Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/01128

 

“А-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Золзаяа, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2024/01888 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “А-” ХХК-ийн хариуцагч “Э-” ХХК-д холбогдуулан гаргасан 22,533,701 төгрөг гаргуулах тухай үндсэн, 184,436,109 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Р.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: “Хариуцагч “Э-” ХХК нь манай компанитай олон жил хамтран ажиллаж байгаа ба манай С- сүлжээ дэлгүүрийн хүнсний хэсгийн талбайг түрээсэлж бүх төрлийн ногоо, жимсийг борлуулдаг, манай компани нь кассаар борлогдсон барааны төлбөр тооцоог гэрээний дагуу дараа тооцоогоор шилжүүлдэг байсан. Талуудын хооронд 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 002-416 тоот “Түрээсийн гэрээ” байгуулагдсан байдаг.

“А-” ХХК нь санхүүгийн үйл ажиллагаагаа сайжруулахын тулд 2019 оны 10 дугаар сараас “И-” ХХК-ийн “И--6.0” санхүүгийн программыг худалдан авч, нэвтрүүлсэн. Гэтэл программ дээр алдаа гарч хэд хэдэн харилцагч түүний дотор “Э-” ХХК-ийн тооцоо буруу бодогдсон. Жимс, ногооны кассаар гарсан борлуулалтаас тухайн харилцагчийн барааны буцаалтыг хассан дүнгээр төлбөр тооцоог шилжүүлэх ёстой байтал программ буцаалтыг бүртгээгүйн улмаас “Э-” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны борлуулалтын төлбөр нь буцаалт хасагдаагүй дүнгээр илүү тооцогдож 23,137,071 төгрөгийг манай компани “Э-” ХХК-ийн дансанд илүү шилжүүлсэн байсан. Энэ талаар 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр манай компанийн санхүү, бүртгэлийн алба бааз өндөрлөхдөө мэдсэн. Мэдсэн даруйдаа “И-” ХХК-д хандахад тус компани нь шалгаад 23,137,071 төгрөгийн зөрүү үүссэн болохыг баталсан. Ингээд “Э-” ХХК-д тэр даруй мэдэгдэхэд захирал Ч.О- нь шүүхээрээ яв гэсэн хариу өгсөн. Тэгээд бид 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тухайн үеийн харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 4 шүүгч дамжин, жил гаруй болсны эцэст хариуцагч янз бүрийн шалтаг хэлж удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж, эцэст нь үл ялих шалтгаанаар хэргийг буцаасан. Дахин нэхэмжлэл гаргахад захирал Ч.О- нь шүүхээс явуулсан мэдэгдлийг буцааж, хаяг дээрээ оршин суудаггүй гэж удаа дараа худал хэлж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ мэт шалтгаанаар бид 2021 оны 02 дугаар сараас одоог хүртэл мөнгөө буцаан авч чадаагүй

хохирсоор байна. Эцэст нь бид хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2022/01962 дугаар шийдвэрээр цагдаагийн байгууллага албан ёсоор хаягийг тогтоосноор нэхэмжлэлээ дахин гаргасан.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэгдэж байхад шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 181/Ш32021/10260 дугаар захирамжаар “Шинэ баланс аудит” ХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан байдаг. Шинжээч нь санхүүгийн анхан шатны баримтуудад шалгалт хийж 23,137,071 төгрөгийн зөрүү үүссэн гэж дүгнэсэн. Үүнээс “Э-” ХХК-ийн тухайн үед манайх руу шивсэн НӨАТ-ын дүнг хасаад 21,033,701 төгрөгийг нэхэмжилж байгаа юм.

“Э-” ХХК-ийн захирал Ч.О-тэй холбогдож болсон үйл баримтын талаар тайлбарлаж, илүү шилжүүлсэн мөнгөө буцаан авах тухай, бичиг баримт, тооцоотой танилцах шаардлагатай байгаа талаар мэдэгдэхэд шаардлага хүлээн авдаггүй, төлдөггүй юм. “Э-” ХХК-ийн дээрх үйлдэл нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг зөрчиж байна. Үүнээс гадна шүүгчийн захирамжийн дагуу томилогдсон шинжээч “Шинэ баланс аудит” ХХК-ийн хөлс 1,500,000 төгрөгийг манай компани төлсөн.

Иймд "Э-” ХХК-д илүү шилжүүлсэн 21,033,701 төгрөг, шинжээчийн зардалд төлсөн 1,500,000 төгрөг, нийт 22,533,701 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ““Э-” ХХК нь “А-" XXК-ийн С- сүлжээ дэлгүүр дээр жимс, ногооны тасгийг түрээслэн ажиллаж байсан бөгөөд түрээсийн гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусах ёстой байсан боловч “А-” ХХК-ийн зүгээс жимс, ногооны тасгаа өөрсдөө ажиллуулах сонирхолтой байгаагаа мэдэгдээд 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэрээгээ цуцалсан.

Бид сар бүр тогтмол 1,356,000 төгрөг, мөн борлуулсан бүтээгдэхүүний орлогын 15 хувиар бодож түрээсийн төлбөр түрээслэгчид төлдөг байсан.

Гэрээний талууд сар бүрийн эцэст тухайн сард хийсэн борлуулалтыг тулгаж, нягтлан тооцоо нийлж баталгаажуулдаг байсан ба ийнхүү тооцоо нийлж баталгаажуулахдаа “А-” ХХК нь борлуулалтын орлогоос тухайн сарын түрээсийн төлбөрийг суутган авдаг байсан. Хамгийн сүүлд түрээсийн гэрээг цуцалж, түрээсийн талбайг хүлээлгэн өгөхөд “Алтан жолоо” трейд ХХК-ийн салбарын удирдлага, аж ахуй болон санхүүгийн албаны холбогдох ажилтнууд бүх тооцоог манай компанитай нийлж, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэн, тооцоо дуусгавар болж, “Э-” ХХК нь ямар нэгэн тооцоо өргүй болохыг баталгаажуулсан. Гэтэл одоо санхүүгийн программын алдаанаас болж илүү шилжүүлсэн гэх 21,033,701 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Барааны буцаалт гэж тайлбарлаж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Учир нь зарим цөөхөн тохиолдолд худалдан авагч нар худалдан авсан бараагаа буцаах тохиолдолд бид өөрсдөө худалдан авагч нартай шууд харилцаж тэдний гомдлыг барагдуулдаг байсан. Мөн “А-” ХХК нь санхүүгийн тайландаа 19,989,175 төгрөгийн авлагаар бүртгэсэн байсан ч 21,033,701 төгрөг нэхэмжилж байна. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн өглөг, авлагын дэлгэрэнгүй бүртгэлээс тооцож үзэхэд үнийг дүн зөрүүтэй гарч байна. Түүнчлэн “И-” ХХК-ийн үндэслэлгүй, зөрүүтэй гаргасан тооцооллоор гаргасан шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч талын өөрсдийн программын алдаанаас үүссэн зардал буюу шинжээчийн хөлсийг манай компани хариуцах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: “Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэж байхад шүүгчийн 2021 оны 09 дүгээр  сарын 15-ны өдрийн 181/Ш32021/0260 дугаар захирамжаар “Шинэ баланс аудит'" ХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан. Шинжээч санхүүгийн анхан шатны баримтуудад шалгалт хийж, 23,137,071 төгрөгийн зөрүү үүссэн гэж дүгнэсэн ба тухайн үед хүлээн авсан дүнгээрээ НӨАТ-аа шивсэн тул НӨАТ-ын дүнг хасаж, 21,033,701 төгрөгийг, шинжээч “Шинэ баланс аудит” ХХК-ийн ажлын хөлс 1,500,000 төгрөгийг  төлсөн учир тус тус гаргуулна гэж тайлбарладаг. “Шинэ баланс аудит” ХХК-ийн дүгнэлтийн “А-” ХХК-ийн харьяа С- сүлжээ дэлгүүрийн 2019 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түрээсийн тасгийн борлуулалтын өглөг тооцоо нийлсэн дэлгэрэнгүй бүртгэлээр нийт 3,070,569,919.68 төгрөг байна гэсэн нь борлуулалтын нийт дүн сар бүрээр хэдэн төгрөг болох гэсэнтэй нийцээгүй. Өөрөөр хэлбэл борлуулалтын нийт орлого гэдэг нь тухайн компани хэдэн төгрөгийн борлуулалт хийснийг хэлэх бөгөөд өглөг авлагын дэлгэрэнгүй тооцоогоор тооцсон нь өөрөө үндэслэлгүй, борлуулалтыг бүрэн харуулах боломжгүй юм. Гэтэл манай компани тухайн цаг хугацаанд 3,255,006,028.71 төгрөгийн борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрч тайландаа тусгасан байдаг. Дутуу тооцсон нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Түүнчлэн зөвхөн нэг талын гаргасан алдаатай программтай, өглөг авлагын дэлгэрэнгүй тооцоогоор дүгнэлт гаргасан нь өөрөө эргэлзээтэй байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, НБОУС-д борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрөх зарчмыг заасан байдаг. Хариулт 2.5-д ...2019 оны 10 дугаар сарын 01-ний эхний үлдэгдэл 31,488,623.53 төгрөгийн түрээсийн борлуулалт 3,070,569,919.68 төгрөг олгох ёстойгоос хоорондын тооцоогоор 3,097,193,107.21 төгрөгийг олгож, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 4,865,436 төгрөгийн өр төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулсан хэдий ч талууд кассаар борлуулалтын барааны буцаалтын гүйлгээг тооцоогүй байна гэдэг нь ойлгомжгүй байна. Асуулт 2.6-д “А-” ХХК-ийн суутгалын дүн хэд байх ёстой, суутгалын дүн суутгагдсан эсэх дээр хариулахдаа: “И-” ХХК-аас “А-” ХХК-ийн С- сүлжээ дэлгүүрүүдэд ашиглаж байсан ERP 6.0 системийн түрээсийн тохиргоотой тасгуудаас “Э-” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн хугацааны борлуулалтын мэдээллийг өгөгдлийн сангаас буцаалтын гүйлгээг шалгаж 23,137,071 төгрөгөөр тогтоосон байна гэж дүгнэсэн. Гэтэл “И-” ХХК нь программын хөгжүүлэлт хийдэг, “А-” ХХК-ийн программыг хариуцан ажилладаг компанийн гаргасан дүгнэлтээр дүгнэсэн нь аудитын компани өөрсдөө уг дүгнэлтийг гаргаагүй, зөвхөн программ хийж өгдөг, аудит хийх эрхгүй компанийн тогтоосноор дүгнэлтээ бичсэн нь өөрөө хууль бус байна. “А-” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн санхүүгийн тайланд “Э-” ХХК-аас 19,989,175.39 төгрөгийг авлагаар бүртгэж тайлагнасан байна гэж дүгнэсэн. Энэ нь нэхэмжлээд байгаа, түүнчлэн “И-” ХХК-ийн гаргаж өгөөд байгаа өглөг авлагын тооцоолол алдаатай байгааг харуулж байна. Ямар шалтгааны улмаас программ нь алдаа заасан тухай программ хариуцсан “И-” ХХК-аас үндэслэлтэй тайлбар ч байдаггүй. Манай компани “А-” ХХК-ийн борлуулалтын орлого 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 30-ныг дуусталх хугацаанд 3,255,006,028.71 төгрөгийн орлогыг хүлээн зөвшөөрсөн баримт хавтаст хэрэгт ч байдаг.

Иймд олгох ёстой байсан гэх уг 3,070,569,919.68 төгрөг нь 3,255,006,028.71 төгрөг байсан гэж үзэж байгаа тул зөрүү 184,436,109.03 төгрөгийг “А-” ХХК-аас гаргуулахаар шүүхэд мэдүүлэх эрхийнхээ хүрээнд сөрөг нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: “Манай компани 2019 оноос эхлэн “И-” ХХК-ийн санхүүгийн программыг нэвтрүүлж, программын шинэчлэлт хийсэн. Программ дээр алдаа гарч 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд кассаар гарсан борлуулалтаас буцаалт 23,137,071 төгрөгийг “Э-” ХХК-ийн борлуулалтын төлбөрийг шилжүүлэхдээ хасалт хийгээгүй шилжүүлсэн нь үнэн буюу баримтуудаар нотлогдоно. Холбогдох бүх баримтуудыг хэргийн материалд хавсаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад тусгасан 184,436,109.03 төгрөгийн үнийн дүн нь ямар ч тооцооллын болон хууль зүйн үндэслэлгүй болно. “Э-” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд борлуулалтын орлогоо хүлээн зөвшөөрч тайландаа тусгасан гэх 3,255,006,028.71 төгрөгийг шалгахад 2019 оны 10 дугаар сараас өмнөх саруудын татварын албанд хугацаандаа тайлагнаагүй хуримтлагдсан байсан 268,814,840 төгрөгийн борлуулалтын орлого нь орсон байна. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “Татварын тайлан тушаах, татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол татвар төлөх, тайлагнах хугацаа адил байна” гэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана” гэж тус тус заасан. Манай компани “Э-” ХХК-тай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу түүний харилцах дансанд цаг тухай бүрт нь төлбөр тооцоог шилжүүлдэг байсан боловч “Э-” ХХК нь хуулийг хэрэгжүүлдэггүй буюу хуулийн хугацаандаа борлуулалтын орлогоо татварын албанд тайлагнадаггүй Ebarimt-аа шивдэггүй, манай компаниас хүлээн авсан дүнгээр бус дурын дүнгээр, хэзээ ч хамаагүй шивдэг байсан ба тухайн алдаа нь сар бүр гарч байсан болно. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад тусгасан зөрүү гэх үнийн дүн нь үүнтэй холбоотой.

“Э-” ХХК нь хуулийг хэрэгжүүлдэггүй буюу манай компаниас харилцах дансаараа хүлээн авсан борлуулалтын орлогоо татварын албанд хуулийн хугацаандаа үнэн зөв мэдүүлдэггүй Ebarim-аа шивдэггүй, сар бүр дутуу, буруу мэдүүлж байсан байна. Энэхүү зөрчлөөсөө болж хугацаа хоцорч мэдүүлсэн борлуулалтын орлогоо манай компаниас дутуу мөнгө авсан мэтээр тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э-” ХХК-аас 22,533,701 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А-” ХХК-д олгож, нэхэмжлэгч “А-” ХХК-д холбогдуулан 184,436,109.03 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Э-” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270,618 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,080,131 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 270,618 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: “Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул бүхэлд нь эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

6.а. Хэдийгээр шинжээчийн дүгнэлтийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар томилсон байх боловч уг дүгнэлтийг гаргахдаа шинжээч нар “И-” ХХК-ийн гаргаж өгсөн тодорхойлолтыг баримтлан, нөгөө талдаа “А-” ХХК-ийн гаргаж өгсөн өглөг авлагын бүртгэл дээр үндэслэн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтийг гаргахдаа Аудит нь аудитын үйл ажиллагаа явуулахдаа мэргэжлийн үл итгэх байр сууринаас хандах зарчмыг баримтлаагүй нь шинжээчийн дүгнэлтэд дурдсан “...Асуулт 2.6 “А-” ХХК-ийн суутгалын дүн хэд байх ёстой, суутгалын дүн суутгагдсан эсэх гэхэд Хариулт 2.6-д “И-” ХХК-иас “А-” ХХК-ийн С- сүлжээ дэлгүүрүүдэд ашиглаж байгаа ЕРР 6.0 системийн түрээсийн тохиргоотой тасгуудаас "Э-” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацааны борлуулалтын мэдээллийн өгөгдлийн сангаас буцаалтын гүйлгээг шалгаж, 23,137,071 төгрөгөөр тогтоосон байна” гэснээс тогтоогдоно. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 11.1.1.7 дахь заалтад дурдсан гаргаж болохгүй том зөрчил бөгөөд үүнийг шүүх хуралдааны үеэр анхааруулж хэлсээр байтал энэ талаас шүүх дүгнэлт гаргаагүй, шүүхээс тодруулаагүй нь зохигчдыг бүрэн мэтгэлцүүлж чадаагүй, эргэлзээтэй байдлыг үүсгэж, үнэн бодит байх шаардлагыг хангаагүй үндэслэл болсон ба цаашлаад, шүүхийн шийдвэр буруу гарахад нөлөөлсөн.

Өглөг авлагын дэлгэрэнгүй бүртгэлийг тооцож үзэхэд, 12,091,850 төгрөгийн зөрүү гарсан ба энэ нь шүүхийн шийдвэрээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн 21,033,071 төгрөгөөс хасагдах байсан ба нэхэмжлэлийн шаардлагын кассын борлуулаптын буцаалтаар илүү төлсөн гэх 21,033,071 төгрөгөөс 12,081,850 төгрөгийг хангахгүй орхиж, 8,951,221 төгрөгийг хангаж шийдвэрлэх үндэслэл болох байсан. Цаашлаад Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл бүрэн хангагдсанаар аудитын зардлыг хариуцагч төлөхөөр болсон нь мөн өөрчлөгдөх нөхцөл болох байсан. Гэтэл шүүх үүнийг тодруулж, тооцооллын алдааг шалгаагүйн улмаас шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадсангүй. Энэ нь мөн шүүхийн шийдвэр буруу гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.

Түүнчлэн аудитын дүгнэлтээр 3,070,569,919.68 төгрөг олгох ёстой байснаас  3,097,193,107.21 төгрөг олгосон байна. Илүү төлөлтөөр НӨАТ хасаад 21,033,701 төгрөг болно гэж дүгнэсэн нь эргэлзээтэй.

Учир нь аудитын дүгнэлт үнэн зөв байсан бол олгосон дүнгээс олгох ёстой байсан дүнг хасахад 26,623,187.53 төгрөг болно. Гэтэл 21,033,701 төгрөг НӨАТ 2,103,370 нийт 23,137,071 байх нь зөв юм гэж дүгнэсэн нь хөндлөнгийн аудит хараат бус байх чадвараа алдсан гэж үзэж байна. Энэ нь тооцооллын алдаанууд борлуулалтын орлогод суурилаагүй, зөвхөн өглөг авлагын бүртгэл дээр үндэслэсэн учир байнгын зөрүү дагуулдаг.

“А-” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний дагуу талууд сар бүрийн эцэст тухайн сард хийсэн борлуулалтыг тулгаж, нягтлан тооцоо нийлж батапгаажуулдаг байсан ба ийнхүү тооцоо нийлж батапгаажуулахдаа “А-” ХХК нь борлуулаптын орлогоос тухайн түрээсийн төлбөр, элэгдлийн зардлыг суутган авдаг ч түрээсийн орлогод ноогдох өөрсдийн суутгаж авсан ямар ч дүнгээс татвар төлдөггүй, манай компанид төлбөрийн баримт (E.barimt) огт шивж өгдөггүй байсан нь тогтоогддог. Энэ авсан суутгал тус бүрт төлбөрийн баримт олгож, төлбөрийн баримтыг “А-” ХХК-аас “Э-” ХХК-д шивж өгөх үүргээ биелүүлээгүй нь холбогдох татварын хуулийг зөрчиж, Зөрчлийн тухай хуулийн 11.19.8.1-д заасан торгуулийн арга хэмжээ авахуулах үндсэн нөхцөл бүрдсэн байна гэж үзэж байна.

Гэтэл уг байдлыг аудитаар илрүүлээгүй нь санхүүгийн анхан шатны баримтыг нэг бүрчлэн үзэж, тусгасан гэдэгтэй нийцээгүй.

Аудиторын туслах Ш.О- гэрчээр оролцохдоо Кассын буцаалтын анхан шатны баримтыг нэг бүрчлэн тулгаж үзсэн гэж тайлбарласан. Хариуцагч талаас кассын буцаалтын анхан шатны баримтыг гаргуулъя, хавтас хэрэгт зайлшгүй авагдах шаардлагатай баримтыг нэхэмжлэгч талаас гаргаж байж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэж, үнэн зөв гарах үндэс болно гэсэн боловч уг хүсэлтийг хангаагүй нь маргааны гол нөхцлийг үүсгэсэн. Хавтаст хэрэгт уг кассын буцаалтын анхан шатны баримт байдаггүй ба "анхан шатны баримт" гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог ойлгоно. Энэ үед кассын буцаалттай холбоотой анхан шатны баримт байхгүйгээр уг хэрэг маргааныг шийдвэрлэсэн.

6.б. Хариуцагч “Э-” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж ирүүлсэн Санхүүгийн байдлын тайлан-Баталгаажсан баримтууд нь захирлын гарын үсэг, тамга тэмдэггүй буюу хуульд заасан журмын дагуу авагдаагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй баримт байна гэж дүгнэсэн атлаа санхүүгийн баримт-баталгаажсан гэдэг үг өгүүлбэрийн утгыг ойлгоогүй буюу Сангийн яамнаас баталгаажсан уг санхүүгийн тайланг эх хувиар өгснийг шаардлага хангаагүй гэж дүгнэсэн нь сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болсон нь нотлох баримтаар эх хувиар өгсөн нотлох баримтыг буруу үнэлж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Гэтэл төлбөрийн баримтаар ирүүлсэн баримтыг үзэхэд нотлох баримтаар хангагдаж байгаа хэдий ч борлуулалтын орлогын үлдэгдэл 184,436,109.03 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй болох нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь адилхан QR бүхий эх хувиар ирүүлсэн нотлох баримтыг харилцан адилгүй нотлох баримтаар үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй.

6.в. Мөн нэхэмжпэгчээс “Манай харилцах дансаар хүлээн авсан борлуулалтын орлогоо татварын албанд хуулийн хугацаанд үнэн зөв мэдүүлдэггүй. E barimt-аа шивдэггүй, сар бүр дутуу, буруу мэдүүлж байсан байна. Энэхүү зөрчлөөсөө болж хугацаа хоцорч мэдүүлсэн борлуулалтын орлогоо манай компаниас дутуу мөнгө авсан мэтээр нэхэмжилж байна” гэх тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй гэж дүгнэсэн нь шүүх хуралдааны үед гаргасан зохигчдын тайлбар нотлох баримтаар үнэлэгддэг байхад дүгнэлтийг үгүйсгээгүй гэж дүгнэсэн нь зөвхөн баримтаар нотлоогүй нь шүүх хуралдааны үед мэтгэлцсэн байдлыг авч хэлэлцэх боломжгүй, сөрөг нэхэмжлэлийг хангахгүй байх үндэстэй гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Харин “А-” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад хамрагдаж буй хугацаагаар буюу 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх нийт борлуулалтын орлого 3,255,006,028.71 төгрөг бөгөөд энэ дүнгээр хүлээн зөвшөөрч, борлуулалтын орлогод ноогдох НӨАТ-ыг “Э-” ХХК-иас “А-” ХХК-д олгосон. Үүнийг шүүхээс тодорхойгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2024/01888 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

7.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар, үүнтэй холбоотой баримтыг цуглуулж өгөх үүрэгтэй. Хариуцагч тал энэ үүргээ биелүүлээгүй. Шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа мэтээр тайлбар гаргаж байна. Шүүхээс шинжээч томилсон, шинжээчийн дүгнэлттэй талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад танилцсан. Өнөөдрийн ярьж байгаа тайлбарыг гаргах эрх байсан боловч ямар нэгэн байдлаар хүсэлт, гомдол гаргаагүй, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Хариуцагч компани шинжээчийн дүгнэлттэй танилцсан тул хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Хариуцагч тал өнөөдрийн ярьж байгаа зүйлээ шүүх хуралдаан болгон дээр ярьдаг учраас манай компанийн зүгээс шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор шинжээч Ш.О-ийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан. Хариуцагч талаас шинжээчээс асууж, тодруулах зүйл гарч байсан учраас гэрчээр оролцуулж өгнө үү гэх хүсэлт гаргасныг хангаж, гэрчийг шүүх хуралдаан оролцуулсан. Асууж лавлах зүйлээ асууж лавласан тул шинжээчийн дүгнэлттэй холбоотой хариуцагчийн ярьж байгаа асуудал гараагүй. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд хэдийгээр нэхэмжлэх эрх байгаа боловч 184,000,000 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлгүй. Санхүүгийн баримтаа гаргаж өг, ямар баримтаар нотолж байгаа юм гэхээр 3 дугаар хавтаст хэргийн 143 дугаар хуудаснаас эхлүүлээд тайлан баланс, хариуцагч компанийн ямар ч тамга, тэмдэггүй нэмэгдсэн өртгийн албан татварыг шивж байсан баримтаа өгөөд 3,255,000,000 төгрөг гэж гаргасан. 3,255,000,000 төгрөг гэж тайлан гаргасан эсэхийг нягталж шалгасан боловч 3,255,000,000 төгрөг гэж байдаггүй. Тайлангаа бууруулаад 2,755,000,000 төгрөг гэсэн байдаг. 3,090,000,000 төгрөг авах ёстой. 3,255,000,000 төгрөгийн татварын тайлангаа өгсөн. Хариуцагч татварын тайлангаа хэрэгт нотлох баримтаар өгсөн гэж ярьдаг. Шүүхээс нотлох баримтуудыг үнэлсэн. Гэтэл санхүүгийн тайланд хариуцагч компанийн захирлын гарын үсэг, тамга тэмдэг байхгүй. Баталгаажсан гэх тайлан нь хуульд заасан журмын дагуу авагдаагүй. Нотлох баримтын шаардлага хангахгүй баримтуудыг хэрэгт гаргаж өгдөг ба үүгээрээ 184,000,000 төгрөг нэхэмжилдэг. Үүнтэй холбоотойгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримт буюу хэргийн үйл баримтыг нотлох буюу үгүйсгэх байдлаар мэтгэлцэх эрхтэй. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, үүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөх үүрэгтэй. Мөн хуулийн 42 дугаар зүйлд зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит байдалд нийцсэн байна гэж заасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Анхан шатны шүүх хуралдаан маш удаан үргэлжилсэн, хурлын тэмдэглэл хэрэгт авагдсан. Шүүх буруутай гэж гомдол гаргасантай санал нийлэхгүй. 184,000,000 төгрөгийг нэхэмжилж буй компани 13 хуудас баримт ирүүлсэн. Үндсэн нэхэмжлэлийн хувьд “И-” ХК-ийн программыг оруулж ирсэнтэй холбоотой аль аль талаас нь дүгнэлт гаргуулсан. Талууд анхан шатны баримтуудаа өгч үндэслэл бүхий шинжээчийн дүгнэлт гарсан. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хүчин төгөлдөр гарсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү” гэжээ.

                                             

                                                              ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч “А-” ХХК нь хариуцагч “Э-” ХХК-д холбогдуулан 22,533,701 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч 184,436,109 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4.Зохигчид 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, хариуцагч “Э-” ХХК нь нэхэмжлэгч “А-” ХХК-ийн С- супермаркетад жимс, ногооны зориулалтаар талбай түрээслэхээр тохиролцож, улмаар түрээсийн гэрээ дуусгавар болсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /2хх-ийн 19-27-р тал/

            4.а.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “түрээсийн гэрээ хэрэгжих хугацаанд хариуцагч “Э-” ХХК-ийн барааны буцаалт нь программ дээр бүртгэгдээгүйн улмаас 23,137,071 төгрөгийг хариуцагчид илүү шилжүүлсэн, үүнээс НӨАТ-ын дүнг хасаж, 21,033,701 төгрөгийг, шинжээчийн зардал 1,500,000 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулна.” гэж тайлбарласан байна.

 

            4.б.Нэхэмжлэгч “А-” ХХК-ийн санхүү, хүний нөөц, бараа удирдлага, С- сүлжээ дэлгүүрүүдийн борлуулалтын системийн ERP 6.0 праграммыг “И-” ХХК хариуцан ажилладаг байх бөгөөд тус компанийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн тодорхойлолтод “... “Э-” ХХК-ийн борлуулалтын мэдээллийг өгөгдлийн сангаас шалгаж үзэхэд 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд барааны буцаалт болон барааны жинг орон андуурч бичсэн алдааг засварласан кассын залруулга /буцаалт/ нь 23,137,071 төгрөг байна. 23,137,071 төгрөг нийт борлуулалтын дүнгээс хасагдах ёстой байсан боловч программ буцаалтыг зарлага гэж бүртгээгүйн улмаас борлуулалтын нийт дүнд орж бүртгэгдсэн байна” гэжээ. /1хх-ийн 88-р тал/.

 

            4.в.“А-” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Э-” ХХК-д холбогдох иргэний хэрэг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байх хугацаанд тус шүүх нэхэмжлэгч “А-” ХХК-ийн хүсэлтээр 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Шинэ баланс аудит” ХХК-ийг шинжээчээр томилсон байх бөгөөд шинжээч дүгнэхдээ “А-” ХХК нь “Э-” ХХК-аас салбаруудын бараа борлуулалтын буцаалтын нийт 23,137,071 төгрөгөөс, НӨАТ-ын 2,103,370 төгрөг, авлагын 21,033,701 төгрөгийг хоорондын өр төлбөрийн дүнгээс суутгаагүй байна гэжээ. /1хх-ийн 208-212-р тал/

 

            4.г.Дээрх шинжээчийн дүгнэлт хууль зөрчсөн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна хариуцагч “Э-” ХХК нь тус дүгнэлтийг няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлт нь нотолгооны хэрэгсэлд хамаардаг тул анхан шатны шүүх тус дүгнэлтийг үндэслэн, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч “Э-” ХХК-аас 22,533,701 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “А-” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

            Өөрөөр хэлбэл, хариуцагч “Э-” ХХК нь дээрх мөнгөн хөрөнгийг хууль буюу гэрээний үндсэн дээр авсан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Анхан шатны шүүх гэрээний бус үүргийн талаар зохицуулсан Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчтой болсон, энэ талаарх хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

            5.Борлуулалтын орлого гэх 184,436,109 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв байна. Учир нь зохигч шаардлага, татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамтай.

            5.а.Хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлээ нотлохоор гаргаж өгсөн санхүүгийн тайлан, баримтууд нь нэг талын баримт байхаас гадна, гарын үсэг, тамга тэмдэггүй, эрх бүхий байгууллагаар баталгаажаагүй баримт байна. Иймд эргэлзээ бүхий тус баримтуудыг үндэслэн, сөрөг нэхэмжлэлийг хангах боломжгүй тул энэ талаарх хариуцагч талын гомдлыг мөн хангахгүй орхив.

            6.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 10068 дугаар захирамжаар хариуцагч “Э-” ХХК-ийн давж заалдах гомдолд төлвөл зохих улсын тэмдэгтийн хураамжаас 680,000 төгрөгийг хойшлуулж шийдвэрлэсэн байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Э-” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 680,000 төгрөг гаргуулж, улсын төсвийн 100200700941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2024/01888 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Э-” ХХК-ийн төлсөн 670,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 680,000 төгрөгийг хариуцагч “Э-” ХХК-аас гаргуулж, улсын төсвийн 100200700941 тоот дансанд оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ЗОЛЗАЯА

 

                                                ШҮҮГЧ                                 Э.ЗОЛЗАЯА

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.ДАВААДОРЖ