Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/01045

 

Н.А-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2024/00890 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч Н.А-ын нэхэмжлэлтэй

хариуцагч Э-” ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт  64,575,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:  “Багаж хэрэгсэл түрээслэх гэрээ”-г байгуулж, нэхэмжлэгч Н.А- нь өөрийн өмчлөлийн хэмжилтийн багажийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч “Э-” ХХК-ийн ажилтан Ц.Д-т хүлээлгэн өгсөн. Дээрх багаж хэрэгсэл нь 70,000,000 төгрөгийн үнэтэй бөгөөд энэ талаар гэрээний 11.3-т тусгасан. Хэдийгээр гэрээг Ц.Д-той байгуулсан боловч багаж хэрэгслийг “Э-” ХХК-ийн үйл ажиллагаанд ашигласан.

 Гэтэл хариуцагч нь багаж хэрэгслийг эвдэж, гэмтээсэн бөгөөд “Багажны төлбөр барагдуулах тухай гэрээ”-г 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан. Уг гэрээнд багажны үнийг 45,000,000 төгрөг, төлбөрийг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлөх, хэрэв хугацаандаа төлөгдөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 1 хувийн алданги тооцохоор талууд тохиролцсон.

Иймд хариуцагч “Э-” ХХК-аас багажны төлбөрт 45,000,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 19,575,000 төгрөг нийт 64,575,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч “Багажны төлбөр барагдуулах тухай” 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан гэрээг үндэслэл болгож мөнгө нэхэмжилж байгааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед өөр багаж, тоног төхөөрөмж түрээслэх үйл ажиллагаатай уялдуулан, төөрөлдүүлж гарын үсэг зуруулсан. 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр   Багаж хэрэгсэл түрээслэх гэрээг Н.А- нь иргэн Ц.Д-той байгуулснаас гадна тус гэрээнд манай компанийн нэр огт дурдагдаагүй бөгөөд иргэн Ц.Д- нь “Эке гео” ХХК-д ажилладаггүй, тус компанид туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э-” ХХК-аас 64,575,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.А-т олгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 480,825 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э- ХХК-аас 480,825 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.А-т олгуулахаар шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Багажийг эзэмшиж байсан Ц.Д-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулах байсан боловч шүүх уг ажиллагааг хийгээгүй, мөн эвлэрэх боломжийг олгоогүй.

4.2.Хариуцагч татгалзлаа нотлохоор хүсэлт гаргасан боловч шүүх хангаагүй. Ц.Д- нь “Э-” ХХК-ийн ажилтан болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх шийдвэрийнхээ тодорхойлох хэсэгт Ц.Д-ыг “Э-” ХХК-ийн ажилтан гэж бичсэн нь үндэслэлгүй.

4.3.Шүүх нэхэмжлэгч талд давуу байдал бий болгосон, шүүхийн өмнө эрх тэгш байх байдалд нөлөөлсөн, шүүх хөндлөнгийн байж тэгш эрхийг хангах зарчмыг зөрчсөн, шудрага ёс алдагдаж, завших сэтгэлгээг өөгшүүлж, бусдын эрх ашгийг хохироох боломж олгосон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Нэхэмжлэгч Н.А- нь хариуцагч “Э-” ХХК-д холбогдуулан багажны төлбөр болон алдангид нийт 64,575,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

2.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч “Э-” ХХК-аас 64,575,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.А-т олгуулахаар шийдвэрлэсэн байна.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч зохигчид маргааны талаар харилцан тохиролцож, 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр давж заалдах шатны шүүх хуралдаанд эвлэрлийн гэрээг ирүүлжээ.

                        4.Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд:

                        А.Талууд хоорондын үүссэн иргэний хэргийн маргаантай асуудлаа энэхүү эвлэрлийн гэрээгээр зохицуулж, шийдвэрлэхээр харилцан тохиролцож байгуулсан болохыг,

                        B.Энэ гэрээнд төлөөлөх эрхтэй этгээдүүд нь тал тус бүрийг төлөөлөх хуульд заасан болон итгэмжлэлээр эрх олгогдсон этгээдүүд болохыг,

                        C.Талууд маргаантай асуудлыг эвлэрэн хэлэлцэж, эцэслэн дуусгах чиглэлээр олон удаа уулзаж, хэлэлцсэний үр дүнд, гэрээ байгуулах өдрийн байдлаар маргааны зүйл болох хэмжилтийн багажтай ижил үзүүлэлт, хүчин чадал бүхий “EZ shot survey instrument serial 0956” дугаартай багажийг 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч талд хүлээлгэн өгч, мөн 8,000,000 төгрөгийг учирсан хохирол, зардалд тооцон 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төлж барагдуулсныг тус тус харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав ... гэжээ.

                        5.Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд талуудын байгуулсан дээрх эвлэрлийн гэрээний нөхцөл нь Иргэний хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч Н.А-, хариуцагч “Э-” ХХК-ийн эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2024/00890 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч “Э-” ХХК нь нэхэмжлэгч Н.А-т “Ez shot survey instrument serial 0956” дугаартай хэмжилтийн багажийг 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээлгэн өгч, учирсан хохирол, зардалд 8,000,000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 480,825 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                    

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Э.ЗОЛЗАЯА

                             ШҮҮГЧ                                           Д.ЦОГТСАЙХАН

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Г.ДАВААДОРЖ