Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 142/2016/01271/И |
Дугаар | 01091 |
Огноо | 2016-09-08 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 01091
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-15-60 тоотод оршин суух Тайч овгийн Шарын Баатарын /ФА-61121593 / ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтээр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ш.Баатар, гэрчээр Н.Ганболд, Г.Цэгмэд, С.Түвшинжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Ш.Баатар шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Ш.Баатар миний бие нь 1961 онд төрсөн.Одоо 55 настай, улсад 36 жил ажилласан.Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт 1980 онд Технологийн Тээврийн цехэд засварчнаар орж улмаар ЗИЛ-130 машины жолоочоор ажиллаж байгаад 2007 оноос тусгай зориулалтын заправшик машин дээр очиж одоог хүртэл ажиллаж байна.Хөнгөлөлтэй нөхцөлөөр тэтгэвэрт гарах болоход миний заправшик машин дээр ажилласан тушаал архиваас олдохгүй нийгмийн даатгалын дэвтэрт жолооч гэж бичсэн учраас 2007 оны эхнээс заправшик машин дээр ажиллаж байсан хугацааг минь тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанд гэрч С.Түвшинжаргал мэдүүлэхдээ:Би Эрдэнэт үйлвдэрт 1994 оноос 2014 он хүртэл жолооч хийсэн.Бид заправшик машинаас түлшээ авдаг тул Баатарыг мэдэх юм.Баатар 2000-аад оноос түлш түгээдэг машины жолоочоор ажилласан.Одоо ч ажиллаж байгаа гэжээ.
Шүүх хуралдаанд гэрч Г.Цэгмид мэдүүлэхдээ:Би 1993 онд Эрдэнэт үйлдвэрт АТБ-д токарьчноор орсон.Намайг ороход Баатар жолооч хийдэг байсан.Одоо ч заправшик машинаар түлш түгээх ажлаа хийж байгаа гэжээ.
Шүүх хуралдаанд гэрч Н.Ганболд мэдүүлэхдээ:Би 1983 оноос хойш Баатартай хамт Эрдэнэт үйлвэрт Авто тээврийн байгууллагад ажиллаж байгаа.Белазын болон жижиг тэрэгний гаражид хамт жолоочоор ажилласан.Баатар 2007 оноос түлш түгээдэг цистерн машины жолоочоор ажиллаж байгаа гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ш.Баатар нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасныг хангах үндэслэлтэй байна.
Шар овогтой Баатар нь 2007 оны 1 сараас одоо хүртэл Эрдэнэт үйлдвэр ХХК-ний Авто тээврийн байгууллагад шатахуун түгээгүүрийн/цистерн/ машины жолоочоор ажиллаж байгаа болох нь Эрдэнэт үйлдвэрийн төрөлжсөн архивын 2016-07-18-ны өдрийн 240 дугаартай архивын лавлагаа, №0464706 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, №410612 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн баталгаат хуулбар, Эрдэнэт үйлдвэр ХХК-ний Авто тээврийн байгууллагын 2016-09-08-ны өдрийн 1809 дугаартай тодорхойлолт, гэрчүүдийн мэдүүлэг,нийгмийн даатгалын дэвтрүүдийн хуулбар,тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд зааснаар төрийн санд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүлийн 135.2.6-д заасныг баримтлан Шар овогтой Баатарыг 2007 оны 1 сараас одоо хүртэл Эрдэнэт үйлдвэр ХХК-д шатахуун түгээгүүрийн машины/цистерн/ жолоочоор ажиллаж байгааг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны 130000801681 тоот дансанд 2016 оны 08 сарын 31-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй. .
3. Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ