Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 213/МА2024/00006

 

*******ын нэхэмжлэлтэй

*******д холбогдох иргэний хэргийн тухай

                                                          

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүгч Т.Ганчимэг, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 131/ШШ2024/00093 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй хариуцагч *******д холбогдох

Гэм хорын хохирол 12,341,250 төгрөг гаргуулах, эвэртэй бор үнээг зүсээр нь гаргуулахыг хүссэн иргэний хэргийг нэхэмжлэгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Цогдэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч *******ын анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар үндэслэлийн агуулга:

1914006610385 хэргийн 284 дүгээр шийдвэрээр эвэртэй бор үнээг зүсээр нь, тогтоолын 11 дүгээр хэсэгт 841,250 төгрөг, сартай бор үнээний 1 жилийн сааль, үр төл өнөөдрийг хүртэл гарсан зардлыг нэхэмжилж байна. 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 284 дүгээр шийдвэрээр ******* 2023 оны 5 дугаар сард бор алаг эр үхэр, сартай бор үнээг зүсээр нь авчирч өгсөн. 2022 оны үнээний сааль болох 1,100,000 төгрөг, төл болох бярууг 400,000 төгрөг, мөн *******д холбогдох 1914006610385, 201400060, 201400565 хэргүүдийн араас би Монгол Улсын ШСХ, УЕПГ, ШЕЗ, АГТ, ШШГГ-аар асар их гомдол гарган 2 жил явахдаа хэвлэл мэдээллийн байгууллагад хандсан 10,000,000 төгрөгийн зардал гарсан. Нийт мөнгөн дүн 12,341,250 төгрөг, эвэртэй бор үнээг зүсээр нь нэхэмжилж байгаа тул *******гаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч *******гийн анхан шатны шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 284 дүгээр шийдвэрийн дагуу гарсан 3,000,000 төгрөгийн зардал төлсөн. 2023 оны 5 дугаар сард 3 тооны үхэр авчирч өгсөн. Бор алаг үнээ гэдгийг мэдэхгүй. Хэвлэл мэдээллийн газраар гарсан зардлыг би төлөхгүй. ...Би үхрийг нь үхрээр төлж өгсөн байгаа...гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ын хариуцагч *******д холбогдуулан 12,341,250 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын нэхэмжилсэн эвэртэй бор үнээг зүсээр нь гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198,950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч *******ын тус шүүхэд гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагч ******* нь 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 5 сар хүртэлх хугацаанд надаас 10 тооны үхэр 21 тооны бог мал хулгайлан авч энэ болон бусад хэргээ өөрийн өмгөөлөгч болон анхан шатны нэг шүүгчээр аргалуулан өнөөдрийг хүрсэн. Бүгд тус бүрдээ гэрчтэй энэ хэргүүдээс шүүхээр 2 тооны үхрийн хэрэг 1914000610385 дугаартай эрүүгийн хэргийн 18284 дугаар анхан шатны шүүхийн тогтоолууд гарсан байдаг. ******* энэ малын хулгайн хэргүүдээ бусадтай бүлэглэн хийдэг, машин тэрэг оролцуулдаг ажлаа шүүх дээр ганцаараа үүрдэг. Хариуцагчийн тайлбараас үзэхэд  надад 3,000,000 төгрөг бусад зардалд төлсөн гэсэн байна. 284 дүгээр шийтгэх тогтоолд 3,385,000 төгрөг ямар учиртай болох нь маш тодорхой бус байна. Итгэмжлэгч /хууль ёсны/ *******ээр дамжуулан хэрэгсэхгүй болгосон. 12,341,250 төгрөгөөс  2,341,250 төгрөгийг дахин хэлэлцэж миний нэхэмжлэлийг шийдэж өгнө үү.

Нэхэмжилсэн эвэртэй бор үнээний хувьд хариуцагч зүсийг нь буруу тайлбар хийсэн байна. 284 дүгээр тогтоолд энэ үнээг шүүх зүсээр нь гаргаж өгөх шийдвэр гаргасан. Хэн нэгэн худалдан авагч, хэн нэгэн хулгайч, хэн нэгэн ШШГГ-н ажиллагаанаас болж Монгол Улсын шүүхийн шийдвэрээр  зүсээр гарсан юмыг зүсийг нь өөрчилж 2023 оны 5 сард шийдэж болохгүй. Миний эвэртэй бор үнээг энэ хугацаанд 4 настай байхад 2 настай өөр зүсмийн үхэр байж болохгүй байх үүнийг бас шийдэж өгнө үү./өмнөх шийтгэх тогтоолын нотлох баримтуудыг шинжлэн судлаагүй гэж үзэж байна/ гэжээ.

5. Нэхэмжлэгч *******ын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Монгол Улсын Үндсэн хууль тогтоомжид иргэн гомдол гаргахдаа 3 шатны шүүхээр гомдлоо хэлэлцүүлдэг. Хуулийнхаа дагуу шүүгдэгч *******д холбогдуулан 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 284 дугаартай шийтгэх тогтоол гарсан. Тухайн шийтгэх тогтоолыг эсэргүүцээд давж заалдах шатын шүүхэд гомдлоо гаргаад 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдсэн. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол нь дараах 3 үндэслэлтэй байсан. нэгдүгээрт: 841,000 төгрөгийг гаргуулах, хоёрдугаарт: Анхан шатны шүүхээс устгуулахаар заасан СD бичлэгийг хэрэгт хадгалуулах, гуравдугаарт: Анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр орсон ******* гэдэг хүн *******тай хамтран үйлдсэн. ******* гэдэг хүн миний 2 үнээг *******гаас авч зарчхаад бяруу зарсан үнэ болох 300,000 төгрөгийг өөрөө хэрэглэсэн байдаг. Харин үнээг зарсан үнэ болох 500,000 төгрөгийг *******гийн гэрт нь аваачиж өгсөн гэсэн үндэслэлээр давж заалдсан. 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн давж заалдах шатны магадлалыг эсэргүүцээд Улсын Дээд шүүхэд гомдлоо гаргасан. Гэтэл Улсын дээд шүүхээр миний гомдлыг хянуулаагүй талаарх нотлох баримт гарж ирсэн байна. Улсын дээд шүүхэд гомдол гаргасан миний гомдолд хариу ирээгүй байхад 2022 оны 4 дүгээр сард Анхан шатын шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжчихсэн байсан юм. Би гайхаад энэ хэргийнхээ талаар нэлээн хөөцөлдөж байгаад миний гомдол Улсын дээд шүүхээр хэлэлцэгдээгүй юм байна гэдгийг мэдсэнАнхан шатны шүүх хуралдаан дээр бүх нотлох баримтуудаа гаргаж өгсөн боловч аваагүй байсан. *******гийн ах *******ад 3 үхрээ зүсээр нь болон шүүхээс тогтоосон төлбөрийг өгчих юм бол давж заалдах шатны шүүхэд хандахгүй байя гэхэд “...чи чаддаг юм бол ахиад шүүхэд хандаад ав...” гэсэн. Мөн эхнэр н.Золзаяа нь ******* өмгөөлөгч өг гэвэл өгнө, өгөхгүй гэвэл өгөхгүй гэж хэлээд 2023 он хүртэл сунжруулсан. Тэгээд би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр очоод н.Амарсайхан гэдэг хүнтэй нь уулзсан чинь “тан дээр тийм төлбөр байхгүй” гэсэн. Тэгэхээр би гайхаад Шүүхийн тамгын газар ирээд асуутал “Танд холбогдуулж *******гаас төлбөр гараагүй байна” гэсэн. Гэтэл ******* шүүгч шийтгэх тогтоолдоо 3,385,000 төгрөг, 3 тооны үхрийн талаар  дурдаагүй байсан. Тэгээд намайг 5 хоногийн дараа хүрээд ир гэсэн би  хөдөө очиж ямаагаа самнах байсан учраас 5 хоногийн дараа ирж чадаагүй. 2022 оны 5 дугаар сарын сүүлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд хурандаа Амарсайхан дээр очсон чинь *******гийн дансыг нь битүүмжилчихсэн байгаа. *******гийн ялыг нь эдэлж дуусахаар өгдөг юм. Тэрнээс наана өгч чадахгүй ар гэр нь төлөхгүй гэж хэлсэн. Тэгээд би Баянхонгор аймаг дээрээс юу ч олж чадахгүй юм байна гэж бодоод Улаанбаатар хотод 2022 оны 6 дугаар сарын 14-нд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр нь очоод “...Таны асуудлуудыг шийдэж өгнө *******д холбогдоод гүйцэтгэх ажиллагаа чинь 3 дугаар сарын 20-нд ирсэн байна гээд 3,385,000 төгрөгийг нь гүйцэтгээд өгсөн. 3 үхрээ ялаа эдэлж дуусаад авчирч өгөх байх гэж бодоод яваад байсан. Гэтэл 2 жил өнгөрөхөд авчирч өгөөгүй. Тэгээд би хөөцөлдөж байж 2023 оны 4 сард 3 үхрээ ачаад ирсэн байсан. 2 үхэр нь зүсээрээ ирсэн харин нэг үхрийн оронд бяруу авчраад өгсөн байсан. Тэр бярууг нь авахгүй гэж хэлсэн. Тэгээд гүйцэтгэх ажиллагааг хаасан баримт дээр би гарын үсэг зураагүй. Миний өвөг дээдсээс уламжилсан эвэртэй бор үнээний удам судар тасарчих гээд байгаа учраас зүсээр нь авах гээд байгаа юм. Энэ хэргийг шийдсэн ******* шүүгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарт холбогдуулж хэвлэлд ярилцлага өгсөн чинь нэр хүндэд халдлаа гээд надад холбогдуулж гомдол гаргасан байсан. Мөн ******* шүүгчийн тушаалаар намайг сэтгэц мэдрэлийн өвчтэй гэж эмч томилж өгөх даалгавар Сүхбаатар дүүргийн 2 дугаар хэлтэст ирсэн байсан. Би 50 нас хүрч байгаа ч нэг ч удаа эмнэлэгт үзүүлж байгаагүй. Би өөрөө Шар хадны эмнэлэгт очиж шинжилгээ өгөх гэсэн боловч намайг эрүүл хүн байна гээд үзээгүй. Би гомдолтой байна. Үхрээ ирж хайсан бензиний зардал болон гомдол гаргасан материалын зардал гээд надаас нийт 10,000,000 төгрөг гаран зардал гарсан. Энэ хэргийн араас 5 жил хөөцөлдсөн ч надад нэг ч бензиний зардал гаргаж өгөөгүй учраас би гомдолтой байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

6. Хариуцагч *******гийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнуудын хамт 3 үхрийг нь амьчуулд байх айлын хашаанд зүсээр нь авчирч өгсөн. Энэ хүн одоо намайг гүтгээд байна. Одоо надад ярих юм байхгүй, төлөх төлбөр байхгүй, шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрийг барагдуулсан гэв.

ХЯНАВАЛ:

7. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд  хянаад  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

8. Нэхэмжлэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, бусад зардал 12,341,250 төгрөгийг гаргуулах шаардлагын үндэслэлээ “...эвэртэй бор үнээг зүсээр нь, аймгийн төвд өөрийн автомашинаар такси үйлчилгээнд явсан шатахууны зардал 841,250 төгрөгийг, сартай бор үнээний 1 жилийн сааль 1,100,000 төгрөгийг, төл болох бярууг 400,000 төгрөгийг нийт 2,341,250 төгрөгийг, мөн *******д холбогдох 1914006610385, 201400060, 201400565 дугаартай эрүүгийн хэргүүдийг шударгаар шийдвэрлүүлэх зорилгоор Монгол Улсын Шүүхийн сахилгын хороо, Улсын ерөнхий прокурор, Шүүхийн ерөнхий зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэвлэл мэдээллийн байгууллагад хандахад өөрөөс гаргасан 10,000,000 төгрөгийн зардлыг, нийт 12,341,250 төгрөгийг *******гаас гаргуулна...” гэж тодорхойлсон.

9. Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “..шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрийг төлсөн, үхрийг үхрээр нь төлсөн тул хүлээн зөвшөөрөхгүй..” гэж маргасан.

10. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “..Нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас буюу *******гийн гэмт үйлдлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол, олох байсан орлогыг мөнгөөр тооцон нэхэмжлэх үндэслэлтэй боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч *******ад 12,341,250 төгрөгийн хохирол, зардал гарсан болох нь тогтоогдохгүй байхаас гадна өөрт учирсан хохирлыг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, эвэртэй бор үнээг зүсээр нь гаргуулах нэхэмжлэлийг Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/284 дугаартай шийтгэх тогтоолын 9 дэх заалтаар шийдвэрлэсэн ..” гэж дүгнэжээ.

11. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/284 дугаартай шийтгэх тогтоолоор ... Хариуцагч ******* нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны үеэс 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутаг Овоот гэх газраас иргэн *******ын сартай бор үнээ, бор тарлан зүсмийн бяруу нийт 2 тооны сарлагийн үхрийг хулгайлан авч 1,100,000 хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, *******гаас үнээ 1, эр үхэр 1, бяруу буюу 1,100,000 төгрөг, сүү саалийн үнэ 3,385,000 төгрөгийг гаргуулж *******ад олгож шийдвэрлэсэн байна.

12. Нэхэмжлэгч ******* нь “...анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн шинжлэн хэлэлцээгүй, үндэслэлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийн шаардлагаас 2,341,250 төгрөгийг дахин хэлэлцэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү..” гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан.

13. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд “...нэхэмжлэгч *******ад 12,341,250 төгрөгийн хохирол, зардал учирсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлын талаарх нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдсан эвэртэй бор үнээг зүсээр нь гаргуулах шаардлагыг Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/284 дугаартай шийтгэх тогтоолын 9 дэх заалтаар шийдвэрлэсэн...” гэж дурдаж маргааны үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагыг эрх зүйн хувьд зөв тогтоон шийдвэрлэжээ.

14. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/284 дүгээр шийтгэх тогтоолоор хариуцагч *******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй.

15. Гэвч нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй байна.

15.1. Тухайлбал: *******гийн хулгайлсан гэх сартай бор зүсмийн үнээ нь өдөрт ямар хэмжээний сүү, саальтай болох, тухайн үеийн сүүний зах зээлийн үнэ хэдэн төгрөг байсан, нийт 1,100,000 төгрөгийн сүү, сааль авах боломжтой эсэхийг хөндлөнгийн нотлох баримтаар нотлоогүй, 841,250 төгрөгийн буюу аймгийн төвд өөрийн автомашинаар такси үйлчилгээнд явсан шатахууны зардал, *******д холбогдох хэргийг шударгаар, шуурхай шийдвэрлүүлэхийн тулд Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах дээд шатны байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандахад зарцуулсан гэх 10,000,000 төгрөгийн шаардлага нь энэ хэрэгт хамааралтай эсэх нь баримтаар тогтоогдоогүй болно.

15.2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог нь талуудын тэгш эрх, мэтгэлцэх зарчмын дагуу шаардлага, түүний үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгснөөр хэрэгждэг буюу эрх зүйн онолын диспозитив зарчимд үндэслэн шүүх шийдвэр гаргадаг процесс бөгөөд хэргийн оролцогчоос ихээхэн хамааралтай болохыг тайлбарлах нь зүйтэй.

16. Нэхэмжлэгч *******ын хариуцагч *******гаас эвэртэй бор үнээг зүсээр нь гаргуулах тухай шаардлагыг Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/284 дугаартай шийтгэх тогтоолын 9 дэх заалтаар шийдвэрлэжээ.

16.1. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар анхан шатны шүүх тухайн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж үзнэ.

17. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52,410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 131/ШШ2024/00093 дугаар шийдвэрийг  хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,410 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг, энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ

ШҮҮГЧИД Т.ГАНЧИМЭГ

Ш.БАТТОГТОХ