Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/01129

 

 

Ц.Х-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Энэбиш, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2024/01388 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Х-гийн хариуцагч Г.Л-, Ч.Б- нарт холбогдуулан гаргасан хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай маргаантай хэргийг хариуцагч Г.Л-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Г.Л-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: “А-” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох Ч.Б-, Г.Л- нар нь 2013 оны 09 дүгээр сард надтай уулзаж, өөрсдийн эзэмшиж буй тус компанийн хувьцааг надад шилжүүлэхээр тохиролцож, 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Хувьцаа бэлэглэлийн гэрээ” болон “Эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус байгуулсан байдаг. Гэрээ байгуулсны дараа Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн албанд компанийн хувьцаа эзэмшигчийг өөрчлөн бүртгүүлэхэд “А-” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн бусад хувьцаа эзэмшигчид болох Х.Н, Ш.Ц нартай холбоо тогтоож чадаагүй тул Ч.Б- болон Г.Л- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н тэдний өмнөөс нь гарын үсэг зурж компанийн бүртгэлийг хийлгэсэн.

Гэтэл хувьцааны шилжилт хөдөлгөөн хийгээд удаагүй байтал Сүхбаатар дүүргийн Татварын албанаас намайг дуудаж “А-” ХХК-д хийсэн 2010-2012 оны татварын хяналт шалгалтын үр дүнд  өнгөрсөн он жилүүдэд хуулийн дагуу төлөх ёстой татвараа удаа дараа төлөөгүй зөрчил илэрч, их хэмжээний татварын өртэй тул акт тавьсан. Тухайн үед бусад хувьцаа эзэмшигчдээ хайж, холбоо тогтоох гэсэн оролдлого хийсэн ч огт холбогдож чадаагүй. Мөн эрх шилжүүлэгч, хариуцагч Ч.Б- нь за санаа зоволтгүй, би зохицуулна, манай өмнөх нягтлан бодогчид итгэмжлэл өгчих гэж надаар компанийн нэрийн өмнөөс итгэмжлэл хийлгэж авснаас хойш нэлээн удаан хугацаа өнгөрсөн. Ч.Б-, Г.Л- болон бусад хувьцаа эзэмшигчид нь хоорондоо холбоотой хүмүүс учир үүссэн татварын өрөө төлчихсөн байх гэж бодож байтал хариуцагч Ч.Б-, Г.Л- болон  бусад хувьцаа эзэмшигчид нь ямар ч арга хэмжээ аваагүй. Мөн Ч.Б-, Г.Л- нар нь бэлэглэлийн болон эрх шилжүүлэх гэрээ байгуулах үед “А-” ХХК дээр татварын шалгалт орж байгаа, одоогоор хариу гараагүй гэхдээ ямар ч асуудал байхгүй, байсан ч би зохицуулаад өгөх болно гэж хэлсэн. Мөн Татварын албанаас татварын өргүй гэсэн тодорхойлолтыг авч надад үзүүлсэн төдийгүй, компанийн бусад хоёр хувьцаа эзэмшигчид болох Х.Н, Ш.Ц нар зөвшөөрсөн, асуудалгүй гэж надад ойлгуулсан боловч өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй байдалтай байгаа бөгөөд миний бие ч өр төлбөртэй компаниа хуурч мэхлэн надад шилжүүлсэн учир тус ямар ч үйл ажиллагаа явуулаагүй.

Б.Б, Г.Л- нар өөрсдийнх нь хувь эзэмшдэг компани дээр нь татварын өр төлбөр үүсэж магадгүй нь тодорхой болмогц нэн яаралтайгаар компанийнхаа хувьцааг надад ямар ч өр төлбөргүй гэж худал хэлэн, татварын албанаас өргүй гэсэн тодорхойлолт авч үзүүлж гэрээ хийснээс гадна хуурамчаар бусад хувьцаа эзэмшигчдийнхээ гарын үсгийг үйлдэж хувьцаа шилжүүлэх ажиллагааг хийсэн нь үнэн бодит байдлыг нуун дарагдуулж, татварын бүх өр төлбөрийн хариуцлагыг надад үүрүүлэх санаа зорилго анхнаасаа байсан нь ойлгомжтой болсон төдийгүй, Ч.Б- болон Ц.Х-, Г.Л- болон Ц.Х- нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тус тус байгуулагдсан “Хувьцаа бэлэглэлийн гэрээ” болон “Эрх шилжүүлэх гэрээ” нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж хийсэн хэлцлийн шинжийг бүрэн агуулсан, үнэн бодит байдлыг нуун дарагдуулсан, шилжүүлж буй хувьцаа, түүнд хамаарах эрхийн доголдлыг нуусан, худал мэдээлэл өгсөн байх тул тус гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байгаа билээ. Шүүхээс нэхэмжлэгчийг хуурч мэхэлж байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсоноор татварын жинхэнэ өр төлбөр төлөгч нар болох Ч.Б-, Г.Л- нар нь компанийнхаа хувьцааг буцаан авч татварын албанд төлөх ёстой өр төлбөрөө өөрсдөө барагдуулах үүрэгтэй болох төдийгүй, зүв зүгээр байж байгаад гэнэтхэн 100 гаруй сая төгрөгийн өр төлөх ёстой болсон нэхэмжлэгч миний зөрчигдсөн эрх сэргээгдэх болно.

Тиймээс, хуурч мэхлэх замаар байгуулсан Ч.Б-, Ц.Х- нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан “Хувьцаа бэлэглэлийн гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ” болон Г.Л- болон Ц.Х- нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан “Хувьцаа бэлэглэлийн гэрээ” болон “Эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.

Ч.Б- нь дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч эвлэрсэн тул нэхэмжлэгчийн зүгээс Ч.Б-г хамтран хариуцагчаар татсанаас татгалзаж, түүнд холбогдох шаардлага болох Ч.Б- болон Ц.Х- нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан “Хувьцаа бэлэглэлийн гэрээ” болон “Эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна” гэжээ.

 

2. Хариуцагч нар хариу тайлбар гаргаагүй болно.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Х-, Г.Л- нарын хооронд байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, гэрээний дагуу шилжүүлсэн “А-” ХХК-ийн нэг бүр нь 1 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 250,000 ширхэг хувьцааг Ц.Х-н эзэмшлээс Г.Л-гийн эзэмшилд буцаан шилжүүлж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Х- нь хариуцагч Ч.Б-тай эвлэрэн хэлэлцсэн шалтгаанаар түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Л-гээс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч Г.Л-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Хариуцагчийн зүгээс шүүхэд хүсэлт гаргаж, хариуцагч Ч.Б-г биечлэн оролцуулах, хэргийн үйл баримтын талаар үнэн зөв мэдээлэл авах хүсэлтийн дагуу түүнийг оролцуулахаар захирамж гаргасан боловч хариуцагч Ч.Б- ирээгүй, түүний эзгүйд хэргийг шийвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Мөн миний бие Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хурал давхцсан талаараа утсаар мэдэгдэж, хүсэлт явуулсан байхад эзгүйд шийдвэрлэсэн. Энэ нь талуудыг бүрэн байлцуулаагүй хэргийг эрх тэгш мэтгэлцүүлэхгүйгээр нэг талыг баримтлан шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн байна.

4.2.2013 оны гэрээг үндэслэн, хөөн хэлэлцэх хугацаа зөрчиж гомдол гаргасныг харгалзсангүй. Мөн Компанийн тухай хууль болон Иргэний хуулийн дагуу компанийн дүрэм, шийдвэрүүд, татвар, санхүүгийн тайланг харгалзсангүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Ч.Б-тай эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан ба шүүхэд 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хамтран хариуцагч болон нэхэмжлэлийн зарим хэсгээсээ татгалзсан. Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгоно. 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Ж.Бат-Амгаланг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон. Үүнээс хойш хариуцагч талын хүсэлтийн дагуу шүүх хурал 4 удаа хойшилсон. Шүүх хариуцагчийн мэтгэлцэх эрхийг хангасан. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өр төлбөртэй холбоотой шаардлага тавьсан. Хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж үзэж байна. Тухайн гэрээний харилцаа үүсээгүй. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүрэг яригдахгүй учраас 10 жилийн дотор нэхэмжлэл гаргасан. 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр татварын акт гарсан. Үүнээс хойш буюу 2024 оны 01 дүгээр сараас хойш бэлэглэлийн гэрээгээр шаардсан. Хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэл гаргасан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.                                    

                                                              ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч Ц.Х- нь хариуцагч Г.Л-, Ч.Б- нарт холбогдуулан бэлэглэлийн гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Б-д холбогдох шаардлагаасаа татгалзсан байна. /хх-ийн 40-р тал/

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.  

 

4.Хариуцагч Г.Л- нь “А-” ХХК-ийн 25 хувийн хувьцаа эзэмшигч байх бөгөөд Г.Л-, Ц.Х- нар нь 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээ болон бэлэглэлийн гэрээ байгуулж, Г.Л- нь өөрийн эзэмшлийн 25 хувь буюу нэг бүр нь 1 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 250,000 ширхэг хувьцааг Ц.Х-д бэлэглэсэн болох нь талуудын тайлбар, компанийн эрх шилжүүлэх гэрээ болон бэлэглэлийн гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 14-17-р тал/

 

4.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... “А-” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсны дараа тус компанид татварын хяналт шалгалт хийгдэж, татварын өртэй гэх үндэслэлээр акт тавигдсан, компанийн хувьцааг шилжүүлэн авах үед татварын өр төлбөрийн талаар надад мэдэгдээгүй, намайг хууран мэхэлж гэрээ байгуулсан” гэж тайлбарласан байна.

 

4.2.Нэхэмжлэгч Ц.Х- нь “А-” ХХК-ийн хувьцааг шилжүүлэн авах үед тус компани нь татварын өр төлбөртэй байсан үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан татварын улсын байцаагчийн акт, тодорхойлолт зэргийг үндэслэн зөв тогтоож, нэхэмжлэгч Ц.Х-, хариуцагч Г.Л- нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бусд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй.

 

4.3.Хууран мэхэлсэн гэдэгт хэлцлийн нөгөө тал санаатайгаар хэлцэл хийх үндэслэлд хамаарах нөхцөл байдлын талаар худал хэлэх, худал мэдээлэл өгөх, эсхүл мэдэгдэх ёстой нөхцөл байдлын талаар мэдэгдээгүй байх зэргийг ойлгодог. Хариуцагч Г.Л-гийн хувьд хэлцэл хийх үндэслэлд хамаарах нөхцөл байдлын талаар бодит мэдээллийг нэхэмжлэгч Ц.Х-д өгсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

4.4.Түүнчлэн, анхан шатны шүүх хариуцагч Г.Л-д 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох зохигчийн эрх, үүргийг тайлбарлан танилцуулжээ. /хх-ийн 35-36-р тал/

 

4.5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцдог журамтай. Хариуцагч Г.Л- нь нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэл, тайлбараа шүүхэд гаргаагүй байх тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

4.6.Мөн хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд диспозитив буюу талуудын зарчим үйлчлэх бөгөөд хариуцагч Г.Л- нь анхан шатны шүүх дэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор аливаа тайлбар гаргаагүй. Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг өөрийн татгалзлын үндэслэл болгож мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

4.7.Анхан шатны шүүх хариуцагч талын хүсэлтээр удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь товлон зарласан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасанд нийцсэн, энэ талаарх хариуцагч талын гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй болно.

 

4.8.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Х- нь хариуцагч Ч.Б-д холбогдох шаардлагаас татгалзсан, Ч.Б- шүүх хуралдаанд оролцоогүй явдал нь хариуцагч Г.Л-гийн эрх ашгийг хөндөөгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагч Г.Л-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2024/01388 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.ЦОГТСАЙХАН

 

                                                ШҮҮГЧ                                               Э.ЭНЭБИШ

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Г.ДАВААДОРЖ