Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2024/01169

 

 

С.Д-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Энэбиш, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2024/01319 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Д-ын хариуцагч “М-” ХХК, “А-” ХХК, Б.Э- нарт холбогдуулан гаргасан гэрээний дагуу гүйцэтгээгүй ажлын хөлс, хохирол, алдангид нийт 400,344,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, 2021 оны 08 дугаар  сарын 26-ны өдрийн “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хариуцагч “А-” ХХК, Б.Э- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж, хариуцагч “М-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Саруул, өмгөөлөгч Ш.Алтангадас, хариуцагч “А-” ХХК, Б.Э- нарын өмгөөлөгч М.Цогтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: “Миний бие С.Д- нь өөрийн гэр бүлийн өмчлөлийн хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг “О-” хотхонд байрлах 1003 м.кв талбайтай хувийн сууцандаа засвар хийлгэх зорилгоор хариуцагч “И-” ХХК буюу “М-” ХХК-ийн захирал Б.Э-тэй 2022 оны 03 дугаар сараас харилцаж эхэлсэн.

“И-” ХХК-ийн захирал Б.Э- нь тус сууцтай танилцаад нийт 914 м.кв талбайд 6 нэр төрлийн засварын ажлыг 509,193,435 төгрөгийн үнэлгээтэй хийх боломжтой гээд тухайн үнийн дүнгийн хүрээнд ажлын төсөв боловсруулж ирүүлсэн. Уг төсвийг нэхэмжлэгчийн зүгээс зөвшөөрч, хариуцагч “И-” ХХК нь 2022 оны 03 дугаар сард засварын ажлаа эхлүүлсэн. Тухайн үед бид бичгээр гэрээ байгуулаагүй ч хийгдэх ажлын хэмжээ хязгаар, ажлын хөлс зэргийг тодорхой тохиролцсоноор талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйл йн 343.1 дэх хэсэгт заасан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний агуулгыг тодорхойлсон хэлцэл хийгдсэн. Уг хэлцлээр хариуцагч “И-” ХХК засварын ажлыг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дуусгаж хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан.

Гэвч хариуцагч “И-” ХХК нь хэлцлээр тохиролцсон хугацаанд засварын ажлыг дуусгах боломжгүй нь тодорхой болж, түүнд ажлаа дуусгавар болгохыг нэхэмжлэгч С.Д- миний зүгээс удаа дараа шаардсан. Түүнчлэн “И-” ХХК ажил гүйцэтгэх явцдаа хэвийн ажиллаж байсан дулааны шугамыг эвдсэн, засвар хийсэн гэх таазны ажлуудад хагарал үүссэн, өрөө хоорондын дулааны ажлыг бүрэн гүйцэд хийгээгүй, паркетин шалны зориулалт, технологийг зөрчиж угсарсны улмаас 100 м.кв шал эвдэрсэн гэх мэт гүйцэтгэгчийн ажлын алдаанаас шалтгаалан засварын ажил удааширч, мөн нэхэмжлэгчид нийт 77,150,000 төгрөгийн бодит хохирол учирсан.

2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр засварын ажлыг дуусгавар болгох зорилгоор талууд харилцан тохиролцож, 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр №220501 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г бичгээр байгуулсан боловч хариуцагч нь өмнө хэлэлцэн тохиролцсон хэлцэл болон бичгээр байгуулсан гэрээний үүргээ биелүүлүүлээгүй болно.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч “И-” ХХК-д 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 709,353,462 төгрөгийн төлбөрийг тус компанийн захирал Б.Э-ийн ХААН банкин дахь 5007178876 дугаарын дансаар шилжүүлсэн ба үүнээс  316,253,462 төгрөг нь гэрээний үүрэгт хамааралгүй буюу бараа материалын үнэ. Харин үлдэх 393,100,000 төгрөг нь гэрээний дагуу хийх засварын ажлын төлбөр юм.

Хариуцагч Б.Э-тэй засварын ажил гүйцэтгэсэн хэмжээнд тооцоо нийлж, нийт 203,354,000 төгрөгийн ажлыг /материалын зардлыг оруулан тооцоод/  нэхэмжлэгч тал хүлээн авч, үлдэгдэл 189,746,000 төгрөгт ногдох ажил болон материал дутуу байгааг гаргасан байдаг.

Иймд хариуцагчаас гүйцэтгээгүй ажлын хөлс 189,746,000 төгрөг, эд хөрөнгөд учруулсан хохирол болон доголтой хийсэн ажлын засварын зардалд 77,150,000 төгрөг, гэрээний дагуу алданги 133,448,000 төгрөг, нийт 400,344,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү” гэжээ.

 

2.Хариуцагч “М-” ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: “С.Д- нь “А-” ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан байх ба тус компанийн гүйцэтгэх захирал Б.Э- гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Гэрээний эхний хэсэгт гүйцэтгэгчээр “И-” ХХК-ийн нэрийг дурдаж, түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал Б.Э-тэй харилцан тохиролцож байгуулав гэснээс үүдэн ажил гүйцэтгэгч талыг “И-” ХХК гэж тодорхойлон шүүхэд хариуцагчаар татжээ.

Гэвч тус гэрээний 9.1.2 дахь заалтад заасан ажил гүйцэтгэгч талын мэдээллээс үзэхэд ажил гүйцэтгэгч нь Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Самбуугийн гудамж, Твин ком тауэр 5 тоот хаягт байрлах “А-” ХХК байх бөгөөд тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болоод гүйцэтгэх захирал нь хамтран хариуцагч Бээжин овогтой Энхтөгөлдөр байна.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэх удирдлага нь компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах ба тухайн гэрээ байгуулах үеийн байдлаар болон одоогийн байдлаар ч “И-” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Ц.Б- байх бөгөөд энэ нь “М-” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдоно.

Өөрөөр хэлбэл 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулах үед Б.Э- нь “И-” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, харин итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Ц.Б- байсан, түүнд уг гэрээг байгуулах эрх олгоогүй байна.

Харин С.Д- нь Хаан банкин дахь өөрийн 5085031818 тоот данснаас, мөн өөрийн “З-” ХХК-ийн Төрийн банкин дахь 106030084624 тоот данснаас хамтран хариуцагч Б.Э-ийн 5007178876 тоот данс руу төлбөр мөнгийг шилжүүлж байсан байх ба энэхүү гэрээний хүсэл зориг, агуулга, хэлбэрээс харвал С.Д- нь гэрээг “А-” ХХК-тай байгуулсан болох нь тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан баримтаар Б.Э- нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 7 дугаар хэсэг “О-” хотхонд байрлах 1003 м.кв талбайтай хувийн сууцанд засварын ажил гүйцэтгэхээр С.Д-оос хөлс төлбөр авсан байдаг.

Энэ төлбөрөөс Ц.Б-н данс руу 260,397,500 төгрөг шилжүүлсэн, үүнээс 21,200,000 төгрөгийг Б.Э- өөрөө буцаан авсан.

Ц.Б- нь үлдэх 239,197,500 төгрөгөөс 31 сая төгрөгөөр барилгын ажилд, 9,600,000 төгрөгөөр барилгын нураалт, 68,580,000 төгрөгөөр шал цутгалт, 103 сая төгрөгөөр заслын ажил, 10,800,000 төгрөгөөр хаалганы ажил зэрэг, ойролцоогоор 200 сая гаруй төгрөгөөр нэхэмжлэгчийн тус сууцанд засварын ажил хийсэн. Үлдэгдэл 38 сая гаруй төгрөг нь Ц.Б-н ашиг гэж үзэж байна.

Иймд “М-” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

3.Хариуцагч “А-” ХХК, Б.Э- нарын тайлбар, татгалзлын агуулга: “2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу нэхэмжлэгч С.Д-оос шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг “А-” ХХК болон Б.Э- нар нь хувьдаа ашигласан эсвэл тухайн компани, иргэний хувиар барилгын ажилд зарцуулаагүй болно.

Нэхэмжлэлийн шаардлагад 709,353,462 төгрөгийг Б.Э-ийн Хаан банкны данс руу шилжүүлсэн гэж нотлох баримт гаргасан байдаг. Үүнээс 393,100,000 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт зарцуулсан нь тодорхой болж байна.

С.Д-оос барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг тэр даруй “М-” ХХК-ийн захирал Ц.Б-н Хаан банкны 5753545237 тоот данс руу, нягтлан Г.Г-ын Хаан банкны 5040366766 тоот данс руу, талбайн инженер Ц.Б-ийн 5163144611 тоот данс руу тус тус шилжүүлсэн ба эдгээр данснууд нь компанийн кассын данс хэлбэрээр ашиглагдаж байсан болно.

“М-” ХХК нь эрх үүсээгүй байхад хэлцэл хийсэн гэх үндэслэлийг гаргаж байна. Гэтэл хариуцагч Б.Э- нь зах зээлээс харилцагчтай холбоо тогтоож, “М-” ХХК нь засварын ажил хийж ашиг орлогоо хувааж хүртдэг хамтран ажилладаг, хамтын харилцаатай байсан. Тийм болохоор нэхэмжлэлийг хариуцагч “М-” ХХК хариуцна гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын  хохирол шаардсан нь ирээдүйд гарах хохирол биш, харин учирсан хохирлын тухай байна. Энэ хохиролд шалыг хуулж, дахин наасан, таазны хагарал, дулааны шугам, өрөө хоорондын дулааны холболт дутуу, паркетан шал зэрэг гэж дурдсан бөгөөд үүнд бодитоор учирсан хохирол нь тодорхойгүй буюу баримтаар нотлогдохгүй байна. Тухайлбал дулааны ажлыг дутуу хийж гүйцэтгэснээс дахин өөр компаниар хийж гүйцэтгүүлсэн гэдэг, гэтэл тэр компани нь эвдсэн байх магадлалтай. Мөн паркетан шал хуулж дахин хийсэн гэж байгаа нь шал хуулахтай холбоотой гарсан зардал уу эсвэл хуулаад өөр шал авч дахин суурилуулсантай холбоотой зардал уу гэдэг нь тодорхой бус байна.

Барилгын засвар хийж гүйцэтгэхтэй холбогдуулан шилжүүлсэн мөнгөн дүнг “М-” ХХК-ийн захирал Ц.Б- руу шилжүүлсэн. Тус компанийн хийгээгүй ажилд Б.Э-, “А-” ХХК хариуцлага хүлээх үндэслэлгүй” гэжээ.

 

4.Хариуцагч “М-” ХХК-ийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: “Талуудын байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Барилгын ажил гүйцэтгэх” гэрээний ажил гүйцэтгэгч тал нь одоогийн “М-” ХХК буюу тухайн үеийн “И-” ХХК биш бөгөөд С.Д-, “М-" ХХК нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.11 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй. Өөрөөр хэлбэл 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулах үед Б.Э- нь “И-” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, харин итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Ц.Б- байсан, түүнд уг гэрээг байгуулах эрх олгоогүй байна.

Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар төлөөлөгч бүрэн эрхээ нотолж чадаагүй, төлөөлүүлсэн этгээд уг хэлцлийг дэмжсэн зөвшөөрлийг олгохоос татгалзсан бол дур мэдэн хэлцэл хийсэн этгээд хэлцлээр хүлээсэн үүргийг хэлцлийн нөгөө талын шаардлагаар биелүүлэх, эсхүл нөгөө талд учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

Иймд 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн мөн хууль зөрчсөн хэлцэл гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагч “М-” ХХК нь хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага тодорхойлохдоо Б.Э- нь гэрээ байгуулах үед “М- ХХК-ийн эрх бүхий этгээд биш гэж тодорхойлсон. С.Д-той байгуулсан гэрээнд “И-” буюу одоогийн “М-” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Э- гэж тус байгууллагын регистрийн дугаарыг бичиж гарын үсэг зуран баталгаажуулсан учраас бид “М-” ХХК-ийг хариуцагчаар татах үндэслэл үүссэн. Тус гэрээг байгуулах үед Б.Э- нь нэхэмжлэгч С.Д-т өөрийгөө тус компанийг төлөөлөх эрхтэй мэт итгүүлсэн байдаг. Хариуцагч талууд энэ гэрээг маш олон талаас дүгнэж ярьж, огноо, бичвэр гэх мэт алдаатай хэдий ч гэрээний дагуу төлбөр мөнгө нь төлөгдөөд, засварын ажил хийгдээд, хэрэгжиж байсан. Тухайн төлбөрийг Б.Э- болон “М-” ХХК -ийн дансаар авч, зарцуулсан тухайгаа хэн аль нь зөвшөөрч байна. Иймд гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

6.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Э-өөс ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 189,746,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Д-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хохирол 77,150,000 төгрөг, алданги 133,448,000 төгрөг, нийт 210,598,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч С.Д-т холбогдох хариуцагч “М-” ХХК-ийн “2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулаагүй болохыг тогтоолгож, тус гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар тус тус нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 2,159,670 төгрөг, хариуцагч “М-” ХХК-ийн төлсөн 3,778,318 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М-” ХХК-иас тэмдэгтийн хураамжид 1,106,680 төгрөг, шинжээчийн зардал 5,000,000 төгрөг, нийт 6,106,680 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Д-т олгуулахаар шийдвэрлэжээ.

 

7.Хариуцагч “А-” ХХК, Б.Э- нарын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараах агуулга бүхий гомдлыг гаргаж байна. 

7.а. Иргэний хэргийн шүүхийн ажиллагаа нь хувийн эрх зүйн тэгш эрхийн харилцаанд бий болсон маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа тул нэхэмжлэгч хэнд холбогдуулан ямар шаардлага гаргах нь түүний бүрэн эрх байдаг бол гаргасан шаардлагаа өөрөө нотлох нь түүний үүргийн асуудал болно.

Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч тус бүрт холбогдуулсан шаардлагыг холбогдох үйл баримттай уялдуулан ялгавартай тайлбарлаж чадаагүй байх боловч шүүхэд мэдүүлэх үндсэн эрхийг хангах үүднээс нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн шүүхийн ажиллагааг буруутгах үндэслэлгүй.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримт, талуудын тайлбар зэргийг харьцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн, эрх зүйн харилцаа болон маргааны үйл баримтыг тогтоох үүрэгтэй.

Шүүхийн шийдвэрт “... С.Д- хариуцагч Б.Э-тэй 2022 оны 03 дугаар сард ... 1003 мкв талбайтай, ... хувийн сууцанд засварын ажил хийхээр аман хэлцэл байгуулсан болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна. Уг хэлцлийн агуулгаас үзэхэд нэхэмжлэгч С.Д- нь төлбөр төлөгч буюу захиалагч тал, хариуцагч Б.Э- нь гүйцэтгэгч буюу ажил гүйцэтгэгчээр оролцсон байх ба гүйцэтгэгч нь захиалагчийн зардлаар дээрх сууцанд засвар үйлчилгээ хийж, ажлын үр дүнг 2022 оны 10 дугаар сард хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна ...” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэл нь нотолгооны хэрэгсэлд хамаарах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зохицуулсан байдаг.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “... С.Д- миний зүгээс засварын ажилтай холбоотой гаргасан төсвийг хүлээн зөвшөөрч хариуцагч “И-” ХХК... ажлаа эхлүүлсэн...” гэж,

2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд “анх фейсбүүкээс зар үзэж байхад “И-” ХХК-ийн ажил үйлчилгээ хийхтэй холбоотой зарлалын хамт өмнө нь хийж гүйцэтгэсэн ажлуудын зураг байсан бөгөөд утсаар холбогдож, ажил гүйцэтгэхтэй холбоотой ажлуудыг хийлгэсэн, “И-” ХХК-иар ажлыг хийлгэж байна гэж ойлгосон, сүүлд гэрээг мөн “И-” ХХК-тай байгуулсан” талаар,

хариуцагч Б.Э- нь “С.Д-ын хувийн сууцанд хийгдэх барилгын ажлыг “И-” ХХК хийж гүйцэтгэхээр тохиролцсон тул нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг бүхэлд нь “И-” ХХК-ийн захирал Ц.Б- болон тус компанийн ажилчдад шилжүүлсэн” талаар тайлбарлаж, холбогдох баримтуудыг гаргасан бол хариуцагч “М-” ХХК нь “Б.Э-өөс 239,000,000 төгрөг хүлээн авч, тус сууцанд 200,000,000 төгрөгийн засвар хийсэн, үлдэгдэл төлбөр нь ашиг” гэх агуулгаар мэтгэлцсэн байдаг.

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйд гомдолтой байна.

Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “М-” ХХК /хуучин нэрээр “И-” ХХК/-тай гэрээг байгуулсан, улмаар тухайн тохиролцоог баталгаажуулж хожим гэрээг бичгээр хийсэн, Б.Э- нь тус гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг “М-” ХХК-ийн захирал болон ажилчдад  шилжүүлснийг, “М-” ХХК нь тухайн сууцанд барилгын ажил үйлчилгээ хийсэн үйл баримтыг үндэслэн эрх зүйн харилцааг тогтоож чадсангүй.

 Хариуцагч “М-” ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй болохыг тогтоолгож, тус гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах агуулгатай сөрөг нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг агуулгаараа мэтгэлцдэг.

“М-” ХХК нь барилгын ажил гүйцэтгэх гэрээг хариуцагч Б.Э- зохих зөвшөөрлийг олгоогүй байхад нэхэмжлэгчтэй байгуулсан гэж хожим шүүхэд маргаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь маргаан бүхий барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулахтай холбоотой үнийн санал, төсөв зэргийг хариуцагч “М-” ХХК-иас ирүүлсэн саналыг үндэслэн тогтоосон бөгөөд тус гэрээг байгуулснаас хойш хариуцагч “М-” ХХК нь нэхэмжлэгчийн сууцанд засвар үйлчилгээ хийсэн нь түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

 Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзэх талаар Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасан ба дээрх үйл баримттай харьцуулан үзвэл, зөвшөөрлийг нь авалгүйгээр барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсныг хожим хариуцагч “М-” ХХК хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр хариуцагч компанийн эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хэлцэл гэх асуулгаар гаргасан хариуцагч “М-” ХХК-ийн тайлбар үгүйсгэгдэж, маргаан бүхий гэрээний гүйцэтгэгч тал нь “М-” ХХК болох нь тогтоогдож байхад анхан шатны шүүх талуудын тайлбарт огт дурдагдаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг дүгнэж, улмаар хариуцагч “М-” ХХК-ийн хувьд. С.Д- болон Б.Э- нарын амаар байгуулсан хэлэлцээрийн туслан гүйцэтгэгч гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүрэгт мөнгөн хөрөнгө шаардаж, улмаар хариуцагч “М-” ХХК-иас тус хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл, хариуцагч “А-” ХХК болон Б.Э- нар нь тухайн гэрээний үүргийг “М-” ХХК хариуцах үүрэгтэй гэх агуулгаар мэтгэлцсэн байдаг.

Шүүх нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлийг эрх зүйн үүднээс дүгнэх үүрэгтэй боловч хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны мэтгэлцээний явцад талууд С.Д- нь хариуцагч Б.Э-тэй 2022 оны 03 дугаар сард маргаан бүхий сууцанд засварын ажил хийхтэй холбоотой аман хэлцэл байгуулсан асуудлаар харилцан маргаж, мэтгэлцээгүй, хариуцагч талд уг үндэслэлд холбогдуулан хариу мэтгэлцэх, баримт гаргах боломж олгогдоогүй болохыг дурдаж байна.

7.б.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэрэгт ач холбогдолтой, хамааралтай гэж үзэж хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шүүх хангасан бол дурдсан ажиллагааг гүйцэтгэж, нотлох баримтыг бүрдүүлэх учиртай. Анхан шатны шүүх тухайн ажиллагааг хийж гүйцэтгэхдээ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд зайлшгүй нийцүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчоос ийнхүү нийцүүлэхийг шаардах эрхтэй. Харин тухайн нотлох баримтыг үнэлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШЗ2023/06212 дугаартай шүүгчийн захирамжаар хангаж, хөрөнгийн үнэлгээ, төслийн “Л-” ХХК-ийг шинжээчээр томилсон. Улмаар 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шинжээчийн тайланг шүүхэд ирүүлсэн боловч тухайн дүгнэлт хуульд заасан шаардлагыг хангаагүй байсан. Энэ талаар 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч миний бие тайрлбарлан мэтгэлцсэн. Шинжээчийн дүгнэлт нь дараах байдлаар хуулийн шаардлага хангаагүй байсан. Үүнд:

 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шинжээчийн тайлан, дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байсан.

 Шинжээчийн дүгнэлтэд 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр маргаан бүхий хувийн сууцанд үзлэг хийсэн, дүгнэлтийг хөрөнгийн үнэлгээний “Л-” ХХК-ийн захирал, Монгол Улсын тэргүүлэх, хязгааргүй эрхтэй үнэлгээчин Д.Г-, үнэлгээний мэргэжилтэн Д.Д- нар гаргасан талаар дүгнэлтийн 15 дугаар талд бичигдсэн боловч үзлэгийн өдөр ахлах шинжээч х.Ц- гэх шинжээч, тухайн шинжилгээний байгууллагын нарийн бичиг гэх нэг эмэгтэй, 2 туслах хүүхэд байсан болно. Тухайн үед дээр дурдсан дүгнэлтийг баталгаажуулсан Д.Г-, Д.Д- гэх хүн байхгүй байсан.

Түүнчлэн, ахлах шинжээч х.Ц- нь барилгатай танилцах явцад хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг байлцуулалгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн тайлбараар тэмдэглэл үйлдэж, улмаар хэмжилтийн ажлыг хийх талаар тайлбарласан. Хариуцагч Б.Э-ийн өмгөөлөгч миний бие, нэхэмжлэгч болон хариуцагч нар доголдолтой ажлын хувьд аль аль нь маргаантай байгаа учир хэрэв тайлбараар хэмжилт хийх тохиолдолд хариуцагч Б.Э-ийг байлцуулах хүсэлтийг гаргасан боловч шинжээч х.Ц- нь “би чамаар ажлаа заалгахгүй, битгий миний ажлыг заагаад бай, би тэгвэл энэ ажлыг чинь хийхгүй” гэх мэтээр мэргэжлийн алдаа гаргасан болно. Үүнтэй холбогдуулан шинжээчээс татгалзах хүсэлтийг шүүхэд гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно.

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Л-” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн тайланг баталгаажуулах эрх бүхий этгээд болох тухайн команийн захирал, Монгол Улсын тэргүүлэх, хязгааргүй эрхтэй үнэлгээчин Д.Г- нь гарын үсэг зурж баталгаажуулаагүй.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 182/Ш32023/06212 дугаартай шүүгчийн захирамжаар “Л-” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр үзлэг хийж, 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шинжээчийн тайланг гаргасан. Хэрэг хянан шийдэрлэх ажиллагааны явцад шинжээч дүгнэлт гаргахдаа эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлага зэргийг сануулсан баримтуудад шинжээч нар 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гарын үсэг зурж, танилцсан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шинжээчийн дүгнэлт үнэн зөв, эргэлзээгүй гарсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, тус иргэний хэрэгт нотлох баримтаар үнэлэх боломжгүй болсон.

Шинжээч дүгнэлт гаргахдаа ажил гүйцэтгэх гэрээ хэрэгжих үед буюу 2022 оны 03 дугаар сард бараа материалын үнэлгээ, ажлын хөлс зэргийг уялдуулж тогтоолгүйгээр, нэр бүхий 3 аж ахуйн нэгжээс үнийн санал авч, түүний дунджаар гэрээний үнийг тодорхойлж тогтоосон нь учир дутагдалтай байсан. Тодруулбал, үнийн санал явуулсан гэх “Хангайн шанд” ХХК нь барилгын ажил, үйлчилгээ үзүүлдэггүй, үйл ажиллагааны чиглэл нь “хаяг, рекламын засвар, үйлчилгээ”, “электрон бараа, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ”, “гадаад худалдаа”-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим хуудсаас харагддаг.

Мөн үнийн санал ирүүлсэн “Ж-” ХХК нь үйл ажиллагааны чиглэл нь “аялал жуулчлал” бол “Д-” ХХК нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх талаар дээр дурдсан цахим системд дурдсан байдаг.

Дээрхээс үзвэл, шинжээчийн хөрөнгийн мэдээлэлд үндэслэн зах зээлийн үнэ цэнийг тооцоолох аргаар буюу зах зээл дээр барилгын заслын ажил хийдэг жишиг 3 байгууллагаас үнийн санал авч хийсэн гэх дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Учир нь тухайн үнийн саналыг ирүүлсэн 3 байгууллагын хоёр нь тус иргэний хэргийн маргаж буй нөхцөл байдал болох барилгын засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэггүй болох нь тогтоогдож байна.

Хариуцагчийн өмгөөлөгч миний бие 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02  дугаар сарын 06-ны өдөр 182/ШЗ2024/02666 дугаартай шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу хэрэгт чухал ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоолгохтой холбоотой дээрх захирамжийн биелэлтийг хангуулах, захирамжийн биелэлт хангуулахтай холбогдуулан дахин шинжээч томилох тохиолдолд өмнөх шинжилгээний байгууллага нь хэрэгт авагдсан хоёр дүгнэлтийг гаргахдаа удаа дараа ноцтой алдаа гаргасан учир шударгаар дүгнэлт гаргаж чадахгүй үндэслэл бүхий эргэлзээ байна гэж үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3, 91.3 дахь хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээ, теслийн “Л-” ХХК-ийг шинжээчээр томилохоос татгалзсан агуулга бүхий хүсэлт гаргасан болно.

Анхан шатны шүүх дээрх агуулгаар гаргасан хүсэлтийг “...тус шүүхийн шүүгчийн захирамжаар “Л-” ХХК-ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргасан байх ба дахин хуралдаанаар нэмэлтээр тус компаниар дүгнэлт гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал шинжээчийг татгалзан гаргах хүсэлтийг гаргаж байсан ба тухайн хүсэлтийг шүүх шийдвэрлэсэн тул дахин гаргасан хүсэлтийг хангах үндэслэлгүй...” гээд хангахаас татгалзсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 182/Ш32024/05540 дугаартай захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

Шүүх 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийн агуулгыг буруу тодорхойлж, нэгэнт шинжилгээний байгууллагаас дүгнэлт гарч, хэрэгт хавсаргасан асуудалд шинжээчээс татгалзах нь хууль зүйн үр дагаваргүй байтал ийнхүү хүсэлтийг буруу агуулгаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгтэй нийцээгүй.

Нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлийг эрх зүйн үүднээс дүгнэхэд хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтууд тогтоогдсон байх учиртай тул энэ нөхцөл хангагдаагүй тохиолдолд хууль хэрэглэх боломжгүй, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 182/Ш32024/02666 дугаартай шүүгчийн захирамжаар нийт 5 асуудлаар хэргийн оролцогч талуудыг байлцуулан, дахин дүгнэлт гаргуулахаар захирамжилсан байтал “Л- үнэлгээ” ХХК-иас дахин маргаан бүхий сууцанд огт үзлэг хийлгүйгээр, захирамжид дурдсан асуултад дутуу хариулж, дүгнэлтийг шүүхэд хүргүүлсэн.

Хэдийгээр, нэхэмжлэгч дээрх шүүгчийн захирамжийн дагуу ажиллагаа явуулах хүсэлтээ илэрхийлээгүй боловч ажил гүйцэтгэх гэрээний дагуу ямар ажлыг хийж гүйцэтгэсэн, түүнийг өртгийг тодорхойлж, нотлосон шинжээчийн дүгнэлт нь хуульд нийцсэн тохиолдолд талуудын хооронд үүссэн үйл баримтад шүүхээс дүгнэлт хийх боломжтой болно. Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогчийн хүсэл зоригоос үл хамаарч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал бий болсонтой холбогдуулан гарсан 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШЗ2024/02666 дугаартай шүүгчийн захирамж хүчингүй болсон, түүнийг өөрчилсөн эрхийн акт гараагүй байтал анхан шатны шүүх үүнийг нэхэмжлэгч захирамжийн дагуу ажиллагаа явуулах хүсэлтээ илэрхийлээгүй гэх агуулгаар дүгнэлт хийж, улмаар учир дутагдалтай шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэлээ болгосон.

Тодруулбал, шүүгчийн захирамжид “...1003 м.кв талбайтай хувийн сууцны 1, 2 дугаар давхарт гүйцэтгэгч тал 393,100,000 төгрөгийн үнэ бүхий ажил гүйцэтгэх эсэх, гүйцэтгээгүй ажлын хэмжээ, үнэ, өртгийг тодорхойлох, өмнө нь хэвийн ажилласан дулааны шугам эвдэлж дахин засварласан болон засвар хийсэн гэх таазны ажилд хагарал үүссэн эсэх, өрөө хоорондын засвар хоорондын дулааны ажил бүрэн хийгээгүйгээс дахин засварласан ажлын хэмжээ, өртөг болон 100 м.кв шалны үнийг тогтоох... шинжээчийн дүгнэлт гаргах ажиллагаанд нэхэмжлэгч С.Д-ыг өөрийн биеээр... хариуцагч “М-” ХХК-ийн захирал Ц.Б-г өөрийн биеэр... Б.Э-ийг өөрийн биеэр... нарыг оролцуулахаар” заасан боловч “Л- үнэлгээ” ХХК нь 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлтийг үйлдэхдээ дахин маргаан бүхий сууцанд үзлэг хийлгүйгээр 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр үзлэг хийсэн мэтээр дүгнэлтийг гаргасан.

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 182/Ш32024/02666 дугаартай шүүгчийн захирамжийн нэг дэх заалтаар “...иргэний хэрэгт шинжээчээр “Л-” ХХК-ийг шинжээчээр томилж, нэмэлт дүгнэлт гаргуулах”-аар шийдвэрлэсэн боловч хэрэгт хөрөнгийн үнэлгээ, төслийн “Л- үнэлгээ” ХХК нь дүгнэлт гаргаж ирүүлснийг шүүхээс анхаараагүйг дурдаж байна.

Тодруулбал, шүүхийн шийдвэрт “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус сууцанд хийсэн засварын ажлын гүйцэтгээгүй ажлын хэмжээ болон үнийн дүнг тодорхойлохоо шинжээч томилсон бөгөөд шинжээчээр томилогдсон “Л-” ХХК-д хуульд заасан эрх, үүрэг тайлбарласнаар нэмэлт дүгнэлт гаргасан...” гэжээ. Гэтэл хэрэгт “Л-” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дүгнэлт, “Л- үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлтүүд тус тус авагдсан.

 

Дээрхээс үзвэл, шүүгчийн захирамжид нэр заасан шинжилгээний байгууллага дүгнэлтийг гаргасан эсэх, ямар учраас “Л-” ХХК-ийг шинжээчээр томилсон байтал “Л- үнэлгээ” ХХК-иас дүгнэлт ирүүлсэнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүйг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж байна.

Барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу харилцан тохиролцсон төсвийг хөндлөнгөөс зах зээлийн үнэлгээг тогтоохдоо тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй компанийг гаргасан үнийг жиших аргаар тооцоолсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй. Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төсөвийг хэт өндөр үнээр тогтоосон, хийсэн ажил нь зах зээлийн ханшаас илүү гэж үзэн мөнгөн хөрөнгө шаардсан бус харин гэрээнд заасан ажлыг дутуу хийж гүйцэтгэсэнтэй холбогдуулан дутуу хийсэн ажлын хөлсийг буцаан шаардсан байдаг. Гэтэл шинжилгээний байгууллага гэрээ байгуулахтай холбоотой гаргасан төсөвт зааснаар үнийг тодорхойлох бус, зах зээлийн ханшаар тодорхойлсон нь шинжээчийн дүгнэлт нь хэрэгт ач холбогдолтой, хамааралтай нөхцөл байдлыг тогтоож чадаагүй.

Түүнчлэн, нэхэмжлэгч талаас барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу ямар ажлыг дутуу хийж гүйцэтгэсэн болохыг хөтөлбөргүй нотолж чадаагүй бөгөөд шүүхээс маргаан бүхий сууцанд үзлэг хийхэд барилгын аль хэсгийн ажлыг дутуу хийснээ шууд зааж чадаагүй, харин доголдолтой хийсэн ажил гэх хэсгүүдийг зааж баримтжуулсан болно.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу харилцан тохиролцсон ямар хэмжээний ажлыг хийж гүйцэтгээгүй талаар шүүхийн шийдвэрт огт дугнээгүй атлаа хүчин төгөлдөр байгаа шинжээч томилох тухай шүүгчийн захирамжид дурдсан асуудлаар гараагүй “Л- үнэлгээ” ХХК-ийн дүгнэлтийг үнэн зөв гэж анхан шатны шүүх үнэлсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Анхан шатны шүүх хуульд зааснаар нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлд хамаарч байна.

7.в. Хэрэгт авагдсан “Л- үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн тайлан үндэслэлгүй гарсан. Тодруулбал, тус шинжээчийн тайланд заасан аргачлалаар буюу “...зах зээл дээр барилгын заслын ажил хийдэг жишиг 3 байгууллага нараас дотоод норматив өртөг, ханшны судалгааг авч шинжээчид тавьсан асуулт дээр зах зээлийн хандлагын аргаар тооцоолов...” гэжээ. Энэхүү гомдлын 2.1-д энэхүү аргаар хийсэн өмнөх 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дүгнэлт нь үндэслэл бүхий болж чадаагүй талаар дэлгэрэнгүй дурдсан. Өөрөөр хэлбэл, өмнөх учир дутагдалтай гарсан шинжээчийн дүгнэлтийн арга, аргачлалаар буюу тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй аж ахуйн нэгжээс үнийн санал авч, тэрхүү үнийн саналыг үндэслэн дүгнэлт гаргах нь үндэслэл бүхий болохгүй юм.

 

Түүнчлэн, “Л-” ХХК нь 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр маргаан бүхий сууцанд үзлэгийг дутуу дулимаг хийсэн, хэргийн оролцогчийг байлцуулалгүйгээр зөвхөн нэг талыг оролцуулж хийсэн байтал “Л- үнэлгээ” ХХК нь шүүгчийн захирамжид дурдсанаар дахин үзлэг хийлгүйгээр, өмнөх үзлэгийг үндэслэн дүгнэлт гаргасныг шүүхээс анхаарч үзээгүй.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШЗ2024/02666 дугаартай шүүгчийн захирамжид “...гэрээний талуудын тохиролцсон засварын ажлын нийт үнэ 509,193,435 төгрөгийг шинжээчээр тогтоолгох шаардлагагүй бөгөөд энэ нь гэрээний талуудын эрхийн асуудал байх тул энэ талаар дүгнэлт гаргуулах шаардлагагүй... харин гүйцэтгэгч тал нь 393,100,000 төгрөгийн үнэ бүхий ажил гүйцэтгэсэн эсэх, гүйцэтгээгүй ажлын хэмжээ, үнэ, өртгийг тодорхойлох...” гэж заасан. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зах зээлийн үнэлгээнээс хэт өндөр үнээр бус гүйцэтгэгчийн огт хийж гүйцэтгээгүй ажлын үнийг шаардсан болохоо шүүх хуралдаанд тайлбарлаж, мэтгэлцдэг.

Иймээс хэрэгт авагдсан ажил гүйцэтгэхтэй холбоотой төсөвд заасан ажлын хэмжээ, түүний нэгж үнэ, нийт үнийг шинжээчээс дуран мэдэн өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, тухайн ажлыг 100 хувь гүйцэтгэсэн гэж үзсэн тохиолдолд дээрх төсөвд заасан үнээр тооцох учиртай. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд гипсен ханыг 1,500,000, ханын заслыг 12,070,000, кнаф чигжээс 1,000,000, кнаф цаасан наалтыг 125,000, гипсэн таазыг 27,420,000, кнаф чигжээс 800,000, кнаф цаасан наалт 250,000 төгрөгөөр тус тус бууруулж үнэлсэн байдаг.

Нөгөөтэйгүүр, шүүхээс шинжээч томилохтой холбоотой удаа дараагийн шүүгчийн захирамжийн биелэлт бүрэн хангагдаагүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцсэн шинжээчийн дүгнэлтийг ирүүлээгүй байхад хэргийн оролцогчоос дахин шинжээч томилуулах хүсэлт гаргах нь хууль зүйн ач холбогдолгүй болохыг дурдаж байна.

Энэхүү гомдолд дурдсан хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой анхан шатны шүүхийн ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27- ны өдрийн 182/ШШ2024/01319 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

 

8.Хариуцагч “А-” ХХК, Б.Э- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. “... миний бие тус хэргийг хянан шийдвэрлэсэн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өөр шүүх хуралдаан давхцсан болно”. Хэдийгээр дээрх иргэний хэргээс давхцсан шүүх хуралдаан өмнө нь зарласан боловч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хурал дууссаны дараа амжина гэж бодсон. Өөрөөр хэлбэл, миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байсан.

8.а.Түүнчлэн, хэрэгт авагдсан үнэлгээ, төслийн “Л- үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн тайлантай огт танилцаагүй бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хэрэв уг шинжээчийн тайлантай танилцсан бол дахин шинжээч томилуулах хүсэлт гаргах байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

9.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу анхан шатны шүүх хөрөнгийн үнэлгээний компанийг шинжээчээр томилж, ажлын гүйцэтгэл, доголдол зэрэгтэй холбоотой дүгнэлт гаргасан. Дээрх дүгнэлтийн хувьд шүүх хуралдааны явцад шүүмж, нотлох баримт шинжлэн судлах байдлаар дүгнэлттэй холбоотой тооцооллыг гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх шинжээчийн дүгнэлттэй холбож нэхэмжлэлийн шаардлагаа дэмжээгүй. Тухайн шинжээчийн дүгнэлт шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй нотлох баримттай холбоотой асуудлыг давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж тайлбарлаж, шүүхийн шийдвэрийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн хариуцагч, хамтран хариуцагч нар руу шилжүүлсэн, оролцогчийн хоорондоо шижлүүлсэн нь банкны баримтаар тогтоогдсон тооцоололд үндэслэж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт дүгнэлт хийгдсэн. Шүүх хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүх хуралдаанд оролцуулаагүй, шинжээчийн дүгнэлттэй танилцаагүй нөхцөл байдал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. Л.Батжаргал шүүх хуралдаанд ирдэггүй. 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зарлагдсан хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгч ирээгүй ба өмгөөлөгч итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой гэсэн учраас ирцтэй холбоотой санал хүсэлт байхгүй тул шүүх хуралдааныг үргэлжүүлсэн. Хэргийн оролцогчид шинжээчийн дүгнэлт, хэрэгт авагдсан нотлох баримтуудтай танилцсан. Анхан шатны шүүхээс хариуцагч талын нотлох баримттай танилцах, шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн зүйл байхгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

           

1.Давж заалдах шатны шүүх хариуцагч “А-” ХХК, Б.Э- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад тэдгээрийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч С.Д- нь хариуцагч “М-” ХХК, “А-” ХХК, Б.Э- нарт холбогдуулан гүйцэтгээгүй ажлын хөлс 189,746,000 төгрөг, хохирол 77,150,000 төгрөг, алданги 133,448,000 төгрөг, нийт 400,344,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан ба хариуцагч “М-” ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн барилгын ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            3.1.Нэхэмжлэгч С.Д- нь хариуцагч Б.Э-тэй 2022 оны 03 сард ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Б.Э- нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, “О- хотхон”-д байрлах 1,003 м.кв талбай бүхий хувийн сууцанд засварын ажил гүйцэтгэх, нэхэмжлэгч С.Д- нь ажлын хөлсийг төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

            3.2.Талуудын хүсэл зориг, тохиролцооноос үзвэл хариуцагч Б.Э- нь орон сууцны засварын ажлыг гүйцэтгэх, нэхэмжлэгч С.Д- нь ажлын хөлсийг төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан байна. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийг амаар буюу бичгээр байгуулж болох бөгөөд ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага тавигддаггүй, анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон гэж үзнэ.  

 

            3.3.Нэхэмжлэгч С.Д- нь орон сууцны засварын ажил хийлгэхээр тохиролцсон 2022 оны 03 сараас хойш хариуцагч Б.Э-т нийт 709,353,462 төгрөг шилжүүлснээс 316,253,462 төгрөгөөр бараа материал авсан ба энэ нь засварын ажилд хамааралгүй, харин үлдэх 393,100,000 төгрөг нь орон сууцны засварын ажлын хөлсөнд төлөгдсөн болох нь талуудын тайлбар, нэхэмжлэгч С.Д-, хариуцагч Б.Э- нарын дансны хуулгаар тогтоогдсон байна. /1хх-ийн 24, 2хх-ийн 64-р тал/

 

            3.4.Хариуцагч Б.Э- нь дээрх үнийн дүн бүхий мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч С.Д-оос шилжүүлэн авсан үйл баримтыг үгүйсгээгүй ба нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ “орон сууцны засварын ажлыг “М-” ХХК-ийн захирал Ц.Б- гүйцэтгэхээр болж, ажлын хөлс болох 393,100,000 төгрөгийг түүнд шилжүүлсэн, иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж тайлбарлажээ.

           

3.5.Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас үзвэл хариуцагч “М-” ХХК нь маргаан бүхий орон сууцны засварын ажлыг гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдож байх боловч энэхүү ажлыг гүйцэтгэхдээ Иргэний хуулийн 347 дугаар зүйлд зааснаар туслан гүйцэтгэгчээр оролцсон гэж үзэхээр байна.

            Өөрөөр хэлбэл, хариуцагч “М-” ХХК нь маргаан бүхий орон сууцны засварын ажлыг гүйцэтгэхдээ нэхэмжлэгч С.Д-той бус хариуцагч Б.Э-тэй харилцан тохиролцож, улмаар зохих ажлын хөлсийг хариуцагч Б.Э-өөс хариуцагч “М-” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б-гийн данс руу шилжүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон. Иймд маргаан бүхий гэрээний үүргийг “М-” ХХК хариуцах ёстой гэх агуулгаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заадах гомдол үндэслэлгүй.

 

3.6.Анхан шатны шүүх “гэрээт ажлын үр дүнг хариуцагч Б.Э- нь нэхэмжлэгч С.Д-ын өмнө хариуцах үүрэгтэй” гэж дүгнэхдээ ерөнхий болон туслан гүйцэтгэгчийн талаар зохицуулсан Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1, 347.2 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            3.7.Нэхэмжлэгч С.Д- нь гэрээгээр тохиролцсон ажлыг хариуцагч нар нь дутуу, доголдолтой гүйцэтгэсэн гэх үндэслэлээр гүйцэтгээгүй ажлын хөлс 189,746,000 төгрөг, хохирол 77,150,000 төгрөг, алданги 133,448,000 төгрөг, нийт 400,344,000 төгрөгийг хариуцагч нараас шаардсан.

 

            3.8.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр гүйцэтгэгч талын үр дүнгийн гүйцэтгэлийн хувь хэмжээ, өртөг зэргийг тогтоолгохоор “Л-” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь засварын гүйцэтгэсэн ажлын хэмжээ 198,527,355 төгрөг, гүйцэтгээгүй үлдсэн ажлын хэмжээг 194,572,645 төгрөг болохыг тогтоосон байна. /2хх-ийн 124-127-р тал/.

 

            3.9.Дээрх шинжээчийн дүгнэлт худал, буруу гарсан гэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна хариуцагч нар нь тус дүгнэлтийг үгүйсгэж няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй. Анхан шатны шүүх шинжээч томилж, дүгнэлт гаргуулахдаа шинжээчид эрх, үүрэг тайлбарлаж, хууль сануулсан, процессийн алдааг залруулсантай холбоотой баримтууд хэрэгт авагдсан байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

3.10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлт нь нотолгооны хэрэгсэлд хамаардаг тул анхан шатны шүүх тус дүгнэлтийг болон нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн, гүйцэтгээгүй ажлын хөлс 189,746,000 төгрөгийг хариуцагч Б.Э-өөс гаргуулж, нэхэмжлэгч С.Д-т олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэлээс хохирол болон алданги гэх нийт 210,598,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. Шийдвэрийн энэ хэсэгт нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй тул иргэний эрх зүйн диспозитив зарчмын хүрээнд гомдол гаргаагүй асуудлаар дүгнэлт хийхгүй болно.

            4.Анхан шатны шүүх хариуцагч “М-” ХХК, “А-” ХХК-д холбогдох шаардлага болон 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн барилгын ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч “М-” ХХК-ийг сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

           

4.1.Учир нь нэхэмжлэгч С.Д- хариуцагч “М-” ХХК, “А-” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар хэлцэл хийгдсэн гэх үндэслэл тогтоогдоогүй, 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ бодитоор хэрэгжээгүй байна. Өөрөөр хэлбэл, дээрх гэрээнд гүйцэтгэх ажлын нэр төрөл, хөлс төлөх журам, ажил гүйцэтгэх хугацаа зэргийг тусгаагүй буюу талууд Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3 дахь хэсэгт зааснаар гэрээний гол нөхцөлийг тохиролцсон гэх үндэслэлгүй байна.

 

4.2.Хариуцагч “А-” ХХК, Б.Э- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлттэй байсан, мөн шинжээчийн дүгнэлттэй танилцаагүй” гэжээ. Гэвч итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүхэд гаргаагүй. Мөн шинжээчийн дүгнэлттэй “А-” ХХК, Б.Э- нарын өмгөөлөгч М.Цогтбаатар 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр танилцсан болох нь 3 дугаар хавтаст хэргийн 102 дугаар талд авагдсанаар тогтоогдож байна. Харин итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд шинжээчийн дүгнэлттэй танилцах эрхийг шүүхээс хязгаарласан гэх байдал тогтоогдоогүй болно. Иймд энэ талаарх гомдол үндэслэлгүй.

 

4.3.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг баримтлаагүй, мөн хариуцагч “М-” ХХК, “А-” ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг орхигдуулсан зэрэг алдаа гаргасныг залруулах нь зүйтэй.

 

            4.4.Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагч “А-” ХХК, Б.Э- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2024/01319 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтад “Иргэний хуулийн ...” гэсний дараа “227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6,” гэж нэмж, “... 210,598,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “210,598,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч “М-” ХХК, “А-” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж, өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Э-өөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,106,680 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ЦОГТСАЙХАН

 

              ШҮҮГЧ                                      Э.ЭНЭБИШ

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ