Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2016/00328

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2016/00328

                  Улаанбаатар хот

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний Хэргийн Анхан шатны шүүхийн шүүгч Б.Сайханцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Э нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г ХХК-д / холбогдох

            500 ам доллар буюу 971.195 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 19-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э, гэрч А нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Золзаяа хөтлөв.                                                      

                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э 500 ам доллар буюу 971.195 төгрөгийг хариуцагч “Г” ХХК-иас гаргуулах шаардлага гаргажээ.

Би “Г” ХХК-тай 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард улсын Далиан хотод Бизнес удирдлагын чиглэлээр сургалтын тэтгэлэгээр магистрт суралцуулах нөхцлөөр гэрээ байгуулсан. Гэвч гэрээ байгуулснаас 10 хоногийн дараа буюу 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Г” ХХК-иас дээрх нөхцлүүдийн дагуу суралцуулах боломжгүй тухай мэдэгдсэн.

Миний бие дээрх нөхцлүүдийг хүлээн зөвшөөрөөгүй тул тус байгууллагад 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр амаар мэдэгдсэн. Мэдэгдэхдээ Нианжин хотыг санал болгосон. Би 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр албан ёсоор өргөдлөө өгсөн ч одоог хүртэл хариу ирээгүй байгаа.

            Иймд урьдчилгаа болох 500 ам доллар буюу 971.195 төгрөгийг “Г” ХХК-иас гаргуулж өгнө үү гэсэн.

Хариуцагч “Г” ХХК шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.

Гэрч А: 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард улсын Далиан хотод хамт сурч байсан “Г” ХХК-ийн захирлын хүүхэд гэх Б нь тэтгэлэг гарсан гэж зурвас бичсэн. Тэгээд Далиан их цэвэр хот тул хоёулаа хамт явья гэж Эад хэлсэн. Ингээд бид “Г” ХХК дээр хамтдаа очиж уулзсан.

“Г” ХХК-иас бидэнд 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хариу өгөөд бид Далиан хотод байхгүй Нианжин хотод байна бүтэн тэтгэлэг биш гэж ярьсан. Тэгээд хот болоод мэргэжил нь өөр болоод явсан учир бид зөвшөөрөөгүй. Мөн дараа нь би н.Батдамдинд хэлсэн “өөр хот байна мөнгөө буцаамаар байна” гэж хэлэхэд “тэгж байгаад ярья” гэсэн хариу өгсөн.

Саяхан уулзаад хэлэхэд “шүүхээр яваа” гэж хэлсэн. Бид өргөдөл бичсэн байгаа өргөдөлдөө Далиан хотод суралцах талаар хот нь заавал Далиан байхаар тусгаж өгсөн гэтэл хот нь өөрчлөгдсөн. Би өөрөө Далиан хотод сурч төгссөн учир Далиан хотыг маш сайн мэддэг тэр үүднээс найздаа санал болгосон гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хариуцагч “Г” ХХК-иас 500 ам доллар буюу 971.195 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Эад олгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж дараах байдлаар шийдвэрлэв.

Учир нь: “Г” ХХК, Э нарын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад тэтгэлгээр суралцуулах гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээний зорилго нь Монгол Улсын Иргэний болон бусад хууль тогтоомж, “Г” ХХК-ийн шалгуур болзол, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Их, дээд, сургууль, коллежид элсэн суралцах шалгуур болзлыг хангасан 16-35 насны Монгол Улсын иргэнийг өөрийн хүсэлтийн дагуу сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах болон энэхүү гэрээтэй холбоотой харилцааг зохицуулахаар ерөнхий нөхцөлөө тохирсон байна.

     Тус төв нь сургалтын хөтөлбөрийн үндсэн нөхцөлийг танилцуулах бөгөөд тавигдах шаардлага болон байгууллагын дотоод журамд заасан нөхцлийг хангасан Монгол Улсын иргэнтэй гэрээ байгуулах, уг гэрээг байгуулснаар суралцах хүсэлт гаргагчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, хөтөлбөрт хамрагдах талд холбогдох материалыг шилжүүлэх, хариу ирүүлэхтэй холбоотой төлбөр хураамжийг гаргуулах болон хөтөлбөрт хамрагдах хугацааг урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээжээ.

Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ, нэхэмжлэгч болон гэрчийн мэдүүлгээс дүгнэж үзэхэд “Г” ХХК, Эыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсад тэтгэлгээр суралцуулахад зуучлах зорилготой байсан байх ба Эаас Хятад улсад тэтгэлгээр суралцуулах гэрээний төлбөрийн урьдчилгаанд гэж 500 ам.доллар авчээ.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.6-д “Энэ хуулийн 198.1-198.5-д заасан журмаар гэрээний агуулгыг тодорхойлох боломжгүй бол гэрээний зорилгыг харгалзан талуудын нэгдсэн санааг тодруулах бөгөөд үүний тулд гэрээ байгуулахаас өмнө хийсэн хэлэлцээ, харилцан илгээсэн баримт бичиг, талуудын хооронд тогтсон практик, ажил хэргийн хүрээнд тогтсон заншил зэрэг нөхцөл байдлыг харгалзан үздэг тул нэхэмжлэгч Э Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Далиан хотод тэтгэлгээр суралцах хүсэл зоригооо илэрхийлсэн, хариуцагч “Г” ХХК нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Их, дээд, сургууль, коллежид элсэн суралцахад зуучлах үүрэг хүлээсэн байжээ.

Хариуцагч “Г” ХХК гэрээнд заасан үүргээ биелүүлсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд нэхэмжлэгчид 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тус төвөөс гэрээнд заасны дагуу суралцах боломжгүй, Нианжин хотод Олон улсын худалдааны чиглэлээр, тэтгэлгийн өөр нөхцөлөөр сургах боломжтой талаар мэдэгдэж, Э дээрх нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр амаар мэдэгдсэн, улмаар 04 дүгээр сарын 04-ний өдөр албан ёсоор өргөдөл өгсөн ч одоо болтол хариу ирэхгүй байгаа гэсэн тайлбар гаргасан.

Иймд зуучлагч “Г” ХХК зуучлуулагч Эаас олгосон бүрэн эрхийн дагуу хэлцэл хийх этгээдтэй холбон өгч үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй байгаа гэрээний зорилго биелэгдээгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Ингэснээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” байдаг байна.

Нэхэмжлэгч Эын хариуцагч “Г” ХХК-иас урьдчилгаанд төлсөн мөнгөө буцаан шаардах эрхтэй тул хариуцагчаас 971.195 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

          Хариуцагч “Г” ХХК-ийн захирал Х.Юмчмаа 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хариуцагчийг төлөөлж оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Мыг томилж, тэрээр нэхэмжлэлийн хувийг 2016 оны 04 дүгээр сарын 26-нд хүлээн авсан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэг” хүлээсэн боловч үүргээ биелүүлээгүй байна.

 

     Шүүхэд хариуцагч “Г” ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Нийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нэмж оролцуулахаар итгэмжлэл ирүүлжээ.

     Улмаар хариуцагчийн төлөөлөгч М, Н нарт 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 09:00 цагт товлогдсон шүүх хуралдааны мэдэгдэх хуудсыг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүргүүлсэн бөгөөд тухайн хугацаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.3‑т зааснаар маргааны үйл баримтыг татгалзаж, үгүйсгэж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргах, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй, эрхээ хэрэгжүүлэхэд нь шүүх саад болоогүйг дурдах нь зүйтэй.

     Иймд хариуцагчийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, ямар шалтгаанаар ирээгүй талаар шүүхэд мэдэгдээгүй бөгөөд нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар “Г” ХХК-иас 971.195 төгрөг гаргуулж, Эад олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид төлсөн 28.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “Г” ХХК-иас 28.550 төгрөг гаргуулж, Эад олгосугай.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                  Б.САЙХАНЦЭЦЭГ