Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 291

 

С.Б-, Ч.Э-, Б.А- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.У-, шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Д.Т-, шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Ю.Т-, шүүгдэгч С.Б-гийн өмгөөлөгч О.Б-, шүүгдэгч С.Б-, Ч.Э- нарын өмгөөлөгч Н.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 270 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 739 дүгээр магадлалтай, С.Б-, Ч.Э-, Б.А- нарт холбогдох 201626031548 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч С.Б-гийн өмгөөлөгч О.Б-, шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Д.Т-, Ю.Т- нарын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, Ч.Э-.

 

2. Монгол Улсын иргэн, С.Б-.

 

3. Монгол Улсын иргэн, Б.А-.

 

Ч.Э-, С.Б-, Б.А- нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус хэргийг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Ч.Э-, С.Б- нар нь бусадтай бүлэглэж, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор дээрэмдэх гэмт хэргийг хохирогчийн амь биед аюултайгаар хүч хэрэглэж, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэнд гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд, шүүгдэгч Б.А- нь П.О- болон шүүгдэгч Ч.Э-, С.Б-, нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхэд өдөөн түлхэж хатгагчаар оролцож, гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгааг болон үйлдсэнийг мэдсээр байж зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.4, 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгүүдэд заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Ч.Э-, С.Б- нарыг тус бүр эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулахгүйгээр 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.4, 39 дүгээр зүйлийн 39.3, 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр жил 5 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-т энэ шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 450 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 20 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн 15 жил 8 cap 18 хоногийг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.А-ын биечлэн эдлэх ялыг 19 жил 1 cap 18 хоногийн хорих ялаар тогтоож,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-, С.Б- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Б.А-т оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Б.А-ын 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 198 хоногийг хоногийг, шүүгдэгч Ч.Э-ын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 3 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч С.Б- цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн нэг ширхэг гольфийн цохиурын хугархайг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэсэн байна.

           

            Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/270 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын "... шүүгдэгч Б.А- нь П.О- болон шүүгдэгч Ч.Э-, С.Б- нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхэд өдөөн түлхэж хатгагчаар оролцож, гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгааг болон үйлдсэнийг мэдсээр байж зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэснийг “... шүүгдэгч Б.А- нь П.О-, Ч.Э-, С.Б- нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхэд өдөөн түлхэж, хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... 39 дүгээр зүйлийн 39.3, ...” гэснийг хасаж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Ю.Т-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.Б-гийн өмгөөлөгч О.Б- гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “ ... Миний үйлчлүүлэгч С.Б-г анхан болон давж заалдах шатны шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1,                                    35 дугаар зүйлийн 35.4, 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгүүдэд заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 3 жил 8 дугаар сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /ЭХХШтХ/-ийн 40.1 дүгээр зүйл 1 дэх хэсгийн 1.1-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс “...С.Б-гийн үйлдсэн гэмт хэрэг нь 2016 оны                                             10 дугаар сарын 26-ны өдөр үйлдэгдсэн байх ба энэ хугацаанд 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан тул 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэхээр байна ... “ гэж дүгнэж С.Б-д ял оногдуулахдаа түүний эрх зүйн байдлыг дордуулж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өмгөөлөгчийн зүгээс, анхан шатны шүүхийн дээрх хууль зүйн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэр тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн бол хүндрүүлэх нөхцөл байдалд хамааруулж 5-10 жилийн хорих ялтай байхаар хуульчилсан боловч энэ төрлийн гэмт хэрэг, түүний хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын хэмжээг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар өөрчлөн найруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд “Дээрэмдэх” гэмт хэргийг хуульчилж, уг төрлийн гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалд 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүндрүүлэн авч үзсэн “зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй байхаар хуульчилсан. Энэ тохиолдолд миний үйлчлүүлэгч Б- нь зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдэл 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэх гэмт хэргийг хүндрүүлэх шинжид хамаарахгүй байх тул түүнийг үйлдлийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Дээрэмдэх” хэргийг үйлдсэн бол оногдуулах хорих ялын хэмжээ 2-8 жилийн хорих ялтай байхаар заасан. Харин 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн               147.2-т заасан дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн бол 5-10 жилийн хорих ял оногдуулахаар хуульчилсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт “ ... Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй ... ” гэж хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүхээс хууль хэрэглээний алдаа гаргаж миний үйлчлүүлэгч С.Б-гийн үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар хүндрүүлэн зүйлчилж ял оногдуулсан нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд энэ талаар тайлбарыг өмгөөлөгчийн зүгээс хэлж эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх үндэслэлтэй байна гэсэн боловч давж заалдах шатны шүүх дээрх хууль хэрэглээний нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. 2015 Эрүүгийн хуульд зэвсгийн чанартай зүйл гэж тусгаагүй нь зөвхөн “ ... зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ... ” гэж тусгасан. Энэ тохиолдолд миний үйлчлүүлэгчийн үйлдэл нь зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж үзэхгүй учраас түүний үйлдэлд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх үндэслэлтэй байна. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан бөгөөд миний үйлчлүүлэгч С.Б-гийн бусадтай бүлэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн үйлдлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, ял оногдуулах нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх нь үндэслэлтэй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байгаа тул Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/270 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн                2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ДШМ/739 дугаартай магадлалд “С.Б-гийн үйлдлийг шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн              1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн                       17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчилж, 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйл 7.2-т заасны дагуу хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Д.Т- гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Анхан болон давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч Б.А-ын үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн шинжийг тогтоохдоо Эрүүгийн хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл дээрэмдэх гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлддэг бөгөөд шүүгдэгч Б.А- нь бусадтай урьдчилан үгсэн тохиролцож гэмт хэрэг үйлдэхэд санаатай өдөөн түлхэж, хатгагчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн шинжийг агуулаагүй байтал шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулаад байна. Тухайн гэмт хэргийн талаар шүүгдэгч Б.А- нь урьдчилан дээрэмдэх гэмт хэрэг гарна гэдэг утгаар ойлгоогүй, мэдээгүй бөгөөд улмаар найзыгаа дээрэмдүүлэх санаатайгаар үгсэн тохиролцож ятгах, хүсэх, гуйх зэргээр өдөөн түлхэж, хатгагчаар оролцож гэмт хэрэг үйлдсэн гэж шүүхээс хууль зүйн дүгнэлт хийж байгаа хэдий ч хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар Б.А-ын субъектив талын санаа зорилго үгүйсгэгдэж байх тул дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй юм. Улмаар анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.А-ыг бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, бусдыг өдөөн түлхэж, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүгдэгч С.Б-, Ч.Э- нар нь бүлэглэж, хохирогчийн амь биед хүч хэрэглэж, эд хөрөнгө дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэнийг мэдсээр байж зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй зэргээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэх 2 үндэслэлээр гэм буруутайд тооцсон байхад Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.А- нь П.О-, Ч.Э-, С.Б- нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхэд өдөөн түлхэж, хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өөрчилсөн, мөн                   2002 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийн 39.3 Гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгааг болон үйлдсэнийг мэдсээр байж зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэх гэм буруугийн шинжийг хасаж засвар оруулан анхан болон давж заалдах шатны шүүх эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 739 тоот магадлалын шүүгдэгч Б.А-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж өгнө үү” гэв.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Ю.Т- гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлтэд шүүгдэгч Б.А-ыг бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, бусдыг өдөөн түлхэж, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүгдэгч С.Б-, Ч.Э- нар нь бүлэглэж хохирогчийн амь биед хүч хэрэглэж эд хөрөнгө дээрэмдэх гэмт үйлдсэнийг мэдсээр байж зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй зэргээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэж хууль зүйн дүгнэлт хийсэн бөгөөд Тогтоох хэсэгтээ шүүгдэгч Б.А- нь шүүгдэгч С.Б-, Ч.Э- нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхэд өдөөн түлхэж хатгагчаар оролцож, гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгааг болон үйлдсэнийг мэдсээр байж зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.4, 39 дүгээр зүйлийн 39.3,                  551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил 5 дугаар сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2,3 дахь хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн ял оногдуулсан. Энэ нь шүүгдэгч Б.А-ыг Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлтээсээ өөрөөр гэм буруутайд тооцож ял оногдуулсан, мөн ялыг нэмж нэгтгэхдээ 2002 оны эрүүгийн хуулийг хэрэглэж гэм буруутайд тооцож ял оногдуулсан мөртлөө 2015 оны эрүүгийн хуулийг хэрэглэж ялыг нэмж нэгтгэсэн зэрэг нь 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6, 39.7, 39.8 дугаар зүйлүүдийг тус тус зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон 2002 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийг хэрэглэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.Б-, Ч.Э- нарын өмгөөлөгч Н.Б- шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “ Би хяналтын шатны журмаар гомдол гаргаагүй. О.Б- өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна ” гэв.

 

Прокурор Б.У- хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч  С.Б-, Ч.Э-, Б.А- нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг үнэлж хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна. Б.А- нь бусад шүүгдэгч нарт хохирогчийн талаарх мэдээллийг дамжуулж, гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон. Анхан шатны шүүхийн алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөсөн нь хууль буруу хэрэглэсэн гэж үндэслэл тогтоогдоогүй байна. 2002 оны Эрүүгийн хуулийг 57 дугаар зүйлийн хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 270 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн                      739 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Шүүгдэгч С.Б-гийн өмгөөлөгч О.Б-, шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Д.Т-, Ю.Т- нарын гаргасан гомдлыг үндэслэн С.Б-, Ч.Э-, Б.А- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн                             40.5 дугаар зүйлд заасны дагуу хоёр шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзээд анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

2. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй байх бөгөөд гомдлын үндэслэл хэрхэн үгүйсгэгдэж байгааг дараахь байдлаар тодотгон тайлбарлах нь зүйтэй байна. 

 

2.1. Шүүгдэгч С.Б-гийн өмгөөлөгч О.Б- гаргасан гомдолдоо “ ... С.Б- нь зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдэл 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн                         17.2 дугаар зүйлд зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэх гэмт хэргийг хүндрүүлэх шинжид хамаарахгүй байх тул түүнийг үйлдлийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна ... 2015 Эрүүгийн хуульд зэвсгийн чанартай зүйл гэж тусгаагүй “ ... зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ... ” гэж тусгасан. Энэ тохиолдолд миний үйлчлүүлэгчийн үйлдэл нь зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж үзэхгүй учраас түүний үйлдэлд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх үндэслэлтэй байна ...” гэжээ.                  

 

Гэмт этгээдээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг, хэрэгсэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын нэмэгдэл шинжүүдийн нэгэн адил гэмт хэргийн зүйлчлэл, оногдуулах ялын төрөл, хэмжээнд нөлөөлдөг бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн аутентик тайлбарт зааснаар тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлд хүний биед гэмтэл, эд хөрөнгөнд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгсэл хамаарч байна.

 

Тусгайлан бэлтгэсэн эд зүйл гэдэгт гэмт этгээд тодорхой гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн биеийн хүчийг нэмэгдүүлэх, хохирогчийн эсэргүүцлийг дарах, няцаах, айлган сүрдүүлэх, учруулах хохирол, хор уршгийг ихэсгэх, гэмт үйлдлээ түргэтгэх зорилгоор зориуд урьдаас бэлдсэн, урьдчилан төлөвлөж, тусгайлан олж авч бэлтгэсэн байгалийн гаралтай, эсхүл ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалттай хатуу, шингэн төлөвийн аливаа эд зүйл, хэрэгслийг ойлгоно. Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд, эсвэл харилцан, зодооны үед гарт тааралдсан эд зүйл, хэрэгсэл ашигласныг тусгайлан бэлтгэсэн гэж үзэхгүй.

 

Хэрэгт авагдсан хохирогч М.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн удаа дараагийн мэдүүлэгт “... нэг хар өнгийн масктай залуу ирээд гартаа барьсан байсан гольфийн цохиураар миний баруун талын гуя руу цохисон. Тэгэхээр нь эргээд харсан чинь миний баруун талын гуя руу дахин цохиураар цохиод, мөн зүүн талын гуя руу нэг удаа цохиураар цохисон ... эргээд нөгөө хүнийг харах гэсэн чинь миний нүүр лүү шүршдэг будаг цацаад байсан ...”  /1 дүгээр хавтаст хэргийн 98-100, 101-102, 103-104 дэх тал/, шүүгдэгч Ч.Э- мөрдөн шалгах ажиллагаанд 2016 оны 12 дугаар сарын 14-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ “... Б- бид хоёр маск зүүгээд би гольфийн цохиур бариад Б- машинд байсан улаан өнгийн машин цэвэрлэгч бодис аваад буусан ... Гольфийн цохиурыг Б- хүнээс авсан ...” /1 дүгээр хавтаст хэргийн 153-155 дахь тал/,   2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “... Б- ... хүнтэй уулзаад гольфийн цохиур авсан. Буцаад нөгөө хүний гэрийн гадаа ирээд нэлээд удаан зогсоод, хүлээж байхад нөгөө хүн ногоон өнгийн машинтай ирсэн ... би тэр залуугийн цүнхтэй гуя руу нь хоёр удаа цохисон чинь гольфийн цохиур хугарсан ... жижиг хэсэг нь гарт үлдэхээр нь нөгөө хөл рүү нь цохиод зугтаасан ... машин дотор байсан карвиратор цэвэрлэгчийг Б- нүүр рүү нь цацсан гэсэн ...” /1 дүгээр хавтаст хэргийн 170-172 дахь тал/, мөн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “... Б- ... бид хоёр буугаад хохирогчийн гэрийн гадаа орцны үүдэнд явж байхад нь араас нь очиж цүнх барьсан гарынх нь баруун хөлний гуя хэсэг рүү нь 1 удаа цохисон тэгсэн чинь хохирогч доошоо ёоё гээд суусан чинь Б- хажуугаас орж ирээд будаг шиг юмаар нүд рүү нь цацсан ...” /1 дүгээр хавтаст хэргийн 191-192 дахь тал/ гэсэн байх бөгөөд тус мэдүүлгүүдийн эх сурвалжийг нотолсон бусад баримт сэлт хэрэгт цугларч, бэхжигдсэн байх тул шүүгдэгч нар хамтран гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан төлөвлөж, гэмт хэрэг үйлдэхэд ашиглах зэвсгийн чанартай зүйлийг тусгайлан бэлтгэсэн нь тогтоогдсон гэж үзнэ. 

 

Иймд шүүгдэгч С.Б- нь зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан “Дээрэмдэх” гэмт хэргийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал болон хуульчлагдсан байгаа тул өмгөөлөгч О.Б-гийн        “ ...  зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарахгүй ... ” гэсэн гомдол нь хууль зүйн үндэслэлгүй юм.

 

2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт “зэвсэг, зэвсгийн чанартай зүйл” гэж  хуульчлан тогтоосон нь зэвсгийн чанартай зүйлийг “тусгайлан бэлтгэсэн, эсхүл тусгайлан бэлтгээгүй аль ч үйлдэл”-ийг тус тус хамааруулж байсан тул тухайн тохиолдолд шүүгдэгч нарын хамтран үйлдсэн дээрэмдэх гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэж зүйлчлэх нь тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлэхгүй болно. 

 

2.2. Шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Д.Т- “... Б.А- нь урьдчилан дээрэмдэх гэмт хэрэг гарна гэдэг утгаар ойлгоогүй, мэдээгүй бөгөөд улмаар найзыгаа дээрэмдүүлэх санаатайгаар үгсэн тохиролцож ятгах, хүсэх, гуйх зэргээр өдөөн түлхэж, хатгагчаар оролцож гэмт хэрэг үйлдсэн гэж шүүхээс хууль зүйн дүгнэлт хийж байгаа хэдий ч хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар Б.А-ын субъектив талын санаа зорилго үгүйсгэгдэж байх тул дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй” гэжээ.

 

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт зааснаар хатгагч гэдэгт ятгах, заналхийлэх болон бусад аргаар гэмт хэрэг үйлдэхэд бусдыг өдөөн түлхсэн, зоригжуулсан, өөрөөр хэлбэл, тодорхой гэмт хэрэг үйлдэх шийдмэг бодол санаа төрүүлсэн этгээдийг ойлгоно.

 

Хатгагч нь гол төлөв бусдыг гэмт хэрэг үйлдэхэд өдөөхдөө гэмт хэрэг үйлдэх санаа бодол төрүүлэх, уриалах хүсэх, гуйх, ятгах, ямар нэг зүйл амлах, зөвлөгөө өгөх, итгүүлэх, заналхийлэх, хүч хэрэглэх, хуурч мэхлэх зэрэг аргыг хэрэглэх ба ямагт гэм буруугийн санаатай хэлбэрийг удирдлага болгон үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг билээ.

 

Тухайн шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхэд гэмт санааны хувьд санаатайгаар нэгдэж бүлэглэсэн болох нь хэрэгт авагдсан үйл баримтуудаар тогтоогдсон, тодруулбал, Б.А-ын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэгт “... манай найз бас орлогоо авч явдаг гэж хэлсэн ... Э-ын машин нь ногоон өнгөтэй содон машин байдаг юм. Тэгээд О-тай хамт байж байхдаа манай найз, шар доктор явж байна гээд Э-ын машиныг нь хэлж байсан юм ...” /1 дүгээр хавтаст хэргийн 161-163 дахь тал/, мөн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... манай найз Э- өөрийнхөө орлогыг авч явдаг талаар хэлсэн. Ахуй үйлчилгээний төвөөс гараад машинд суугаад явахад Э-ын машин зөрсөн. Би машины цонхоор цухуйж явж байсан тул нөгөө ярьсан найз маань энд явж байна гэж хэлсэн. О- надаас байр нь энэ мөн үү гэхэд нь мөн гэж хэлсэн ...” /3 дугаар хавтаст хэргийн 30-31 дэх тал/ гэх мэдүүлэг, Ч.Э-ын 2016 оны 12 дугаар сарын 14-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ “... А- гээд залуу нь байнга бэлэн мөнгөтэй явдаг залуу байдаг манай найз байгаа юм гэсэн ... тэр залуугийн талаар А-аас яаж ирдэг юм, гэр нь хаана байдаг юм хэзээ гэртээ ирдэг талаар асуусан чинь А- энд гэр нь ойрхон байдаг гэж хэлж байсан ...”  /1 дүгээр хавтаст хэргийн 153-155 дахь тал/, Ч.Э-ын яллагдагчаар 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн “... А- мөнгөтэй хүн гэвэл манай найз мөнгөтэй явдаг гэж хэлсэн    ... А-ыг хүргэж өгөх гээд явж байхад манай найзынх нь энд байдаг гэхээр нь Б- гэрийг нь мэдэж авсан байсан” /1 дүгээр хавтаст хэргийн 170-172 дахь тал/, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ              “... А- манай Шар доктор ХХК-д ажилладаг найз байдаг орой болгон орлогын мөнгөтэй явдаг гэж ярьж байсан ...” /1 дүгээр хавтаст хэргийн 191-192 дахь тал/, мөн хохирогч М.Э-ын мэдүүлэг зэрэг нотлох баримтын эх сурвалжуудтай байх тул шүүгдэгч Б.А- гэмт хэрэг үйлдэх гэж байгааг мэдээгүй гэж үзэх үндэслэлгүй (actus non facit reum, nisi mens sit rea буюу “гэм буруугийн ухамсар байхгүй бол гэм буруутай гэж үзэхгүй”) бөгөөд нөгөө талаар шүүгдэгч Б.А- нь хохирогч М.Э-ын хувийн мэдээллийг шүүгдэгч нарт хэлээгүй бол гэмт хэрэг үйлдэгдэж хохирогч эрүүл мэнд, эд хөрөнгийн хувьд хохирохгүй байсан гэж анхан шатны шүүхээс дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.  

 

2.3. Шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Ю.Т- “ ... 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийг хэрэглэх ...”  талаар гомдол гаргажээ.

 

Анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн                 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 450 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 20 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн 15 жил 8 сар 18 хоногийг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.А-ын биечлэн эдлэх ялыг 19 жил 1 сар 18 хоногийн хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

 

Шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон гэдэгт шүүхээс ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа өмнө нь үйлдсэн гэмт хэрэг илэрсэн байхыг ойлгодог ба шүүх хуулийг зөв тайлбарлан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж шүүгдэгч Б.А-ын ялуудыг нэгтгэсэн байх тул шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Ю.Т-ын гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

3. Шүүгдэгч С.Б-, Ч.Э- нар нь бүлэглэн  2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 37 дугаар байрны 1 дүгээр орцны үүдэнд хохирогч М.Э-ыг гэртээ орох гэж байхад түүний эд хөрөнгийг авах зорилгоор хохирогчийг гольфийн цохиураар хөл рүү цохин унагааж, зэв арилгадаг шүршдэг зүйлийг түүний нүүр рүү цацан биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, түүний “Леново” загварын таблет, эрэгтэй хүний улаан өнгийн гар цүнх зэрэг нийт 490.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн, шүүгдэгч Б.А- нь уг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхэд өдөөн түлхэн, хатгагчаар оролцсон гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудаар хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

 

4. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

5. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, шүүгдэгч Ч.Э-, С.Б-, Б.А- нарын үйлдлийг гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

 

6. Шүүгдэгч Ч.Э-, С.Б-, Б.А- нар хамтран тухайн гэмт хэргийг үйлдэх үед 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ял оногдуулах нь тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна гэж анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв тайлбарлан хэрэглэснийг няцаах, үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.  

 

7. Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, тэдний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.  

 

8. Харин анхан шатны шатны шүүх шүүгдэгч С.Б-, Ч.Э-  нарт ял оногдуулахдаа 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4-т заасныг журамласан нь буруу байх бөгөөд үүнийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн 2 дахь заалтад “2002 оны Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 ...” гэснийг “... 35 дугаар зүйлийн 35.5 ...” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол болон түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9. Шүүгдэгч С.Б-, Ч.Э- нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан хоорондоо ярилцсан, мэдээлэл цуглуулсан, объектоо сонгосон, гэмт хэрэгт ашиглах зэвсэг хэрэгслийг урьдчилан бэлтгэсэн буюу гэмт хэрэг үйлдэх нөхцөл байдлыг бүрдүүлсэн тул анхан шатны шүүх тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

Учир нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэдэгт урьдчилан төсөөлөөгүй, гэнэт бий болсон хүчин зүйлд автаж, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн байхыг ойлгодог болно.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны                          05 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/270 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... 35 дугаар зүйлийн 35.4 ...” гэснийг “... 35 дугаар зүйлийн 35.5 ...” гэж өөрчлөн, шийтгэх тогтоол болон түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Б-, Д.Т-, Ю.Т- нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

 

ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

 

      С.БАТДЭЛГЭР

 

      Б.БАТЦЭРЭН

 

      Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН