Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2016/00131

 

 

 

 

 

 

 

 

             2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2016/00131

 

          Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Сайханцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “А” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянаад

6.459.501 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Э” ХХК-ийн захирал О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Золзаяа хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Э” ХХК хариуцагч “А” ХХК-д холбогдуулан 6.459.501 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

"Э" ХХК болон "А" ХХК-ийн хооронд харилцан тохиролцсоны дагуу аман хэлэлцээрээр "Э" ХХК бетон зуурмаг нийлүүлэх, "А" ХХК зуурмагийг хүлээн авах, үнийг төлөх үүрэг тус тус хүлээсэн.

Тохиролцсон бетон зуурмагийг худалдагч тал нь хуваарийн дагуу худалдан авагч талд нийлүүлж дууссан боловч худалдан авагч төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй юм.

2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр талуудын үйлдсэн тооцоо нийлсэн актаар "А" ХХК нь нэхэмжлэгч "Э" ХХК-д 10,122,750 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй тооцоо гарсан. Мөн 2016 оны 02 дүгээр сарын 04-ний өдөр "А" ХХК нь 16/06 тоот Нийлүүлсэн бетон зуурмагийн төлбөрийн тухай баримтад дээрх мөнгийг хугацаа заан төлж дуусгана, тохиролцсон хугацаандаа төлж дуусгахгүй бол сарын 5,5 хувийн хүүтэйгээр үлдэгдэл мөнгийг төлж дуусгах болно" гэж харилцан тохиролцсоноор 336,751 төгрөгийн хүү төлөхөөр байна. Дээрх албан бичигт заасан хугацаанд "А" ХХК нь 4,000,000 төгрөг төлсөн бөгөөд албан бичигт заасан хугацаа дуусч төлбөрөө төлөхийг шаардахад шүүхдээд аваарай гэх зэргээр хэлж үлдэгдэл мөнгийг төлөхгүй байна. Мөн удаа дараа албан бичиг явуулж төлбөр төлөхийг шаардахад төлөхгүй байгаа учир шүүхэд хандаж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд нэхэмжлэгч "Э" ХХК-д бетон зуурмаг худалдсаны төлбөрийн үлдэгдэл болох 6,122,750 төгрөг, түүний сарын 5,5 хувийн хүү болох 336,751 төгрөг нийт 6,459,501 төгрөгийг хариуцагч "А" ХХК-иас гаргуулж өгнө үү гэсэн.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н: Хариуцагч "А" ХХК бетон зуурмаг худалдан авч үлдэгдэл төлбөрөө төлөөгүй гэдгээ зөвшөөрсөн. Мөн нэхэмжлэгч байгууллага албан бичгээр шаардаж байсан. Хариу тайлбар албан ёсоор гаргасан байсан. Бид танилцсан. Тодорхой хэмжээний үлдэгдэл дээр л маргаж байгаа. Нэгэнт харилцан тохиролцож авсан өгсөн дээрээ маргахгүй байгаа. 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн талуудын тооцоо нийлсэн акт байдаг. Энэ дээр Оюунбилэг нар харилцан тохиролцоод тооцоо нийлсэн. Мөн тохиролцсон хугацаанд төлбөрөө төлж дуусахгүй бол сарын 5.5 хувиар хүү тооцно гэсэн байна.  Нийт 6.450.000 төгрөгнөөс дансаар шилжүүлсэн 500.000 төгрөгийг хасаад хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээ болох 5.622.750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.

Хариуцагч “А” ХХК нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч маргаж байна.

“А” ХХК нь 2015 оны 6 дугаар сараас доороо зоорьтой 5 давхар үйлчилгээний зориулалттай барилга барихаар бүх техникийн нөхцөл, барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг хууль, журмын дагуу авч газар шорооны ажлаа эхэлсэн.

Барилгын зуурмаг нийлүүлэх хүсэлтэй 6 компаний борлуулалтын менежерүүд ирж санал тавьсанаас “Э” ХХК чанартай зуурмаг нийлүүлэх, бид хүлээн авсан зуурмагийн үнийн дүнгийн 70%-ийг бэлнээр төлөх нөхцөлийг 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр харилцан тохиролцсон.

“Э” ХХК-иас нийт 51.842.500 төгрөгийн 352 м3 зуурмаг хүлээн авч үнийн дүнгийн 80.5% болох 41.719.750 төгрөгийг “Э” компаний инженер Чд бэлнээр кассын орлогын баримтаар, захирал Оийн хувийн 5021517053 тоот дансанд шилжүүлгээр, нягтлан бодогч өөрийн биеэр кассын орлогын баримтаар болон хувийн данснуудад шилжүүлгээр авсан.

Бид зуурмагийн төлбөрийн үлдэгдэл мөнгийг 2015 оны намраас ХААН болон ХАС банкнаас барилгадаа зориулсан зээл авч бүрэн төлөхөөр тохиролцсон байсан хэдий ч ХААН банкны зээлийн хорооны хурлаар 2 удаа материал оруулсан боловч Монгол банкнаас арилжааны банкиудад 2015 онд барилгын санхүүжилт олгохгүй гэсэн шийдвэрийн улмаас бидний банкнаас зээл авах асуудал боломжгүй болсон.

Энэ нөхцөл байдлаас болж бид ганц “Э” ХХК биш ажил гүйцэтгэсэн хүмүүс, компани хөлс, зээлээр авсан түүхий эд, барилгын материалын үнийг төлж чадахгүй байдалд орж харилцагчидтай үнэн байдлыг танилцуулан боломжоороо төлөхөөр тохиролцож, хэл амаа ололцож ирсэн.

Харин энэ үед “Э” ХХК-ийн зүгээс байнга утсаар ярьж дарамтлах, хэл амаар доромжлох, шөнийн цагаар гэр оронд 4-5 хүн дайран орж ирж, хүмүүсийн амгалан тайван байдал алдагдуулах, гэр оронд хашгичих, албан контор, төрийн албан хаагч манай эзний албан тасалгаанд 3-8 хүн дайрч орох, хүмүүсээр янз бүрийн зүйл яриулах зэрэг зохисгүй үйлдлүүдийг байнга хийж ирсэн. баталгаажуулах материалууд байгаа. Энэ үйл явцад бидний зүгээс “Бид нөхцөл байдлаас үүссэн өртэй нь үнэн, өрөө төлөхгүй гэж хэлээгүй, төлнө. Харин бид гэмт хэрэгтэн биш, та нар ингэж өдөр, шөнөгүй дарамтлах, нэр хүндэд халдах эрхгүй” гэж хэлсэн боловч өнөөг хүртэл дарамталж байна. Эндээс улбаалан төрд алба хашдаг хүний үнэт зүйл болох нэр төрд халдсаны хохиролыг нэхэмжлэх эрхээ эдлэх болно.

Зуурмагийн хувьд тус компаний инженер гэх Ч бетон аваач гэж гуйж ирээд гуйсаар байж өгчихөөд, бид хэдийгээр өглөгтэй ч гэсэн тэдний бүтээгдэхүүнийг авч борлуулж өгсөн. Иймд манай нөхцөл байдлыг тэд харгалзан үзэх ёстой. Бид дарамтлуулан байж боломжоороо төлбөр хийж ирсэн. 2016 оны 1 дүгээр сард тооцоо нийлсэн актаар 10.122.750 төгрөгийн өглөгийн тооцоотой байсныг эдийн засгийн хямрал нүүрлэсэн, зээл олгогдохгүй байгаа хэдий ч өөрийн бүх боломжийн хирээр нийт 4.500.000 төгрөг төлж нийт 46.219.750 төгрөгийн тооцоог барагдуулж одоо 5.622.750 төгрөгийн өглөгтэй байгаа. Шүүхийн нэхэмжлэлээр өгсөн тооцоонд Оийн нөхөр Ц.Болдын 5064508809 тоот дансанд 2016 оны 4 дүгээр сарын 15-нд шилжүүлсэн 500.000 төгрөгийн тооцоо хасагдаагүй байгааг уламжлая.

2016 оны 2 дугаар сарын 4-ний өдөр “Э” ХХК-ийн бүлэг хүмүүс “Танайх цагаан сарын өмнө 3.000.000 төгрөг төл, үлдсэн мөнгийг нь 4 дүгээр сарын дотор төл, төлөхгүй бол 5.5%-ын хүү тооцно” гэж акт үйлдэж өгсөн. Энэ байгууллага ямар хууль, эрх зүйн үндэслэлээр хүү тооцож байгааг, биднийг байнга дарамталсаныг шүүх харгалзаж үзэх байх гэж найдаж байна. Бид өөрийн бүх боломжоо шавхан байж цагаан сарын өмнө 3.000.000, дараа нь 1.500.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөг төлсөн.

Өнөөдрийн байдлаар банкиудаас барилгын зээл гарахгүй байгаа учир бид ямарч зээл аваагүй, хөрөнгө оруулагч хайж байна.

Бодитоор үнэлэхэд “Э” ХХК-д төлөх 5.622.750 төгрөгийн өглөгийг сонгуулийн дараагаас банк, эсвэл хөрөнгө оруулагчаас мөнгө олдсон тохиолдолд шууд төлнө, хэрэв мөнгө олдохгүй тохиолдолд бололцооныхоо хирээр 2016 ондоо багтааж төлнө гэсэн.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч болон, хариуцагчийн тайлбар түүнд хавсаргасан нотлох баримтууд, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгч “Э” ХХК 6.459.501 төгрөгийг хариуцагч “А” ХХК-иас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж дараах байдлаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан шүүхийн харьяаллыг зөрчөөгүй байна.

“Э” ХХК болон “А” ХХК нь бетон зуурмаг шилжүүлэх гэрээг амаар тохиролцон 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 09-ний хооронд “Э” ХХК-д M150, M200, М300 маркийн 352 м.кв цементийн бетон зуурмагийг “Э” ХХК нийлүүлж “А” ХХК үнэ төлөх үүрэг хүлээсэн Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д заасан зээлээр худалдах худалдан авах гэрээг байгуулсан байна. Талууд зээлийн гэрээнд маргаагүй.

Хариуцагч “А” ХХК-ийн хүү төлөх үндэслэлгүй гэж маргасан боловч нэхэмжлэгч “Э” ХХК хариуцагч “А” ХХК-тай 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тооцоо нийлж, үлдэгдэл 7.122.750 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг баталгаажуулан 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төлж дуусгахаар, хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол гүйцэтгээгүй үүрэгт 5.5%-ийн хүү тооцохоор талууд тохиролцсон байна. Хэдийгээр хариуцагч “биднийг байнга дарамталсан” гэсэн тайлбар гаргасан боловч үүнийг баримтаар нотлоогүй.

Тооцоо нийлснээс хойш хугацаанд дахин бетон зуурмаг нийлүүлээгүй байх бөгөөд хариуцагч “А” ХХК 4.500.000 төгрөгийн төлөлт хийснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч маргаагүй. Талуудын төлбөрийн үлдэгдэл 5.662.750 төгрөг байна.

Иймд хариуцагч “А” ХХК нь гүйцэтгээгүй үүрэг 5.622.750 төгрөг, хүүд 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 309.251 төгрөгөөр тооцож, нийт 5.932.001 төгрөгийг хариуцагчаас шаардаж, нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан хэмжээгээр хариуцагчаас гаргуулав.

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК төлөөлүүлэх эрхээ 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн итгэмжлэлээр Эад олгосон нь хууль зөрчөөгүй байна.

Хариуцагч “А” ХХК нь шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгч О, өмгөөлөгч Н нарын хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлтээр Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шүүх шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар “А” ХХК-иас 5.932.001 төгрөгийг гаргуулж “Э” ХХК-д олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар “Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118.310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 104.914 төгрөгийг гаргуулж “Э” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ                              Б.САЙХАНЦЭЦЭГ