Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00839

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 22 210/МА2024/00839

 

 

Г.Ч-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2024/00416 дугаар шийдвэртэй,

Г.Ч-ийн нэхэмжлэлтэй, Б.Б, Б.Э нарт холбогдох

2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, маргаан бүхий орон сууцыг Г.Ч, М.Г нарын нэр дээр шилжүүлэх тухай үндсэн,

хариуцагч Б.Бөөс 21,132,108 төгрөг гаргуулах тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг хариуцагч болон гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагч Б.Б-ийн өмгөөлөгч Ө.О, гуравдагч этгээд М.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Г.Ч нь Баянзүрх дүүргийн **** дугаар хороо, 16 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, ******* тоотод байрлах, 46.54 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг М.Г-тэй хамтран өмчлөх болсон. Учир нь М.Г нь Ж ХХК-дажиллаж байхдаа тогтвор суурьшилтай ажиллана гэж орон сууц зээлээр авч төлбөрийг өөрийн цалингаас суутгуулж төлөхөөр болсон.

1.2. М.Г байранд орсон боловч байгууллагын эд хөрөнгийг хувьдаа ашигласан ноцтой зөрчил гаргасны улмаас ажлаас халагдсан. Энэ байрыг Ж ХХК нь Г.Ч болон М.Г-ийн нэр дээр шилжүүлсэн тул тус компанийн хөрөнгө биш болсон. Г.Ч шийдье гэснээр тухайн үед ажилласан хугацааны төлбөр тооцоо өөрийнх нь зөвшөөрсний дагуу 25,000,000 төгрөгийг өгвөл өөрийнхөө нэрийг хамтран өмчлөгчөөс хасч байрыг шилжүүлж ав гэж тохиролцсон. М.Г боломжгүй байсан тул зээлээр төлье гээд зээл төлөхдөө өөрийн хүргэн дүү Б.Б-ийн нэрээр зээл гаргуулж 25,000,000 төгрөгийг шилжүүлье, хамтран өмчлөгчөөс хасуулж Б.Б-ийн нэр дээр шилжвэл дараа нь зээлийг төлөөд орон сууцыг шилжүүлж авахаар болсон.

1.3. 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа тухайн үеийн банкны зээлийн шалгуурт нийцүүлэн орон сууцныхаа үнийг 43,800,000 төгрөгөөр үнэлүүлж 18,800,000 төгрөгийг бэлнээр төлснөөр гэрээнд оруулж үлдэгдэл 25,000,000 төгрөгийг зээлээр авч байгаагаар дүр үзүүлж хэлцэл хийсэн. Зээл батлагдвал Г.Ч миний данс руу 25,000,000 төгрөг шилжүүлээд орон сууцыг ав гэсэн. Гэтэл М.Г болон Б.Б нар нь 25,000,000 төгрөгийг шилжүүлэхгүй 3-4 сая төгрөг ав гэсэн тул уг асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан. Б.Б нь гэрчилгээ гарсны дараа өөрийн эхнэрийн нэрийг хамтран өмчлөгчөөр нэмж маргаан үүссэн. Түүнд орон сууц худалдан авах хүсэл зориг байгаагүй уг байранд амьдараагүй тул худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлж хийсэн гэрээ юм. Б.Б нь М.Г-т мөнгө төлсөн баримтгүй байна.

1.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч, гуравдагч этгээдүүдийн тайлбар байр сууриас харвал хариуцагч нь анхнаасаа байрыг авах сонирхолгүй, зөвхөн М.Г-ийн өмнөөс зээл авч байрны үлдэгдэл төлбөрийг төлөх байсан гэж тайлбарлаж байна. Энэхүү нөхцөл байдал нь талууд анхнаасаа дүр үзүүлсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг байгуулсан гэж үзэж байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн дээрх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэжээ.

 

2. Хариуцагч Б.Б-ийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Миний бие орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж орон сууцыг өөрийн өмчлөлд үлдээх хүсэлтэй байна. Тус орон сууцыг М.Г-тэй хэлэлцэн тохиролцож авах авлагадаа уг орон сууцны үнийг суутгаж үлдсэнийг М.Г-т 3 жил хувааж сар бүр төлж байхаар тохиролцон 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тус орон сууцанд нүүж орох байсан. Г.Ч шүүхэд өгснөөс өнөөдрийг хүртэл орон сууцандаа орж чадахгүй, өмч хөрөнгөө зарцуулж чадахгүйд хүрч хохирч байна. Миний бие Г.Ч-ийг дангаараа худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах эрхгүй гэж үзэж байгаа тул М.Г бид хоёрын хийсэн хэлцэл хэвээр байна.

2.2. Маргаан бүхий орон сууцыг М.Г болон түүний эхнэр Н.М нарын ажлын хөлс, цалин орлогоор худалдаж авсан өмч юм. Г.Ч нь орон сууцны үнийг надаас нэхэмжлэх эсвэл дангаараа худалдах, худалдан авах гэрээг цуцлах эрхгүй. Би орон сууцны өмчлөгчөөр үлдэх хүсэлтэй. Үлдэгдэл төлбөрийг М.Г-т төлөөд дуусч байгаа. Харин М.Гийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрч байна

Иймд М.Г болон Г.Ч нарын хоорондын төлбөр тооцоог нягтлан үзэж, хэн нь хэдэн төгрөг авах эсвэл нэхэмжлэх эрхтэй эсэхийг тогтоосны үндсэн дээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Б.Э-ийн татгалзал, тайлбарын агуулга:

Б.Э миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байна. Маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр үлдэж, хурдан орох хүсэлтэй байна. Миний бие нөхрийнхөө байр суурийг дэмжиж байгаа тул өмчлөх эрхээр хангаж өгөхийг шүүхээс хүсэж байна гэжээ.

 

4.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Г-ийн татгалзал, тайлбарын агуулга:

4.1. Би өөрийн орон сууцтай болохоор олон газраас орон сууцны үнэ, зээл судалж байсан. Тухайн үед Баянзүрх дүүрэг цайз, 16 хавиар хамгийн хямд төлбөрийн нөхцөлөөс хамаараад 900,000-1,300,000 төгрөгийн хооронд байсан. Маргаж буй орон сууцны ханш ямар байсныг харах боломжтой. Нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөлийн талаар маргахад орон сууц захиалгын гэрээ гаргаж ирсэн. Тэр гэрээнд үнэ нь тухайн үеийн үнээс өндөр байсан. Учир нь намайг орон сууцанд ороход 66,000,000 төгрөгийн үнэтэй орон сууцыг чамд 43,000,000 төгрөгөөр өгч байна гэж хэлээгүй. Тус компани 66,000,000 төгрөгөөр авсан орон сууцыг ажилтандаа 43,000,000 төгөргөөр буюу 23,000,000 төгрөгийн алдагдалтай өгөх боломжгүй.

4.2. Ажлаас гарахад компани орон сууцныхаа үлдэгдэл мөнгийг төлөөд өмчлөлийг өөрийн нэр дээр гаргаад ав гэж хэлсэн. Тухайн үед би ажлаас гарсан орлогогүй байсан 3-4 сая төгрөг бэлэн өгч чадахгүй талаар хэлэхэд ах дүү нарынхаа нэг дээр зээл гаргаад ав гэж захирал хэлсэн. Дүүгийн нөхөр Б.Б бид хоёрт мөнгө төгрөгийн асуудал байсан. Компанид өгөх 3-4 сая төгрөгийг миний өмнөөс төлөөд үлдэгдэл мөнгийг ахдаа өгвөл орон сууцыг авч болно гэхэд зөвшөөрсөн.

2015 оны 05 дугаар сарын 02-ны өдөр бид уулзаж гэрээ байгуулж, Голомт банкнаас зээл хүсэхэд 25,000,000 төгрөгний зээл батлагдсан. Банкнаас зээл гарах болсныг мэдээд компани хэлснээ өөрчлөөд 17,000,000 төгрөгийг өг гэсэн тул Б.Б зээлийг түр зогсоосон. Бидний хооронд байгуулсан 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн гэрээ бол хүчин төгөлдөр хууль ёсны дагуу байгуулагдсан, дүр үзүүлсэн, өөр хэлцлийг халхавчилсан зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

5.Гуравдагч этгээд Ж ХХК-ийн тайлбарын агуулга:

Ж ХХК маргаан бүхий орон сууцыг захиалан авч өөрийн ажилтан М.Г-т тогтвор суурьшилтай ажиллаад авах боломж олгосон. М.Г нь дээрх орон сууцны төлбөрийг сар бүр цалингаасаа суутгуулах байдлаар төлж дуусгах байсан боловч сахилгын зөрчил гарган ажиллах боломжгүй болсон. Орон сууцны үлдэгдэл төлбөрийг М.Г шууд төлөх боломжгүй, банкны зээл гарахгүй байсан тул өөрийн хүргэн дүү Б.Б-ийн нэр дээр зээл гаргуулан 25,000,000 төгрөгийг төлж барагдуулъя гэсэн хүсэлт тавьсан.

Компани маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгч Г.Ч байсан тул гэрээ байгуулж үлдэгдэл төлбөр 25,000,000 төгрөгийг гаргуулж аваарай гээд орхисон. Үүний дагуу М.Г, Г.Ч нар нь 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн Б.Бтэй байгуулахдаа анхнаасаа шилжүүлэх санаа зорилгогүй түүний нэр дээр зээл гаргуулахаар энэ хэлцлийг байгуулсан.

Иймд Г.Ч-ийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, өмчлөх эрх шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэжээ.

 

6. Гуравдагч этгээд М.Г-ийн бие даасан шаардлага, үндэслэлийн агуулга:

6.1.Тус компаниас ажилтнуудад олгосон орон сууцны зээлд 2014 оноос эхлэн хамрагдаж Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, *********** тоотод байрлах, 36,54 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг 2015 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан. Орон сууцны үнэ төлөгдөж дуустал үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд хамтран өмчлөгчөөр Ж ХХК-ийн захирал Г.Чинтөмөрийн дүү Г.Ч болон миний нэр дээр гарсан.

Миний хувьд тус компанитай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу өөрийн эзэмшлийн ачааны автомашинаар гүйцэтгэсэн ажлын хөлс 23,571,390 төгрөг, эхнэр Н.М-ийн цалингаас 2,000,000 төгрөг, өөрийн цалин 6,360,718 төгрөг, орон сууцны урьдчилгаанд 8,000,000 төгрөг, нийт 39,932,108 төгрөгийг орон сууцны үнэд тус компанид төлсөн. Б.Б-өөс худалдах-худалдан авах гэрээний дагуу орон сууцны үлдэгдэл төлбөрт төлөгдөх 25,000,000 төгрөгөөс 21,132,108 төгрөг, Г.Ч нь 3,867,892 төгрөг авах ёстой байхад М.Ч нь 21,000,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Иймд Б.Бөөс 21,132,108 төгрөгийг гаргуулна.

6.2. 2014 оноос хойш нөхцөл байдал өөрчлөгдөж Б.Б, Г.Ч нар тухайн орон сууц дээр маргаж М.Г-ийн эрх ашиг хөндөгдсөн тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцохдоо Б.Б-өөс худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцны үлдэгдэл 25,000,000 төгрөгөөс 21,132,108 төгрөг гаргуулж авна. Харин Г.Ч-д 3,817,892 төгрөгийг өгөх ёстой гэвэл тэрээр 25,000,000 төгрөгийг бүхэлд нь нэхэмжилж гэрээг хүчин төгөлдөр бус гэсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа үндэслэл нь нотариатаар баталгаажуулсан М.Гийн тооцоо хийсэн хүснэгт дээр баримт бий. Хүү бодоогүй үлдэгдэл нь 16,709,336 төгрөг үлдсэн гээд өөрсдөө хүснэгт гаргаад өгсөн байна. Б.Бөөс 25,000,000 төгрөг гаргуулж авах нэхэмжлэлийн шаардлага байсан. Одоо хариуцагч Б.Бөөс үлдэгдэл орон сууцны төлбөр 4,000,000 төгрөгийг гаргуулахаар бие даасан шаардлагаа багасгаж байна гэжээ.

 

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56 дугаар зүйлийн 56.5-т зааснаар хариуцагч Б.Б, Б.Э нарт холбогдох Г.Ч, М.Г болон Б.Б нарын хооронд байгуулагдсан 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/ Дандарбаатарын гудамж, *********** тоот хаягт байрлах 36,54 м.кв талбай, 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Г.Ч, М.Г нарын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Б.Б, Б.Э нарт даалгаж,

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Г.Ч-д холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Гийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Г.Ч-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 532,400 төгрөг, гуравдагч этгээд М.Гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 263,661 төгрөг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б, Б.Э нараас 376,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Ч-д олгож шийдвэрлэжээ.

 

8. Хариуцагч Б.Б-ийн давж заалдах гомдлын агуулга:

Шүүх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцохдоо хүсэл зоригийн илэрхийллийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Би орон сууцтай болох зорилгоор гэрээ хийж өөрийн нэр дээр зээл авсан хэдий ч маргаан гарсан учраас буцааж байрыг өгье гэж бодож байсан. Гэвч М.Г-ийн эхнэр миний эхнэрийн төрсөн эгч тул бүх зүйлийг ярилцаад аль ч тохиолдолд орон сууцыг манайх авч мөнгийг М.Г-т өгөх ёстой гэдэг дээр тохирсон. Орон сууц худалдан авах хэлцэл хийхэд М.Г, Г.Ч нар ямар тохироотой байсныг би мэдэхгүй ч миний хувьд орон сууц авах зорилго анхнаасаа байсан тул бидний хийсэн гэрээ хүчин төгөлдөр юм.

Өөрөөр хэлбэл, М.Г, Г.Ч нар орон сууцыг зарна гэхэд би уг орон сууцыг авъя гээд хэлцэл хийсэн байхад Г.Ч би мөнгө авахгүй бол гэрээ хүчин төгөлдөр биш гэж үзэж байгаа нь ойлгомжгүй. Голомт банкнаас авах зээлийг Г.Ч бүтээж өгсөн бөгөөд шүүх хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн шүүх миний болъё гэж бодож байсан үеийн тайлбарыг судлаж бичсэн мөртлөө авахаар болсон болон нэхэмжлэгчийн анх гаргасан нэхэмжлэлийн талаар дурдаагүй. Энэ орон сууцны үнийг ганц М.Г ч биш түүний эхнэр бас төлсөн бөгөөд энэ талаарх баримтыг нэхэмжлэгч, хариуцагч бүгд хэлсэн байхад шүүх анхаарч үзээгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

9. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын агуулга:

9.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлагаа өөрчилж маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох хүсэлтийг гаргасан боловч шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШЗ2023/******* дугаар захирамжаар хүлээж аваагүй бөгөөд уг захирамжид гомдол гаргах эрхгүй байхаар шийдсэн. Анхан шатны шүүх үндэслэлээ тайлбарлахдаа ...өөрчилсөн шаардлагын үндэслэл тодорхой бус байхаас гадна шаардлага ойлгомжгүй байна гэжээ. Миний хувьд анхны тайлбараасаа л энэ байрны өмчлөгчөөр ганцаараа байх хууль зүйн үндэслэлтэй, үлдэгдэл төлбөрийг төлөх талаар удаа дараа илэрхийлж байсан. Бие даасан шаардлагаа өөрчлөх хүсэлтдээ шаардлагын үндэслэлээ тодорхой тусгасан байхад шүүх түүнийг анзааралгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

9.2. Би хариуцагч Б.Б-өөс 4,000,000 төгрөг гаргуулах бие даасан шаардлага гаргасан бөгөөд тэрээр хэрэг хянан шийдвэрлэх явцад бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрдөг. Гэтэл шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлээгүй.

9.3. Шүүхийн шийдвэрт би 49,000,000 төгрөг төлсөн гэсэн нь буруу алдаатай байна. Миний бие шүүх хуралдааны явцад би 39,000,000 төгрөг төлсөн гэсэн байгаа. Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт ... М.Г 25,000,000 төгрөгийг төлж барагдуулна гэсэн хүсэлт тавьсан гэжээ. Би хэзээ ч компанид 25,000,000 төгрөг төлж барагдуулъя гэж хэлж байгаагүй, гуравдагч этгээд нь ажил олгогч буюу захирал болох Г.Ч-ийн эрх ашиг сонирхолд нийцсэн худал тайлбар өгсөн. Энэ талаарх баримт хэрэгт байхгүй. Гэтэл шүүх хариуцагч, хамтран хариуцагч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн тайлбарыг үнэлээгүй, хэт нэг талын тайлбарыг үндэслэн шийдвэр гаргаж байгаа нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээс тодорхой харагдсан. Шүүхийн шийдвэрт ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар байр сууриас харвал хариуцагч нь анхнаасаа байрыг авах сонирхолгүй, зөвхөн М.Г-ийн өмнөөс зээл авч байрны үлдэгдэл төлбөрийг төлөх гэж тайлбарласан, мөн орон сууцыг худалдсан гэж гуравдагч этгээд М.Г, орон сууцыг худалдаж авсан гэж хариуцагч Б.Б тайлбарлах боловч бодитоор хамтран өмчлөгч М.Г нь Г.Чээс уг орон сууцыг анхнаасаа шилжүүлэн авах буюу худалдаж авах хүсэл зориг байсан болох нь тэдгээрийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна гэжээ. Гэвч би шүүхэд ийм тайлбар өгөөгүй боловч миний өгсөн тайлбарыг буруу тайлбарласан.

Бодит нөхцөлд байдалд Г.Ч бид 2 уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч бөгөөд байрны үлдэгдэл 3,900,000 төгрөгийг төлсөн даруйд миний нэр дээр шилжүүлж би уг үл хөдлөх хөрөнгийг ганцаар өмчлөх байсан. Гэтэл үлдэгдэл төлбөрийг тухайн үед төлөх боломжгүй байсан учираас Б.Б-д тухайн байрыг заръя гэж бодоод Б.Б-д санал тавьж гэрээ хийсэн. Энэ талаар шүүх хурал дээр тайлбарласан боловч үнэлээгүй. Шүүхийн шийдвэрт М.Г өнөөдрийг хүртэл амьдардаг талаар хариуцагч болон гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа дурдсан гэжээ.

Гэтэл өнөөдрийг хүртэл М.Г тухайн байранд амьдарч байгаа талаарх тайлбарыг бүрэн гүйцэт үнэлээгүй, өөрийн шийдвэрт хамаарах хэсгийг тасдаж авч үндэслэх хэсэгт дурьдаж байгаад гомдолой байна. Б.Б тухайн байрны төлбөрөөс 4,000,000 төгрөг дутуу байгаа бөгөөд шүүхийн маргааныг дуусгаж байж байрандаа орно гэсэн тайлбарыг мушгин гуйвуулж, буруу үнэлсэн. Мөн М.Г, Г.Ч, Б.Б нарын хооронд 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан гэрээг үнэлж дүнгнэлт хийгээгүй. Уг гэрээнд Б.Бд тухайн байрыг 43,800,000 төгрөгөөр худалдан, 18,800,000 төгрөгийг М.Г-т, үлдэх 25,000,000 төгрөгийг зээлээр гаргуулж төлөхөөр тохиролцсон. Үлдэгдэл 25,000,000 төгрөгийг Г.Ч болон М.Г авах юм уу, эсхүл энэ хоёр хүн тэнцүү хувааж авах юм уу гэдгийг шүүх асууж тодруулж, дүгнээгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, бие даасан шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

10. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэлийн шаардлага, бие даасан гуравдагч этгээдийн гаргасан шаардлагын хүрээнд үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэхдээ хуулийг зөв хэрэглэж, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон. М.Г орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулахдаа Ж ХХК-д цалингаасаа мөнгө суутгуулдаг байсан гэдгийг үгүйсгэхгүй. Тодорхой хэмжээний суутгал хийсэн учраас М.Г сахилгын зөрчил гаргаж, ажлаасаа халагдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогсон. Ингээд Ж ХХК М.Г-ийг орон сууцны үлдэгдэл төлбөрийг хамгийн бага нөхцөлтэйгөөр төлж барагдуул гэхэд М.Г орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлж чадахгүй, Б.Б дүүгийн нэр дээр зээл гаргаад төлье гэсэн. Энэ ч үүднээс гэрээнд 18,800,000 төгрөгийн төлбөр хэнд ч хийгдээгүй бөгөөд мөнгийг М.Г авсан гэж гэрээнд оруулсан. Учир нь үлдэгдэл 25,000,000 төгрөгийг Г.Ч авах тул тус заалтыг гэрээнд оруулсан.

Талуудын хооронд гэрээ байгуулагдсан бөгөөд төлбөр шилжих болоход зээлийг авахаа болилоо гэсэн. Энэ асуудлаар талууд уулзаж ярилцсан. Гэвч гэрээнд Б.Б эхнэрийнхээ нэрийг оруулсан байсан. Г.Ч үлдэгдэл 25,000,000 төгрөгөө авах саналтай байсан. Орон сууц худалдах, худалдан авах гэрээ  анхнаасаа өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулагдсан, байрыг М.Г авах зорилготой байсан. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан нөхцөл байдал үүссэн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан үр дагавраа арилгасны дараа М.Г өөрөө маргаан бүхий байрны өмчлөгч болсон.

Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

3. Нэхэмжлэгч Г.Ч нь хариуцагч Б.Б-д холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 21,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б, Б.Э нарт холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулж, уг орон сууцыг Г.Ч, М.Г нарын нэр дээр шилжүүлэхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. Мөн гуравдагч этгээд М.Г нь хариуцагч Б.Б-д холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 21,132,108 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлага гаргасныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад багасган 4,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч Б.Б хүлээн зөвшөөрсөн байна.

 

4. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

 

4.1. Ай ХХК-аас Ж ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй, 121 айлын орон сууцны 12 давхарын 36.54 м.кв талбайтай, 85 тоот орон сууцыг 65,772,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч үнийг бүрэн төлсөн.

 

4.2. Ж ХХК-д М.Г нь ажиллаж байхдаа тус компанийн орон сууцжуулах хөтөлбөрт хамрагдаж тус компанийн ажилтан Г.Чд орон сууцны урьдчилгаа төлбөрт 8,000,000 төгрөгийг шилжүүлсэн, А ХХК нь М.Г, Г.Ч нартай 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүрэг, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй, 121 айлын орон сууцны 9 давхарын 36.54 м.кв талбайтай, 85 тоот орон сууцыг 18,270,000 төгрөгөөр худалдахаар тохирсон худалдах худалдан авах гэрээ байгуулсан.

 

4.3. Дээрх гэрээг үндэслэн А ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн бүртгэлийн эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст М.Г орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул түүний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлтийг, мөн М.Г нь тус орон сууцны үнийг бүрэн төлсөн тул өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн болон Г.Ч-ийн нэр дээр тус тус бүртгүүлэх хүсэлтийг тус тус гаргаснаар Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 хороолол, Дандарбаатарын гудамж *********** тоот хаягт байршилтай, 36.54 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн.

 

4.4. М.Г, Г.Ч нар нь Б.Бтэй 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Дандарбаатарын гудамж, *********** тоот хаягт оршин байрлалтай, 36.54 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг 43,800,000 төгрөгөөр худалдан авах, урьдчилгаа төлбөрт 18,800,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх 25,000,000 төгрөгийг Голомт банкны орон сууцны зээлээр 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцсон. /2-р хх186/

 

4.5. Хариуцагч Б.Б нь 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр орон сууцны урьдчилгаа төлбөрт 18,800,000 төгрөгийг өөрийн ХААН банк дахь ******** тоот дансаас М.Гийн ХААН банк дахь ********* тоот дансанд шилжүүлсэн, мөн эрхийн бүртгэлийн Ү-************ дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Дандарбаатарын гудамж, *********** тоот хаягт оршин байрлалтай, 36.54 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Б.Б 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр, хамтран өмчлөгчөөр Б.Э 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр тус тус бүртгэгдсэн байна. /1-р хх-159, 2-р хх-186-187/

 

4.6. Хариуцагч Б.Б, Б.Э нар Г банк ХХК-тай 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Орон сууцны зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан боловч худалдах худалдан авах гэрээний талууд маргасны улмаас зээлийн олголт хийгдээгүй ч банкны зүгээс барьцаа хөрөнгө чөлөөлөхийг түр түдгэлзүүлж урьдчилсан тэмдэглэгээ хийлгэж, барьцаалбарт бүртгүүлсэн . /1-р хх129-145/

 

5. Зохигчдын хооронд 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

 

5.1. Талуудын тайлбар болон хэргийн баримтуудыг хооронд нь харьцуулан дүгнэвэл М.Г нь хамтран өмчлөгч Г.Ч-ээс маргааны зүйл болох орон сууцыг шилжүүлэн авахад орон сууцны үнийг төлөх шаардлагатай болсон тул Б.Б-өөр банкнаас зээл авахуулахын тулд М.Г, Г.Ч нар нь Б.Б-тэй 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь энэ гэрээний хувьд ямар нэг үр дагавар үүсгэх зорилгогүй байсан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан өөр төрлийн хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулсан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

5.2. Өөрөөр хэлбэл маргааны зүйл болох орон сууцыг хамтран өмчлөгч М.Г нь Г.Ч-ээс худалдаж авах хүсэл зориг байсан, харин Б.Б-ийн хувьд орон сууцыг худалдан авах хүсэл зориг байгаагүй боловч М.Г-ийн хүсэл зоригийн дагуу дээрх гэрээг халхавчлах зорилгоор байгуулагдсан талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул гуравдагч этгээдийн нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлээгүй гэх, хариуцагчийн талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр гэх гомдлыг тус тус хангахгүй.

 

5.3. Талуудын хооронд хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шүүх шийдвэрлэх учиртай. Иймд эрхийн бүртгэлийн Ү-******** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Дандарбаатарын гудамж, *********** тоот хаягт оршин байрлалтай, 36.54 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны өмчлөх эрхийг Г.Ч, М.Г нарын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Б.Б, Б.Э нарт даалгаж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

5.4. Түүнчлэн, гуравдагч этгээд М.Гийн шаардлагын үндэслэл болсон худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул гэрээний үүргийг шаардах эрх үүсэхгүй тул хариуцагч Б.Бөөс гэрээний үлдэгдэл төлбөр 4,000,000 төгрөг нэхэмжилсэн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн дүгнэлт буруу биш байна.

 

6. Гуравдагч этгээд нь ...орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор бие даасан шаардлагаа өөрчилснийг шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй... гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

 

6.1. Шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШЗ2023/***** дугаар захирамжаар бие даасан шаардлагын үндэслэл тодорхой бус байхаас гадна уг шаардлага ойлгомжгүй байна гэж дүгнэн өөрчилсөн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүгч хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд уг шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байхаас гадна татгалзсан үндэслэлээ шүүгчийн захирамжид тодорхой дурдсан байна. Иймд энэ талаар гаргасан гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй.

 

7. Гуравдагч этгээд нь ...бие даасан шаардлагаа багасган хариуцагч Б.Б-өөс 4,000,000 төгрөг гаргуулахаар шаардахад тэрээр уг шаардлагыг хүлээн зөвшөөрч боловч шүүх хялбаршуулсан журмаар шийдвэрлээгүй... гэх агуулга бүхий гомдлыг гаргасан.

 

7.1. Шүүх М.Г, Г.Ч нараас Б.Б-тэй 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоосон тул гуравдагч этгээдийн зүгээс хариуцагч Б.Б-өөс гэрээний үүрэг шаардсан нь үндэслэлгүй. Иймд энэ талаар гаргасан гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Б.Б, гуравдагч этгээд М.Г нарын гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2024/00416 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Б болон гуравдагч этгээд М.Г нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Б-ийн урьдчилан төлсөн 373,000 төгрөг, гуравдагч этгээд М.Гийн урьдчилан төлсөн 393,000 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ