Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2016/00047

 

 

 

 

 

               2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2016/00047

       Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Сайханцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “А” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянаад

22.190.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц, А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оргил нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Золзаяа хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Т” ХХК хариуцагч “А” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үлдэгдэл 14.000.000 төгрөг, алданги 8.190.000 төгрөг, нийт 22.190.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Манай компани, “А” ХХК-тай 2015 оны 10 дугаар сард чингэлэг зээлээр худалдах, худалдан авах 231/15 тоот гэрээ байгуулан нэг бүр нь 2.000.000 төгрөгийн үнэ бүхий 14 ширхэг чингэлэг худалдсан ба гэрээний нийт үнэ 28.000.000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлөхөөр гэрээгээр тохиролцсон. Гэтэл 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 14.000.000 төгрөг тушаан барьцаанд байсан 2 машиныхаа нэгийг авч явсан ба үлдэгдэл 14.000.000 төгрөгөө өнөөдрийг хүртэл төлөхгүй, гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй, манай компанийг чирэгдүүлж байна. Бид гэрээний 7.1-д заасны дагуу үлдэгдэл төлбөрт нь алданги тооцон нэхэмжилж байгаа бөгөөд энэ талаар “А ”ХХК-д удаа дараа амаар болон бичгээр хандаж, эвийн журмаар шийдвэрлэх боломжгүй байдалд хүрсэн тул шүүхэд хандаж байна.

Иймд чингэлэг зээлээр худалдах, худалдан авах 231/15 тоот гэрээний дагуу “А” ХХК-ийн худалдан авсан чингэлгүүдийн үлдэгдэл үнэ 14’000’000 төгрөг, хугацаандаа төлбөрөө төлөөгүй тул алданги 8’190’000 төгрөг, нийт 22.190.000 төгрөгийг “А” ХХК-иас гаргуулж манай компанид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэсэн.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О: Хариуцагч тал гэрээ байгуулсанаа хүлээн зөвшөөрсөн. Алдангийг 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт 117 хоногоор бодож 8.190.000 төгрөг болсон. Бид хуульд зааснаар бодож гаргасан гэв.

Хариуцагч “А” ХХК нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч алданги төлөх боломжгүй гэж маргаж байна.

“А” ХХК төлбөрийн чадваргүй болсон 2000 ажилтанаа халсан байгаа шийдвэр гүйцэтгэл дээр маш их өр төлбөртэй байна. “А” ХХК-ийн үйл ажиллагаа төлбөр төлөх боломжгүй байгаа. Албан бичиг дээр дурдсан байгаа. Шаардлагад маргаад байх зүйл байхгүй. Алдангийн тухайд тооцож үзэхэд зөрүүтэй байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасан байдлаар бодож үзэхэд алданги нь  7.825.000 төгрөг болж байсан. Алдангийг бодоходоо 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар бодох нь зүйтэй байх яагаад гэвэл 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хойшлуулахыг зөвшөөрсөн. Дээрхи зээлийн мөнгийг охин компани болох “Эко алт” ХХК-д зориулан авсан. Бид нэхэмжлэгч байгууллагыг хохироох зорилгогүй байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч болон, хариуцагчийн тайлбар түүнд хавсаргасан нотлох баримтууд, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч “Т” ХХК 22.190.000 төгрөгийг хариуцагч “А” ХХК-иас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж дараах байдлаар шийдвэрлэв.

Учир нь: хариуцагчийн хүсэлтээр 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Т” ХХК, “А” ХХК-тай 40 тоннын даацтай чингэлэг зээлээр худалдах, худалдан авах 231/15 тоот гэрээ байгуулан нэг бүр нь 2.000.000 төгрөгийн үнэ бүхий 14 ширхэг чингэлэг худалдсан ба гэрээний нийт үнэ 28.000.000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлөхөөр тохиролцож чингэлэг зээлээр худалдах, худалдан авахаар байгуулсан гэрээг нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргуулсан.

Энэ гэрээ нь нэхэмжлэгчээс нотлох баримтаар ирүүлсэн худалдах, худалдан авах гэрээтэй нэг огноо, сар, өдөртэй гэрээ бөгөөд үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож LV46bbh4g003192 аралын дугаар бүхий Норд Бенз маркийн 58-47 УНМ улсын дугаар бүхий толгой, LA939r158hlm222 аралын дугаартай 70-06 АЧ улсын дугаартай чиргүүл барьцаалсан чингэлэг зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэсэн тайлбарыг хариуцагч шүүх хуралдаанд гаргасан бөгөөд нэхэмжлэгч үгүйсгээгүй, уг гэрээгээр 2015 оны 12 дугаар сарын 29-ний  байдлаар 14.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаад худалдан авагч хүлээн зөвшөөрсөн болно. Иймд талуудын байгуулсан чингэлэг зээлээр худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.

Хариуцагч “А” ХХК нь уул уурхайн салбарын хямралтай байдлаас шалтгаалан алданги төлөх боломжгүй, гэрээнд заасан 14.000.000 төгрөг төлөх үүргээ биелүүлж чадаагүй, мөн манай худалдагч талд 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гаргасан хүсэлтийг хүлээн авснаар 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл үлдэгдэл төлөх хугацааг сунгасан тул алдангийг тэр хугацаанаас тоолно гэж маргасан.

Хэрэгт ирүүлсэн дээрхи баримтаар хариуцагч “А” ХХК нэхэмжлэгч  “Т” ХХК-д гэрээг албан ёсоор сунгах тухай 1 талын хүсэл зоригийг илэрхийлж байсан боловч 2 тал гэрээний үүргийг биелүүлэх хугацааг харилцан тохиролцож сунгасан хэлцэл байгуулагдаагүй тул алдангийг 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс тооцох үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч “Т” ХХК гэрээний 7.1-д зааснаар худалдан авагч гэрээнд заасан хугацаанд контейнерийн үнийг төлөөгүй хожимдуулсан бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-тай тэнцэх алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөрчөөгүй бөгөөд 8.190.000 төгрөгийн алдангийг нэхэмжилсэн байна.

Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг хэрэглэхдээ алданги тооцохоор тохиролцсон бол үнийн дүнгийн 50%-иас хэтрэхгүйгээр байх шаардлагад нийцүүлэн алдангиас 1.190.000 төгрөгийг хасч, гэрээний үлдэгдэл төлбөр 14.000.000 төгрөгийг алдангийн хамт 21.000.000 төгрөгийг хариуцагч “А” ХХК-иас гаргуулж нэхэмжлэлээс үлдэх 1.190.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч нь чингэлэг зээлээр худалдах худалдан авах гэрээгээр барьцаалсан LV46bbh4g003192 аралын дугаар бүхий Норд Бенз маркийн 58-47УНМ улсын дугаар бүхий толгой, LA939r158hlm222 аралын дугаартай 70-06АЧ улсын дугаартай чиргүүлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйг дурдав.

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК төлөөлүүлэх эрхээ 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн итгэмжлэлээр Ц, А нарт, хариуцагч “А” ХХК нь төлөөлүүлэх эрхээ 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн итгэмжлэл, 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн итгэмжлэлээр Ц.Оргилд олгосон нь хууль зөрчөөгүй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 262 дугаар зүйлийн 262.1-д  зааснаар “А” ХХК-иас 21.000.000 төгрөгийг гаргуулж “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1.190.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар “Т” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268.900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 262.950 төгрөгийг гаргуулж “Т” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                                                                                                           

                     ДАРГАЛАГЧ                                                     Б.САЙХАНЦЭЦЭГ