| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0076/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/074 |
| Огноо | 2019-03-20 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2019/ШЦТ/074
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж
Улсын яллагч: В.Дэлгэрмаа,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 1914001960106 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, *******
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийн Төгрөг сум руу асфальтан замаар өөрийн эзэмшлийн 7795 ГАА улсын дугаартай тоёота приус маркийн авто тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан ... тухайн ангилалийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.4 дэх хэсэгт заасан ... тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 8 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно ... гэсэн заалтыг тус тус зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Н.Хын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... Цагаан сараар Говь-Алтай аймгийн Төгрөг суманд байх аав, ээж дээрээ очиж золгохоор найз В.А, үеэл болох Хын нарын хамт өөрийнхөө эзэмшлийн 77-95 ГАА улсын дугаартай, “Приүс-20” маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хотоос 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 20 цагийн үед гарсан ... Баянхонгор аймгаас Бөмбөгөр сумын Байдрагийн гүүр орох хүртэлх хар замын гол хэсгээр шороон замд би Мөнгөнтулга ахын машины араас нь дагаад явж байгаад буцаад хар зам нийлэх хэсгээс түүний машиныг гүйцэт түрүүлээд явсан, 100 км цагийн хурдтай явсан. Тэгээд явж байхад нүд анилдаад зүйрмэглэсэн эргээд нүдээ нээхэд машин хар замаас хажуу хэсгийн хөвөөрүү гарч байсан. Тэгэхээр нь сандраад тормос гишгээд рулиэ машины чиглэж яваа баруун хэсгийн эсрэг зүгрүү огцом дарахад машин шарвахаар нь буцаж нөгөө тийш нь дарахад замын хажуу хэсгийн далангийн хэсгийн урд талаараа мөргөж эргээд агаар дээр эргээд хойд бөгсний хэсгээрээ нөгөө тийш хараад машин зогссон. Би гарах гээд өөрийнхөө талын хаалгыг түлхэхэд нээгдэхгүй байсан хажууд сууж байсан. В.А өөрийнхөө сууж явсан талын цонхыг өшиглөж шилийг нь хагалаад гараад явахаар нь түүний араас нь гарсан Н.Х гарч ирээгүй ба машины цонхноос харахад арын суудал дээр хөндлөн хэвтсэн /ухаантай/ байсан. В.А өөрийнхөө сууж байсан суудлыг хойшоогоо болгосон байсан ба тус суудлын хойд хэсгийн завсарт орсон байсан түүнийг В.А бид хоёр татаж гаргаад байж байхад Мөнгөнтулга ах машинтайгаа ирсэн. Тэгээд түргэн, цагдаа дуудсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 122-124 /,
Хохирогч Н.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
.... 2019 оны 02 дугаар сарын 01-ний орой *******гийн машинаа жолоодоод би, *******гийн найз В.А нарын хамт Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг руу гарсан юм. Бид нартай цуг бас нэг машин гарсан. Машинд суусан байрлалын хувьд ******* машинаа жолоодож, урьд хажуу талд нь В.А, хойно би ганцаараа байсан. Тэгээд явсаар байгаад Баянхонгор аймгийн Баянхонгор суманд очоод сэрэхэд бензин авахаар зогсоход машиныг В.А жолоодож ирээд *******тэй солигдож байсан тухай осол авор болоход унтаж байсан болохоор юу болсныг нарийн хэлж мэдэхгүй байна. Тэгээд ******* зүйрмэглэчихлээ тэрнээс болж машин уначихлаа гэж хэлсэн. Тухайн үед миний зүүн хөл хугарсан хөдөлгөж болохгүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 /,
Гэрч В.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... ******* бид хоёр хоорондоо солигдож, би унтаад өгсөн юм. Тэрнээс хойш юу болсныг хэлж мэдэхгүй байна. Унтаад явж байхад хайрагны чимээ гарах шиг болсон нүдээ нээхэд машин агаараас газарт буугаад эргээд зогсох шиг болсон гарах гээд машиныг хаалгыг түлхэхэд нээгдэхгүй байсан тэгэхээр нь өөрийнхөө талын буюу туслах жолооч талын урд цонхыг өшиглөхөд хагарсан, тус талын цонх нь бяцарсан байсан хөлөөрөө нэг удаа жийхэд цонхны шил цаашаагаа унаж хагарсан.Тэгээд тус хэсгээс гадагшаагаа би гарсан юм. Миний араас болохоор ******* гарсан. Гадаа гарчихаад машины цонхноос харахад Н.Х машины арын суудал дээр хөндлөн хэвтсэн /ухаантай/ байсан түүнийг машины хойд талын хаалгыг онгойлгож хоёр гарнаас нь татаж чирж гадаа гаргаад байж байхад бид нарын араас явж байсан ах машинтайгаа ирсэн. Н.Х гарч ирээд хөл дээрээ зогсож чадахгүй байхаар нь газарт суулгасан ... гэх мэдүүлэг / хх-ийн 25-27 /,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дүгээр сарын 04-ний өдрийн 127 дугаартай
1. Н.Хын биед зүүн дунд чөмөг ясны зөрөөтэй далд хугарал, зулайд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь тухайн учирсан үедээ болон цаашид амь насанд аюулгүй болно.
3. Дээрх гэмтэл нь осол болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.
5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1- д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 34-35 хуудас/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дүгээр сарын 14-ний өдрийн 143 дугаартай
1. В.Аын биед гэмтэл тогтоогдсонгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 40-41/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дүгээр сарын 15-ны өдрийн 014 дугаартай
1. Шинжилгээнд ирүүлсэн нэг ширхэг обуд, хаймар дугуй нь оношлогооны шинжилгээнд тэнцэнэ.
2. Уг шинжлэгдэж буй хаймар дугуйнд хагарсан, цоорсон гэмтэл үгүй бүтэн байна. Харин обудны гадна хэсгийн нуухны ирмэг хэсэгт 9 см зайд үрэгдэж элэгдсэн гэмтэлтэй, мөн дотор талд 9.5м10 см талбайг хамарсан үгүй болсон, зах ирмэгүүд шинэ гэмтэлтэй, хийлэгч хошуунд гэмтэл үгүй байна.
3. Дээрх обуданд үүссэн гэмтлүүд нь осолдох үеэр үүссэн байж болох бөгөөд мохоо зүйлийн хүчтэй үйлчлэлээр үүссэн гэмтлүүд байна ... гэх дүгнэлт /хх-ийн 55-60 /
Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаартай
“... 1. Тухайн зам тээврийн осол нь жолооч *******гийн буруутай үйлдлээс болж гарсан байх үндэслэлтэй байна. Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д заасан тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн хуулийн 12.4 ... Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно ... гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндслэлтэй байна. Энэ нь осол гарахад тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж үзэж байна.
2. Тухайн зам тээврийн осол гаргасан шалтгаан нь жолооч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас гарсан байх үндэслэлтэй гэж үзэж байна.
3. Зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэж байна.
4. Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд жолоочийн лавлагаанаас шүүхэд Очирбат овогтой Б нь 1215472 дугаартай В ангилалын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна .... гэх дүгнэлт /хх-ийн 63-64/
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 115-116/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 4-10/, зам тээврийн ослын хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 50/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 152-156/, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхний хуулбар / хх-ийн 140/, шүүгдэгч *******гийн суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 143-146/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 141/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа / хх-ийн 139/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 142/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Шүүгдэгч ******* нь 2019 оны 02 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Төгрөг сум руу асфальтан замаар өөрийн эзэмшлийн 7795 ГАА улсын дугаартай тоёота приус маркийн авто тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д ... заасан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.4 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 8 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно ... гэсэн заалтыг тус тус зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Н.Хын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч *******гийн ... нүд анилдаад зүйрмэглэсэн, эргээд нүдээ нээхэд машин хар замаас хажуу хэсгийн хөвөөрүү гарч сандраад тормос гишгээд рулиэ тус машины чиглэж яваа баруун хэсгийн эсрэг зүгрүү огцом дарахад машин шарвахаар нь буцаж нөгөө тийш нь дарахад замын хажуу хэсгийн далангийн хэсгийн урд талаараа мөргөж эргээд агаар дээр эргээд хойд бөгсний хэсгээрээ нөгөө тийш хараад машин зогссон ... гэх мэдүүлэг / хх-ийн 122-124 /,
Хохирогч Н.Х ... ******* зүйрмэглэчихлээ тэрнээс болж машин уначихлаа гээд хэлсэн, миний зүүн хөл хугарсан хөдөлгөж болохгүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 /,
Гэрч В.Аын ... Н.Х гарч ирээд хөл дээрээ зогсож чадахгүй байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 25-27 /,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дүгээр сарын 04-ний өдрийн 127 дугаартай ... Н.Хын биед зүүн дунд чөмөг ясны зөрөөтэй далд хугарал, зулайд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт тогтоогдлоо, гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 34-35 /
Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаартай дүгнэлт /хх-ийн 63-64/ зэрэг хэрэгт авагдсан болон бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдож байна.
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчилж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүхээс *******г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэж заасан ба шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, шилмэл буйдан ХХК-д мужаанаар ажилладаг тодорхой орлоготой зэргийг харгалзан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч Н.Х нь *******гийн үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн эзэмшлийн “... LG-X4 маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******д буцаан олгож, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч *******гийн 02211678 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 1215472 дугаартай жолоочийн үнэмлэхийг *******д буцааж олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3,2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хууийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч *******гийн эзэмшлийн... LG-X4 маркийн гар утас... битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******д буцаан олгосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч *******гийн 02211678 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 1215472 дугаартай жолоочийн үнэмлэхийг *******д буцаан олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА