Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2019/ШЦТ/37

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Г.Э,

улсын яллагч Б.М,

хохирогч Ж.Э,

хохирогч нарын өмгөөлөгч Т.Б,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б-ийн Б-д холбогдох эрүүгийн 1834000000140 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Х овогт Б-рийн Б /РД:НА95062416/, Т аймгийн А суманд .... оны ... дугаар сарын ...-ний өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, .. аймгийн ... сумын ... дугаар баг, Алтан овоо гэх газар оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх,

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Б.Б нь тээврийн хэрэгсэл ашиглан 20.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Г аймгийн Б сумын ... дугаар багийн нутаг, Т замын 16 дугаар зөрлөгийн орчмоос иргэн Ж.Э-ны 12 тооны адуу, иргэн Ц.Э-ын 3 тооны адуу буюу нийт 15 тооны адууг буюу бусдын олон тооны малыг хулгайлж, Ж.Э-д 9 610 000 төгрөгийн, Ц.Э-т 2 062 500 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Б.Б нь машин механизм ашиглан 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Г аймгийн Б сумын ... дугаар баг, Төмөр замын 16 дугаар зөрлөгийн орчмоос Ж.Э-ны 12 тооны адуу,  Ц.Э-ын 3 тооны адуу, нийт 15 тооны алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, Ж.Э-д 9 610 000 төгрөгийн, Ц.Э-т 2 062 500 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1. Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Анх Б над руу ярихдаа адуугаа уруудуулаад авч ирэхдээ шарга халзан азаргатай адуу, хээр азаргатай адуу 2-ыг хамт авч ирсэн гэж хэлсэн. Би Б болон дүүтэй нь хамт яваад шарга халзан азаргатай 15 тооны адууг тууж худаг дээр ирээд тэдний хашаа руу хамт авч ирж 10 тооны адууг ачиж авч явсан. 5 тооны адууг Бд үлдээсэн. Би хээр азаргатай 7 тооны адууг нүдээрээ хараагүй, мэдэхгүй. Би С гэдэг хүнд 1 000 000 төгрөгийн өртэй байсан. Тэгээд адуу зарж өрөө өгнө гэж хэлээд С, А нартай хамт явсан. 10 тооны адууг Сд зарахад 1 000 000 төгрөгийн өрөө суутгаж надад 1 500 000 төгрөг нэмж өгсөн. Б энэ хэргийг хүнд хэлээд янз бүрийн зүйл болох нь юм бол чи даагаарай гэж 2 150 000 төгрөг өгсөн. Эхлээд мэдүүлгээ үнэнээр нь мэдүүлсэн. Сүүлд нь хүнээс мөнгө авсан учир энэ хэргийг би даая гэж бодсон. Бтай анх 2017 оны 01 дүгээр сард Дундговь аймгийн Адаацаг суманд танилцсан. Түүнээс хойш утсаар яриад холбоотой байсан. 15 тооны адуу хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэв.

 

2. Хохирогч Ж.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Цагаан сарын дараа адуугаа шуурганд уруудуулж алдаад шарга халзан азаргатай адуугаа энэ хүмүүсийн авсан гэх газар байна гэж хүнээс сураг сонсоод хайгаад олоогүй. Энэ хүнийг Баян суманд цагдаа нар аваад явж байсан. Тэгэхэд Б нь манай адууг зүсээр нь хэлсэн. Би энэ бүлэг хүмүүс холбогдсон хэргийг ганцхан энэ залууд тохогдож байгаад гомдолтой байна. Энэ асуудалд Б, Д нарыг дахин шалгана уу гэж хүсэлт тавьж байна. Хонгор гүүг Бийн адуунд байхад нь М Хонгор халзан гүүг буцааж авъя. Уг гүүнээс болоод хэл ам гараад байна. Би солиод оронд нь өөр адуу өгье гэж хэлсэн байсан гэсэн. Ийм тодорхой мэдүүлэг өгсөн хүнээс асуугаад өгөөч гээд А хошуучид тайлбар, мэдүүлгээ өгсөн. Мөн Б  Б нарыг нүүрэлдүүлнэ гэсэн боловч тэр асуудлыг шийдвэрлэхгүйгээр шууд шүүхэд шилжүүлсэн байна. Энэ залуу айж, ичсэндээ өөр өөр мэдүүлэг өгч байсан. Одоо яг үнэнээ хэлж байна. Ард түмэн үнэхээр айдастай байна. Би өөрөө малчин хүн салхиныхаа доор байгаа хулгайч нарыг цэвэрлүүлмээр байна. Хохирол төлбөртэй холбоотой би 1 зээрд халзан гүү авсан. Үлдсэн 2 адууны нэг нь айлын өөр адуутай хамт алга болсон гэсэн. Б хошууч би Б гэдэг хүн рүү яриад тухайн адууг чинь авч ирүүлээд өгнө гэсэн боловч одоо хүртэл байхгүй байна. Мөн би үнэлгээнд гомдолтой байгаа. Миний адуунуудыг дутуу үнэлсэн. Би адууныхаа удам угшилыг сайжруулж, зүрх сэтгэлээ зориулж, хөдөлмөрлөж өсгөсөн адуугаа махны үнээр үнэлүүлээд зогсож байна. Энэ шүүгдэгч хийсэн хэргийнхээ шийтгэлийг хүлээх байх. Тэгэхдээ гол хэрэгтнүүд нь сугарч үлдээд байгааг ойлгохгүй, үүнд асар их гомдолтой байна гэв.

 

3. Хохирогч Ж.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Манай адуу байнгын л Төв аймгийн Баян сумын Өгөөмөр цайдам гэх газраар нутаглаж бэлчдэг. 2018 оны 02 дугаар сарын сүүлээр шуурганаар 4 хэсэг азарга адуу алдаад 3 азарга адууг нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутгаас олж авсан. Харин шарга халзан азаргатай нийт 18 тооны адууг олж чадаагүй байсан бөгөөд 15 тооны адуу нь миний өөрийнх, харин 3 тооны адуу нь Э гэж хүний адуу байсан. Сүүлд алдсан адууны сураг гарсан бөгөөд Б гэдэг миний адууг хулгайлсан залуутай би өөрөө цагдаагийн хажууд уулзахад манай адууг зүсээр нь хэлээд 10 адууг нь махны ченж С, эхнэртэйгээ цуг ачиж Улаанбаатар хотын Эмээлт малын зах руу авч очоод 2 000 000 төгрөгөөр бөөнд нь зарсан гэсэн. Үлдсэн 7 адууг нь М буюу Дын хүүд зарсан гэж ярьсан. Би алдсан адуунуудын зүс, тамга, өөрийн үнэлгээг дурдвал: шарга халзан нас гүйцсэн азарга, зөв талын гуяндаа ширээтэй гал тамгатай, сартай хонгор гүү, нас гүйцсэн зөв талын гуяндаа давхар оньги тамгатай, шар хязаалан байдас, зөв гуяндаа цэцгэн хэлбэртэй цагаан үсэн тамгатай, бор хонгор гүү, зөв гуяндаа хайрсан цэцгэн хэлбэртэй тамгатай, сартай улаан хонгор гүү, зөв гуяндаа цэцгэн хэлбэртэй цагаан үсэн тамгатай, цагаан бор гүү, зөв гуяндаа хайрсан цэцгэн хэлбэртэй тамгатай, шарга даага /охин/, зөв гуяндаа цэцгэн хэлбэртэй цагаан үсэн тамгатай, хар шүдлэн үрээ, зөв гуяндаа цэцгэн хэлбэртэй цагаан үсэн тамгатай, зээрд хязаалан үрээ, зөв гуяндаа цэцгэн хэлбэртэй цагаан үсэн тамгатай, хоёр чих мөлүү бор гүү, зөв гуяндаа цэцгэн хэлбэртэй цагаан үсэн тамгатай, улаан буурал гүү, зөв гуяндаа цэцгэн хэлбэртэй цагаан үсэн тамгатай, зээрд халзан гүү, зөв гуяндаа цэцгэн хэлбэртэй хайрч дарсан тамгатай, ягаан буурал хязаалан үрээ, зөв гуяндаа цэцгэн хэлбэртэй цагаан үсэн тамгатай, саарал морь, зөв гуяндаа цэцгэн хэлбэртэй цагаан үсэн тамгатай, хээр алаг хязаалан байдас, зөв гуяндаа цэцгэн хэлбэртэй цагаан үсэн тамгатай, Ингээд миний 15 тооны адуу алдсанаас одоогийн байдлаар зээрд халзан гүүг Сын адуунаас очиж авсан. Би 15 тооны адуугаа алдсанаас болж өөрийн үнэлгээгээр 50 000 000 төгрөгөөр хохироод байна. Махны ченж С, Баянталын Мэл буюу Дыг хүүтэй нь, Б нарыг шалгаж, хохирол барагдуулж өгнө үү. Тэдгээр хулгайчдын яриагаар миний хар шүдлэн үрээ, зээрд хязаалан үрээ, соёолон саарал морь гурвыг авсан талаараа ярьдаггүй. Би өөрийнхөө дээрх сураггүй байгаа 3 тооны адуугаа хамтад нь нэхэмжилнэ. Ерөнхийдөө үнэлгээн дээр гомдолтой байгаа. Мөн Баянтал сумын гэр бүлийн хулгайч нар ял завшиж хариуцагчаас мултарч байгаад нь гомдож байна. 25 настай хүүхэд энэ хэрэгт ганцаараа шалгагдаад явж байна. Бнд байгаа ягаан буурал үрээ, шарга байдас зэргийг авч чадаагүй байгаа. Ягаан буурал үрээг маань алдсан гээд байгаа. Надад нэг ч төлбөр тооцоо төлөгдөөгүй, хохирол барагдуулаагүй байна” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 113-121, 3-р х.х-ийн 5-7 хуудас/

 

4. Хохирогч Ц.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би өөрийн эрлийз хээр соёолон үрээ зөв гуяндаа саран дэвсгэртэй нар, гал тамгатай, халиун шүдлэн үрээ зөв гуяндаа хүрээтэй хас дөлтэй тамгатай, саарал соёолон үрээ зөв гуяндаа хүрээтэй хас, дөлтэй тамгатай 3 адуугаа алдсан. Эдгээр 3 тооны үрээ 2018 оны 2 дугаар сард Эны шарга халзан азаргатай адуунд нь нийлээд шуурганаар Говьсүмбэр аймгийн нутаг руу уруудаад сураггүй байж байгаад 2018 оны 03 дугаар сард Чойрын Мэл, Төв аймгийн Алтанбулаг сумын Б гэх хүмүүс Мийн хээр халзан азаргатай адуу, Эны шарга халзан азаргатай адууг хулгайлж зарсан болох нь тогтоогдсон. Би Чойрын М гэх хүнээс өөрийн халиун шүдлэн үрээг авч ирүүлсэн. Жолооч С гэх хүн миний саарал соёолон үрээг өөрөө авч ирж надад хүлээлгэн өгсөн. С миний хээр үрээг Эмээлт захын махны ченжид зарсан талаараа өөрөө надад хэлсэн. Одоо эрлийз хээр соёолон үрээг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Манай адуу Чойрын 16 дугаар зөрлөг ордоггүй. Баян сумаас зүүн тийш 10 км “Хүнхэр” гэх газраар бэлчдэг. 2018 оны 02 дугаар сарын шуурганаар уруудаж яваад Чойрын 16 дугаар зөрлөг орсон байна лээ. Манайх Баян сумаас Төмөр замын 16 дугаар зөрлөг хүртэл ойролцоогоор 60 км зайтай” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 122-127 хуудас/

 

5. Иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 03 дугаар сарын сүүлээр Д надтай уулзаад банкны өр нэхээд байна, танд 1 500 000 төгрөг байна уу, адуу өгье, авах уу гэхээр нь би эхлээд доголон хөлтэй хар морь, хонгор гүүг 1 000 000 төгрөгөөр бодож аваад мөнгийг нь өгсөн. Дараа нь Б хямдхан адуу байна, авах уу гэхээр нь шарга хязаалан байдас, шарга даага, саарал /ягаан буурал/ хязаалан үрээ, бор саарал сарваа нийт 4 тооны адууг 1 000 000 төгрөгөөр бодож авсан бөгөөд эхний ээлжинд 500 000 төгрөгийг өгсөн. Би дээрх 6 тооны адуунд нийт 1 500 000 төгрөг өгсөн бөгөөд хар морь нь хөл орохгүй болохоор нь явуулын хүнд 500 000 төгрөгөөр маханд өгсөн. Хонгор гүүг Б өөрөө ирээд хулгайн адуу гээд ачаад аваад явсан. Бор саарал сарваа, шарга даага хоёр нь хавар үхсэн. Манай адуунд саарал /ягаан буурал/ үрээ, шарга байдас хоёр байснаас саарал үрээ нь алга болсон. Миний хувьд Баас 500 000 төгрөгөө нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /2-р х.х-ийн 149, 3-р х.х-ийн 13-14 хуудас/

 

6. Иргэний хариуцагч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Б адууны захаас нь надтай хамт нийлж бариад цагаан өнгийн Маяти маркийн машинд ачаад дүүрсэн чинь 5 тооны шарга хязаалан байдас, шарга даага, ягаан буурал хязаалан үрээ, бор саарал сарваа, халиун шүдлэн үрээ гэсэн адуунууд үлдсэн. Тэгтэл надад Б чи эд нарыг авах уу гэж санал тавихаар нь би авна наадах чинь хулгай зэлгийн юм биш байгаа гэж хэлсэн. Тэгээд хэдэд өгөх юм бэ гэсэн чинь чи өөрөө үнээ хэлээд ав гэж хэлэхээр нь чамд 1 сая төгрөг өгнө гэж хэлээд авсан. Бид хоёрыг тохирч байхад Ө, М ах нар дэргэд байсан. Маргааш өглөө нь над дээр манай нутгийн Б гэх ах ирэхээр нь худалдан авсан адуугаа үзүүлээд шарга хязаалан байдас, шарга даага, ягаан буурал хязаалан үрээ, бор саарал сарваа нийлүүлээд 4 тооны адууг нь 1 сая төгрөгөөр зараад мөнгийг нь 03 дугаар сарын 14-ний өдөр Бын  данс руу шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /2-р х.х-ийн 156-157, 3-р х.х-ийн 8-11 хуудас/

 

7. Гэрч Ж.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...2018 оны 03 сарын сүүлд байх Мийн хашаанд давхиад очиход М хүүгийн хамтаар машинд 10-аад тооны шарга азаргатай адуу ачсан, худалдаж авсан гээд 5 тооны халиун үрээ, шарга сарваа, бор сарваа, хонгор байдас, ягаан байдас гэсэн адуу байсан. Тэгээд би зарвал авчих санаатай үзсэн. Тэгэхэд тэр 5 адуугаа азарганд хураалгана гэж байсан. Б гэдэг хүнийг нь танихгүй, манай энэ хавиар явж байгаагүй залуу байсан. Тухайн үед шарга азаргатай адууг л ачиж байхыг нь харсан. Би Бд энэ залуу 5 тооны адуу зарахгүй байхдаа гэж асуухад би 650 000 төгрөгөөр авчихлаа гэхээр нь би авдаг байж дээ гэж хэлээд байж байтал нөгөө адууны эзэн гэж залуу зүүн талд манай хээр халзан азаргатай 6-7 тооны адуу байгаа усанд орж ирэхээр нь услаад гаргачихаарай гэж хэлсэн. Би мотоциклио танай гадаа түр хаячихъя маргаашнаас ирээд нөгөө адуугаа авахдаа мотоциклио авна гэж хэлсэн. Тэр үед дэргэд М Д, Б, тэр адууны эзэн гэх залуу, бид нар байсан. Адуу тааруухан туранхай хямдхан байсан. Тэдгээр хүмүүс нэг нэгнийгээ таньдаггүй юм шиг байсан. Нэг нэгнийхээ нэрээр дуудахгүй байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 135-136, 3-р х.х-ийн 31 хуудас/

 

8. Гэрч Ц.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 03 дугаар сарын дундуур намайг төмөр замын баруун талд ажил дээрээ байж байтал 11 цагийн орчимд хар өнгийн жижиг жип машинтай настайвтар 2 эрэгтэй хүн ирээд адуугаа уруудуулаад олж аваад Төв аймгийн Сэргэлэн сум руу явж байна, адуугаа услах газар байна уу гэхээр нь манай худагт адуугаа услахгүй юу даа гэж хэлээд хүү Быг утсаар дуудаад Гүн жалганы худаг дээр ирсэн. Худаг дээр ирэхэд худгийн баруун талд зам дээр цагаан Маяти машин зогсож байгаад давхиад ирсэн. Зүүн талаас нь цагаан мотоцикльтой цэнхэр дээлтэй залуу 10-аад тооны шарга халзан азаргатай адуу туугаад ирэхээр нь мэндээ мэдтэл Төв аймгийн Эрдэнэ сумынх Б гэдэг гэж байсан. Манайхаас 2 азаргатай адуу байна ачиж явах гэсэн юм гэсэн. Тэгээд хүү Быг ирэхээр нь би ажил дээрээ очиж мэдээгээ өгөөд буцаад хороон дээр иртэл манай хүү Баас гуйгаад ачилцаж байсан. 10-аад тооны адуу ачаад үлдсэн 5 адууг шарга хязаалан байдас, шарга даага, ягаан буурал хязаалан үрээ, бор саарал сарваа, халиун шүдлэн үрээ ачиж багтахгүй үлдэхээр нь Б Баас 1 сая төгрөгөөр авсан. Бтай наймаа хийж байхыг Ө, М хоёр харсан. Б хээр халзан азаргатай адуу байгаа. Энэ адуугаа маргааш ирж ачина, танайд мотоциклио үлдээе гээд яваад өгсөн. Тэгээд худалдаж авсан адууныхаа үнийг маргааш нь дансанд шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 137-138, 149-152, 3-р х.х-ийн 29-30 хуудас/

 

9. Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 03 дугаар сарын 13-нд мотоцикльтойгоо төрсөн дүү 6 настай Оийн хамтаар Гүн жалга гэх газарт байдаг худаг дээр очиход аав Д шарга халзан азаргатай адууг бага оврын жип машинтай 3 хөгшин ах уруудуулаад аваад явж байна услах гэсэн юм гээд байж байсан. Мөн Б нь Маяти маркийн цагаан өнгийн машинтай эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй хамт байсан. Тэгэхэд л Быг анх удаа харсан. Б надтай мэнд усаа мэдээд би 12 сард Төв аймгийн Эрдэнэ сумаас 2 азарга адуу алдаад танай эндээс оллоо, эд нарыг ачих гэсэн юм, миний мотоциклийн мотор болохоо байчихлаа гээд надаас ойрхон хашаа байгаа юу гэж асуухаар нь манайх урд ойрхон хашаатай тэнд очоод аччихгүй юу гэж хэлсэн. Б өөрийнхөө цагаан өнгийн мотоцикльтой шарга азаргатай адуугаа туугаад манай хашаанд хашсан. Тэнд байсан адуунаас захаас нь надтай хамт нийлж бариад цагаан өнгийн Маяти маркийн машинд ачаад дүүрсэн чинь 5 тооны халиун үрээ, шарга байдас, саарал үрээ, шарга сарваа гэсэн адуунууд үлдэхэд Б чи эд нарыг авах уу гэж санал тавихаар нь би чамд 1 000 000 төгрөг өгье гэж хэлээд авсан. Маргааш өглөө нь Б ах ирэхээр нь худалдаж авсан адуугаа үзүүлээд 4 адууг нь 1 000 000 төгрөгөөр зараад мөнгийг нь Бын данс руу шилжүүлсэн. Тэгээд л нэг өглөө цагдаа нар ирээд миний авсан адуу хулгайн адуу гэж хэлээд ааваас мэдүүлэг авсан. Манайх адуугаа уруудуулаад Дорноговь аймгийн араас буюу Овоогийн ар гэх газраас аав Д, О ах, Заамар сумын Т гэх ах, Б гэх ах нарын хамтаар татсан юм. Би адуугаа аваад Дундговь аймгийн Баянжаргалан сумын Нартын хадны орчмоор отроор гарсан. Тэгээд адуугаа уруудуулж алдаад дээрх газраас эргүүлж авсан. 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 16 дугаар зөрлөг орчим ирсэн. Тэгэхэд дээрх адуунууд ирээгүй. Баянтал сумын зүүн тал маш олон адуу орж ирсэн байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 142-144,153-155, 2-р х.х-ийн 156-157, 3-р х.х-ийн 8-11 хуудас/

 

10. Гэрч Ц.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 03 дугаар сарын 13-14-ний үед Бтай уулзахад урагшаа Төмөр замын 16 дугаар зөрлөг орж адуу ачиж ирнэ. Манай адуу тэнд яваа гэж хэлсэн. Тэгээд миний 51-19 ТӨВ улсын дугаартай цагаан өнгийн Маяти маркийн автомашин дээр Баттулга өөрийнхөө цагаан өнгийн Даюун маркийн мотоциклийг ачаад манай эхнэр А, Б бид гурав Чойр луу явсан. 16 дугаар зөрлөг дээр очихоос өмнөх нь Б миний автомашины тэвшин дээрээс  мотоциклийг буулгаж явсан. Б манай эхнэр бид хоёрыг худаг дээр очиж бай, адуу энд байгаа гэж хэлэхээр нь би эхнэрийн хамт худаг дээр очиход хүмүүс адуу услаад зогсож байсан. Тэр адууны эзэн нь Төв аймгийн хүмүүс гээд настайвтар 3 хүн, худгийн эзэн М гэж хүн байсан. Мөн Мийн хүү Б гэх хүү 4-5 насны жоохон хүүхэд ар дээрээ сундалсан мотоцикльтой зүүн талаасаа ирсэн. Б ч мөн удалгүй хойноос худаг дээр ирсэн. Тэгээд Төв аймгийн хүмүүсийг явуулаад Б, Б нар 4-5 насны жоохон дүүгээ голдоо хийж сундлаад нэг мотоциклио худаг дээр үлдээгээд  адуугаа авчирна гээд яваад удалгүй шарга халзан азаргатай тарга хүч муутай 15 тооны адуу тууж ирсэн. Би Бын адуу юм байх гэж бодсон. Б гэх хүү манай хашаа руу аваад явъя араас автомашинтайгаа дагаад хүрээд ир гэсэн. Ба, Б нар өөрсдийнхөө мотоциклиор шарга халзан азаргатай адууг хашаа руугаа туугаад хашаанд хашиж байгаад нийт 10 тооны адуу ачаад автомашины тэвш дүүрсэн. Б үлдсэн 5 тооны адуугаа зарна гээд бид хоёроос хэдээр зарах уу гэж асуухаар нь мэдэхгүй чи эзэн нь юм байгаа биз дээ гэж хэлсэн. Адуу ачиж байхад М ирсэн байсан. Тэр адууг Б Бд үлдээсэн. Зарсан уу, харуулахаар үлдээсэн үү учрыг нь би сайн ойлгоогүй. Мөн Баттулга мотоциклио Бын хашаанд үлдээсэн. Тэгээд 10 тооны адуугаа ачаад бид гурав засмал замаараа яваад Төв аймгийн Зуунмод хот орсон. Б надтай тооцоогоо хийгээд гэртээ буусан. Миний ачсан 10 тооны адуунаас бор гүү нь замдаа үхсэн. Зээрд халзан гүү, халиун үрээ хоёрыг би маханд өгөхгүй өсгөе гээд өөрийнхөө хашаандаа буулгаад адуундаа сүүлд тавьсан. Үлдсэн 7 тооны адууг Эмээлт зах дээр ченжид зарсан. Энэ асуудал цагдаад мэдэгдсэний дараа нь би өөрийн адуунд байсан зээрд халзан гүүг Эд хүргэж өгсөн. Бын хадмуудыг нь таньдаг учраас 2018 оны 02 сарын эхээр Б гэр баръя 1 000 000 төгрөг зээлээч хавар адуу өгье гэхээр нь 1 000 000 төгрөг зээлүүлсэн. Шарга халзан азаргатай 10 тооны адууг Баас үнэ тохирч авахдаа урдны зээлүүлсэн 1 000 000 төгрөгөө суутгаад нэмээд 1 000 000 төгрөг бэлнээр өгсөн. Тухайн адуу бүгд туранхай хил дарахааргүй байсан болохоор хямд бодож авсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 156-158, 3-р х.х-ийн 21-22 хуудас/

 

11. Гэрч С.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 02 сард цагаан сарын өмнө Б болон түүний эхнэр гэх охин хоёр над дээр ирээд бид хоёр шинийн найманд гэр барьж орох юм мөнгөний хэрэг байна, та 1 сая төгрөг зээлүүлээч цагаан сараас хойш хэдэн адуу зараад өгнө гэж хэлсэн. Цагаан сараас хойш миний бие өвдөөд мөнгөний хэрэг гараад Баас мөнгөө нэхэхэд манай адуу Чойрын нутаг руу оторт явсан. Тэндээсээ очиж өгөхгүй бол боломжгүй гэсэн. Б мотоцикльтойгоо адуундаа явлаа гэхээр нь би Быг мотоцикльтой алга болчих юм болов уу гэж бодоод нөхрийн хамт автомашинтай явахаар шийдээд Бын мотоциклийг ачаад нөхөр С, Б бид гурав Чойр явсан...Б мотоцикльтой ганцаараа ирсэн. Тэгээд худаг дээрээс Б, нэг залуугийн хамт жоохон хүүхэд дундаа сундлаад гурвуулаа 1 мотоцикльтой яваад шарга халзан азаргатай адуу тууж худаг дээр ирсэн. Тэр адууг нутгийн залуу, Б нар хашаа руугаа туугаад, хашиж байгаад 10 тооны адуу ачсан. Б өөрийнхөө мотоциклийг, 5 тооны адуутай цуг тэр айлд үлдээсэн. Замдаа нэг адуу нь үхсэн. Хоёр адууг нь манай нөхөр адуундаа тавьсан. Үлдсэн 7 тооны адууг нь Эмээлт захад нэрийг нь мэдэхгүй ченжид 3 000 000 төгрөгөөр борлуулсан. Төв аймгаас анх гарахдаа Б нийт хичнээн тооны адуу байгаа, хэдэн төгрөгөөр бодож зарна гэдгээ хэлээгүй. Б та хоёрын 1 000 000 төгрөгийг л олж өгнө гэсэн. Хулгайн адуу гэж мэдээгүй учраас 2 адууг нь манай нөхөр адуундаа тавьсан байгаа. Сүүлд энэ хоёр адуугаа эздэд нь өөрөө хүргэж өгсөн. Худаг дээрээс Б, нэг залуугийн хамт жоохон хүүхэд дундаа сундлаад гурвуулаа 1 мотоцикльтой яваад шарга халзан азаргатай адуу худаг дээр тууж ирсэн гэдэг мэдүүлэгтээ эргэлзээд байгаа юм. Б, Б нар жоохон дүүгээ сундалж яваад худгаас холгүй хэвтсэн адууг босгоод буцаж ирсэн шиг санаад байна. Дараа нь Б өөрийнхөө мотоцикльтой ганцаараа яваад шарга халзан азаргатай адуу тууж худаг дээр ирсэн” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 160-164, 3-р х.х-ийн 17-20 хуудас/

 

12. Гэрч Ч.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 03 дугаар сарын сүүлээр би адуугаа эргэх гэж Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт очсон. Д, Б нар нь их тамир муутай, тэнхээгүй, сартай чандмань тамгатай хээр халзан азаргыг хашаандаа тэжээж байхаар нь би хээр халзан азаргыг авч 2-3 жил гүү хураалгъя гэж бодоод Бд азаргаа өгчих оронд нь гүү өгье гэж хэлсэн. Уг азаргатай цуг хонгор гүү байсан бөгөөд тэр гүүг нь 800 000 төгрөгөөр худалдаж авсан. Би уг хоёр адууг ачаад Улаанбаатар хотын 61-ийн гарамд хашаандаа авч ирж  ойролцоогоор 20 гаруй хоног тэжээж тэнхрүүлээд фэйсбүүкт байдаг хурдан морь сонирхогчдын группэд хээр халзан азарганы зургийг тавиад зарна гээд зар тавьсан. Удалгүй нэг хүн залгаад авъя гэхээр нь ирээд ав гэхэд тэр хүн ирээд миний азарга байна гэж хэлээд цагдаа дуудсан. Дараа нь намайг эзгүй хойгуур ирээд хонгор гүүгээ авсан байна лээ. Би Бд азаргын орны гүүг өгөөгүй харин хонгор гүүний 800 000 төгрөгийг өгсөн байсан. Б хээр халзан азаргыг хүнээс худалдаж авсан талаар хэлсэн. Одоо Б бид хоёрын хооронд өр, авлага байхгүй учир би уг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцохгүй. Учир нь би хонгор гүүний өртөг болох 800 000 төгрөгийг Баас буцааж авсан. 2017 оны 08 сард би адуугаа аваад Дын нутаг болох 16 дугаар зөрлөгийн орчим хариулдаг байсан юм. Тэгээд өвөл нь адуугаа урагшаа уруудуулж алдаад 2018 оны 02 дугаар сард Д, Б, Э бид нар Дорноговь аймгийн нутгаас бөөгнүүлж тууж ирсэн. Тэр үед бид нар хүний адуу тууж ирээгүй. Зөвхөн өөрсдийнхөө адууг бөөгнүүлж тууж ирсэн. Миний сүүлд Баас авсан хээр халзан азаргатай адуу болон шарга азаргатай адуу байгаагүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 169-170, 3-р х.х-ийн 15-16 хуудас/

 

13. Гэрч Н.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 03 дугаар сарын дундуур гэж санаж байна орой гэртээ ирэхэд манай хүү Б 5 тооны адуутай болсон байсан. Уг адууг зүсээр нь хэлж мэдэхгүй. Маргааш нь Бд адуу зарсан Б гэх хүн Бын гар утас руу залгахаар нь би утсыг нь аваад чи манай хүүд адуу зарсан байна, бичиг баримт гар хөлийн үсэг байхгүй, дараа нь иймээ тиймээ асуудал гарвал яах вэ гэсэн. Тэгсэн чинь Б нь надад үгүй ээ эгч, миний өөрийн адуу байгаа юм гэж хэлсэн. Би 2-3 хоногийн дараа Бын Хаан бакны данс руу 800 000 төгрөг шилжүүлсэн. Б, Б хоёр хэдэн тооны адууг хэдэн төгрөгөөр авч, өгсөн талаар би сайн мэдэхгүй...Төв аймгийн цагдаа нар ирээд адуу хулгайлсан байна гэхээр нь би зарсан эзэн нь байгаа, мөнгийг нь дутуу өгсөн, цуг хот руу яваад зарсан хүнийг нь олж өгье гэсэн. Тэгээд би гэрээс гарахдаа Баттулга руу утсаар яриад би хот орлоо, үлдэгдэл мөнгөө ирээд аваарай гэсэн. Би Улаанбаатар хотод очоод Б руу утсаар яриад Драгоны нэг цайны газарт Быг дуудсан. Тэгээд цагдаа нар Быг барьсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 171-172, 3-р х.х-ийн 32 хуудас/

 

14. Гэрч Х.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Цагаан сар болох гээд Б бид хоёр С, А нараас 1 000 000 төгрөг зээлж авсан. Бид хоёр шинийн найманд гэр барьж тусдаа гарах гэж байсан юм. Тэгсэн С, А нар 3 дугаар сард зээлсэн мөнгөө өг гээд Б бид хоёроос нэхсэн. Б миний хэдэн адуу урагшаа уруудаад явж байхад таньдаг найз нь тогтоосон байгаа. Тэндээс очоод авч өгье гээд С, А нартай цуг тэдний автомашинтай яваад нэг хоноод маргааш нь Төв аймагт ирсэн. Б мөнгөтэй болсон байсан. Надад хэлэхдээ хүний өр өгөөд үлдсэн нь энэ гээд 200 000-300 000 төгрөг өгч байсан. Дараа нь Б нэг залуутай яриад байсан. Би асуухаар манай найз байгаа юм, би мөнгө авах ёстой гэж хэлж байсан. Өөр нарийн ширийн юм надад яриагүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 177-180, 3-р х.х-ийн 27 хуудас/

 

15. Гэрч С.Ц мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “С, А нарыг таних болохоор би санаж байна. Надад үлддэг 01А маягт буюу амьд малын маягт бүртгэдэг миний гар журнал дээр 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр С нь 51-19 ТӨА улсын дугаартай Маяти маркийн автомашинаар 3-8 насны 8 тооны адуу тээвэрлэхээр Төв аймгийн Алтанбулаг сумын Бийн Б гэх хотноос ачсан мэдээлэл бичүүлж, малын ариун цэвэр, гарал үүслийн 000425911 гэсэн дугаартай бичиг авч, төлбөр 16 500 төгрөг тушаагаад 059895 дугаартай хураамжийн хуудастай авсан байна” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 181-182 хуудас/

 

16. Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 09 дүгээр сарын 05-наас 06-ны үед Б гэдэг хүн манайхаар буусан. Би Баас шарга халзан азаргатай адуунаас та хэдэн адуу авсан юм бэ гэж асуухад ах нь 4 адуу Мээс худалдаж аваад хэд хонож байтал хонгор гүүг буцаагаад өгөөч орыг нь өгье гэж хэлээд сольж авсан байна лээ. Энэ адуунуудыг та яаж авсан юм бэ гэхэд би тухайн адуунуудыг 2 000 000 орчим төгрөгөөр худалдаж авсан. Өөрсдөө мөнгөний хэрэг байна адуу заръя гэж хэлсэн гэсэн. Б гэдэг хүн Мийн хашаанд хойшоо адуу ачиж явсанаас хойш шарга халзан азарга байсан гэж хэлсэн. Ах минь үлдсэн адуугаа таниас яаж авах вэ гэсэн чинь наймаа хийж авсан мөнгийг минь буцааж өг тэвэл би өгөх боломжтой гэсэн” гэсэн мэдүүлэг /3-р х.х-ийн 24 хуудас/

 

17. Гэрч Ш.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Манайх 2 азарга адуу, хариулгаар 5-6 азарга адуу алдаад 2018 оны 03 сард Говьсүмбэр аймгаас урагш Айраг орчмоос хагас адуугаа олж аваад төмөр замын баруун талаараа туусан. 16 дугаар зөрлөгийн орчим адуугаа услах гээд антен дээр байгаа хүнтэй уулзахад тэр ахимаг насны хүн манай худагт услахгүй юу гэхээр нь тэр хүнийг дагуулаад төмөр замын цагаан нүхээр баруунаас зүүн тийш гарч засмал замын зүүн талд байх худаг дээр адуугаа усалсан. Тэр хүн мотороо авч ирсний дараа адуугаа дөнгөж услаад байж байтал хүү нь гэх залуу мотоцикльтой зүүн талаасаа ирсэн. Дараа нь цагаан өнгийн Маяти машинтай эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирж зогссон. Түүнээс хойш нилээд хугацааны дараа зүүн талаас цэнхэр дээлтэй залуу цагаан өнгийн мотоцикльтой ирсэн. Мэлийн хүү болон зүүн талаас ирсэн цэнхэр дээлтэй залуу хоёр бид гуравт морь барьж өгсөн. Манай адууг услаж байхад худаг тойроод зайтай олон адуу байсан. Ер нь зүүн талаараа адуу нилээн харагдаж байсан. Бид нарыг явахад цагаан өнгийн машинтай эрэгтэй эмэгтэй 2, мөн мотоцикльтой 2 залуу байсан. Тэдгээр хүмүүс нэг, нэгийгээ танихгүй байх шиг байсан. Нэг нэгнээсээ адуу сураглаад байсан” гэсэн мэдүүлэг /3-р х.х-ийн 28 хуудас/

 

18. Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2018 оны өвөл 12 сард С Маяти маркийн 51-19 ТӨВ улсын дугаартай мотор нь зуурсан хямдхан машин байна авах уу гэхэд нь нөхөртэйгөө ярилцаад янзлаад авбал зүгээр юм байна гээд 1 800 000 төгрөгөөр авсан” гэсэн мэдүүлэг /3-р х.х-ийн 36 хуудас/

 

19. Насанд хүрээгүй гэрч У.У мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 03 дугаар сард нэг орой 23 цагийн үед Чойрт айл хайгаад олохгүй байна гээд ачааны автомашинтай ирээд танайд хоноод өглөө явъя гэсэн. Тэр үед би А гэж 27 настай ахтайгаа байсан бөгөөд С, А гэх эхнэр нөхөр хоёр нь манай гэрт хоносон. Харин нэг залуу нь ачааны автомашиндаа хоносон. Тэдгээр хүмүүсийг бол бид нар огт танихгүй, хамаатныхаа айлыг олохгүй байна гэсэн, өөрөөр юм яриагүй” гэсэн мэдүүлэг /3-р х.х-ийн 38 хуудас/

 

20. Гэрч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 03 дугаар сард яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Са ах, А, нэг залуугийн хамт өөрийнхөө Маяти маркийн автомашинтай өглөө эрт намайг ажилд явахаас өмнө манай гэрт орж ирсэн. Ямар ажлаар явж байгааг нь асуухад хамт явж байгаа хүнээсээ адуу худалдаж авах гэж явж байгаа, танай гэрийг олдоггүй, өчигдөр танихгүй айлд хонолоо гэж ирсэн. Өөрөөр нарийн ширийн юм яриагүй. С ахад адуу зарах гэж байгаа гэх хамт явж байсан залуу нь адуугаа олохгүй гэлүү, хүн нь утсаа авахгүй байна гэлүү үүнээс болж оройтоод Чойрт орж ирсэн гэж байсан. С ах хамт явж байгаа залуугаа нөгөө хүн чинь утсаа авах нь уу залгаач гээд байгаа бололтой байсан” гэсэн мэдүүлэг /3-р х.х-ийн 40 хуудас/

 

21. Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Манай аав Н нь 2013 онд бие нь тааруу муу байх үедээ нэг хурдан удмын морио зарчих юмсан гэж ярьдаг байсан. Тэгэхдээ морио зараагүй, зарах гэж байсан морь нь одоо болтол адуундаа байгаа. Э гэдэг хүнтэй наймаа хийсэн талаар мэдэх зүйл байхгүй. Манай аавд шүрэн толгойтой хаш хөөрөг байдаг. Намайг хүүхэд байхад л тийм хөөрөг барьдаг байсан. Энэ хөөрөг ямар нэгэн наймаанд огт хамааралгүй, өв дамжиж ирсэн хөөрөг” гэсэн мэдүүлэг /3-р х.х-ийн 46-47 хуудас/

 

22. Гэрч З.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 02 дугаар сарын эхээр манай 2 хүрэн азаргатай нийт 62 тооны адуу, О гэж хүний 200 гаран тооны адуу, Д гэх хүний 3 азарга адуунууд шуурганд уруудуулж алдсан. О, Д, Б нарын хамт Тоёота ланд 76 маркийн тээврийн хэрэгсэлтэй дээрх уруудуулж алдсан адууны эрэлд явж байгаад 7 хоногийн дараа эхний О гэж хүний 4 азарга адууг 32-ын тоочиг гэх газраас олж авсан. Тэндээс азаргатай адуунуудаа цувуулж олсоор байгаад хамгийн сүүлд миний 1 азарга адуу, Оын 1 азаргатай адууг олж авсан. Тэдгээр адуунуудыг Дорноговь аймгийн урд талаас олж авсан. Б бүх адууг туугаад Говьсүмбэр чигт хөдөлсөн. Д, О бид гурав түрүүлээд машинтайгаа явсан. Миний хувьд тухайн хүмүүсийг адуугаа хайж яваад таньдаг болсон. Тэр жил олон мянган адуу уруудаад маш олон адуучид адуугаа бөөгнүүлж явсан. Би Д гэх хүний адууг танихгүй, хамт явж байгаад зүс тамгаар нь өөрсдөө таниад уруудуулж алдсан гэх 3 азарга адуугаа олж авсан. Тэр 3 азарга адуу нь хул зүсмийн азаргатай, эрлийз хүрэн зүсмийн азаргатай адуунууд байсан. 1 азарганы зүсийг нь сайн санахгүй байна” гэсэн мэдүүлэг /3-р х.х-ийн 48 хуудас/

 

23. Гэрч Д.Ү мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Тухайн 89135590 дугаарын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл зөвхөн гадагш залгасан яриа, мессежний дэлэрэнгүй хуулга /билл/-ээс харахад 88028210 гэсэн дугаар луу 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 13 цаг 42 минутанд 1 мессеж, 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 15 цаг 00 минутанд 1 мессеж, 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 15 цаг 41 минутанд 3 секунд холбогдсон, 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 16 цаг 10 минутанд 19 секунд холбогдсон, 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 14 цаг 29 минутанд 4 минут 46 секунд холбогдсон, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 11 цаг 36 минутанд 1 мессеж, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 12 цаг 51 минутанд 1 мессеж, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 19 цаг 48 минутанд 50 секунд  холбогсон, 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 17 цаг 11 минутанд 1 мессеж, 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 17 цаг 35 минтунад 1 минут 19 секунд холбогдсон, 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 23 цаг 59 минутанд 1 мессеж, 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 09 цаг 04 минутанд 1 мессеж, 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 12 цаг 22 минутанд 1 мессеж, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 09 цаг 20 минутанд 1 мессеж, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 20 цаг 38 минутанд 26 секунд холбогдсон /ярьсан/, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 08 цаг 59 минутанд 1 минут 25 секунд холбогдсон, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 09 цаг 03 минутанд 34 секунд холбогдсон, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 09 цаг 16 минутанд 14 секунд холбогдсон, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 09 цаг 16 минутанд 1 мессеж, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр09 цаг 18 минутанд 1 мессеж, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 09 цаг 18 минутанд 1 минут холбогдсон, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 09 цаг 36 минутанд 1 мессеж, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 09 цаг 59 минутанд 1 мессеж, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 10 цаг 15 минутанд 1 мессеж, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 10 цаг 20 минутанд 1 мессеж, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 10 цаг 25 минутанд 1 мессеж, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 10 цаг 28 минутанд 1 мессеж, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 09 цаг 26 минутанд 1 мессеж, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 18 цаг 11 минутанд 1 мессеж, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 12 цаг 14 минутанд 1 мессеж, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 20 цаг 25 минутанд 1 минут 46 секунд холбогдсон/ ярьсан/, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 20 цаг 28 минутанд 9 секунд холбогдсон/ ярьсан/, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 20 цаг 30 минутанд 1 минут 29 секунд холбогдсон/ ярьсан/, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 20 цаг 35 минутанд 34 секунд холбогдсон/ ярьсан/, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 20 цаг 36 минутанд 8 секунд холбогдсон” гэсэн мэдүүлэг /3-р х.х-ийн 49-51 хуудас/

 

24. Гэрч Д.Быг гэрч Ц.Санжмятавтай нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /3-р х.х-ийн 33-35 хуудас/

 

25. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р х.х-ийн 29-23 хуудас/

 

26. Адуу хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р х.х-ийн 24-25 хуудас/

 

27. Эд мөрийн баримт хураан авах тухай зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р х.х-ийн 94-98, 2-р х.х-ийн 150-154 хуудас/

 

28. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын мотоциклийн үнэ тогтоосон дүгнэлт /1-р х.х-ийн 101 хуудас/

 

29.Хаан банкны депозит дасны дэлгэрэнгүй хуулга /2-р х.х-ийн 49-51 хуудас/

 

30. “Хан-Үнэлэмж”” ХХК-ний автомашин, адууны үнэлгээний тайлан /3-р х.х-ийн 53-59, 62-67 хуудас/

 

31. “Монголын морин спорт уяачдын холбоо”-ны тодорхойлолт /3-р х.х-ийн 74 хуудас/

 

32. Юнител салбарын тодорхойлолтууд /3-р х.х-ийн 99, 130 хуудас/

 

33. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р х.х-ийн 70-73 хуудас/

 

34. Шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан баримтууд /2-р х.х-ийн 4-7, 27-33, 170-175, 3-р х.х-ийн 77-89 хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Б.Быг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд Б.Быг тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг, Төмөр замын 16 дугаар зөрлөгийн орчмоос иргэн Ж.Эны 12 тооны адуу, иргэн Ц.Эын 3 тооны адуу нийт 15 тооны адууг буюу бусдын олон тооны малыг хулгайлж, Ж.Энхсайханд 9 610 000 төгрөгийн, Ц.Эт 2 062 500 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь: хохирогч нарын мэдүүлгээр дээрх 15 тооны адуу нь 2018 оны 02 дугаар сард болсон байгалийн давагдашгүй хүчин зүйл болох шуурганд уруудаж өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй ижил сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээс холдож, өөр орон нутагт шилжин байрласан болох нь тогтоогдож байна. Харин шүүгдэгч Б.Б нь 15 тооны адууны жинхэнэ эзэмшигч нь хэн болохыг мэдэлгүйгээр авсан тул шүүгдэгч Б.Бд холбогдуулан Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогч Ж.Э, түүний өмгөөлөгч Т.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б нар нь гэм буруугийн дүгнэлтэндээ: Д.Б, Ц.Д нарыг Б.Бтай хамтарч адуу хулгайлсан болохыг тогтоолгохоор хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгөх хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь Б.Бд холбогдох хэрэгт Д.Б, Ц.Д нарыг хамааралтай эсэхийг шалгуулахаар Б.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон түүний өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлсэн ба мөрдөн шалгах ажиллагаанд Д.Б, Ц.Д нарыг хамааралтай эсэх талаар нотлох баримтыг цуглуулан бэхжүүлэх ажиллагааг явуулсан боловч тэдгээр нь хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогдоогүй тул прокуророос яллагдагчаар таталгүй, шүүгдэгч Б.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн байна. Мөн шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн удаа дараагийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүтэй эргэлзээтэй, Д.Б, Ц.Д нар нь гэмт хэргийг хамтран үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. Иймд Д.Б, Ц.Д нарыг гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн эсэхийг шалгуулахаар дахин хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар дууссан байх тул шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл хохирогч нарын 15 тооны алдуул адууг шүүгдэгч Б.Б нь 2018 оны 03 дугаар сарын дундуур Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг, Төмөр замын 16 дугаар зөрлөгийн орчмоос завшсан ба уг үйлдлээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ”гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж заасан.

 

Шүүгдэгч Б.Бын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр М.Мийн 7 тооны алдуул адууг завшиж 6 765 000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн прокурорын 02 дугаар тогтоолоор гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба дээрх 2 үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн гэмт хэрэг гэж үзсэн ч хохирлын хэмжээ нь зүйлчлэлд өөрчлөлт оруулахгүй тул яллах дүгнэлтийн хэмжээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. Өөрөөр хэлбэл хохирлын хэмжээ нь их хэмжээнд хүрэхгүй болно.

 

Харин энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож битүүмжилсэн сахиул Ц.Чт хадгалах үүрэг хүлээлгэн Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хадгалагдаж байгаа L7GPCKLYOG4055721 арлын дугаартай, цагаан өнгийн Dayun маркийн улсын дугааргүй мотоциклийг хураан авч гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулахыг Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар хорих ангид даалгаж, шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 51-19 ТӨВ улсын дугаартай Hyungai Mighty маркийн автомашины үнэ болох 1 800 000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.Баас гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэлээ.

 

Хохирлын тооцоо:

“Хан-Үнэлэмж” ХХК-ний үнэлгээний тайлангаар /3-р х.х-ийн 62-67/ хохирогч Ж.Эны 12 тооны адууг нийт 9 610 000 төгрөгөөр тогтоосон ба үүнээс амьдаар нь буцаан авсан зээрд халзан гүүний 880 000 төгрөгийг хасаж үлдэгдэл 8 730 000 төгрөгийг,

хохирогч Ц.Эын 3 тооны адууг нийт 2 062 500 төгрөгөөр тогтоосон ба үүнээс амьдаар нь буцаан авсан зээрд саарал соёолон үрээ, халиун шүдлэн үрээ нийт 1 292 000 төгрөгийг хасаж үлдэгдэл 770 000 төгрөгийг тус тус шүүгдэгч Б.Баас гаргуулан хохирогч нарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин иргэний нэхэмжлэгч Б.Б нь иргэний хариуцагч Д.Бираадамбаас нийт худалдаж авсан 4 адууны төлбөрөөс 500 000 төгрөгийг төлөөгүй байсан тул нэг гүүг буцаан авсан гэж нэхэмжилсэн 500 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хохирогч Ж.Э нь “Хан-Үнэлэмж” ХХК-ний үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй, алдагдсан адуунуудаа өөрөөр үнэлсэний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч түүний үнэлгээ нь тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Баттулга нь 126 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнд  урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Бд холбогдуулан Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Х овогт Бийн Быг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 

 

4. Шүүгдэгч Б.Б нь 126 /нэг зуун хорин зургаа/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож битүүмжилэн сахиул Ц.Чт хадгалах үүрэг хүлээлгэн Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хадгалагдаж байгаа L7GPCKLYOG4055721 арлын дугаартай, цагаан өнгийн Dayun маркийн улсын дугааргүй мотоциклийг хураан авч гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулахыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид даалгаж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 51-19 ТӨВ улсын дугаартай Hyungai Mighty маркийн автомашины үнэ болох 1 800 000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.Баас гаргуулж улсын орлого болгосугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т  зааснаар шүүгдэгч Б.Баас 8 730 000 /найм сая долоон зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Замчдын гудамжны 49 дүгээр байрны 123 тоотод оршин суух хохирогч Ж.Эд, 770 000 /долоон зуун далан мянга/ төгрөгийг гаргуулж Төв аймгийн Баян сумын 3 дугаар баг, 1-1 тоотод оршин суух хохирогч Ц.Эт тус тус олгож, иргэний нэхэмжлэгч Б.Бийн 500 000 /таван зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нар нь гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА