Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадарчийн Сайханцэцэг |
Хэргийн индекс | 101/2016/05168/И |
Дугаар | 181/ШШ2016/00252 |
Огноо | 2016-07-04 |
Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 181/ШШ2016/00252
2016 оны 07 сарын 04 өдөр | Дугаар 181/ШШ2016/00252 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатаар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Сайханцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: А нэхэмжлэлтэй,
Засгийн газрын нөөц сангаас 42.080.400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А, А, прокурор У, гэрч О, иргэдийн төлөөлөгч С нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Золзаяа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А нь "Н” ХХК-ийн нэрээр Америкийн Нэгдсэн Улс, Голланд, Бүгд Найрамдах Солонгос Улсад оюутан суралцах, ажиллах хөтөлбөрт хамруулна" гэж гэрээ байгуулах нэрийдлээр халхавчлан нэр бүхий 28 иргэнээс бэлэн мөнгө авч, зохих ёсоор үйлчилгээ үзүүлж, үйл ажиллагаа явуулалгүй залилан мэхэлж ихээхэн хэмжээний хохирол учруулсан гэдэг үндэслэлээр Эрүүгийн хуулийн 148.3-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж 2012 оны 8 дугаар сарын 14-нд сэжигтнээр тооцон мөрдөн байцаах ажиллагаа явуулж эхэлсэн. 2012 оны 11 дүгээр сарын 5-нд яллагдагчаар татаж, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 107/Я захирамжаар 2013 оны 3 дугаар сарын 28-наас 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаагаар Урьдчилан хорих 461 дүгээр ангид 60 хоног цагдан хорьсон. Дахин 2013 оны 6 дугаар сарын 14-нд Сүхбаатар дүүргийн 107/1 тоот захирамжаар 6 дугаар сарын 17-ноос 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 41 хоног Урьдчилан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон. Нийт 101 хоног цагдан хоригдсон.
Сүхбаатар дүүргийн Хяналтын прокурорын 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 901 тоот тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл 2013 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн Прокурорын 3 тоот тогтоолоор хэргийг сэргээсэн. Дараа нь 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн Прокурорын 74 тоот тогтоолоор нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтанд буцаасан. 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн прокурорын 336 тоот яллах дүгнэлт гарсан. 2014 оны 6 дугаар сарын 26-нд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 1453 тоот шүүхэд шилжүүлэх захирамж гарсан.
Гэтэд эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхээс 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 975 тоот Цагаатгах тогтоол гарсан юм.
Гэтэл Ц гэгч Эрүүгийн хэргийн 10 дугаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж, Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 114 тоот магадлал гарч хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр мөн шүүхээр дамжуулан Дүүргийн 1 дүгээр Прокурорын газарт буцаасан. Дүүргийн 1 дүгээр Прокурорын газрын 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 108 тоот тогтоолоор Мөрдөн байцаалтаас шилжиж ирсэн эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах тухай тогтоол гарч нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан болно.
2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Гарди эрүүгийн хэргийг хүлээн авч байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоол гаргаж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлсэн билээ. Ингээд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр гаргаж Дүүргийн 1 дүгээр прокурорын газар хянуулахаар хүргүүлж, улмаар Дүүргийн 1 дүгээр Прокурорын хяналтын прокурор, Хууль цаазын зөвлөх Д хянаж үзээд 2015 оны 5 дугаар сарын 27-ны 495 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгосон.
Нэхэмжлэгч А нь нотлогдоогүй хэрэгт хилсээр холбогдож урьдчилан хорих төвд 101 хоног хоригдож, сэтгэл санаа, нэр хүнд, эрүүл мэндээрээ асар их хохирол амссан юм. 2013 оны 3 дугаар сарын 28-наас 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 60 хоног, 2013 оны 6 дугаар сарын 17-ноос 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 101 хоног цагдан хоригдсон. Эрүүгийн хуулийн 59 дүгэрэ зүйлийн 59.3 дах хэсэгт заагдсанаар тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140.400 төгрөг байснаар тооцвол:
1404007x101 хоног=14.180.4007
Өмгөөлөгчид төлсөн хөлсөнд 500000 төгрөг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны-ны өмгөөлөгч Д-д, 2.000.000 төгрөгийг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны өмгөөлөгч Бд, 10.000.000 төгрөгийг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны-ны О-т тус тус өгсөн. Ингээд өмгөөллийн хөлс нийт 12.500.000 төгрөг,
А “Н” ХХК-ийг өөрийн 50.000.000 төгрөгийн хөрөнгөөр 1999 оны 11 дүгээр сарын 04-нд байгуулснаас хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн боловч Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн Байцаах Нэгдүгээр тасгаас 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /Хэргийн дугаар 201201041146/ гарч энэ өдрөөс компанийн бизнесийн үйл ажиллагаа тасалдаж, асар их хэмжээний санхүүгийн хохирол амсаж өдийг хүрлээ. Компани үүсгэн байгуулснаас хойш 13 жилийн турш 1 сарын цалинг 350.000 төгрөгөөр тооцож Нийгмийн даатгалын шимтгэл тогтмол төлж байсан. Иймд 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх 44 сарын цалинг 350.000x440=15.400.000. Иймд Засгийн газрын нөөц сангаас 42.080.400 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан боловч нотлох баримтаа үндэслэн 29.680.400 төгрөг болгон багасгаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э: Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд бусдын эд хөрөнгийг залилах гэж зөвхөн хүсэл зоригийн илэрхийллээр нотлогддог. Энэ хүмүүсийн хүсэл зоригийн илэрхийлэл байхгүй учраас гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болсон. Би шүүхэд нотлох баримтаар өгсөн. Тухайн асуудал бол шийтгэх тогтоолоор тогтоогдсон байдаг. Нотлох баримтын маргаантай байдаг зүйл бол өмгөөлөгчийн хөлстэй холбоотой баримт юм. Энэ асуудал бол ээж нь гэрээ байгуулдаг. Одоо Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 305 эрх үүснэ энэ хүн 3 өмгөөлөгчөөс туслалцаа авсан байдаг. Мөнгийг өмгөөлөгч нарт тус бүр нь төлсөн байдаг. Нийт 3 нэхэмжлэлийн шаардлага байгаа. Хэрэгт нотлох баримтаар хангалттай авагдсан учир 29.680.400 төгрөг болгож нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.
Прокурор У: Нэхэмжлэлийн шаардлагыг сонслоо цагдан хоригдсон тайлбартай холбоотой асуудал бол анх 47 нэр бүхий иргэн гомдол гаргасан байдаг. Энэ хуульд заасан үндэслэлээр эрүүгийн байцаан шийтэх үндэслэл дотор байж байсан учраас тухайн мөрдөн байцаагч цагдан хорьсон байх. Төлүүлэх үндэслэлгүй гэж үзсэн байдаг. Хэргийн холбогдогч өөрийгөө өмгөөлүүлэх эрхтэй гэрчийн мэдүүлгээр харагдаж байна. өнөөдрийн нотлох баримт хангалттай биш байна. Нэг компаний дунд нь төлж байсан гэсэн баримтууд гэх мэт баримтууд байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гэрч О: Гэрч: Би 3 хүүхэдтэй энэ манай дунд хүүхэд. Би Англи улсад цэвэрлэгч хийдэг байсан. Би боломжоороо ажилласан би өмгөөлөгчийг өөрөө хөөцөлдөж байгаад олсон. Би тэр хүнийг сайхан өмгөөлөөд өгөх байх гээд 500.000 төгрөг өгсөн. Даваа гэдэг хүн. Та Ч.Отгонбаатар өмгөөлөгчид 10.000.000 төгрөг өгсөн. Би Англи улсаас байнга ирдэг визтэй гэв.
Иргэдийн төлөөлөгч С: А нь хилсээр хоригдсон байгаа тул нэхэмжлэлийг хангах нь зөв гэж үзэж байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл болон, хариуцагчийн тайлбар түүнд хавсаргасан нотлох баримтууд, хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Гомдол гаргагч А нь Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны улмаас үндэслэлгүйгээр цагдан хоригдсонд 14.180.40 төгрөг, өмгөөлллийн хөлсөнд төлсөн 12.500.000 төгрөг, 44 сарын цалин 15.400.000 төгрөг бүгд 42.080.400 төгрөгийг төрөөс нөхөн гаргуулахаар гомдлын шаардлага гаргажээ.
Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн А хүсэлтийн заримыг хангаж шийдвэрлэв.
Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 396 дугаар зүйлийн 396.3-д “Эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай өргөдлийг цагаатгах тогтоол, хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлалыг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор гаргана” гэж заасан бөгөөд хүсэлт гаргагч А нь хохирол нөхөн төлүүлэх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шаардлага гаргажээ.
Хүсэлт гаргагч Аод Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах 1 дүгээр тасгаас 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн итгэл эвдэх аргаар авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Улмаар Сүхбаатар дүүргийн шүүх Аыг 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдөр дээрхи эрүүгийн хэрэгт сэжигтнээр тооцож, 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс яллагдагчаар татаж, цагдан хорьж, Сүхбаатар дүүргийн шүүх Яллагдагчаар цагдан хорих тухай 107/я захирамжаар 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдөр урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж 2 сар цагдан хорьж, мөн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 191/я дугаартай захирамжаар яллагдагчийг хорьж мөрдөх 1 дүгээр хугацааг сунгаж 30 хоногоор цагдан хорьж, 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 191/ө дугаартай захирамжаар яллагдагчийг цагдан хорьсон таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн байна.
Хүсэлт гаргагч А дээрх захирамжуудаар нийт 98 хоног цагдан хоригджээ.
Сүхбаатар дүүргийн хяналтын прокурорын 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 901 дугаартай тогтоолоор Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т заасан нэмэлт нотлох баримт цуглуулж, бүхий л ажиллагааг хийсэн боловч хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байдал тогтоогдсон үндэслэлээр Аод холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гаргасан байна. Улмаар 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 33 дугаартай Прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон эрүүгийн хэргийг сэргээн шалгаж, 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 495 дугаартай Прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгон эцэслэн шийдвэрлэсэн байна.
Гомдол гаргагч А нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 29.680.400 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгасан.
Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт заасан ... цагдан хоригдсон этгээдэд торгох ял оногдуулсан бол цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, торгох ялаас хасч тооцно ... гэж заасан байх бөгөөд хэрэгт ирүүлсэн баримтуудаар Аын цагдан хоригдсон 98 хоногийг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолоор батлагдаж, 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 140,400 төгрөгөөр тооцож, 13.759.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж Аод нөхөн олгов.
Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.5-д зааснаар хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсийг эд хөрөнгийг хохиролд тооцож нөхөн төлнө гэж заасан тул нэхэмжлэгч Аын эрүүгийн хэрэгт шалгагдах явцдаа 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр өмгөөлөгч О-тай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж 10,000.000 төгрөг, 2013 оны 04 дүгээр сарын 02- ны өдөр 13/04 дугаартай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр өмгөөлөгч Б-д 5.000.000 төгрөг тус тус төлсөн байна.
Харин өмгөөлөгч Д-д 500,000 төгрөг өмгөөллийн хөлсөнд төлсөн гэсэн боловч нэхэмжлэгч баримтаар нотлоогүй тул баримтаар тогтоогдсон 15.000.000 төгрөг гаргуулах тухай хүсэлтийг хангав.
Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр хууль бусаар цагдан хоригдсоны улмаас сэтгэл санаа болон эд хөрөнгөд учирсан хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140.400 төгрөгөөр тооцож, 13.759.200 төгрөг, өмгөөллийн хөлс 15.000.000 төгрөг, нийт 28.750.200 төгрөгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д зааснаар Засгийн газрын нөөц сангаас гаргуулан Аод олгож, гомдлын шаардлагын үлдэх хэсэг болох 921.200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т зааснаар Засгийн газрын нөөц сангаас 28.750.200 төгрөгийг гаргуулж гомдол гаргагч Аод олгож, гомдлоос 921.200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар Аын гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.САЙХАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Б.УУГАНБАЯР