Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 304

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Насандэлгэр би Ч.Г, Д.Б, Б.Д, Н.Лнарын нэхэмжлэлтэй Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Нэхэмжлэгч Ч.Г, Д.Б, Б.Д, Н.Лнар нь Сонгинохайрхан дүүргийн Газрын албанаас гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас тус шүүхэд өргөдөл гаргасан. Газрын албаныхантай тохиролцсоны улмаас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзах болсныг мэдэгдэж энэхүү өргөдлийг гаргаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Ч.Г, Д.Б, Б.Д, Н.Лнарын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны А/504 дүгээр захирамжийн Н.Ж, Н.Онарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “...нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т“...Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй”, 66.2-т “...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ч.Г, Д.Б, Б.Д, Н.Лнар нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд илэрхийлсэн байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн нэхэмжлэгч Ч.Г, Д.Б, Б.Д, Н.Лнар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар “...Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно. 

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.Г, Д.Б, Б.Д, Н.Лнарын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны А/504 дүгээр захирамжийн Н.Ж, Н.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                              А.НАСАНДЭЛГЭР