Б/29 дугаартай тушаал хуулийн хүчин төгөлдөр хэвээр байгаа.Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т заасны дагуу Ж.Гантулгад Б/29 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрөөгүй тул хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасанд тооцож Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, компанийн хөдөлмөрийн дотоод журмын 8.9.10, 22561 дугаартай хөдөлмөрийн гэрээний 4.9 дэх заалтуудыг тус тус үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна.Иймд иргэн Ж.Гантулгын нэхэмжлэлтэй ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний нэхэмжлэлийг дээрх үндэслэлээр эс зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.Гантулга 2015 оны 4 сард сахилгын шийтгэл авсаны дараа 7 сарын 20,21-нд ажил тасалсан тул ажлаас нь халсан байгаа.4 сарын 11-нд дур мэдэн ажлаас эрт бууж ээлж сольсон тул сахилгын шийтгэл оногдуулсан.4 сарын 15-ны өдрийн Б/29 тоот тушаалыг мэдээгүй танилцаагүй байх үндэслэлгүй.Өөрөө захиргаанд тайлбар гаргасан байдаг.Цалингийн хуудаснаас суутгал харагдаж байдаг.Хэрэгт авагдсан байгаа.Мөн холбогдох албан тушаалтнууд тушаалыг журмын дагуу шат дараалан танилцуулсан гэдгийг гэрчүүд мэдүүлсэн.Мөн энэ тушаалд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн.2. Гантулгыг ажлаас халсан Б/899 дугаартай тушаал үндэслэлтэй гарсан.Илүү цагийн амралт авсан болох нь нотлогдоогүй.Илүү цагийн амралтыг тогтоосон журмын дагуу авах ёстой байдаг.Цехийн дарга, ерөнхий инженерийн зөвшөөрлөөр авах журамтай.Гэтэл Гантулга зөвшөөрөлгүй явсан.Мастер Пүрэвдоржид хэлсэн гэх боловч нотлогдоогүй.7 сард 160 цаг ажиллах ёстойгоос 156 цаг ажилласан байдаг.Шөнийн цагт ажилласан мөнгөө авсан байдаг.Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Гантулга “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захиралын 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Б/899 дүгээр тушаалыг эс зөвшөөрч урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, илүү цагаар ажилласан хөлс 460 800 төгрөг гаргуулах, 2015-40-15-ны өдөр Б/29 тоот тушаалд гомдол гаргах хугацааг сэргээж уг тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин 19,571,465 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захиралын 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Б/899 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4,131 дүгээр зүйлийн 131.1.3,Эрдэнэт үйлдвэр компаний Дотоод журмын 8.9.16, хөдөлмөрийн гэрээний 4.4.9 дэх заалтуудыг үндэслэн Геологи хайгуулын ангийн жолоочоор ажиллаж байсан Ж.Гантулгыг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж зааж хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас нь чөлөөлсөн болох нь зохигчдын тайлбар, 2008 оны 04 дүгээр сарын 10, 2011 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, Б/899 тоот тушаал зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Эрдэнэт үйлдвэр ХХК ажилтан Ж.Гантулгад 2015 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ажлаас зөвшөөрөлгүй эрт буусан, ээлжийг дур мэдэн сольсон гэсэн үндэслэлээр 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Б/29 дүгээр тушаалаар үндсэн цалинг 20 хувиар бууруулсан сахилгын шийтгэл ногдуулсан байх ба Ж.Гантулга энэ шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацаанд гомдол гаргаагүй байна.
Нэхэмжлэгч 2016-7-04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ “2015-04-15-ний тушаалыг өнөөдрийг хүртэл гардуулж өгөөгүй бөгөөд 2016-06-27-ны өдрийн хуралд уг тушаалын хуулбартай танилцаж, уг тушаал үндэслэлгүй болохыг мэдлээ”гэсэн нь үндэслэл муутай байна.
Нэхэмжлэгч анх 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч талаас Б/29 тоот тушаалыг,Ж.Гантулгын өөрийн бичсэн тайлбарын хамт /хэргийн 42-45 дугаар хуудаст/хэрэгт нотлох баримтаар гаргасаны дараа 10 сарын 21-нд хэргийн материалтай танилцсан байх бөгөөд 2015-11-05-ны өдөр анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцжээ.Иймд Ж.Гантулга нь өөрт нь сахилгын шийтгэл ногдуулсан 2015-4-15-ны өдрийн Б/29 тоот тушаалыг 2016-6-27-нд мэдсэн гэх нэхэмжлэлийн үндэслэл няцаагдаж байна.
Нөгөө талаар, уг тушаалын/ хэргийн 45 дугаар хуудаст/ 3 дахь заалтад заасны дагуу шат дараалан холбогдох албан тушаалтан,ажилтнуудад танилцуулсан талаар гэрч О.Үүрийнтуяа,Т.Бүрэнтогтох,Б.Пүрэвдорж /хэргийн 2 дахь хавтасны 5-20 дугаар хуудаст/нар мэдүүлсэн байх бөгөөд,Хөдөлмөрийн тухай хуулиар ажлаас халснаас бусад сахилгын шийтгэл хүлээлгэсэн шийдвэрийг ажилтанд гардуулах үүргийг ажил олгогчид хүлээлгээгүй байна.Уг тушаалд заасан,Ж.Гантулгын гаргасан гэх ээлжийг дур мэдэн сольсон,ажлаас зөвшөөрөлгүй эрт буусан зөрчил нь нэхэмжлэгчийн өөрийн тайлбар болон хариуцагчийн тайлбар,мастер Б.Пүрэвдоржийн тайлбар/хэргийн 43 дугаар хуудаст/нотлогдсон байх бөгөөд эдгээр зөрчил нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ний Дотоод журмын 8 дахь хэсэг,8.7.3,8.7.5-д зааснаар сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болжээ.
Иймд Эрдэнэт үйлдвэр ХХК-ний ГХА-ийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/29 дүгээр тушаалыг хугацаа сэргээж хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй байна.
Ийнхүү сахилгын шийтгэл хүлээснээс хойш Ж.Гантулга нь 2015 оны 07 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд ажилдаа ирээгүй болох нь хэргийн 24-41 дүгээр хуудас,44 дүгээр хуудаст авагдсан Ж.Гантулгын 2015 оны 07 сард ажилласан цагийн бүртгэл, ажлын даалгаврын бүртгэлийн дэвтэр, өдөр тутмын урьдчилан сэргийлэх үзлэгийн журнал, нэхэмжлэгчийн “... Би 2015 оны 7 дугаар сарын 3, 5, 7, 9-нд 24 цагаар тулаа хийн ажиллаж нийт 96 цаг ажилласан байсан тул илүү цагаа авах эрхтэй байсан”гэх,хариуцагчийн төлөөлөгчийн “2015 оны 07 дугаар сарын 20,21-ний өдрүүдэд чөлөө авахаар мастер Пүрэвдоржид утсаар хэлэх гэсэн утсаа аваагүй.Дараа нь Ерөнхий инженер Төрмөнх чөлөөний хуудас бичээд ороход нь хүлээж аваагүй”гэсэн тайлбар зэргээр тогтоогдсон.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийнхээ талаар “Би 2015 оны 7 дугаар сарын 3, 5, 7, 9-нд 24 цагаар тулаа хийн ажиллаж нийт 96 цаг ажилласан байсан тул илүү цагаа авах эрхтэй байсан”гэж тайлбарлаж байна.
Ж.Гантулга нь хөдөлмөрийн гэрээнд зааснаар 8 цагийн ажилтай боловч удирдах ажилтаны шийдвэрээр 2015 оны 07 дугаар сарын 03-ны өглөө 08 цагаас орой 20:00 цаг хүртэл,2015 оны 07 дугаар сарын 04-ний шөнийн 00 цагаас өглөөний 8:00 хүртэл, 07 дугаар сарын 05-ны өглөө 08 цагаас оройн 20:00 цаг хүртэл,7 дугаар сарын 06-ны өглөөний 08 цагаас оройн 20:00 цаг хүртэл, 7 дугаар сарын 07-ны оройн 20 цагаас өглөөний 8:00 цаг хүртэл,2015 оны 07 дугаар сарын 08-ны шөнийн 00 цагаас өглөөний 8:00 цаг хүртэл,7 дугаар сарын 09-ний өглөө 08 цагаас оройн 20:00 цаг хүртэл ажилласан болох нь цагийн бүртгэл /хх 25-р хуудаст/ нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Т.Майнбаяр, Ч.Батсуурь,Баярням,Пүрэвдорж нарын мэдүүлгээр тогтоогдсон ба нэхэмжлэгч 7-р сард шөнийн цагаар ажилласны 14 цагийн хөлс 25 200 төгрөг авсан болох нь мөн цалингийн баримтаар/хэргийн 9,164-р хуудаст/ тогтоогдсон.
Ж.Гантулга 7 сарын 10-ны өдөр хүртэл дээрхи байдлаар ажиллаад 10-15-ны өдрийг дуустал баярын амралт эдлээд,16,17-ны өдөр 8 цагаар ажиллаад 18,19-ний амралтын өдөр амраад үргэлжлүүлэн 20,21-ний өдрүүдэд ажилдаа ирээгүй байна.Ж.Гантулгын цалингийн тооцооны хуудас болон цагийн бүртгэл зэрэг баримтаар тэрээр 2015 оны 7 дугаар сард нийт 160 цаг ажиллах ёстойгоос 156 цаг ажилласан болох нь нотлогджээ.
Эрдэнэт үйлдвэр ХХК-ний Дотоод журам,ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр илүү цаг ажилласны нөхөн амралтыг хэдийд /сарын дундуур,эсхүл сарын эцэст г.м/ тооцон олгож болох талаар нарийвчлан заагаагүй боловч хөдөлмөрийн гэрээний дагуу тухайн сард ажиллах ёстой цагтаа хүрч ажиллааагүй,сарын ажилласан хугацааны тооцоо гараагүй байхад сарын дундуур илүү цагийн амралт эдлэх тухай хүсэлт өргөдөл гаргаагүйгээр ажлаа дур мэдэн орхиж явсанд нэхэмжлэгчийг зөвтгөх үндэслэл гарахгүй байна.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 5.2.8-д: ажилтан “өвчний улмаас болон хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирэх боломжгүй болсон тохиолдолд ажил эхлэхээс өмнө шууд удирдлагадаа мэдэгдэх /утас, мессэж, факс, өргөдөл /, ажилдаа ирсэн өдрөөс хойш холбогдох баримт бичгийг ажлын 5 хоногт бүрдүүлж өгөх” үүрэгтэй гэж заажээ.
Ж.Гантулга Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээнд зааснаар илүү цагаар ажилласан бол нөхөн амралтыг зохих журмын дагуу эдлэх эрхтэй боловч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 5.2.8-д заасны дагуу ажил эхлэхээс өмнө шууд удирдлагадаа мэдэгдэх үүргээ биелүүлсэн эсэх тодорхойгүй, нэхэмжлэгч ийнхүү мэдэгдсэн, чөлөө авсан талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй. Хүндэтгэн үзэх ямар шалтгааны улмаас байгууллагын захиргаан дээр очиж зохих журмын дагуу чөлөө авч болоогүй талаар үндэслэлтэй тайлбар гаргаагүй.2015-7-21-ний өдрийн 15 цаг 30 минутад Орхон аймгийн Замын цагдаагийн газарт очиж иргэний нэхэмжлэгчээр тайлбар өгсөн нь /хэргийн 175 дугаар хуудаст/ хүндэтгэн үзэх үндэслэл болохгүй.Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан “чөлөөний хуудас” гэх баримтыг хэн хэзээ үйлдсэн нь тодорхойгүй,гарын үсэггүй хэрэгт ач холбогдолгүй баримт байна.
Иймд нэхэмжлэгч Ж.Гантулгыг 2015-4-11-ний өдөр дур мэдэн ээлж сольж,ажлаас эрт буусан зөрчил гаргасан тул 4 сарын 15-нд сахилгын шийтгэл оногдуулсаны дараа, 2015 оны 07 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд ажил тасалж хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзсэн ажил олгогчийн шийдвэрийг буруутгах боломжгүй юм.Ж.Гантулгын ажил олгогчийн зөвшөөрөлгүй 2 өдөр ажилдаа ирээгүй үйлдлийг зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй байна.Ажилтан Хөдөлмөрийн тухай хууль,хөдөлмөрийн гэрээ,байгууллагын дотоод журмын заалтуудыг хүндэтгэн сахиж уг гэрээ дүрмээр ажилтаны өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4,Эрдэнэт үйлдвэр ХХК Ж.Гантулгын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.4.9, дотоод журмын 8.9.16 –д зааснаар Ж.Гантулга хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 3 сарын дотор давтан гаргасан нь тогтоогдсон байх тул түүнийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.
Нэхэмжлэгч илүү ажилласны хөлс 460 800 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгч Ж.Гантулгын нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2,128.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Гантулгын урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, илүү цагаар ажилласан хөлс 460 800 төгрөг гаргуулах, 2015-40-15-ны өдөр Б/29 тоот тушаалд гомдол гаргах хугацааг сэргээж уг тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин 19,571,465 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.Гантулгын нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид,тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ