Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 286

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, нэхэмжлэгч О.Ганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзийбаяр, гуравдагч этгээд Ч.Билэгбаатар, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Доржпалам нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар О.Ганбаярын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Ганбаяр шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “О.Ганбаяр миний гэрийн буурийг миний эзэмших эрхтэй газарт оруулан үлдээж, Ч.Билэгбаатар бид хоёрын эзэмшил газрын кадастрын зурагт буй хэмжээг өөрчлөхгүйгээр кадастрын зургийн хэлбэрийг өөрчилсөн шинэ кадастрын зураг дээр газрын албанаас баталгаажилт хийлгэхээр эвлэрсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзийбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрвээ нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар эвлэрвэл нэхэмжлэгчийн гэрийн буйрыг нь оруулаад 700 м.кв газрын зургийг дахин шинээр хийлгэнэ. Үлдсэн гуравдагч этгээдүүдийн 518 м.кв, 416 м.кв газрын зургыг дахин шинээр хийлгэж ,мэдээллийн санд шинээр оруулах юм. Хамгийн гол нь мэдээллийн санд байгаа зураг дээр л өөрчлөлт орно. Түүнээс биш хэн нэгний газар хасагдана гэсэн ойлголт байхгүй. Хэрвээ эвлэрэн хэлэлцэх юм бол кадасрын компани дагуулж очоод, нэхэмжлэгчийн гэрийн буйрыг оруулаад 700 м.кв-аар хэмжинэ. Гуравдагч этгээдийн 518, 416 м.кв-ээр хэмжинэ. Би өөрөө мэргэжлийн хүн учраас кадастрын компанид хэлээд орц, гарцын асуудлыг шийдвэрлэнэ. Мэдээллийн санд та хоёрын газар бүтэн хэмжээгээрээ буюу ямар ч хасагдсан зүйлгүйгээр орно. Кадастрын зургийг газрын алба хийгээд төлбөр мөнгийг нь Газрын алба төлөх асуудал байхгүй. Өөрийн кадастрын зургийн мөнгийг өөрсдөө төлөөд явах хэрэгтэй” гэжээ. 

Гуравдагч этгээд Ч.Билэгбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчтэй эвлэрэхэд татгалзах зүйлгүй. Энэхүү хэрэг маргаан нь иргэн, захиргааны хэргийн шүүхээр олон жил явж байна. Миний зүгээс ч гэсэн надад үнэхээр хүндрэлтэй байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 

20.1.1 дэх заалтад “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч О.Ганбаяр нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр шүүх хуралдаан дээр илэрхийлж, уг хүсэлтээ бичгээр гаргасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч  О.Ганбаярт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасныг тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь энэ талаар ойлгож, хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж гарын үсэг зурсан болно.  

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/244 дүгээр захирамжийн Ч.Билэгбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, П.Болормаагийн 0358257 дугаар, Ц.Чанцалдуламын 0358182 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ нь илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагаа бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч О.Ганбаяр татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч О.Ганбаярын улсын тэмдэгтийн  хураамжид  төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.БАТСҮРЭН