Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2016/00230

 

 

 

 

 

 

 

 

             2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2016/00230

        Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сайханцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “М”-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: “МО” ХХК-д холбогдох

10.615.924.551 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ннар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Золзаяа хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “М” хариуцагч “МО” ХХК-д холбогдуулан 10.615.924.551 төгрөг гаргуулах шаардлага гаргасан байна.

“М” нь алтны зах зээлийг чөлөөлсөн 2002 оноос эхлэн алтны компаниудын олборлосон алтыг гадаад зах зээлд шууд борлуулах боломжтой болсон тул дотоодын алтны компаниудын захиалгаар олон улсын үнэт металлын зах дээр арилжаа хийж байсан.

Алт олборлогч компаниудын нэрийн өмнөөс алтны арилжаа хийхдээ Мны Ерөнхийлөгчийн 2003 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 99 дүгээр тушаалаар батлагдсан “Үнэт металл олборлогч, арилжаалагчдын хүсэлтээр арилжаа хийхэд мөрдөх журам”-ыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож байсан. “МО” ХХК нь 2003 оны 9 дүгээр сараас “М”-д захиалга өгч эхэлсэн.

“М”, “МО” ХХК-ийн хооронд дараах гэрээнүүд байгуулагдсаны үндсэн дээр арилжаа хийгдсэн болно. Үүнд:

-Арилжааны ерөнхий гэрээ /2003.02.28/

-Арилжааны ерөнхий гэрээ /2005.01.01/

-Арилжааны ерөнхий гэрээ /2006.01.01/

Мны Ерөнхийлөгчийн 2007 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 172 тоот тушаалаар алт олборлогч компаниудын нэрийн өмнөөс хийж байсан арилжааг зогсоосон учраас энэ тухай “МО” ХХК-д албан бичгээр мэдэгдсэн.

Арилжаатай холбоотой үүссэн өглөг, авлагын талаар 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тооцоо нийлж, “МО” ХХК нь 882,768,000 төгрөг, 4,256,689.32 ам долларыг “М” төлөхөөр гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

“М”-ны тайлан тэнцэлд үүссэн авлагын талаар “МО” ХХК удаа дараа уулзаж танилцан тэмдэглэл хөтөлж, төлбөр төлөх шаардлага тавьж ирсэн бөгөөд “Төлбөр төлөх гэрээ”-ний төслийг 2008 онд гардуулан өгч, урт хугацаанд төлбөрийг хувааж төлөх боломж олгож байсан.

“МО” ХХК нь 2012 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 43,000.00 ам.доллар төлсөн байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 0108/81 дугаартай “Төлбөр төлөх гэрээ”-гээр “М” нь “МО” ХХК-ийн нэрийн өмнөөс гадаадын банк, санхүүгийн байгууллагуудтай алтны форвард, опшин хэлцэл хийж, “МО” ХХК-д олгосон урамшууллын төлбөр болох “МО” ХХК-ийн дансанд шилжүүлсэн нийт 839,540.00 ам.долларыг 2009 оны 01 дүгээр сард багтаан төлж дуусгахаар тохиролцсон боловч урамшууллын төлбөрөөс 285,888.10 ам.долларыг буцаан төлж, үлдэх 553,679.90 ам.долларыг төлж дуусгаагүй байна. Үүнд:

Шилжүүлсэн урамшуулал:

  1.  12 дугаар сарын 10-ны өдөр 17,808.00 ам.доллар,

2014 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 60,240.00 ам.доллар,

2004 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 761,520.00 ам.доллар нийт 839,568.00 ам.доллар,

Буцаан төлсөн урамшуулал:

  1.  оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 151,658.10 ам.доллар,

2008 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 16,230.00 ам.доллар,

2010 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 75,000.00 ам.доллар,

2012 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 43,000.00 ам.доллар нийт 285,888.10 ам.доллар,

“Төлбөр төлөх гэрээ”-ний 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар талууд гэрээний хугацааг төлбөр төлөгч тал төлбөрийг бүрэн төлж дуустал үргэлжилэхээр тодорхойлсон ба энэхүү гэрээ хүчин төгөлдөр хэвээр байна.

Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар урамшууллаас төлөгдөөгүй үнийн дүн 553,679.90 ам.доллараас хоног тутам 0,014% (жилийн таван хувь)-ийн алданги тооцон 180,950.00 ам.долларыг нэхэмжлэх үндэслэлтэй байна.

Иймд арилжаанаас үүссэн авлага 882,768,000.00 төгрөг 3.970.801,32 ам.доллар, арилжааны урамшуулал 796,568.00 ам.доллар, урамшууллын алданги ниит 10.615.924.551 төгрөгийг “МО” ХХК-иас гаргуулан өгч “М”-ыг хохиролгүй болгож өгнө үү гэсэн.

Хариуцагч “МО” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

“М” болон “МО” ХХК нь 2003 оноос хойш хоорондоо харилцан тохиролцож арилжааны гэрээ байгуулсаны үндсэн дээр манай компани гэрээний дагуу олборлосон алтаа арилжих захиалга өгч, манай компанийн өмнөөс М олон улсын зах дээр диллер хийж байсан. Бүх зүйл гэрээнд заасны дагуу 3-4 жил хэвийн үргэлжлэн явагдсан.

Харин Мны “Үнэт металл олборлогч, арилжаалагчдын хүсэлтээр арилжаа хийхэд мөрдөх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.4-т: Захиалагч захиалга гүйцэтгүүлсэний шимтгэлийг “Арилжааны ерөнхий гэрээнд тохиролцсоны дагуу Минд төлнө” гэж заасны дагуу М тодорхой хэмжээний ашиг олж байсан.

Гэтэл 2007 онд арилжааг гэнэт зогсоосон. Зогсоох болсон талаар тухайн үед нь мэдэгдээгүй. Тооцоо нийлсэн актыг хүлээн зөвшөөрөхгүй. Компанийн төлөөлөл гарын үсэг зурахдаа тус компани анхнаасаа арилжаанаас үүссэн алдагдлыг хүлээн зөвшөөрөөгүй, зөвхөн арилжааны урамшууллыг төлнө гэдгээ тодотгож бичиж гарын үсэг зурсан, төлбөр барагдуулах гэрээг зөвхөн урамшууллын дүнгээр тооцож байгуулсан.

“М” нэг талын санаачлагаар арилжааг гэнэт зогсоосон нь дараах сөрөг үр дагаварт хүргэсэн.

  1.  Арилжааг зогсоох болсон тухай урьдчилан мэдэгдээгүйгээс тус компани алдагдал хүлээсэн.
  2.  Арилжаа цаашид үргэлжлэн хийгдсэн бол төлбөр тооцооны маргаан гарахгүй байсан бөгөөд компанийн удирдлагыг санхүүгийн мэргэжлийн хүн байлцуулахгүйгээр тооцоо нийлсэн акт гэсэн цаасан дээр нэг талын хүсэл зоригийг тулгаж гарын үсэг зуруулсан. Холбогдох мэргэжилтнүүд санхүүгийн баримтад тулгуурлан тооцоог хийгээгүй, гэрээг зохих ёсоор нь дүгнээгүй учраас тооцоо нийлсэн актыг хүлээн зөвшөөрөхгүй.

Тиймээс ч өнгөрсөн бүх хугацаанд энэ асуудал маргаантай байсаар өдийг хүрсэн. Бусад компаниуд ч мөн нэгэн адил арилжааг зогсоосон нь Мны буруу гээд төлбөрийг одоо ч хүлээн зөвшөөрөхгүй, дангаар хариуцахгүй гэсэн байр суурьтай байдаг.

2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр талууд “Төлбөр төлөх гэрээ”-г байгуулахдаа арилжаанаас үүссэн алдагдлыг оруулан тооцоогүй, зөвхөн арилжааны урамшуулал төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд тус компани 2008-2012 онуудад нийтдээ 285,888.10 ам доллар төлсөн.

Арилжааны ерөнхий гэрээний 2-р зүйлийн 2.8-д: Захиалга гүйцэтгүүлсэний шимтгэлд, тухайн арилжааны үр дүнгийн (ашиг, алдагдал, урамшуулал) 5 хувийг Гүйцэтгэчид төлөх” гэсэн зохицуулалт байгаа боловч аливаа эрсдэл гарсан тохиолдолд арилжааны үр дүнгийн тодорхой хувийг захиалагчаас гүйцэтгэгчид буцааж төлөх талаар холбогдох хууль, журмаар зохицуулаагүй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх дараах үндэслэлүүд байна. Үүнд:

  1. Тус компанитай холбоотой төлбөрийн талаар иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах Монгол Улсын Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан 3 жил өнгөрч хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас арилжаанаас үүссэн авлага 882,768,000.00 төгрөг, 3,970,801.32 ам долларыг нэхэмжлэх болон төлөх хууль зүйн үндэслэл байхгүй.
  2. Арилжааны урамшуулал 553,679.90 ам доллар, урамшууллын алданги 180,950.00 ам доллар нэхэмжилсэн тухайд анхнаасаа арилжааны гэрээгээр урамшууллыг буцааж төлөх нөхцөлийн талаар гэрээний талууд тохиролцоогүй учраас хүлээн зөвшөөрөхгүй. Өмнө нь энэ талаар дутуу мэдээлэл, мэдлэгтэй байснаас болж зохих хэмжээний төлбөрийг буцаан төлсөн байна. Төлбөр барагдуулах гэрээ нь арилжаатай холбоотой хууль, журамд нийцээгүй, эрх зүйн үндэслэлгүй гэрээ байх тул энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжилсэн төлбөрийг хариуцах үүрэг хүлээхгүй.
  3.  Алтны арилжаа нь Монгол Улсын Төв банкны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.7-д “улсын төсөвт тусгагдаж Улсын Их Хурлаар батлагдсан, энэ хуулиар зөвшөөрснөөс бусад, хуулийн этгээд, иргэний эдийн засгийн буюу арилжааны үйл ажиллагааг дэмжсэн тэнцлийн болон тэнцлийн гадуурх аливаа гүйлгээ хийх” гэсэн заалтыг зөрчиж ашиг олсон үйлдэл нь хуулийг ноцтой зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Иймд 10,615,924,551 төгрөг нэхэмжилсэн “М”-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл болон, хариуцагчийн тайлбар түүнд хавсаргасан нотлох баримтууд, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч “М” 10.615.924.551 төгрөгийг “МО” ХХК-иас гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон дараах байдлаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “М”, хариуцагч “МО” ХХК-тай 2006 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр “Арилжааны ерөнхий гэрээ” байгуулж, “МО” ХХК 2006 онд өөрийн олборлосон арилжаалах үнэт металлын тодорхой хэсгийг Мнаас баталсан лимитийн хэмжээнд гүйцэтгэгчээр дамжуулан захиалга өгч олон улсын зах дээр...арилжих, “М” захиалагчаас ирүүлсэн арилжааны захиалгыг өдөрт нь хийж гүйцэтгэх, арилжааны ашгийг ажлын 2 хоногт захиалагчийн дансанд шилжүүлэх, захиалга гүйцэтгэснээр шимтгэл авах, шимтгэл арилжааны үр дүнгийн ашиг, алдагдал, урамшуулалтай тэнцүү байхаар тохиролцон талууд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан даалгаврын гэрээг байгуулсан байна.

Уг гэрээний дагуу 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 009 тоот тооцоо нийлсэн актаар 1,746,049,32 ам долларын үлдэгдэл байгааг, 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 2208001004 тоот дансанд бүртгэлтэй 882,768,00,00 төгрөгийн авлага, 2208401004 дансанд бүртгэлтэй 4,256,686,32 ам долларын авлагыг тооцоо нийлсэн байна.

Улмаар талуудын тайлбараар 2007 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 172 дугаартай “М”-ны ерөнхийлөгчийн тушаалын 1 дүгээр хавсралтын 2-т зааснаар Алт олборлогч компаниудын нэрийн өмнөөс аливаа арилжаа хэлцэл хийхгүй байхаар тогтоож, үнэт металлын арилжааг зогсоож, урамшууллын төлбөрийг төлөхөөр тохиролцож, 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Төлбөр төлөх гэрээ нэртэй 0108/81 дугаартай гэрээ байгуулж, 839,540,00 ам долларыг 5 сарын хугацаанд 2009 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор хариуцагч “МО” ХХК, “М”-нд төлж дуусгахаар тохиролцсон байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа гэрээний үүрэгт 3 жил байхаар заасан байна. Мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д “Үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг /анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа зэрэг/-ийн хөөн хэлэлцэх хугацаа  нэгэн зэрэг дуусдаг” байна.

Хариуцагч “МО” ХХК 2006 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 285,888,10 ам доллар төлжээ. Үүнээс хойш хугацаанд хариуцагч “МО” ХХК төлбөр хийгээгүй байна.

Улмаар нэхэмжлэгч “М” гэрээний үүрэг биелүүлээгүй тул 10,615,924,551 төгрөгийг “МО” ХХК-иас гаргуулах нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрөөгүй бөгөөд гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж “М”-нд 10.615.924.551 төгрөгийг төлөхөөс татгалзсан.          

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76,1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолох тул нэхэмжлэгч “М”-ны нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа сүүлчийн төлбөр хийснээс хойш 2015 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан байна.

Иймд нэхэмжлэгч “М”-ны шүүх хуралдаанд “Төлбөр төлөх гэрээ”-ний 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар талууд гэрээний хугацааг төлбөр төлөгч тал төлбөрийг бүрэн төлж дуустал хүчин төгөлдөр хэвээрээ байна гэсэн тайлбар үнэслэлгүй байна.

Мөн Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” байдаг бөгөөд хариуцагчийн татгалзлалыг үндэслэлгүй гэж үзэх боломжгүй байна.

Иймд арилжаанаас үүссэн авлага 882,768,00,00 төгрөг, 3,970,801,32 ам доллар, арилжааны урамшуулал 796,568,00 ам доллар, урамшууллын алданги 180.950,00 ам доллар, нийт 10,615,924,551 төгрөгийг “МО” ХХК-иас гаргуулах “М”-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Батболдоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112.678 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.

            Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар “М”  төлөөлүүлэх эрхээ 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн итгэмжлэлээр Бт, “МО” ХХК төлөөлүүлэх эрхээ 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн итгэмжлэлээр Л.Насан-Өлзийд олгосон нь хууль зөрчөөгүй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар “МО” ХХК-иас 10.615.924.551 төгрөг гаргуулах “М”-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар “М” улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

                   

 

 

                     ДАРГАЛАГЧ                         Б.САЙХАНЦЭЦЭГ