Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2019/ШЦТ/072

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж

Улсын яллагч: Э.Гантулга

Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Г.Доржготов нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхид хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Бд холбогдох эрүүгийн 1914000060056 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.         

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, Г.Б,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Г.Б нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах Оргил баарны ойролцоо 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр М.Мийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Г.Бын мөрдөн байцаалтад өгсөн

... 2018 оны 12 дугаар сарын 22-ны орой 23 цагийн үед Оргил баарнаас гарчихаад ороод ирэхэд хэсэг залуучууд Голомт банкинд хамгаалагч залууг унагааж хэсэг бүлгээрээ нийлж зодож байсан би очоод та нар болиоч наад залуу чинь согтуу тасарчихсан хүн байна гэж хэлэхэд тэдгээр залуучууд над руу дайрч наадах чинь өөрөө эхэлсэн гэж хэлсэн. Би тэр хамгаалагч залууг босгож сандал дээр суулгасан. Би өөрийнхөө сууж байсан сандал дээр очиж сууж байгаад хамт явж байсан хоёр залуутай баарнаас гартал манай нэг залуу түрүүлээд алхахад тод цэнхэр куртиктэй залуу манай Н.Б гэдэг залууг нийлж зодсон тэр залуучуудын нэг өндөр нь намайг хараад тэнд нөгөө нь байна гэж хэлээд хүрч ирж намайг цохиж авсан тэр үед миний ууж байсан пивоны шил хойшоо савагдаж хагарсан. Би пивоны шил шидчихээд тэр залууг хана руу хоолойг нь шахаж барьж боогоод би та нарыг салгасан болохоос би та нартай маргалдах гээгүй гэхэд тэр залуу надаас уучлалт гуйгаад яваад өгсөн ... гэх мэдүүлэг / хх-ийн 43-45, 73-75 /

Хохирогч М.Мийн мөрдөн байцаалтад өгсөн

… Би 2018 оны 12 дугаар сарын 22-ны орой Оргил бааранд дөрвүүлээ ортол манай найз Х.Х руу Голомт банкинд ажилладаг залуу дайраад байсан. Тэр залуу их согтуу байсан Тэгээд ******* тэр залуутай гарч учир зүйгээ ольё гэж хэлээд баарны гадаа гараад хамгаалагч залуутай Х.Х зодоон хийсэн. Тэр хамгаалагч залуу болон найзууд болох дөрвөн залуу гарч ирсэн байхад нь би Х.Х болон хамгаалагч залууг салгаж эргээд харахад эрчим хүчинд ажилладаг ******* гэх залуу миний нүүрэнд пивоны шилээр цохисон. Би тэндээсээ шууд аймгийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр ирж оёо тавиулсан.... гэх мэдүүлэг / хх-ийн 15-17, 63-64 /

Гэрч Д.Уын мөрдөн байцаалтад өгсөн

... нэг нэг пиво аваад бид дөрөв сууж байсан тэр үед манай найз Х.Х нойл орсон тэгээд гарч ирэхэд нэг залуу араас нь дагаж гарч ирээд хэрүүл өдөөд байхаар нь Х.Х тэр залууг цохисон тэгтэл цаанаас нь хоёр залуу ирж тэр залууг авч явсан мөн бид нар гарцгаая гэж хэлээд гартал Оргил баарны үүдэнд гараад ирэхэд 5-6 залуучууд гарч ирээд шууд Х.Хийг нэг цохиж авсан. Тэгээд бид нар тэдэнтэй зодоон хийж би нэг залуугийн доор орчихсон байхад манай найз М.М тэр залууг салгасан тэр үед ******* гэх эрчимд ажилладаг залуу пивоны шилээр манай найзын нүүрэнд цохисон цус гарч манай найзыг цааш нь авч явсан тэгээд шууд эмнэлэг хүлээн авах дээр ирж оёо тавиулсан. М.Мийг ******* гэх залуу сэнгүүр гэсэн бичигтэй бор өнгийн пивоны шилээр дух орчимд нь цохисон өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 18-19 /

Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтад өгсөн

... Оргил бааранд ороод нэг нэг пиво аваад бид дөрвүүлээ сууж байгаад бүжгийн талбай дээр бүжиглэж байхад нэг залуу намайг заамдаж барьж автал манай найз Х.Х тэр залууг цааш түлхэж унагаасан тэгтэл цаана сууж байсан хэсэг танихгүй залуу хэрүүл өдөж бид нар руу үгээр дайрч доромжилсон. Би Х.Хийг дагуулж гарсан тэгтэл араас тав зургаан залуу байсан байх Б.У гэх манай ажлын залууг барьж аваад доороо хийгээд цохиж зодож байсан би цаана нь нөгөө танихгүй залуучуудтай зодоон хийж байгаад эргэж ирэхэд М.М нүүрэндээ шилээр цохиулж бэртэл авсан байсан. Би тэр шил хагалж байсан залууг харсан, тэр шил хагалсан залуу махлаг жоохон намхан нуруутай залуу байсан өөр тэнд гартаа шил барьсан залуу байгаагүй. ******* гэдэг эрчим хүчинд ажилладаг залуу байсан ... гэх мэдүүлэг/ хх-ийн 20-21 /

Гэрч Н.Бийн мөрдөн байцаалтад өгсөн

... Оргил бааранд ажлын хоёр залуутай орсон тэнд сууж байхад хэдэн залуучууд бүжиглэж байсан би нойл орох гэж тэдний хажуугаар гарсан эргэж ширээн дээрээ сууж байгаад баарнаас гарч ирэхэд миний өөдөөс хэдэн залуучууд шууд хүрч ирээд намайг зодсон миний нүүрэнд нэг туранхай залуу цохисон би тонгойгоод доош дарахад миний дээрээс нүдээд байсан сүүлд миний баруун чих орчим хавдсан толгой хагарсан байсан тэр үед би тоолгүй хаячихсан байсан юм намайг зодож байхад манай ажлын *******, О.Ё нар салгаж тэд нар тэндээсээ яваад өгсөн тийм зүйл болсон. Би гэмтлийн зэрэг тогтоолгохгүй надад одоо өвдөж зовиурлаж байгаа зүйл алга надад ямар нэгэн гомдолж, нэхэмжлэх зүйл алга ... гэх мэдүүлэг / хх-ийн 22-23 /

Гэрч Н.Эы мөрдөн байцаалтад өгсөн

... 2018 оны 12 дугаар сарын 22-23 шилжих шөнө 00 цагийн үед ирж үзүүлэхэд цус гойжож нүүр хэсэг цус болчихсон согтуу байсан хоёулаа орж ирж үзүүлсэн надад хүнд пивоны шилээр цохиулсан талаар хэлсэн. Нилээд язарч урагдсан зүүн нүдний зовхи дээд хэсэгт урагдаж язарсан хавдсан ухархайд гэмтэл байхгүй шил үртэс гэмтэл байхгүй байсан нүдний алим бүтэн гэмтэлгүй бүтэн байсан. Уг гэмтэл нь юмаар цохиулж үүссэн нь илэрхий гэмтэл байсан М.М нь биеэ авч явах чадвартай байсан гэхдээ нилээд согтуу байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 65-66 /

Гэрч Х.Хын мөрдөн байцаалтад өгсөн

...Манай Б.Б гэдэг залууг нэг танихгүй залуугийн хоолойг боосон байсныг салгасан тэр үед намайг бүдүүн намхан залуу ирээд алгадаж, бүгдээрээ гараад ир гэж хэлээд байсан. Бид нар гарсан тэр үед нөгөө намхан бүдүүн залуутай хэсэг залуучууд бидний араас гарч ирсэн тэгээд гадаа зодоон болсон, зодоон болж байхад манай найз М.М зодуулж биедээ гэмтэл аваад эмнэлэгт ирсэн. М.Мийг алгадсан залуу жижиг намхан бүдүүн пивоны шил гартаа барьчихсан байсан залуу цохисон гэж хэлсэн. Сүүлд тэр залууг танихад Баянхонгор аймгийн эрчим хүчинд ажилладаг ******* гэх нэртэйг мэдэж авсан... гэх мэдүүлэг / хх-ийн 34-35 /

Гэрч Б.Аын мөрдөн байцаалтад өгсөн

... манай байгууллагын шинэ жил болоод 4-5 цаг болсон байх тэндээсээ гараад Оргил бааранд орсон юу болсон талаар санахгүй байгаа. Би Хаан банкинд хамгаалтанд гарч байхад Эрчим хүчинд ажилладаг зүс танидаг залуу хүрч ирээд Оргил бааранд чамайг цэргийн ангийн хэдэн залуучууд зодох гэж байхаар нь би салгаж таксинд суулгаж өгсөн чи бааранд унаж тусаад яваад байсан гэж хэлсэн.Би тухайн үед ганцаараа бааранд орсон байх шиг байсан. Миний бие жоохон хөндүүртэй байсан юунаас болсон талаар би мэдэхгүй байна архи уугаад тасарчихсан байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 69-70 /

Гэрч О.Ёгийн мөрдөн байцаалтад өгсөн

... Оргил бааранд орород Голомт банкны хамгаалагч Б.А тасарчихсан байсан. Хэдэн залуучуудтай маргалдсан тэр үед боль гэж хэлээд Н.Б ах салгасан. Оргил баарнаас тэр залуучууд түрүүлж гарч явсан бид нар бааранд байж байгаад хэсэг хугацааны дараа гарч ирэхэд тэдгээр залуучууд Н.Б ах руу дайрсан араас нь Г.Б гарсан тэгээд би араас нь гарсан тэгтэл гэнэт тэр хэд зугтаасан алга болчихсон ... Г.Б ах руу тэдгээр залуучууд дайрч өшиглөөд байсан Г.Бтай нэг залуутай барилцаж аваад заамдалцаж авчихсан зогсож. Би пивоны шил байсан талаар хараагүй Г.Б нэг танихгүй залуутай барилцаж аваад хоёулаа нэгнийгээ заамдалцаж зогсож байсан бусад нь цаана нь Б ах дээр байсан. Бааран дотор зодоон цохион болоогүй баарнаас гараад зодоон болсон. Баарны гадаа Н.Б, Г.Б бид гурав байсан нөгөө хүмүүс олуулаа байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 71-72 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 47 дугаар шинжээчийн

1. М.Мийн биед тархи доргилт, зүүн дээд зовхи, духны шарх, зулгаралт, зүүн нүдний дээд доод, баруун доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой:

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 6-7/ зэрэг нотлох баримтууд тус тус болно.

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 38-40/ эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 29-33/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 53/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа / хх-ийн 54/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 55/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Шүүгдэгч Г.Б нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах Оргил баарны ойролцоо 2018 оны 12 дугаар сарын 22-нд орой 23 цагийн үед М.Мийг эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

хохирогч М.Мижидоржийн ... ******* гэх залуу миний нүүрэнд пивоны шилээр цохисон ….гэх мэдүүлэг / хх-ийн 15-17, 63-64/гэрч Д.У ... М.Мийг ******* гэх залуу сэнгүүр гэсэн бичигтэй бор өнгийн пивоны шилээр дух орчимд нь цохисон … гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 /

гэрч Б.Бийн ... М.М нүүрэндээ шилээр цохиулж бэртэл авсан байсан би тэр шил хагалж байсан залууг харсан, махлаг жоохон намхан нуруутай залуу байсан өөр тэнд гартаа шил барьсан залуу байгаагүй... гэх мэдүүлэг / хх- ийн 20-21 /

гэрч Н.Бийн .... миний баруун чих орчим хавдсан толгой хагарсан байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 22-23 /

гэрч Н.Эы ... Би М.Мийг ирж үзүүлэхэд цус гойжож нүүр хэсэг цус болчихсон согтуу байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/

гэрч Х.Хийн ... М.Мийг алгадсан залуу жижиг намхан бүдүүн гартаа пивоны шил барьчихсан байсан залуу цохисон гэж хэлсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/

гэрч *******ын ... Эрчим хүчинд ажилладаг зүс танидаг залуу хүрч ирээд дээр Оргил бааранд чамайг цэргийн ангийн хэдэн залуучууд зодох гэж байхаар нь би салгаж таксинд суулгаж өгсөн чи бааранд унаж тусаад яваад байсан гэж хэлсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 69-70/

гэрч О.Ёгийн ... Би пивоны шил байсан талаар хараагүй Г.Б нэг танихгүй залуутай барилцаж аваад хоёулаа нэгнийгээ заамдалцаж зогсож байсан ... /хх-ийн 71-72/

 Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 сарын 25-ны өдрийн 47 дугаартай “ М.Мийн биед тархи доргилт, зүүн дээд зовхи, духны шарх, зулгаралт, зүүн нүдний дээд доод, баруун доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 6-7 / зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Г.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Бд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч М.М нь Г.Бын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч Б.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч М.М нь цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдав.

Шүүгдэгч Г.Б нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Г.Бын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулав.

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч Г.Б нь Баянхонгор эрчим хүчний байцаагч мончёр ажилтай, тодорхой орлоготой, сарын цалин 700000 төгрөг авдаг талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүхээс оногдуулах торгохын ял биелэгдэх боломжтой зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.Бын эзэмшлийн “... самсунг маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Г.Бд буцаан олгож , шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Г.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Быг таван зуун тавин / 550 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Бд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч М.М нь цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч Б.Бы эзэмшлийн “... Самсунг маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Б.Бд буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА