Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 00128

 

 

П.Уугантулгын нэхэмжлэлтэй

       иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөр даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 700 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч П.Уугантулгын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-д холбогдох

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөлт бичилт хийлгэх” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгч Э.Уугантулга

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулуун

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн

            Нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч П.Уугантулга шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: П.Уугантулга би тус шүүхэд хандаж, УБҮ-ийн Уурхайчин соёлын ордны арга зүйчийн ажилд буюу намайг эрхэлж байсан ажилд маань эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгаж нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж нэхэмжлийн дагуу 2014-10-08-ны өдөр 1044 дугаартай шийдвэр гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн юм.

Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу Иргэний хэргийн давж заалдах шатны болон Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүх хурал болж шийдвэрийг хүчингүй болгон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. Иймд би нэхэмжлэлээ тодорхой болгох зорилгоор дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Үүнд: 1.Намайг арга зүйчийн ажлаас чөлөөлж нүүр хувиргагчийн орон тоонд шилжүүлсэн 3 жилийн хугацаанд үе, үеийн шат шатны дарга нарын хаалгыг татахад хүргэсэн Б/28 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх, уг тушаал нь миний ажлыг өөрчлөх тушаал гаргах эрх бүхий этгээдийн тушаал бус өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэрийн захирлын 2010 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/42 дугаартай тушаалыг зөрчиж гаргасан тушаал тул хүчингүй болгуулах,

2.Нүүр хувиргагчийн ажилд шилжүүлсэн гэх боловч би өнгөрсөн хугацаанд арга зүйчийн буюу өөрийн мэргэжлийн ажлыг хийж байсан тул арга зүйчийн ажилд эгүүлэн

3.2014 оны 11 сараас хойш намайг ажилд минь тогтоох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин, хөдөлмөрийн хөлсийг гаргуулах,

4.Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх

а.Ажилгүй байсан хугацаанд Эрдэнэт үйлдвэр ХХК-аас үйлдвэрийн ажиллагсдад олгосон олон төрлийн урамшуулал, үр дүнгийн шагнал буюу 13 дахь сарын бонус зэргийг нөхөн олгуулах

б.Уурхайчин соёлын ордноос надад 2014 оны 05 дугаар сард мэдэгдэл өгснөөс хойш 1 жил 2 сарын дараа буюу 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Эрдэнэт үйлдвэрийн захирлын Б/840 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах зэрэг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: П.Уугантулгын нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагын 1-т Уурхайчин соёлын ордны захирлын Б/28 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх гэсэн байна. П.Уугантулга нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4-т зааснаар Уурхайчин соёлын ордны даргын 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/28 дугаар тушаалыг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гомдлоо гаргах ёстой байсан. Мөн хуулийн 129.3-т хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл П.Уугантулгад байхгүй. Улсын дээд шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарласан тогтоолоор хөдөлмөрийн тухай хуулийн 129.3-заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийн тодорхой тайлбарласан байна. Тогтоолын 28-т “Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч нүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг байдлыг ойлгоно. Харин хууль мэдэхгүй нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй” гэж тайлбарласан байна. Иймд П.Уугантулгад дээрхи хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй тул одоо Уурхайчин соёлын ордны даргын 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/28 дугаар тушаал үндэслэлтэй эсэх, тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй талаархи гомдол гаргах үндэслэлгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 700 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-д заасныг баримтлан П.Уугнатулгын өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлын хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан П.Уугантулгыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний Уурхайчин Соёлын ордоны арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар П.Уугантулгын 2015-07 дугаар сарын 31-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 12,122.899 төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр" ХХК-аас гаргуулан холбогдох хууль тогтоомжийн дагуу нийгмийн болон бусад даатгалын хураамжийг тооцон П.Уугантулгад олгуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар П.Уугантулгын цалинтай тэнцэх олговор, урамшуулал 12,122.899 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Эрдэнэт үйлдвэр ХХК-нд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч П.Уугантулга нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас 208,916 төгрөг гаргуулан төрийн санд тэмдэгтийн хураамжаар оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулуун давж заалдсан гомдолдоо: Нэхэмжлэгч П. Уугантулга шүүхэд хандаж 2016 оны 3 сарын 9-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх буюу тодруулахдаа

1.Намайг арга зүйчийн ажлаас өөрчилж нүүр хувиргагчийн орон тоонд шилжүүлсэн 3 жилийн хугацаанд үе үеийн, шат шатны дарга нарын хаалгыг татахад хүргэсэн Б.28 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх, уг тушаал нь миний ажлыг өөрчлөх тушаал гаргах эрх бүхий этгээдийн тушаал бус өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэрийн захирлын 2010 оны 01 сарын 22-ны өдрийн А 42 дугаартай тушаалыг зөрчиж гаргасан тушаал тул хүчингүй болгуулах.

2.Намайг нүүр хувиргагчийн ажилд шилжүүлсэн гэх боловч би өнгөрсөн хугацаанд арга зүйчийн буюу өөрийн мэргэжлийн ажлыг хийж байсан тул арга зүйчийн ажилд минь эгүүлэн тогтоох,

3.2014 оны 11 сараас хойш намайг ажилд минь тогтоох өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, хөдөлмөрийн хөлсийг гаргуулах,

4.Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх.

5.Ажилгүй байх хугацаанд “Эрдэнэт Үйлдвэр" ХХК-аас үйлдвэрийн ажиллагсадад олгосон олон төрлийн урамшуулал, үр дүнгийн шагнал буюу 13 дахь, бонус зэргийг нөхөн олгуулах.

6. Уурхайчин соёлын ордноос надад 2014 оны 5 сард мэдэгдэл өгсөнөөс хойш 1 жил 3 сарын дараа буюу 2015 оны 7 сарын 31-ний өдөр гарсан ‘Эрдэнэт” Үйлдвэрийн Ерөнхий захирлын Б 840 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах зэрэг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн гаргасан бөгөөд нэхэмжлэлиш шаардлагыг шүүх хэсэгчлэн ханган шийдвэрлэсэн

Гэвч шүүх шийдвэрлэхдээ П.Уугантулгын ажилгүй байсан хугацаатай нөхөн тэнцэх олговорыг тооцохдоо Ерөнхий захирлын Б 840 тушаал гарсан 2015 оны 7 сарын 31-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацааг хамруулан нэг сарын ажпын өдрийг 21 5 өдрөөр тооцон 281 өдрийн цалинг 12.122.899 төгрөгөөр тооцон гаргалаа

П.Уугантулга нь 2014 оны 9 сараас эхлэн ажлын байргуй болж хөдөлмөрлөх эрхээрээ хохирсон, ажил олгогч 2014 оны 12-р сараас хөдөлмөрийн хөлс олгоогуй болох нь түүнийг нийгмийн даатгалын дэвтэрээс харагдах юм.

Гэтэл МУ-ын Хөдөлмөрийн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2,-т заасан “ажлаас халагдсан өдөр”–ийг ажил олгогчийн шийдвэр /тушаал, захирамж гэх мэт/-т заахдаа тухайн ажилтны ажилласан хугацаанд нь оногдвол зохих ээлжийн амралтын хоногийг урьдчилан тооцож, түүн дээр ажил хүлээлцэхэд зориулж тогтоосон хоногийг нэмж, сүүлчийн өдрийг тогтооно гэсэн боловч Дээрх хугацаанд буюу 2014 оны 9 сараас эхлэн ажлын байргүй цалин хөлсгүй байсан нь нэхэмжлэгчийн буруугаас болоогүй. Ажил олгогч болох Уурхайчин соёлын ордны дарга А.Баясгалангийн буруутай үйл ажиллагаанаас болон Эрдэнэт үйлдвэрийн цэх нэгжүүдийн дарга нарын хоорондын уялдаанаас муугаас болжээ. Улсын Дээд шүүхээс 2012 оны 6 сарын 15- ны өдөр Хөдөлмөрийн эрхзүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах асуудлыг талаар зөвлөмж гаргасан бөгөөд уг зөвлөмжийн 3.2-рт "Ажил олгогч нь ажилтны ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж, өгөөгүй атлаа ажилтны ажил, үүргийг гүйцэтгүүлэхгүй» цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үзэх талаар зөвлөсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69-р зүйлийн 69.1.Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтны гажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьдавч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэсэн заалтын дагуу цалин хөлс урамшуулалаа гүйцэд авах учиртай.

Түүнчлэн нэхэмжлэгч Зэсийн үнийн урамшуулал буюу бонус, жилийн ажлын үр дүнгийн урамшуулал буюу 13 дахь цалин, ажлын үр дүнгийн урамшуулал зэргийг нэхэмжилсэн боловч үүнийг ямар үндэслэлээр хангаж шийдвэрлээгүй болохоо дурдаагүй байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 сарын 142 ШШ 2016 00700 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн зарим зүйлд нэхэмжлэгчийн хөдөлмөрийн хөлсийг гүйцээж олгосон буюу бусад урамшуулалыг олгохоор нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадорж давж заалдсан гомдолдоо:

Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Уурхайчин соёлын ордонд арга зүйчийн орон тооны цомхотгол явагдсан талаар нотлогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Уурхайчин соёлын ордонд 2010 онд 4 арга зүйч ажиллаж байгаад 2011 онд 3 болж 1 арга зүйчийн орон тоо хасагдсан нь орон тооны хуваариас харахад нотлогдож байдаг. Харин шүүх хуралдаанд оролцсон гэрч Туяагаас яагаад 2011 онд орон тоо хасагдсан байхад тухайн үед нь асуудлыг шийдвэрлээгүй юм бэ гэж асуухад Дашдондог захирал ажлаа өгч байх үе таараад намайг ажил авахад шийдвэрлээгүй байсан. Би ажлаа аваад 2012 оны 6 дугаар сард Уугантулгатай энэ талаар ярилцаж тохиролцоод хүсэлтийнх нь дагуу жирэмсний амраллтай байгаа хүний оронд түр авч ажиллуулсан гэсэн тайлбарыг өгсөөр байтал шүүх Уурхайчин соёлын ордонд арга зүйчийн орон тооны цомхотгол явагдсан талаар нотлогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

П.Уугантулга нь 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа Уурхайчин соёлын ордны захирлын 2012 оны 9-р сарын 5-ны өдрийн Б/28 дугаар тушаалыг хүчингүй болгож хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэхийг хүссэн. Шүүгч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед компанийн ерөнхий захирлын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/840 тушаалыг гардаж аваад 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр буюу шүүхэд гомдол гаргах хугацаандаа гомдлоо гаргасан байна гэсэн дүгнэлтийг хийж Уурхайчин соёлын ордны захирлын 2012 оны 9-р сарын 5-ны өдрийн Б/28 дугаар тушаалын талаар огч тодруулаагүй ба энэ тушаалын хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй гэж үзсэн ба шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг танилцуулахдаа хөөн хэлэлцэх хугацааг сэргээж байгаа талаараа дурьдаагүй, шүүхийн шийдвэрийг гардаж авахад хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн заалт нөхөн бичсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж байна. Шүүгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна гэж үзсэн атлаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгтээ хөөн хэлэлцэх хугацааг сэргээж байгаа талаарх заалт нөхөн бичсэн нь ойлгомжгүй байна.

Энэ талаар давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд анхан шатны шүүхийн шүүх хуралдааны дуу дүрс бичлэгээр баталгаажуулсан бичлэгээс тогтоох хэсгийг шинжлэн судлуулах хүсэлтэй байна.

Шүүгч хэрвээ хөөн хэлэлцэх хугацааг сэргээж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэх хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх талаар нэхэмжлэгчээс тодруулах, холбогдох нотлох баримтыг үндэслэж сэргээх ёстой. Харин энэ талаар шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргалаа.

Мөн шүүхийн шийдвэрийн 6 дахь хуудсанд байгаа “П.Уугантулга 2015 оны 8 сарын 24-ний өдөр хуульд заасан хугацааны дотор” гэсэн өгүүлбэр нь ойлгомжгүй байна.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2016/00700 дугаартай шийдвэртэй хэргийг бүхэлд нь хянан үзэж шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч П.Уугантулга нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Уурхайчин соёлын ордны урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагаар Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн захирлын Б/28 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх, арга зүйчийн ажилд эргүүлэн тогтоолгох 2014 оны 11 сараас хойш ажилгүй байсан хугацааны цалин хөдөлмөрийн хөлс гаргуулах, нийгмийн даатгал эрүүл мэндийн нөхөн бичилт хийлгэх, урамшуулал үр дүнгийн шагнал 13 дахь сарын бонус нөхөн олгуулах тухай шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шаардлагыг бүрэн гүйцэд шийдвэрлээгүй орхигдуулсан нь /урамшуулал, үр дүнгийн шагнал, 13 дахь сарын бонус, нөхөн гаргуулах/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26-р зүйлийн 26.2-г зөрчсөн мөн хуулийн 116.3, 118-р зүйлийн 118.4-т заасан шаардлагад нийцээгүй мөн нэхэмжлэгчийн Уурхайчин соёлын ордны захирлын “Өөр ажилд шилжүүлэн ажиллуулах тухай ” 2012 оны 09 сарын 05-ны өдрийн Б/28 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх, шаардлага болон , үр дүнгийн шагнал урамшуулал 13 дахь сарын бонус гаргуулах шаардлагын талаар зохигчдыг мэтгэлцүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6-р зүйлийг зөрчсөн, Хөдөлмөрийн хуулийн 128-р зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан  хөөн хэлэлцэх хугацаа сэргээсэн талаар шийдвэрийн тогтоох хэсэгт заасан атлаа сэргээж буй үндэслэлийн талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэлт хийгээгүй, энэхүү шаардлагыг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтын бодит үндэслэл чухам юу байгаа шүүх түүнийг хэрхэн үнэлсэн байгаа талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118-р зүйлийн 118.4-т заасан шаардлагыг зөрчжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн тул хэргийн шийдэлд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168-р зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй. Энэ талаарх хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 700 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208.916 төгрөгийг Төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН ҮҮРГИЙГ

                                  ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                                    Б.БАТТӨР

                             ШҮҮГЧИД                                    М.ХҮРЭЛБААТАР

                            С.УРАНЧИМЭГ