Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 142/2016/00982/И |
Дугаар | 01098 |
Огноо | 2016-09-12 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 01098
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг батлах тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 2-38 тоотод оршин суух Чимэдрэгзэн овогтой Пүрэвжаргалын /ИЗ-80082007 / нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг 4-27-27 тоотод оршин суух Санжаажав овогтой Эрдэнэчимэгт /ФМ-64061624 / хариуцагдах 500,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хариуцагч С.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Пүрэвжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний хүү Адьяахүүгийн Тэмүүлэн нь Баян-Өндөр цогцолбор сургуулийн 5-б ангид сурдаг юм. 2016 оны 05-р сарын 17- ны өдөр хичээлдээ яваад сургууль дээрээ очоод ангийнхаа үүдэнд зогсож байхад нь нэг ангид сурдаг ангийн хүүхэд болох Баяржавхлангийн Анужин нь өөрийн өмсөж явсан цамцаараа нүүр рүү нь ороолгож нүдийг нь гэмтээсэн юм. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргаж шалгуулаад шүүх эмнэлэгээр үзүүлэхэд манай хүүхдэд учирсан гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1 заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана гэж дүгнэлт гаргасан юм. Мөн гэмтлийн зэргийн дүгнэлтэнд манай хүү А.Тэмүүлэнд учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх байдлыг эмчилгээний үр дүнгээс шалтгаалан тогтооно цаашид эмчилгээ хийлгэж шаардлагатай гэсэн байгаа юм. Цагаадгийн байгууллагад гомдол гаргаж шалгуулж байх хугацаанд миний бие Ч.Пүрэвжаргал нь хүү А.Тэмүүлэнг эмчлүүлэх гэж ломбардад өөрийн монетон ээмэг бөгжөө барьцаалан 500,000 төгрөгийг хүүтэй зээлж аваад хүү А.Тэмүүлэнг Улаанбаатар хотруу эмчилгээний зардал хийж эмчлүүлж байгаад ирээд манай хүүг цохиж гэмтээсэн охин Анужингийн ээж С.Эрдэнэчимэгээс хүүгээ эмчлүүлсэн эмчилгээний зардлаа нэхэмжлэхэд Анужингийн ээж С.Эрдэнэчимэг нь та нарын гаргасан гомдлыг Цагдаагийн байгууллага шалгаад прокурорт шилжүүлээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тул би та нарт эмчилгээний зардал төлөхгүй гээд байгаа тул манай хүү болох А.Тэмүүлэнг цохиж гэмтэл учруулсан Анужингийн ээж С.Эрдэнэчимгээс эмчилгээнд хэрэглсэн зардал мөнгийг гаргуулж өгнө үү гэж иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байнга. Мөн 2016 оны 06-р сарын 06- ны өдөр гаргасан Орхон аймгийн Прокурорын газрын Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолд: Б.Анужин нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан үндэслэл байх боловч 2005 оны 12-р сарын 16 –ны өдөр төрсөн 10 нас 5 сартай эрүүгийн хариуцлага хүлээх субьектын насанд хүрээгүй байх тул эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй байна гэсэн тул Б.Анужингийн асран хамгаалагч эх Эрдэнэчимэгээс миний хүү А.Тэмүүлэнд хийлгэсэн эмчилгээний зардлыг гаргуулан өгч тусална уу.Манай хүү А.Тэмүүлэнгийн нүд одоо маш муу харж байгаа юм. Би 2016 оны 06-р сарын 07-ны өдөр хүүгээ эмнэлэгийн байгууллагад үзүүлэхэд эмчилгээ хийлгэхгүй бол цаашид хараагүй болж магадгүй байгаа тул яаралтай томографикын зэрэг авхуулж ир гэхээр нь зураг авдаг Медиапас эмнэлэгээс очиж томографикын зураг хэдэн төгрөгөөр авах талаар асуухад 150000 төгрөг авна гэсэн тул одоо би хүүдээ эмчилгээ хийлгэх мөнгөгүй болсон тул энэ байдлыг харгалзан үзэж Анужингийн ээж болох С.Эрдэнэчимэгтэй холбоотой иргэний хэрэг маргааны түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү гэж Шүүхийн байгууллагаас хүсэж байна. Иймд С.Эрдэнэчимэгээс 500000 төгрөгийг минь гаргуулж өгнө үү ” гэжээ.
Хариуцагч С.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Эрдэнэчимэг нь нэхэмжлэгч Пүрэвжаргалд тайлбар гаргах шалтгаан бол охин Анжуин санамсар болгоомжгүйгээр Пүрэвжаргалын хүү Тэмүүлэнг цамцаараа ороолгож нүдийг нь гэмтээсэн билээ.Тухайн өглөө хичээлдээ явахдаа ангийнхаа үүдэнд багшийгаа хүлээж зогсож байхад нь Тэмүүлэн нь миний охиныг янхан, урт цагааны янхан гэж доромжилсон тул тэсэхгүй цамцаараа ороолгосон нь цамцны цахилгаан нүдний гадна хэсгийг цохиж гэмтээсэн байсан.Хэл амаар доромжилсоныг ангийн хүүхдүүд мэдэж байгаа тул цагдаагийн газраас байцаалт авч асууж тодруулсан нь үнэн.Өдөр сургуулийн эмч дуудахаар очтол ийм явдал тохиолдсон байсан тул Тэмүүлэнг яаралтай 2-25-р байрны нүдний эмнэлэгт очиж үзүүлсэн.Үзлэг хийсэн эмч “цус харваллтай байна, сайн харагдахгүй байгаа тул эвгүй байж магадгүй, Улаанбаатар очиж эх нялхаст үзүүл” гэж хэлсэн.Үзлэгийн мөнгө, боолт, эмчийн бичиж өгсөн эм болон тосон түрхлэгийг авч өгсөн.Тэр үед Пүрэвжаргалд сүүлийн үеийн маш сайн тоног төхөөрөмжтэй шинэ нэгдсэн мэнэлэг болох Медипас эмнэлэгт очиж ЭХО оношлогоонд оруулаад өгье гэж зөндөө гуйсан боловч татгалзсан...Улаанбаатар хотод ирээд бидэнд хандаж болох байсан ч шууд Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан тул сэтгэл их эмзэглэсэн...Тэмүүлэнг гэмтээсэн нь миний охины буруу, уучлал хүсэж байгаа тул санаатай гэмтээе гэсэн санаа байгаагүй.Пүрэвжарагл нь тухай бүрд нь ийм зардал гарлаа яах вэ гэж хандаж болох л байсан.Мөнгө төгрөг өгөхгүй гэж ерөөсөө хэлээгүй, боломжоороо болгох л байсан.Охиноо янхан гэж доромжлуулчихаад бид ч бас гомдол гаргаж болох л байсан. ...Манайх боломжийн орлоготой айл биш тул харгалзан үзэж Пүрэвжаргалын нэхэмжилсэн мөнгийг үнэхээр өгөх боломжгүй байгааг хүлээн авна уу” гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Пүрэвжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: “Ч.Пүрэвжаргал миний бие иргэн Эрдэнэчимэгээс нэхэмжилсэн 500,000 төгрөгөөс татгалзаж, шүүх хурал хийхийг цуцалж өгөхийг хүсэж байна.Учир нь миний бие хөдөө ажил хйиж байгаа учир удаан хугацаагаар явах болсон тул шүүх хуралд суух боломжгүй болсон.Ийм учраас иргэн Эрдэнэчимэгээс 500,000 төгрөг нэхэмжлэх шаардлагагүй тул шүүх хурлыг цуцалж өгнө үү” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Пүрэвжаргал нь хариуцагч С.Эрдэнэчимэгээс 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.Пүрэвжаргалын татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч С.Эрдэнэчимэгээс 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс нэхэмжлэгч Ч.Пүрэвжаргал татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар зааснаар нэхэмжлэгч Ч.Пүрэвжаргалаас улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 15650 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээүгэй.
3. Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ