Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/01094

 

  “П-” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2024/00684 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “П-” ХХК-ийн хариуцагч “П-” ХХК-д холбогдуулан гаргасан барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүрэгт 38,555,631 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: “П-” ХХК нь Монгол Улсад чанар, стандартын шаардлага хангасан автобензин, дизелийн түлшийг импортлон оруулж ирж хэрэглэгч, үйлчлүүлэгчид жижиглэнгээр болон бөөний үнээр худалдах үйлчилгээг үзүүлэн үйл ажиллагаа явуулдаг компани юм. “П-” ХХК болон “П-” ХХК-ийн хооронд 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх тухай” 02/22 тоот гэрээг байгуулж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахтай холбогдуулан “П-” ХХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт байрлах ГД:-, УБД:Ү-- дугаар бүхий Нефьт бүтээгдэхүүний агуулахын цогцолборын барилга, компанийн эзэмшлийн Дархан уул аймгийн Дархан 3-р баг Улаан толгойн 1 гудамж 103 хаягт байрлах нэгж талбарын ГД:000013855, НТД:4507102063, УБД: Э-2003002183 дугаар бүхий шатах тослох материал түгээгүүрийн газар, агуулах, шатахуун түгээх станцын зориулалттай газрыг тус тус барьцаалж, Барьцааны 02/22 тоот гэрээг мөн өдөр үйлдсэн байдаг.

Дээрх “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх тухай” 02/22 тоот гэрээний дагуу “П-” ХХК нь “П-” ХХК-иас 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 12,500 литр буюу 41,625,000 төгрөгийн худалдан авалт, 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 22,680 литр буюу 75,524,400 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 25,500 литр буюу 95,625,000 төгрөг, нийт 212,774,400 төгрөгийн худалдан авалт хийсэн. Бидний зүгээс 2022 оны худалдан авалтын үндсэн төлбөрийг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төлсөн ба гэрээний алданги нэхэмжилсэн дүнгээр 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 8,211,150 төгрөгийг төлж, манай компаниас гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Ийнхүү Барьцааны гэрээний 3.2.1-д “Барьцаалуулагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тохиолдолд энэхүү гэрээний барьцааг барьцаанаас чөлөөлөхийг шаардах эрхтэй” гэж заасны дагуу барьцаа хөрөнгө болох дээр дурдсан үл хөдлөх хөрөнгө болон газраа зохих журмын дагуу барьцаанаас чөлөөлүүлэхээр “П-” ХХК-иас барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх албан бичгийг гаргаж өгөхийг амаар болон бичгээр удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл гаргаж өгөхгүй, үндэслэлгүйгээр мөнгө шаардаж, манай компанийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Бидний зүгээс барьцаа хөрөнгөө чөлөөлүүлснээр цаашид уг хөрөнгийг эзэмших, ашиглах эрхийнхээ хүрээнд бизнесийн хамтрагч байгууллагуудтай тохирсон, төлөвлөсөн олон ажил, гэрээ хэлэлцээрүүд цуцлагдахад хүрч, товлосон ажлууд хойшилж, цаг хугацаа алдаж, үргүй зардал гарч, компанид их хэмжээний хохирол учраад байна.

Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон тохиолдолд барьцааны эрх дуусгавар болохоор заасан. Мөн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр талуудын хооронд байгуулсан “Барьцааны гэрээ”-ний 5.2-т худалдан авагч үндсэн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж дууссан, зохих төлбөр, хохирол, алданги тооцсон тохиолдолд алдангийн эцсийн төлбөрийг хийж дуусгаснаар барьцааны эрх дуусгавар болохоор заасны дагуу “П-” ХХК-иас “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх тухай” 02/22 тоот гэрээний үүргээ бүрэн биелүүлж, үндсэн төлбөр болон алдангийг төлж барагдуулснаар барьцааны эрх дуусгавар болсон гэж үзэж байна. Барьцааны гэрээний 3.1.4-т “барьцаалагч нь барьцаалуулагч газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний үүргээ бүрэн дүүрэн, зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд барьцааг барьцаанаас чөлөөлөх үүрэгтэй” гэж заасан байхад “П-” ХХК нь гэрээний үүргээ үл биелүүлж, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх албан бичгийг гаргаж өгөхгүй компанийг ийнхүү хохироож байна.

Иймд компанийн эрх зөрчсөн хууль бус үйлдлийг таслан зогсоож, “П-” ХХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт байрлах ГД:-, УБД: Ү- - дугаар бүхий Нефьт бүтээгдэхүүний агуулахын цогцолборын барилга, Дархан уул аймгийн 3 дугаар баг, Улаан толгойн 1 гудамж 103 хаягт байрлах ГД:000013855, НТД: 4507102063, УБД: Э-2003002183 дугаар бүхий шатах тослох материал түгээгүүрийн газар, агуулах, шатахуун түгээх станцын зориулалттай газрыг барьцаанаас чөлөөлүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: “2020 оны 09 дүгээр 10-ны өдөр “П-” ХХК болон “П-” ХХК-ийн хооронд 07/20 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ”, “Барьцааны гэрээ” тус тус байгуулагдсан. “П-” ХХК нь гэрээнд зааснаар гэрээний хугацаанд сар бүр нэмэлт гэрээгээр бүтээгдэхүүн авах, өмнө сард авсан бүтээгдэхүүний төлбөрийг 30 хоногийн хугацаанд төлж барагдуулах, уг хугацаанд төлбөр төлж барагдуулаагүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги төлөх үүрэг хүлээсэн болно. “П-” ХХК нь 100,000,000 төгрөгийг 47 хоног хугацаа хэтрүүлсэн тул 23,500,000 төгрөг, 90,000,000 төгрөгийг 15 хоног хугацаа хэтрүүлсэн тул 6,750,000 төгрөг, 70,032,000 төгрөгийг 15 хоног хугацаа хэтрүүлсэн тул 5,252,413.50 төгрөг, 37,032,180 төгрөгийг 14 хоног хугацаа хэтрүүлсэн тул 2,592,252 төгрөг, 23,032,180 төгрөгийг 4 хоног хугацаа хэтрүүлсэн тул 460,643,60 төгрөгийг 2 хоног хугацаа хэтрүүлсэн тул 321,80 төгрөг, нийт 38,555,631 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй байна. “П-” ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ирж, нэгэнт барьцаа байгаа учраас дахин гэрээ хийе гэж гуйсны дагуу өмнөх гэрээг дуусгавар болгоод дахин шинээр гэрээ байгуулсан байдаг. Гэтэл “П-” ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан гэрээнийхээ үүргийг гүйцэтгэсний дараа өмнөх 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн алдангийг төлөхгүй гэж байх тул бид барьцааны зүйлийг чөлөөлж өгөхгүй байгаа болно. Манай компани “П-” ХХК-иас 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээний дагуу төлөх алдангийг амаар байнга шаардаж байсан бөгөөд тухайн компанийн имэйл хаяг руу 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд шаардаж байсан болно.

Иймд “П-” ХХК 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан 07/20 дугаар “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ”-ний үүрэг болох 38,555,252 төгрөгийг төлж дуусаагүй байх тул барьцааны зүйлийг чөлөөлөх боломжгүй” гэжээ.

 

3. Сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: “2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “П-” ХХК болон “П-” ХХК нарын хооронд 07/20 дугаар “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ”, “Барьцааны гэрээ” 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай байгуулагдсан болно. Талууд үүргийн гүйцэтгэлийг Дархан уул сумын 3 дугаар багт байрлах ГД:00214244, УБД Ү-- дугаар бүхий Нефть бүтээгдэхүүний агуулахын цогцолборын барилга, Дархан уул аймаг, 3 дугаар баг, Улаан толгойн 1 гудамж, 103 хаягт байрлах Гд:000013855, НТД: 4507102063, УБД: Э-2003002183 дугаар бүхий шатахуун түгээх станцын зориулалттай газар зэрэг үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар тохиролцож, Барьцааны гэрээ байгуулан, дээрхи үл хөрөнгүүдийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг эх хувиар нь барьцаалагч талын хадгалалтад шилжүүлэн өгсөн байдаг юм. “П-” ХХК нь нийт 320,128,680 төгрөгийг гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй тул 38,555,631 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрч тооцоо нийлсэн байдаг. “П-” ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл уг төлбөрийг төлнө гэж амлаж байсан боловч өнөөдөр төлөх үүрэггүй гэж маргаж байгаа учраас “П-” ХХК нь эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: “П-” ХХК болон “П-” ХХК-ийн хооронд 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх тухай” 02/22 тоот гэрээг байгуулж байсан бөгөөд уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахтай холбогдуулан “П-” ХХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт байрлах ГД:-, УБД:Ү-- дугаар бүхий Нефьт бүтээгдэхүүний агуулахын цогцолборын барилга, компанийн эзэмшлийн Дархан уул аймгийн Дархан 3 дугаар баг Улаан толгойн 1 гудамж 103 хаягт байрлах нэгж талбарын ГД:000013855, НТД:4507102063, УБД: Э-2003002183 дугаар бүхий шатах тослох материал түгээгүүрийн газар, агуулах, шатахуун түгээх станцын зориулалттай газрыг тус тус барьцаалж, Барьцааны 02/22 тоот гэрээг мөн өдөр үйлдсэн байдаг. “П-” ХХК-ийн зүгээс дээрх 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх тухай” 02/22 тоот гэрээний төлбөрөө бүрэн төлсөн байхад харицагч “П-” ХХК-ийн зүгээс барьцаа хөрөнгө чөлөөлж өгөхгүй байгаатай холбогдуулан ийнхүү барьцаа хөрөнгөө чөлөөлүүлэхээр шүүхэд хандан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Өөрөөр хэлбэл уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь “П-” ХХК болон “П-” ХХК-ийн хооронд 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх тухай” 02/22 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой буюу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан барьцаа хөрөнгийг барьцаанаас нь чөлөөлүүлэхтэй холбоотой маргаан юм. Гэтэл хариуцагч “П-” ХХК нь үндсэн нэхэмжлэлтэй хамааралгүй 2020 оны гэрээний алданги гэж 38,555,361 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдох үндэслэл болохгүй юм. Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд энэ тохиолдолд хариуцагч хуульд заасны дагуу харьяалах шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 160.1.1, 160.3, 168.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх тухай 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 02/22 тоот гэрээний хавсралт “Барьцааны гэрээ”-ний зүйл нэхэмжлэгч "П-" ХХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт байрлах ГД:-, УБД:Y-- дугаар бүхий Нефьт бүтээгдэхүүний агуулахын цогцолборын барилга, Дархан-Уул аймгийн 3 дугаар баг Улаан толгойн 1 гудамж 103 хаягт байрлах ГД:000013855, НТД: 4507102063, УБД: Э-2003002183 дугаар бүхий шатах тослох материал түгээгүүрийн газар, агуулах, шатахуун түгээх станцын зориулалттай газрыг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч “П-” ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “П-” ХХК-ийн нэхэмжлэгч “П-” ХХК-д холбогдуулан гаргасан 2020 оны 09 сарын 14-ний өдрийн гэрээний үүрэг алданги 38,555,631.50 гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, энэ асуудлаар дахин шүүхэд хандахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид, сөрөг нэхэмжлэлд холбогдуулан хариуцагчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж нийт 420,929 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч “П-” ХХК-д тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.

 

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаад, “энэ асуудлаар дахин шүүхэд хандахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдсугай” гэж шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтыг үнэлээгүйд гомдолтой байна. Хэрэгт “П-” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “П-” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг “П-” ХХК-ийн хаяг тодорхойгүй үндэслэлээр “Хэргийг хэрэгсэхгүй болгосон Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 17846 дугаар шүүгчийн захирамж нотлох баримтаар авагдсан. Нэхэмжлэгч “П-” ХХК нь тус шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч “П-” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйл, 62.1.2-д зааснаар нэхэмжлэгч хуулийн этгээд бол оноосон нэр хаяг, оршин байгаа газраа тусгахаар хуульчилсан байна, мөн хуулийн 25 дугаар зүйл, 25.2 дахь хэсэг, 25.2.1-д хэргийн оролцогч нь шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй байна. Гэтэл нэхэмжлэгч “П-” ХХК нь нэхэмжлэлдээ тусгасан Хан-Уул дүүрэг 15 хороо, стадион оргил, махатма Гандийн гудамж, жаргалан хотхон , 49 байр, 4 тоот хаягт бүртгэлгүй, мөн хаяг худал болох нь Хан-Уул дүүргийн 15 хорооны засаг дарга болон, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах газрын Эргүүл хамгаалалтын газрын цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас, шүүгчийн туслахын 99029905 дугаарын утсанд холбогдоход аваагүй гэх, 99229110 дугаарын утсанд холбогдоход үндсэн ажилтан нь биш тул мэдэхгүй гэж хариулсан гэх үндэслэлүүдээр хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж дүгнэн Хэргийг хэрэгсэхгүй болгосон Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 17846 дугаар шүүгчийн захирамжаар нотлогдож байгаа болно. Иймд нэхэмжлэгч “П-” ХХК нь шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйл 62.1.2-д заасны дагуу нэхэмжлэлд бичсэн хаяг, холбогдох утасны дугаар худал болох нь шүүгчийн захирамжаар нотлогдож байхад дахин нэхэмжлэл гарга гэж шийдвэрлэж байгаа нь буруу байна. Шүүхийн шийдвэрт дурдсанаар “П-” ХХК нь дахин нэхэмжлэл гаргасан ч “П-” ХХК нь олдохгүй байх нь тодорхой, “П-” ХХК-ийн эрх ашиг зөрчигдөхөөр байхад үндсэн нэхэмжлэлтэй хамтад нь шийдвэрлэхгүй гэж үзсэн нь буруу байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйл, 73.2-д сөрөг нэхэмжлэл үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохоор байвал хамтад нь шийдвэрлэнэ, бусад тохиолдолд хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэхээр эрх хэмжээ олгосон байхад уг хуулийг хэрэглэхдээ “П-” ХХК-д ашигтай, “П-” ХХК-д ашиггүй байхаар шийдвэр гаргасанд гомдолтой байна. Анхан шатны шүүх олдохгүй үйл ажиллагаа явуулж байгаа эсэх нь тодорхойгүй нэхэмжлэгч “П-” ХХК-ийн хаяг буруу гэдэг нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар тогтоогдсоор байхад сөрөг нэхэмжлэлийг хамтад шийдвэрлээгүй нь хэргийн оролцогчийн эрх тэгш байдал, зөрчигдсөн эрхийг хамгаалах үүргээ биелүүлээгүй зөрчсөн гэж гомдож байна. Иймд тухайн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Мөн үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хэсэгт гомдолтой байгаа болно гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:   “Шүүх хэргийг үнэн зөв бодитой шийдвэрлэсэн. Барьцаатай холбоотой асуудал биш, өмнөх гэрээний талаар ярьсан ба тус асуудлыг талууд ярилцаж дуусгавар болгон дахин шинэ гэрээ хийж үүрэг хүлээсэн. Үүний дагуу төлбөрөө дуусгасан. Төлбөрөө төлж дуусгасны дараа үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлөөлж өгье гэсэн хэр нь чөлөөлөхөө больсон. Манайх 2 жилийн хугацаанд барьцаа хөрөнгөө чөлөөлүүлж чадахгүй, захиран зарцуулах боломжгүй өнөөдрийг хүрч байна. Өнөөдрийн гомдлыг хэлэлцэх эсэхийг бүрэлдэхүүн шүүгч нар анхаарч үзнэ үү. Гомдол гаргах эрхийн хугацаа дууссан байхад хугацаа хэтрүүлж гомдол гаргасан. Дахиад 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нэмэлт тайлбар гэсэн мөртлөө нэмж гомдол гаргасан. Анхан шатны шүүхээс гомдол гаргах хугацаа сэргээсэн боловч 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч гомдолд нэмэлт тодруулга гэж оруулж ирж, улсын тэмдэгтийн хураамж нэмж төлсөн. Гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тул хэлэлцэх боломжгүй” гэжээ.

 

                                                                      ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

            2.Нэхэмжлэгч “П-” ХХК нь хариуцагч “П-” ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрээний үүрэгт 38,555,631 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

            3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4.Зохигчид 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч “П-” ХХК нь газрын тосны бүтээгдэхүүн дизель түлш, АИ-92 авто бензин нийлүүлэх, нэхэмжлэгч “П-” ХХК нь газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авч, үнийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 5-8-р тал/

 

4.а.Мөн өдөр талууд барьцааны гэрээ байгуулж, дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч “П-” ХХК нь өөрийн өмчлөлийн нефьт бүтээгдэхүүний агуулахын цогцолбор барилга, шатах, тослох материал, түгээгүүрийн газар, агуулах, шатахуун түгээх станцын зориулалттай газар зэргийг барьцаалсан байна. /хх-ийн 9-11-р тал/

 

4.б.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний үүрэг дуусгавар болсон тул барьцаа хөрөнгийг чөлөөлүүлнэ” гэсэн бол хариуцагч татгалзалдаа “нэхэмжлэгч “П-” ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүй тул барьцаа хөрөнгийг чөлөөлөх боломжгүй” гэх агуулгаар тайлбарлажээ.

 

            4.в.Талууд 2020 оны 09 дүгээр сарын 14, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрүүдэд хоёр удаа газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдож байх боловч нэхэмжлэгч “П-” ХХК нь сүүлд байгуулагдсан 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн гэрээний үүрэг дуусгавар болсонтой холбоотойгоор барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх шаардлага гаргасан.

 

            4.г.Хариуцагч “П-” ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн гэрээний үүрэг дуусгавар болсон үйл баримтыг үгүйсгээгүй атлаа өмнөх гэрээний үүрэгтэй холбоотойгоор барьцаа хөрөнгийг чөлөөлөхөөс татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь өөр цаг хугацаанд байгуулагдсан дээрх хоёр гэрээний төлбөр, тооцооны асуудал хоорондоо хамааралтай гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

            Нөгөө талаар, хариуцагч “П-” ХХК нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хүргүүлсэн албан бичигтээ “П-” ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан 07/20 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ”-г үндэслэн хийгдсэн барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдсан тул барьцааны зүйлийг чөлөөлж, шинээр 2022 оны 05 дугаар сарын 31-ний газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ, барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дахин барьцаалж байгааг бүртгэж өгнө үү” гэжээ. /хх-ийн 21-р тал/  

 

            4.д.Нэхэмжлэгч “П-” ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн болох нь талуудын тайлбар, мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдсон тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-т зааснаар барьцааны эрх дуусгавар болсон гэж үзнэ. Иймд барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө, газар зэргийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч “П-” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 160.3 дахь хэсэгт заасанд тус тус нийцсэн байна.

 

            5.Гэрээний үүрэгт 38,555,631 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд анхан шатны шүүх тус шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй.

 

            5.а.Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч хамтатган шийдвэрлэх учиртай. Нэхэмжлэгч “П-” ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний үүрэг дуусгавар болсонтой холбоотойгоор барьцааны зүйлийг чөлөөлүүлэх шаардлага гаргасан байхад хариуцагч нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээтэй холбоотойгоор шаардлага гаргасан нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохгүй байна.

 

Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.       

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2024/00684 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 491,129 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ЭНЭБИШ

 

                                                ШҮҮГЧ                                  Д.ЗОЛЗАЯА

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Г.ДАВААДОРЖ