Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 00129

 

 

Төрийн банкны Орхон салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөр даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 713 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Эрдэнэцэцэг, Д.Үүрцайх нарт холбогдох

8.973.398,26 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтүвшин

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн

            Нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Дондов овогтой Үүрцайх нь 2014 оны 08 сарын 22-нд Төрийн банкны Орхон салбарын Хороолол тооцооны төвөөс № 1300/541 тоот зээлийн гэрээ байгуулан 3 000 000 /гурван сая/ төгрөгийн нэмэлт зээл авч нийт 11 609 000 /арван нэгэн сая зургаан зуун есөн мянга/ төгрөгийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 36 сар /3 жил/-ын хугацаагаар, гэрээт цалингийн зээл авсан. Зээлийн барьцаанд цалин болон өөрийн эзэмшлийн гэрийн тавилга эд хогшил, хөдлөх хөрөнгө, зурагт , хөргөгч зэргийг зээлийн барьцаанд тавьсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.2.3 заалтыг зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсаар байна. Банкны зүгээс 2016 оны 01 сарын 08-ны өдөр зээлээ төлөх, гэрээний үүргээ биелүүлэх мэдэгдэл хүлээлгэн өгсөн. Зээлийн гэрээний дагуу 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Батбаяр овогтой Эрдэнэцэцэгээс зээлийн үндсэн төлбөрийн өр 8 404 364.08 төгрөг, зээлийн хүүгийн өр 559 891.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9 143.14 төгрөг нийт 8 973 398.26 төгрөг гаргуулах, шүүх хурал болтол хурамтлагдсан хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцох болно, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 08 дугаар сарын 22-ны №1300/541 тоот зээлийн болон барьцааны гэрээнд заагдсан барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Д.Үүрцайх хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан шинжээчийн дүгнэлт гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Эрдэнэцэцэгээс нэхэмжилж байна. Зээлээс чөлөөлөх боломжгүй, гэрээнд зааснаар 8 973 398.26 төгрөгийг Б.Эрдэнэцэцэгээс гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Эрдэнэцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний нөхөр Д.Үүрцайх нь Наран цогцолбор сургуульд сургалтын менежер ажилтай байхдаа 2014 оны 08 дугаар сарын 22-нд Төрийн банкны хорооллын салбараас 3 000 000 төгрөгийн зээл авч 11 609 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай авсан. 2015 оны 04 дүгээр сарын 12-нд автомашины осолд орж тархи нугасандаа хүнд гэмтэл авч хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан. 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэл байнгийн эмчилгээ асаргаанд байна. Энэ хугацаанд 20 гаран сая төгрөгийн эмчилгээний зардал гарсан. Бага насны 2 хүүхэд, өвчтэй нөхрөө асраад сэтгэл санаа, санхүүгийн маш хүнд бэрхшээлд байна. Энэ хугацаанд зээлийг боломжоо шавхан төлж байсан ба цаашид 2 хүүхдээ хооллоход ч хүнд байдалд орсон тул зээлийг төлөх ямар ч боломжгүй болсон тул зээлээс чөлөөлж бидний амьдралд гүн туслалцаа үзүүлнэ үү гэжээ.

Хариуцагч Б.Эрдэнэцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээнээс харвал өмнөх үлдэгдэл дээр нэмж авсан гэдэг боловч өмнөх гэрээ байхгүй, зээл авснаас хойш төлөгдсөн байдлыг харвал бүрэн төлсөн байдал харагдаж байна. Гэрээг хугацаанаас өмнө цуцлах нөхцөл зааснаас дуусгавар болгох нөхцөл заагаагүй, үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Д.Үүрцайхын цалинг барьцаалсан байсан. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар Д.Үүрцайхад 3 000 000 төгрөгийг олгосон бөгөөд гүйлгээг Д.Үүрцайхтай хийсэн иймд Б.Эрдэнэцэцэг хариуцах үндэслэлгүй, Д.Үүрцайх 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр автомашины осолд орж хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан эрх зүйн чадамжгүй болсон нь шинжээчийн дүгнэлтээр тодорхой болсон тул Иргэний хуулийн 240 дүгээр зүйлд зааснаар үүрэг дуусгавар болно. Б.Эрдэнэцэцэг зээлдэгч биш тул хариуцахгүй, банк хуулийн этгээд эрсдэлийн сантай байдаг нийтэд түгээсэн мэдээллээс үүнийг олж мэдсэн тул Б.Эрдэнэцэцэгт хариуцагдах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 713 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Эрдэнэцэцэгээс зээлийн гэрээний үүрэг 8 973 398.26 төгрөг гаргуулах, шүүх хуралдаан болтол хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцох, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай Төрийн банкны Орхон салбарын нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 158 968.55 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтүвшин давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2016/00713 тоот шийдвэрийн эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн хүчингүй болгуулж, нэхэмжлэлийн шаардлагуудыг хангуулахаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1.Дээрх шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт “ Иргэний хуулийн 240 дүгээр зуйлийн 240.1-т үургийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхул сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан бол үүрэг дуусгавар болно гэж зааснаар төрийн банк, зээлдэгч Д.Үүрцайх, Д.Эрдэнэцэцэг нарын хооронд байгуулсан цалингийн барьцаат зээлийн гэрээ нь зээлдэгч Д.Үурцайхын ирээдүйд орж ирэх цалинг барьцаалсан зээл байсан ба үүрэг гүйцэтэгч Д.Үүрцайх нь иргэний эрх зүйн чадамжгүй болсон нь түүний хувийн байдалтай салшгүй холбоотой буюу Төрийн банк, зээлдэгчтэй байгуулсан зээлийн эрх зүйн харьцаа дуусгавар болсон байна. Хариуцагч Д.Үүрцайх нь 2015 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр автомашины осолд орж 100 хувь хөдөлмөрийн чадвараа алдсан болохыг Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаагаар нотлогдож байна ” хэмээн дүгнэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэнгийн гаргасан 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 16/18 тоот хүсэлтийн дагуу 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа гарч хариуцагч Д.Үүрцайх нь эрх эдэлж, үүрэг хүлээх эрх зүйн чадамжгүй хэмээн тодорхойлсон байх юм.

Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “......өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон этгээдийг ШҮҮХ иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцож, түүнд асран хамгаалалт тогтооно'’, 18 дугаар зүйлийн 18.3-т “ Иргэний эрх зүйн чадамжгүй этгээдийн нэрийн өмнөөс түүний хууль ёсны төлөөлөгч хэлцэл хийнэ" гэж тус тус заасан байна.

Өөрөөр хэлбэл иргэний эрх зүйн чадамжгүй эсэхийг шүүхийн шийдвэрээр тогтоох хууль зүйн үндэслэл байсаар байтал шүүхээс давсан магадлагаа гаргуулан түүнийгээ 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2016/00713 тоот шийдвэртээ тусгаж Д.Үүрцайхыг иргэний эрх зүпн чадамжгүй болсон гэж дүгнэж байгаа нь дээрх шийдвэрийг хууль бус болохыг илтгэнэ.

2.Мөн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт “ Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т зааснаар зээлдүүлэгчээс гэрээнээс ТАТГАЛЗАХ ТУХАЙ мэдэгдэлийг хүргүүлээгүй ба зээлдэгч нарт банкнаас хүргүүлсэн мэдэгдэл нь зээлийн эргэн төлөлтийн хугацаа зөрчигдөж байгааг анхааруулсан баримт гэж дүгнэв ” гэжээ.

Шүүгч Л.Ариунцэцэгийн хэрэглэсэн Иргэний хуулийн 204 дүгээр заалт нь ГЭРЭЭНЭЭС ТАТГАЛЗАХ тухай ойлголт бөгөөд банкнаас ямар ч тохиолдолд зээлийн гэрээнээс татгалзах үндэслэл байхгүй бөгөөд ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА ЦУЦЛАХ гэсэн ойлголтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Өөрөөр хэлбэл: Талуудын хооронд байгуулсан 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.1-т заасан үндэслэл буюу зээлдэгч энэхүү гэрээнин хавсралт 1-т заасан “Зээлийн буцаан төлөх хуваарь”-ийг удаа дараа зөрчсөн бол банк дангаараа хугацаанаас өмнө зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардах эрхтэй байна гэсэн заалтыг ойлгоогүй гэж дүгнэхэд хүргэв.

Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж байсан болох нь хавтаст хэрэг авагдсан зээлийн тооцооны хуудас, зээл төлөх талаар банкнаас хүргүүлж байсан мэдэгдлүүд зэргээр тогтоогдог бөгөөд банкнаас нэг талын санаачилгаар гэрээ цуцалж байгаа тохиолдолд талуудын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээний 5 -д заасан үндэслэлүүд бүрдсэн тохиолдолд заавал шүүхээр цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах ёсгүй юм.

Гэрээ цуцлах нь талуудын хоорондын асуудал байдаг бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 142 ШШ2016/00713 тоот шийдвэрт зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлах тухай нэхэмжлэл гаргаагүй" гэж бичсэн нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй зүйл болох нь харагддаг.

Нэгэнт барьцаат зээлийн гэрээний 5-д заасан нөхцөл бүрдсэн байхад банк нэг талын санаачилгаар гэрээ цуцлах үндэслэл бүрдэнэ гэдгийг зээлдэгч Д.Үүрцайх, Д.Эрдэнэцэцэг нар нь гэрээ байгуулагдах үед бүх заалтыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлэн гарын үсэг зурсан байна. Иймд талуудын маргаагүй асуудлыг шийдвэртээ тусгаж оруулсан нь үндэслэлгүй байна.

З.Шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт " Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцяо гэж заасан ба зээлдэгч Д.Үүрцайхын дансаар 3,000,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн болох нь түүний төрийн банкны 130100238749 тоот дансны хуулгаар батлагдаж байх ба 3,205,242.77 төгрөгийн зээл төлсөн болох нь зээл хүү төлсөн тооцооноос харагдаж байна ” гэж дүгнэсэн байна.

Талуудын хооронд байгуулсан 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1300/541 тоот барьиаат зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т “хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасан байдаг. Гэтэл зээлдэгч Д.Үүрцайхыг 3,000,000 төгрөгийн зээлийг авсан гэж дүгнэсэн хэрнээ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь шүүгч Л.Ариунцэцэг өөрийн гаргасан дүгнэлтийг үгүйсгэсэн шийдвэр бичдэг.

Зээлдэгч Д.Үүрцайх, Д.Эрдэнэцэцэг нар нь Төрийн банкны Баян-Өндөр сумын Хороолол тооцооны төвөөс 2014 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 14/40 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 10.00.000 төгрөгийг, нэмэлтээр дахин 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1300 541 тоот гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийг тус тус зээлэн авсан байна.

Шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1300/541 тоот барьцаат зээлийн гэрээний 2.1.1-т заасан зээлийн үлдэгдэлийн хэмжээ -8,609,000 тогрөг, нэмэлт зээлийн хэмжээ- 3,000,000 төгрөг, Нийт зээлийн хэмжээ - 11,609,000 төгрөг гэж ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛ хэсэгт оруулсан зээлийн хэмжээг шүүх харгалзан үзээгүй.

Дээрх барьцаат зээлийн гэрээнээс дүгнэвэл зээлдэгч .Д.Үүрцайх, Д.Эрдэнэцэцэг нар нь анх 10.000,000 төгрөгийн авсан зээлээс 8,609,000 төгрөгийн үлдэгдэлтэй байснаа түүн дээр нэмж 3,000,000 төгрөгийн зээл авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан барьцаат зээлийн гэрээгээр тогтоодог байхад шүүхээс нотлогдохгүй байна гэж үзсэн хэрнээ ҮНДЭСЛЭХ хэсэгтээ “ 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Төрийн банк зээлдэгч Д. Үүрцайх, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Эрдэнэцэиэг нар 1300/541 дугаартай цалингийн барьцаат зээлийн гэрээ бсшгуулж 3,000,000 төгрөгийг өмнөх зээлийн үлдэгдэл 8,609,000 төгрөг дээр нэмж нийт 11,609,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан барьцаат зээлийн гэрээ, зээлийн дансны хуулгаар нотлогдож байна гэж дүгнэдэг.

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2016/00713 тоот шийдвэр нь өөрөө утга авцалдаагүй, хэт нэг талыг барьсан. хамтран зээлдэгч, үндсэн зээлдэгчийн эрх хэмжээг ойлгоогүй, хуулийг буруу тайлбарласан шийдвэр болох нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбар нь хариуцагчаар Д.Үүрцайх, Б.Эрдэнэцэцэг нарыг тодорхойлж Б.Эрдэнэцэцэгээс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 8.973.398 төгрөг гаргуулах, шүүх хуралдаан болтол хуримтлагдсан хүү, нэмэгдсэн хүү, нэмж тооцох үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Д.Үүрцайх Б.Эрдэнэцэцэг нар нь Төрийн банкны Орхон салбараас 2014.08.22-ны өдөр цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулан 3 сая төгрөгийг нэмж аван нийт 11.609.000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, гэрийн зарим эд хөрөнгө, цалингаа барьцаалан авсан, зээлдэгч нар үндсэн зээлд 3.634.092 төгрөг хүүнд 1.708.432 төгрөг төлсөн, 2015 оны 11 дүгээр сараас зээлээ хугацаандаа төлөхгүй зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх “нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй бөгөөд төрийн банк эн үүргээ биелүүлээгүй нь Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т үүргийн гүйцэтгэлийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй болсон түүнчлэн нас барсан бол үүрэг гүйцэтгэгч дуусгавар болно гэж заасны дагуу Д.Үүрцайх иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй болсноор зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байх ба Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн зохицуулалтанд нийцээгүй байна.

Хариуцагч Д.Үүрцайх нь осолд орж иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй болсон нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байгаа боловч эхнэр Б.Эрдэнэцэцэг нь цалингийн зээл авахад нь хамтран хариуцагчийн үүрэг хүлээж зээлийн гэрээнд хамтран зээлдэгч болсон байхад шүүх хариуцагч Д.Үүрцайхын ирээдүйд орж ирэх цалинг барьцаалсан зээл байсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар “Үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ. 242.2-т хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай, холбоотой үүснэ” 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэсэн хуулийн зохицуулалтанд нийцээгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзэхээр байна.

Иймд хариуцагч Б.Эрдэнэцэцэгийг хамтран зээлдэгчийн хувьд зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг биелүүлэх үүрэгтэй гэсэн үндэслэлээр төрийн банкны нэхэмжилсэн 8.973.398,26 төгрөгийг төлүүлэхээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж энэ талаар давж заалдах гомдол гаргасан нэхэмжлэгч байгууллагын гомдлыг хүлээн авах боломжтой гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 713 дугаар шийдвэрийн 1 дэхь заалтыг Иргэний хуулийн 242.1, 242.2, 242.3, 451.1, 452.2, 453.1-д зааснаар хариуцагч Б.Эрдэнэцэцэгээс 8.973.398,26 төгрөгийг гаргуулж Төрийн банкны Орхон салбарт олгосугай гэж, 2 дахь заалтыг “...улсын тэмдэгтийн хураамжид 158.968,55 төгрөгийг төрийн санд үлдээсүгэй” гэснийг үлдээж хариуцагч Б.Эрдэнэцэцэгээс 158.968,55 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбарт олгосугай гэж өөрчлөлт оруулж бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтүвшингийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158.524 төгрөгийг Төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН ҮҮРГИЙГ

                                  ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                                    Б.БАТТӨР

                             ШҮҮГЧИД                                    М.ХҮРЭЛБААТАР

                            С.УРАНЧИМЭГ