Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2016/00312

 

 

 

 

 

 

 

 

 

           2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2016/00312

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сайханцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Э-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “А” ХХК-д холбогдох

5.225.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Төмөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Золзаяа хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э хариуцагч “А” ХХК-д холбогдуулан 5.225.000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан байна.

Иргэний хуулийн 222, 225, 497.1 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч миний бие хуулийн дагуу дараах гэм хорын хохирлыг холбогдох нотлох баримтуудын үндсэн дээр хариуцагч талаас гаргуулан авахыг хүсэж байна. 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр “Саруул Хотхон Хорооллын барилгын 4 дүгээр ээлжийн орон сууц захиалгын №39 тоот гэрээг иргэн миний бие захиалагч тал болж, гүйцэтгэгч “А” ХХК-тай байгуулсан. Гэрээний хугацаа 2015 оны 02 дугаар улирал буюу 6 дугаар сарын 30-нд дуусаж, бид орон сууцандаа орох ёстой байсан. Гэтэл үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч талаас ямар шалтгаанаар гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлэхгүй байгаа нь тодорхой бус энэ байдлаас нь болж бид хохирч байна. 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхэд “Алтай Контракшн”-ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Батбаасанд холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Х.Батбаасангаас 2015 оны 7 дугаар сарын 01-нээс 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаа алдсаны хохирол 1.675.000 төгрөгийг гаргуулах тухай шийдвэр гарч нэхэмжлэгч надад олгосон байгаа. Гэтэл 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй нэхэмжлэгч надад хохирол учруулсаар байна.

Иймд гэрээний хугацаа хэтрүүлсэн тул дээрх хугацаанд Баянгол дүүргийн 18 хорооны 47а байрны 14 тоот 2 өрөө бүрэн тавилагатай байр сарын 650,000 төгрөг, бүтэн 8 сар нийт 5,200,000 төгрөгөөр хөлсөлсний зардал, хуульчаас зөвлөгөө авсаны төлбөрт 25,000 төгрөг нийт 5.225.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэсэн.

Хариуцагч “А” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Бид 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэж өгсөн гэсэн байдаг. Энэ хугацандаа бид тайлбар гаргах боломжгүй байсан. Нотлох баримтын хүрээнд шинжлэн судлаад шүүх шийднэ үү. Мөн хэзээ төлбөр хийгдэж байсан болон хаана ямар орон сууц хөлсөлж байсан нь тодорхойгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч өөрийгөө эрх зүйн мэдлэггүй гэж тайлбарлаж байна. Нотлох баримтын шаардлага хангасан баримт гаргаж өгөх ёстой эрх нь нээлттэй байгаа. “Саруул” хотхон ашиглалтад орсон улсын комисс хүлээж авсан. Нэхэмжлэгч гэрээгээ албан ёсоор сунгаагүй гэсэн.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл болон, хариуцагчийн тайлбар түүнд хавсаргасан нотлох баримтууд, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгч Э 5.225.000 төгрөгийг “А” ХХК-иас гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон дараах байдлаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-д зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, гэм бурууг нотлох үүрэгтэй.

Нэхэмжлэгч Э нь 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруул хотхон” хорооллын барилгын 4 дүгээр ээлжийн орон сууц захиалгаар бариулахаар “А” ХХК-тай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг шүүхэд ирүүлсэн байна. Талууд гэрээний хугацаа сунгаж байгаагүй байна.

Тус гэрээгээр Эт 133 тоот 2 өрөө орон сууцыг 2015 оны 2 дугаар улиралд “А” ХХК хүлээлгэн өгөх, Э 79.800.000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байна.

 

Хариуцагч “А” ХХК-иас 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Э дээрх гэрээгээр тохирсон орон сууцыг хүлээн авч уг байранд одоо амьдарч байгаад талууд маргаангүй байна.

Улмаар үүрэг гүйцэтгэгч “А” ХХК гэрээгээр тохирсон хугацаанд захиалагч Эт орон сууцыг хүлээлгэж өгч чадаагүй тул тэрээр 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд бусдын Баянгол дүүргийн 18 дугаар хороо 47 а байр 14 тоот 2 өрөө орон сууц хөлслөн амьдарсан гэж “байр түрээслүүлэх гэрээ” нэртэй орон сууц хөлслөх гэрээг шүүхэд ирүүлжээ.

Уг гэрээ нь нэхэмжлэгчийн бусдын орон сууцыг хөлслөн амьдарч байсныг нотлох баримт болж чадахгүй байгаа ба нотлох баримтын шаардлага хангаагүй, уг байрны хөлсөнд нэхэмжлэгч Эаас нийт 5.200.000 төгрөгийг хөлслүүлэгч Б.Баярболдод төлсөн байдал баримтаар тогтоогдсон гэж үзэх боломжгүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Э 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Өмгөөлөх Зөвлөлөөөс хууль зүйн зөвлөгөө авч 25.000 төгрөг төлж зөвлөлгөө авсан гэсэн зардал нэхэмжилсэн боловч уг зардлыг хариуцагч “А” ХХК хариуцах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлж хохирол учруулсан үндэслэлээр байр хөлсөлсөн болон хууль зүйн зөвлөгөө авсан төлбөрийн шаардлага үндэслэлгүй байх тул 5.225.000 төгрөгийг хариуцагч “А” ХХК-иас гаргуулах нэхэмжлэгч Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Эаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98.638 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн болно.

            Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар Э төлөөлүүлэх эрхээ 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн итгэмжлэлээр Д.Төмөрт, “А” ХХК төлөөлүүлэх эрхээ 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн итгэмжлэлээр Ш.Сарангэрэлд олгосон нь хууль зөрчөөгүй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 304 дугаар зүйлийн 304.1-д зааснаар “А” ХХК-иас 5.225.000 төгрөг гаргуулах Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Эаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98.638 төгрөгийг улсын орлого болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

                   

 

                     ДАРГАЛАГЧ                                                         Б.САЙХАНЦЭЦЭГ