| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2019/0050/Э |
| Дугаар | 48 |
| Огноо | 2019-04-19 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 48
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Н,
Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйийн 98.1 дэх хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох 18350004510023 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 16-нд Увс аймгийн ... суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт ... оршин суух Б.Б.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт 2016 оны 7 дугаар сард хохирогч, эхнэр Б.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
- 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хохирогч, эхнэр Б.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
1. Шүүгдэгч Б.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар.
I. Шүүгдэгч Б.Б хохирогч Б.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт 2016 оны 7 дугаар сард хохирогч Б.Б-ийг зодож зүүн гарын шуу ясыг хугалсан болох нь хохирогч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны өвөл хүүхэддээ дэлгүүрээс куртик зээлээр авч өгсөн. Тэр дэлгүүрийн эзэн 2016 оны зун 6 сард Б-ийн гар утас руу залгаад өвөл Б эгч хүүхдийн куртик авсан тэрний мөнгийг авмаар байна гэж залгасан байсан. Тэрнээс болоод Б бид хоёр маргалдаж байгаад цагаан ултай гутлаараа миний нүүр хэсэг рүү өшиглөх гэхээр нь би зүүн гараараа хаахад миний зүүн гарын шуу хугарсан. Би 2016 оны 6 сард Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмч Балжинням гэдэг хүн дээр очиж гипсдүүлж, боолт хийлгэж байсан. Надад одоо тухайн үед эмчид үзүүлж байсан эмчлүүлэгчийн карт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/,
Гэрч Д.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 7 дугаар сард Б, Б хоёр манайд ирээд сууж байтал Б-ийн гар утас руу дэлгүүрийн хүн залгаад “танай эхнэр куртик авсан, тэрний үнийг өг” гэж ярьсан. Б “Чи яагаад куртик зээл авсан талаараа надад хэлдэггүй юм бэ?, чи ээж авч өгсөн гэж байсан биз дээ” гэхэд Б уурлаад маргалдсан. Тэр үед сүртэй зодолдсон юм байхгүй. Нэг мэдэхэд Б гар өвдөж байна, гар хугарчихлаа гэж байсан. Тэгээд Б, Б нар бариачид очно гээд манайхаас гарч явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р тал/,
Гэрч Г.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр яаралтай тусламжийн тасаг дээр жижүүр эмчээр гарч байхад Өлгий сумаас нэг эмэгтэй ирээд үзүүлж байсан. Тэр эмэгтэйгийн зүүн гарын шуу нь хугарсан байсан. Би өвчин намдаах эм тариа хийгээд гарт гипс тавьж өгөөд явуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р тал/,
Гэрч Ц.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Манай нэгдсэн эмнэлэгт 2016 оны 6 дугаар сард Яаралтай тусамжийн тасгаар ирж үйлчлүүлсэн хүмүүсийн талаарх мэдээлэл цаасан бүртгэлээр байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р тал/,
Гэрч М.П-ын мөрдөн байцаалтад өгсөн: “... Манай хүргэн Б нь урьд өмнө нь хүүхдүүдээ зодож цохиж байгаагүй. Харин эхнэр Б-ийг зодож цохидог байсан. 2016 онд Б-ийн гарыг өшиглөөд хугалж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р тал/,
Гэрч Д.Ж-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манайх 2016 оны 7 сард Орхиг гэдэг нэртэй газар байхад Б, Б нар нь манайд мотоциклээс унаад гараа бэртээчихлээ, та барьж өгөөч гээд ирж байсан. Би Б-ийн гарыг барихад гар нь хугарсан байсан. Би бариад гарыг нь хантар өгөөд, эмчид хандаж үзүүл гээд явуулж байсан. Тэрний дараа Б-ийн ээж Б надтай гудамжинд таараад Б Б нар хэрэлдэж зодолдоод Б-ийн гарыг хугалаад аймаг явчихсан байна гэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р тал/,
Гэрч С.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Өлгий суманд хувиараа бизнес эрхэлдэг. 2016 онд манай дэлгүүрээс Б нь том эмэгтэй хүний куртик 30000, хүүхдийн куртик 20000, эрэгтэй хүний дотортой ноосон өмд 10000, нийт 60000 төгрөгний бараа зээлээр аваад хавар ноолуур самнахаар өгнө гээд авч яваад ноолуур самнаад дуусахад өгөөгүй. Тэгээд би 2016 оны 7 сард сонгуулиар хүн бүхэнд эх орны хишиг гээд 300.000 мянган төгрөг өгч байхаар нь тэр айл эх орны хишигийн мөнгөө авсан байх гэж бодоод барааныхаа үнийг авахаар Б-ийн гар утас руу залгахад Б утас авсан. Тэгэхээр нь би “танай эхнэр Буянхишиг надаас өвөл авсан барааныхаа мөнгө өгмөөр байна, одоо хүртэл өгөөгүй байгаа” гэхэд Б “манай эхнэр байхгүй байна. Эхнэрээс асуугаад хариу хэлье” гээд тасалсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 59-р тал/,
Шинжээч эмчийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 109 дугаартай “Үзүүлэгч Б.Б-ийн зүүн шуу яс далд хугарч бороолсон байна. Чухам хэдийд хугарсан болохыг тогтоох боломжгүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 68-р тал/,
Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Яаралтай тусламжийн тасгийн Яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэгсдийн бүртэлд “2016 оны 7 дугаар сарын 08-нд Өлгий сумын харьяат Б-ийн хугарсан гарын шуунд гипс тавив. Эмч н.Г” гэх тэмдэглэл /хх-ийн 49-50-р тал/,
Шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Би 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр эхнэр бид хоёр ямаа самнасан ноолуураа өгөөд авсан төгрөгөөрөө өр, зээлээ дараад мөнгө дууссан. Би эхнэрээс өөр ямар нэгэн хүнд өр, зээл байгаа юу? гэж асуухад манай эхнэр одоо ямар ч өр, зээл байхгүй гэж хэлсэн. Тэгээд бид хоёр манай ээж Д-ын гэрт очоод сууж байтал миний гар утас дуугарсан утсаа автал нэг эмэгтэй “өвөл Б эгч хүүхдийн куртик авсан, тэрний мөнгө болох 60000 төгрөг авмаар байна” гэж ярьсан. Тэгэхээр нь би “Б байхгүй байна, ирэхээр нь асууж байгаад ярья” гээд утсаа таслаад эхнэрээс “нэг эмэгтэй хүн хүүхдийн куртикны мөнгө гэж нэхэж байна, хэзээ ямар куртик авсан юм бэ?” гэхэд Б манай охин Б-д авч өгсөн улаан өнгийн куртик гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи өөрөө ээж авч өглөө гэж хэлж байсан биз дээ. Хүнд үнэнээ хэлэхэд яадаг юм бэ?” гээд баруун хөлөөрөө өшиглөх гэхэд Б зүүн гараараа хаасан. Тэгээд Б “Н чи миний гар хугалчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй байлгүй гэж бодоод гараас нь барихад гар халуун байсан. Б гар даагдахгүй байна гэж байсан. Бид хоёр ээжийн гэрээс гараад манай нагац ах болох Ж дээр очоод гараа бариулахад Ж ах яаралтай аймаг орж үзүүлж, зураг авахуул гэж хэлсэн. Тэгээд бид хоёр аймаг орж ирээд 103 буюу яаралтай тусламжийн тасаг дээр ирж эмчид үзүүлж гипсдүүлж байсан.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 109 дугаартай “Үзүүлэгч Б.Б-ийн зүүн шуу яс далд хугарч бороолсон байна. Чухам хэдийд хугарсан болохыг тогтоох боломжгүй байна. Дээрх шуу ясны далд хугарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах ба хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-ийн 68-р тал/ гэх дүгнэлтээр хохирогч Б.Б-ийн зүүн гарын шуу ясны далд хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Б нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус буюу хүний биед халдаж болохгүй гэдгийг ухамсарлаж байсан атлаа зориуд өшиглөж, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Энэ гэмт хэрэг нь 2016 оны 7 дугаар сард үйлдэгдсэн байх тул тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэг мөн эсэхийг тодорхойлох бөгөөд түүний үйлдэл нь бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байх тул прокурор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг буруутгах үндэслэлгүй байна.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан “бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгтэй дүйж байна.
2017 оны 7 дугаар сарын 01-ээс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байх бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “...хоёр зуун тавин нэгээс дөрвөн зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж тус тус заажээ.
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүй байхаар хуульчилсан байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлж гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзнэ.
Иймд прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль болох 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэж мэдүүлэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
II. Шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдөр Увс аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт хохирогч Б.Б-ийг зодсон болох нь хохирогч Б.Буянхишигийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Э унтлагын өрөөндөө ороод унтаад өгөхөөр нь би “Б-ийг хоёулаа харьж амаръя, айлын хүмүүс унтаад өглөө” гээд гараад таамбарт зогсож байхад Э-ын дуу гараад Б-ийг “чи одоо харьж амар л даа” гээд чанга дуугараад байхаар нь гэр лүү нь ороход Б унтлагын өрөөний гадна үүдэнд Э унтлагын өрөөний дотор талд хэвтэж байсан. Би Б-ийг харъя гээд татахад байж бай гээд миний зүүн гуян дээр өшиглөөд, цээж рүү өшиглөөд, тонгойход миний толгойн ар тал руу өшиглөсөн. Тэгээд би “яаж байнаа чи” гээд өндийхөд гартаа барьж байсан 0.5 литрийн ерөөл гэдэг архины шилээр миний зүүн нүдний хөмсгөн дээр цохисон. Тэгтэл Э-ын хүү, ээж хоёр нь гаднаас орж ирээд Б ах “та эхнэрээ зодчихсон байна, Х эгчийн хөмсөгнөөс цус гарч байна” гэхэд Б над руу дайраад байхаар нь тэр айлын хүүхэд Б-тэй зууралдаад байж байтал тэр хооронд би сумын цагдаа руу ярих гээд утсаа халааснаасаа гаргахад Б миний гар луу өшиглөөд миний утсыг газарт унагаасан. Тэгээд би Б-ийн халаасанд байсан утсыг авч сумын цагдаа руу ярьсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/,
Насанд хүрээгүй гэрч Э.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдөр гэртээ өөрийн аав Э, ээж Б, манай сумын ах Б, М, А нартай цуг байж байхад Б.Б, Б.Б нар нь 18 цагийн үед манайд ирсэн. Тэгэхээр нь би өөрийн дүү Б-г дагуулаад хөгшин ээж /эмээ/ Х-ийн гэрт орсон. Удалгүй манай гэрийн хаалга дуугарахаар нь гарч харахад Б, М, А нар гарч явж байсан. Тэгээд байж байхад манай гэрт хүн орилохоор гэрт ороход Б эхнэрээ зодож байсан. Б-ийн зүүн хөмсөгнөөс нь цус гараад байхаар нь би 00-ын цаас авч өгсөн. Б эхнэрийнхээ хөл рүү нь өшиглөөд байхаар нь би эмээтэйгээ цуг Б-ийг гаргаж дийлэхгүй түлхээд зогсож байхад манай сумын цагдаа ирээд Б, Б нарыг аваад явсан. Намайг орж ирсний дараа Б нь эхнэр Б нүүр лүү нь 3-4 удаа алгадаад, хөл рүү нь өшиглөөд байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р тал/,
Гэрч Б.Х-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай хүү Э-ын гэрт хүмүүс орилоод байхаар нь ороход унтлагын өрөөний үүдэнд Б нь зүүн нүдээ цагаан даавуугаар дарчихсан уйлж байсан. Тэгээд би Б-ийг гэрээс гаргах гээд түлхэж байхад гаднаас сумын цагдаа орж ирээд Б, Б нарыг дагуулаад аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 5, 26-р тал/,
Гэрч С.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Өглөө босоход манай унтлагын өрөөний үүдэнд 0.5 литрийн архины шил хагарсан байхаар нь гаргаж хаячихаад ажил дээрээ очоод Б-ийн утасны дугаар олж аваад “манай гэрт архины шил хагарсан, унтлагын өрөөний шил бас хагарсан байна. Та хоёр хэдэн цагт явсан бэ?, юу болсон бэ?” гэж асуухад “Б намайг зодоод би одоо эмнэлэг дээр явж байна” гэж ярьж байсан. Өөр юм хэлэлгүй утсаа тасалсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/,
Гэрч Д.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “... Би аймагт эмнэлэгт хэвтэж байтал 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр миний хүү Б, бэр Б нар над дээр цай, хоол авч ирсэн. Яагаад хоёулаа ирсэн талаар асуухад Б “Би айлд архи ууж байгаад хүнтэй маргалдаад тэгж байхад Б бид хоёрын дундуур орж ирээд надаар цохиучихсан юм” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р тал/,
Насанд хүрээгүй гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манайх хөдөө байдаг би сумын төв дээр эмээгийн гэрт байж сургуульд явдаг хааяа гэрт харьдаг. 2018 оны 12 дугаар сарын 19-ны орой ээж гэртээ ирэхдээ хөмсөгнөөс нь цус гоожсон байдалтай ирээд “Б бид хоёр айлд байж байгаад харъя гэхэд харихгүй гээд намайг зодчихлоо одоо цагдаагийн хэсэг дээр байна” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р тал/,
Гэрч М.П-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдөр хөдөөнөөс аймаг орж эмнэлэгт хэвтэх гээд сумын төвд хүргэн Б-ийн гэрт ирсэн. Манай хүргэн Б 16 цаг өнгөрч байхад гаднаас 0.75 литрийн архи хагасыг барьж ирээд гэртээ ганцаараа уусан. Тэгээд сууж байгаад Б хаана байна гэж асуухаар нь би хүүхдээ авахаар гарлаа гэж хэлсэн. Тэгээд Б гэрээс гараад явсан. Шөнө 01 цаг өнгөрч байхад Б хөмсөгнөөсөө цус гоожуулсан байдалтай орж ирсэн. Тэгэхээр нь би юу болсон бэ? гэхэд Б айлд архи ууж байгаад агсам тавиад байхаар нь би харъя гэхэд намайг зодчихлоо. Тэгээд цагдаа ирээд аваад явчихлаа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р тал/,
Гэрч Б.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр эрүүл мэндийн төв дээр өрөөндөө сууж байхад Б.Б нь надад ирж үзүүлсэн. Б нь тэр үед “ миний толгой өвдөөд байна, өчигдөр манай нөхөр согтуугаар намайг зодсон. Тэгээд цагдаа дуудаад өгчихсөн, одоо нөхрөө цагдаа дээрээс аваад явж байна” гээд хоёулаа ирж байсан. Би үзлэгээр зүүн хөмсөг нь язарсан зүүн нүд нь хөхөрсөн байсан. Зүүн нүдний хөмсөг нь оёдол тавихаар байгаагүй, цус гараад хатсан байсан болохоор цэвэрлээд боолт хийгээд өвчин намдаах тариа хийсэн. Нөхрийг нь дуудаад “юу болсон, яагаад ингэж байгаа юм бэ?” гэхэд Б “Ах нь жаахан архи уугаад согтчихсон байна лээ” гэж байсан. Тэгээд би Б-ийг эхнэрээ аваад аймаг орж гэмтлийн эмчид үзүүлж, тархины зураг авхуул, нүдний эмчид үзүүл гэж хэлээд явуулж байсан. Тухайн үед Б-т эрүүл мэндийн дэвтэр, эмчлүүлэгчийн карт байгаагүй болохоор би бичгийн цаасан дээр ноорог маягаар эмчийн үзлэгийн тэмдэглэл бичиж өгсөн байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 60-р тал/,
Өлгий сумын Эрүүл мэндийн төвийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн эмчийн “Гэмтлийн дараах нүдний салстын гэмтэл, тархины доргилт, хөмсөг язралт” гэх үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 63-65-р тал/,
Шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2018 оны 12-р сарын 19-ний өдөр гэртээ байж байгаад 16 цагийн үед төв гудамж орж ХААН банкнаас зээл авах гээд бичиг баримт өгсөн. Тэрнийгээ авах гээд явж байхад Х-ийн дэлгүүрийн үүдэн дээр М, Х гэдэг хоёр залуу архи уугаад сууж байсан. Намайг очоод удаагүй байтал сумын цагдаа ирээд М, Х хоёрыг аваад явсан. М барьж байсан 0.75 литрийн архиа миний өвөр лүү хийчээд явсан. Би эхнэр Б-ийг дуудаад хамт ХААН банк руу очоод эхнэрээ “чи ороод бичиг баримтаа аваад ир” гэж хэлээд гарч ирэхээр нь бид хоёр цуг гэртээ хариад өвөрт явсан тал шил архиа ганцаараа уусан. Тэгээд би юу болсон талаар сайн санахгүй байна. Нэг мэдэхэд 24 цаг өнгөрч, цагдаагийн хэсэг дээр ирчихсэн байсан. Маргааш өглөө манай эхнэр Б ирээд “чи бид хоёр архи аваад Х-ийн гэрт очоод тэнд архи уучихаад чи намайг зодсон” гэж хэлж байсан” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Б-ийг зодосны улмаас “Тархи доргилт, зүүн хөмсөгт язралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаартай дүгнэлт /хх-ийн 9-р тал/-ээр учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зйүлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэж мэдүүлэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2016 оны 7 дугаар сард хохирогч Б.Буянхишигийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргээр зүйлчлэгдсэн бөгөөд уг гэмт хэрэгт “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх” ял шийтгэхээр хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж заасан байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хорих ял оногдуулахгүйгээр хуульчлагдсан тул энэ заалтанд хамаарна.
Энэ гэмт хэрэг нь 2016 оны 7 дугаар сард үйлдэгдэж, 2017 оны 7 дугаар сард нэг жилийн хугацаа өнгөрч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.
2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, Б.Буяннэмэхийг яллагдагчаар татахад хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Б.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Б нь “Надад ямар нэгэн гомдол тэмцэл байхгүй” гэсэн мэдүүлэг өгснийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Б-ийн хувийн байдлын талаар гэрч Д.Б-ын: “...Б нь манай аав Д-ийн төрсөн эгч болох Д гэж хүний хүүхэд байгаа юм. Манайхаар байнга орж гараад явдаг байсан. Б нь үг дуу цөөтөй, даруу төлөв, архи дарс уугаад байдаггүй, олон хүүхэдтэй амьдарлын гэсэн зүтгэлтэй, хар бор ажил голохгүй, таарсан ажлыг сэтгэлээсээ хийдэг. би Б-ийг архи уугаад гэр орондоо агсам согтуу тавьсан гэж сонсож байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 81-р тал/,
Гэрч Б.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Б-ийг танина. Манай хадам аав болох Д.Ж-ийн төрсөн дүү болох Д.Д гэдэг хүний залуу байгаа юм. Би Д.Ж гэдэг айлд бэр болж ирээд 10 жил болж байна. Тийм болохоор Б-ийн талаар мэднэ. Энэ хугацаанд Б нь архи дарс уудаггүй, хөдөө хэдэн ямаатай байдаг. 5 хүүхэдтэй, амжиргааны түвшин доогуур айл байгаа юм. Тийм болохоор Б нь Улаанбаатар хотод очиж барилга дээр олдсон ажлаа хийгээд явдаг байсан. Б нь зан аашын хувьд үг дуу цөөтэй, даруухан, хүнтэй нэг их маргалдаад хэрүүл зодоон хийгээд байхаар хүн биш. Манайх аймгийн төвд байдаг ба Б нь эхнэр хүүхэдтэйгээ аймагт ирсэн үедээ манайд орж гараад явдаг хүмүүс байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 82-р тал/,-үүд болон Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт болон албан бичиг, иргэний үнэмлэхний лавлагаа, Автотээврийн төвийн албан бичиг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85, 87-89, 92-р тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, улсын яллагчаас нийтэд тустай ажил хийлгэх ял санал болгосон зэргийг харгалзан 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас шүүгдэгч Б.Б 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Б.Б-г 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-д холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
6. Шүүгдэгч Б.Б энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ