Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00838

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 22 210/МА2024/00838

 

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2024/00797 дугаар шийдвэртэй

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б ХХК-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 146,786,686 төгрөг гаргуулах үндсэн,

худалдах, худалдан авах гэрээ болон №01 тоот гэрээний хавсралтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э, хариуцагчийн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э нар цахимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Тус компани нь Б ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу шатахуун нийлүүлсэн бөгөөд хариуцагчаас 2019 оны 9-12 сар, 2020, 2021, 2022 онд авсан шатахууны үнийг бүрэн төлж дуусгаагүй. Үүнд:

-2019 оны 9 дүгээр сард худалдан авсан шатахууны үнэ 71,838,800 төгрөг, 10 дугаар сард 41,632,800 төгрөг, 11 дүгээр сард 1,680,800 төгрөг, 12 дугаар сарын 37,679,750 төгрөг, нийт 152,832,150 төгрөгөөс 140,603,750 төгрөг төлснийг хасаад 12,228,400 төгрөг,

-2020 онд 74,808 литр буюу 136,313,500 төгрөгийн шатахуун худалдан аваад 135,570,600 төгрөг төлснийг хасахад 742,900 төгрөг,

-2021 онд 149,205 литр буюу 290,512,090 төгрөгийн шатахуун худалдан аваад 199,654,304 төгрөг төлснийг хасахад 90,857,786 төгрөг,

-2022 оны 1, 2 дугаар саруудад 10,660.5 литр буюу 28,250,325 төгрөг, нийт 132,079,411 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд үүнээс хариуцагчийн 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 12,004,500 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 29,000,000 төгрөг төлснийг тус тус хасаад 91,074,911 төгрөгийг нэхэмжилж байна.

 1.2. Талуудын хооронд байгуулсан шатахуун худалдах, худалдан авах гэрээний 4.4-т худалдан авагч нь худалдан авсан шатахууны төлбөрийг нэхэмжлэлд заасан хугацаанд барагдуулаагүй тохиолдолд хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон. Хариуцагч 2019-2022 онд худалдан авсан шатахууны төлбөрийг бүрэн төлөөгүй байх тул үлдэгдэл төлбөр болох 91,074,911 төгрөгийн 50 хувиар хэтрүүлэхгүйгээр тооцож 45,537,455 төгрөгийн алданги нэхэмжилнэ.

1.3. Гэрээний үүргийг хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй тул 2019 онд 12,228,400 төгрөг, 2021 онд 90,857,786 төгрөгийн дутуу төлбөрт ам.долларын зөрүүгээр хохирол тооцож гаруулна.Үүнд:

-2019 онд 12,228,400 төгрөг дутуу төлж төлбөрийн үлдэгдэлтэй болсон бөгөөд энэ өдөр Монгол банкны ам.долларын ханшаар 1 ам.доллар 2,758 төгрөгтэй тэнцэж буюу 12,228,400 төгрөг (12,228,400:2,758)=4,433 ам.доллар тэнцэх байсан бол нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 1 ам.доллар 3,120 төгрөг болж ханшийн зөрүү 514 ам.доллар буюу 1,603,680 төгрөг,

-2021 онд 90,857,786 төгрөгийн үлдэгдэлтэй ба энэ өдөр Монгол банкны ам.долларын ханшаар 1 ам.доллар 2,851 төгрөгтэй тэнцэх буюу 90,857,786 төгрөгт (90,857,786 төгрөг:2,851) 31,868 ам.доллартой тэнцэх байсан бол нэхэмжлэл гаргасан буюу (2,747*3,120 )= 8,570,640 төгрөгийн алдагдал ханшийн зөрүүнээс үүссэн тул нийт 10,174,320 төгрөгийг хариуцагч гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохиролд тооцно.

1.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлсөн 8,578,050 төгрөг, мөн тооцооллын алдаанаас илүү нэхэмжилсэн 20,446,880 төгрөгийг тус тус үндсэн төлбөр 91,074,911 төгрөгөөс хасаад үлдэгдэл төлбөр 62,049,981 төгрөг, алданги 31,024,990 төгрөг, хохирол 10,174,320 төгрөг, нийт 103,249,291 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Шатахууны төлөгдөөгүй үлдэгдэл 91,074,911 төгрөгийн тухайд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

-2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 20,000,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 48,368,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 40,000,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 2,010,000 төгрөг болон 30,234,750 төгрөг, нийт 140,603,750 төгрөгийн шатахуун худалдан авсан төлбөрийг төлсөн.

-2020 оны 01 дүгээр сард Үенчээс 1,498 литр, Хөшөөтөөс 20,701 литр, нийт 31,304 литр х 2300=71,999,200 төгрөг, 2020 оны 10 дугаар сард Үенчээс 1,498 литр, Хөшөөтөөс 16,362 литр, нийт 17,860 литр х 1450=25,897,000 төгрөгийн шатахуун худалдан авсан боловч Х ХХК нь 2020 оны 01 дүгээр сард Хөшөөтөөс 20,886 литр нийт 31,489 литр х 2300=72,424,700 төгрөг, 2020 оны 10 дугаар сард Үенчээс 1,498 литр, Хөшөөтөөс 16,676 литр, нийт 18,174 литр х 1450=26,352,300 төгрөгийн шатахуун худалдан төлбөр илүү нэхэмжилсэн байх бөгөөд манай компани нь 2020 оны төлбөрт 135,570,600 төгрөг төлснөөс 137,900 төгрөг илүү төлсөн.

-2021 оны 03 сард Үенчээс 14,374 литр, Хөшөөтөөс 11,875.5, нийт 26,249 литр түлш авсан, 2021 оны 4 сард Үенчээс 20,396 литр, Хөшөөтөөс 20,182 литр, нийт 40,578 литр түлш тус тус авсан. Гэтэл Х ХХК нь 2021 оны 03 дугаар сард Үенчээс 14,374 литр, Хөшөөтөөс 15,020 литр, нийт 29,394 литр түлш авсан бөгөөд 2021 оны 4 дүгээр сард Үенчээс 20,396 литр, Хөшөөтөөс 31,058 литр, нийт 51,454 литр түлш гэж илүү нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. 2021 онд манай компани нь 208,231,754 төгрөг төлсөн.

-2022 онд нийт 10,660.5 литр х 2,650= 28,250,325 төгрөг төлөх ёстойгоос авсан 12,754,175 төгрөг илүү төлж 41,004,500 төгрөг төлсөн байна. Ховд аймгийн Цэцэг сумын колонкын эрхлэгч Баттуяагийн дансанд түлшний үнэ 8,578,050 төгрөгийг шилжүүлсэн. Иймд төлбөрийн үлдэгдэл нийт 52,053,611 төгрөг төлөхийг зөвшөөрч, харин нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 39,021,300 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

2.2. 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн шатахуун худалдах, худалдан авах гэрээнд Х ХХК-ийн зүгээс захирал Ч.Г, Б ХХК-ийг төлөөлж дэд захирал Г.Ү, худалдан авагчийг төлөөлж нягтлан бодогч Б.Д нар гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан. Энэ гэрээг Х ХХК-ийн захирал Ч.Г-ын төрсөн ах Ч.Г-ийн хүүхэд Г.Ү гэх хүн Б ХХК-ийн дэд захирлыг төлөөлж гарын үсэг зурсан боловч түүнийг уг тушаалд ажиллаж байгаагүй, мөн хуурамч тамга дарсан. Манай компанид гэрээнд дарсан тамга байдаггүй, уг тамгыг улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, нягтлан бодогч Б.Д гэх хүний гарын үсгийг дуурайлган зурсан. Иймд шатахуун худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулагдаагүй, хэрэгт авагдсан гэрээ хуурамч тул шатахууны төлөгдөөгүй үлдэгдлийн алданги нэхэмжилснийг зөвшөөрөхгүй.

2.3. 2018 оны 05 дугаар сарын 01-ний шатахуун худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаагүй, хуурамч бөгөөд амаар байгуулагдсан гэрээнд валютын ханшны зөрүү, хохирол тооцохгүй, энэ талаар Х ХХК-ийн захирал Ч.Г-тай биечлэн болон амаар гэрээ байгуулаагүй. Ховд аймгийн Үенч сумын Улаан үзүүрийн колонк, Ховд аймгийн Цэцэг сумын колонкын эрхлэгч нараас жолооч нар гарын үсэг зурж түлш авдаг байсан тул хохирол 10,174,320 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн шатахуун худалдах, худалдан авах гэрээнд Х ХХК-ийн захирал Ч.Г, Б ХХК-ийг төлөөлж дэд захирал Г.Ү нар гарын үсэг зурж, худалдан авагчийг төлөөлж нягтлан бодогч Б.Д гэх хүн гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан. Энэ гэрээг баталсан Г.Ү нь Б ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байгаагүй, түүнийг томилсон тушаал байхгүй, гэрээнд дарсан тамга хуурамч байна. Б ХХК нь 2018 оны 02 сард үүсгэн байгуулагдсан, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэгдсэнээр нэг хүний компани, гүйцэтгэх захирал Б.Б, тэрээр итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд юм.

Б ХХК хувьд Х ХХК-тай гэрээ байгуулдаггүй байсан бөгөөд Ховд аймгийн Цэцэг сумын колонкын эрхлэгч Баттуяагаас аман гэрээгээр манай компанийн жолооч нарын гарын үсэгтэй баримт үзүүлж, Ховд аймгийн Үенч сумын Улаанүзүүрийн колонкоос түлш авдаг байсан. Б ХХК-ийн нэр дээр 50 жолооч бүртгэлтэй тээвэр хийж, үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 50 жолоочийн тээврийн хөлс, цалин, нийгмийн даатгал, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, дотоод бараа, үйлчилгээний суутгасан татвар, хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, цалин, хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татвар, улсын тэмдэгтийн хураамж, автотээвэр, өөрөө явагч хэрэгслийн албан татвар, автын агаарын бохирдлын төлбөр зэргийг төлдөг.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Иймд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн шатахуун худалдах, худалдан авах гэрээ болон гэрээний хавсралтыг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу шатахуун худалдах үйл ажиллагаа явагдаж байсан бөгөөд уг гэрээнд хариуцагчийг төлөөлөх эрх олгосон этгээд нь гарыг үсэг зурж баталгаажуулсан. Гэрээний дагуу шатахуун авч ажил үйлчилгээгээ явуулсан атлаа шүүхэд маргаан гаргаж гэрээ хүчин төгөлдөр бус гэж байгаа нь хариуцагчийн бизнесийн ёс зүйгүй, шударга бус байдлыг харуулж байна.

Гэрээг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчинтэй гэж заасан боловч гэрээний хугацаа, шатахууны үнэ, хэмжээг гэрээний 2.2, 11.3-т заасны дагуу тухайн хавсралтаар тодотгон тохиролцож байсан бөгөөд хамгийн сүүлд буюу 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн гэрээний хавсралт-2 гэсэн баримтад хариуцагч Б ХХК-ийн захирал Б.Б өөрөө гарын үсэг зурж, шатахууны үнэ, гэрээний хариуцлагыг тохиролцон, улмаар энэхүү хавсралт нь дээрх 2018 оны шатахуун худалдах, худалдан авах гэрээний салшгүй хэсэг болохыг баталгаажуулсан. Тус компанийн захирлын энэхүү үйлдэл нь гэрээ хүчин төгөлдөр гэж үзэн, гэрээний дагуу талууд хэн аль нь хариуцлага хүлээхийг хүлээн зөвшөөрсөн баримт юм.

Иймд гэрээнд зохих этгээдийн зөвшөөрөлгүй этгээд гарын үсэг зурсан хүчин төгөлдөр бус гэрээ гэж байгаа нь хуулийн үндэслэлгүй байх тул гэрээний үүргийн хариуцлага болох алданги, мөн гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирол төлөхгүй гэсэн тайлбарыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б ХХК-аас 92,870,446 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-долгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,378,845 төгрөг болон 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2018/09 тоот гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай Б ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 891,883 төгрөг, хариуцагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-аас тэмдэгтийн хураамж 622,302 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1.Шүүх нэхэмжлэл гаргаснаас хойш 2 жилийн дараа хариуцагчийн хугацаа хэтрүүлэн төлсөн 8,578,050 төгрөгт ногдох алдангийг гаргаагүй нь хууль зөрчиж нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон. Үүргийг хугацаанд нь биелүүлээгүй гэж үзэх байтал тодорхой үндэслэл заахгүйгээр алданги тооцохгүй байгаа нь үндэслэлгүйгээс гадна хариуцагч алдангиас чөлөөлөх үндэслэл болохгүй тул алдангид 4,289,025 төгрөгийг нэмж гаргуулна.

6.2.Манай компаниас шатахууны үлдэгдэл төлбөрт 62,049,981 төгрөг нэхэмжилснийг хариуцагчаас үндсэн үүрэгт 61,913,631 төгрөг гэж тайлбарласан бөгөөд шүүх хариуцагчийн тайлбарыг үндэслэн 61,913,631 төгрөг үндсэн үүрэг нь гэж дүгнэхдээ манай нэхэмжлэлийг хэрхэн үгүйсгэсэн, хавсаргасан тооцооны баримтыг хэрхэн үнэлж буйг шийдвэрт заахгүйгээр хариуцагчийн тайлбарыг үндэслэл болгосон тул нэхэмжлэлийн зөрүүд 136,350 төгрөг гаргуулна.

6.3. Бензин, шатахууныг ОХУ-аас ам.доллароор худалдан авдаг бөгөөд төлбөрийг цаг хугацаанд нь төлөөгүйгээс ам.долларын ханш өсөж алдагдал болдог тул талуудын байгуулсан гэрээний 7.4 болон 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн гэрээний хавсралтын 1 дэх заалтаар ам.долларын ханшийн хохирол хэрхэн тооцох талаар тодорхой зааж тохиролцсон. Улмаар нэхэмжилж буй ам.долларын ханшийн зөрүү хохирол 10,174,320 төгрөгийг хэрхэн тооцсон талаар нэхэмжлэлд тодорхой зааж тухайн хугацааны ам.долларын баримтыг хэрэгт хавсаргасан атал шүүх хэдэн оны үлдэгдлээс тооцсон талаар баримттүй гэж дүгнээд ам.долларын ханшийн хохиролд нэхэмжилсэн 10,174,320 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд хариуцагчаас 14,599,695 төгрөгийг нэмж гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Ам.долларын зөрүү тооцох талаарх гэрээ байгуулаагүй. Тухайн үеийн ам.долларын зөрүү хэдэн төгрөг байсан, түүнээс хойш ам.долларын ханш хэд болсон талаар баримт байхгүй, нэхэмжлэгч тал баримтаар нотлоогүй гэжээ.

 

8. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга:

8.1. Шүүхийн шийдвэрт ...2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2018/09 тоот гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, Х ХХК-ийн зүгээс захирал Ч.Г-ын төрсөн ах Ч.Г-ийн хүүхэд Г.Ү гэх хүн Б ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байгаагүй, томилсон тушаал байхгүй. Б ХХК-ийн гэрээний тамга нэртэй хуурамч тамгаар тамгалсан. Улсын бүртгэлийн тамга, тэмдгийн талаарх лавлагаанд ...Б ХХК нь хүчингүй болгосон шалтгаанаар тэмдгээ хураалгаж 8419287949 тоот дугаартай тамга, тэмдгийн хяналтын дугаарын улсын бүртгэлийн хуудсыг 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр дахин авсан байна гэжээ.

2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гэрээний хавсралт гэрээний №2 гэрээнд зурагдсан гарын үсэг нь дэд захирал Г.Ү, ня-бо Б.Д гэдэг хүмүүс гарын үсэг зурсан. Б.Д-ын гэрчийн мэдүүлэгт ...2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулахад би байлцаагүй миний гарын үсэг биш байна. Г.Ү, Ч.Г гэдэг хүмүүсийг танихгүй талаар мэдүүлсэн. Тиймээс 2018 онд Б.Д гэх хүний гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурсан нь гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Г.Үнь нэхэмжлэгч Х ХХК-ийн захирал Б.Г-ын дүү бөгөөд Х ХХК-ийн охин компани болох Б хөрс ХХК-ийн менежерээр ажилладаг байсан этгээд манай компанийг төлөөлж гэрээ байгуулах хууль зүйн үндэслэлгүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт зааснаар 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан шатахуун худалдах, худалдан авах гэрээ болон гэрээний хавсралтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлт тооцуулна.

8.2. Шүүхийн шийдвэр ...талуудын хооронд байгуулсан гэрээний 4.4-т алдангийн талаар заасан тул нэхэмжлэгч нь хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 61,913,631 төгрөгт хуульд зааснаар алданги 30,956,815 төгрөгийг шаардах эрхтэй байна. Үүрэг гүйцэтгэгчээс гаргасан зардал, эд хөрөнгийн алданги буюу үүрэг гуйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж 92,870,446 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-долгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ болон гэрээний хавсралтыг хүчин төгөлдөр бус хэлцэл, 2019-2022 оны эргэн төлөлт байсаар байхад төлсөн төлбөрт алданги тооцсон нь ойлгомжгүй. Б ХХК нь 2018 онд шатахуун худалдан авч байгаагүй тул гэрээ байгуулагдах боломжгүй. Харин 2019 оноос эхэлж шатахуун худалдан авч эхэлсэн.

Хариуцагч Б ХХК нь Х ХХК-аасудаа дараа нэхэмжлэх шаардсан боловч хугацаандаа явуулдаггүй явуулхаараа жилийн эцэст Х ХХК-аастүлш авсан жагсаалт гээд жолооч нарын нэрстэй баримтыг нэхүүлж байгаад өгдөг байсан. Б ХХК нь түлш авсан жагсаалтын дагуу төлбөрөө цаг тухайд нь хийдэг байсан. Б ХХК-ийн нэр дээр 50 жолооч бүртгэлтэй тээвэр хийж, үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гарах зардлуудыг төлдөг байсан. Гэтэл 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн шатахуун худалдах, худалдан авах хуурамч гэрээгээр алданги, хохирол тооцож, манай компанийн хууль ёсны эрх ашигт хохирол учруулж байгаад гомдолтой байна. Иймд алданги тооцсоныг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

8.3. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн шатахуун худалдах, худалдан авах гэрээний 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №02 дугаартай хавсралтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар ихэсгэсэн, уг сөрөг нэхэмжлэл нь хуульд заасан шаардлагыг хангасан байхад шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд сөрөг нэхэмжпэлийн шаардлагыг хангаж, алданги 30,956,815 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

 

9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

9.1. Талууд хүсэл зоригоо илэрхийлж тамга тэмдгээ дарж гэрээ байгуулж, гэрээний дагуу Б ХХК шатахуун авч үйл ажиллагаа явуулж төлбөрөө төлж байсан. н.Баттуяа гэх хүн тухайн нэгжид ажиллаж байсан ажилтан болохоос Х ХХК-ийн захирал биш. Гэрээнд Х ХХК-ийн захирал Ч.Ггэх хүн гарын үсэг зурсан. Хариуцагч талаас гэрээнд гарын үсэг зурсан хүнийг хариуцагч компанийн хүн биш Ч.Г ахынхаа хүүхэдтэй нийлж гэрээ байгуулсан хариуцагч компанид бензин нийлүүлсэн гэж тайлбарласан. Гэтэл гэрээний нөгөө тал болж гарын үсэг зурсан хүн тухайн нөхцөлд энэ компанид харилцан хамтран ажиллаж байсан гэдгээ шүүх хуралдаанд тодорхой тайлбарласан. Хуурамч гэж тайлбарлаж байгаа тамга тэмдгээр Б ХХК тухайн үед бүх төрийн болон төрийн бус байгууллагад хандаж Х ХХК-тай байгуулсан гэрээнд тамга тэмдэг дарж, үйл ажиллагаа явуулж байсан. Б ХХК 2020 оноос хойш захирлаа томилж, компанийн дүрэм, журмаа баталсан. Үүнээс өмнө Б ХХК-ийн Г.Үгэх хүнтэй хамтарч ажиллана гэж аман байдлаар тохиролцсон тул бензин, шатахуун авч үйл ажиллагаагаа явуулсан.

9.2. Хариуцагч тал одоог хүртэл худалдан авсан бүтээгдэхүүнийхээ төлбөрийг төлөхгүй 5-6 жил болж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр гэрээ юм. Хэрэв гэрээнд дарагдсан тамга, тэмдгийг хуурамч гэж үзэж байгаа бол 6 жилийн хугацаанд гэрээтэй холбоотой асуудлаар хуулийн байгууллагад хандаж, тамга тэмдэг хуурамч гэдэг байдлаар шалгуулсан зүйл байхгүй. 2021 онд Б.Б захирал өөрөө гэрээний хавсралт гэж байгуулж, тамга тэмдэг дарж, гарын үсгээ зурсан. Гэрээний хавсралт 2-т хугацаа, алданги, хохирол зэргийг ямар байдлаар хэрхэн яаж төлөх талаар тохиролцсон. Шатахууны төлбөрийг нэхэмжлэх байхгүй байсан учраас төлөхгүй байсан гэж тайлбарлаж байна. Х ХХК ганцхан Б ХХК-тай гэрээ байгуулж, хамтран ажилладаггүй бөгөөд Б ХХК-ийн жолооч байна гэхээр хэдэн литр бензин, хэзээ авсан талаарх тооцоогоо бичгээр гаргаж хариуцагч компани руу явуулдаг байсан. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд зохигчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, найруулгын өөрчлөлт оруулав.

 

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

3. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 91,074,911 төгрөг, алданги 45,537,455 төгрөг, хохирол 10,174,320 төгрөг, нийт 146,786,686 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган үндсэн төлбөр 62,049,981 төгрөг, алданги 31,024,990 төгрөг, хохирол 10,174,320 төгрөг, нийт 103,249,291 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ болон мөн өдрийн №01 тоот гэрээний хавсралтыг тус тус хүчин төгөлдөр бус бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр эсэх, хариуцагч алданги болон хохирол төлөх үүрэг үүссэн эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

 

4. Талууд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 2018/09 тоот Шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээгээр худалдагч Х ХХК нь Олон улс болон Монгол улсын чанар стандартын шаардлагад нийцсэн дизель түлшийг Хөшөөт, Үенч сум, Улаан үзүүрийн шатахуун түгээх станцаар нийлүүлэх, худалдан авагч Б ХХК нь худалдан авсан шатахууны төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх9-13/

 

4.1. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчид 2019-2022 оны хооронд дизель түлш бодитоор нийлүүлсэн, хариуцагч дизель түлш хүлээн авч, үнийг төлж байсан үйл баримт хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тус тус тогтоогдсон.

 

4.2. Түүнчлэн, талууд 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гэрээний хавсралт №02-ийг баталсан бөгөөд хавсралтанд худалдан авагчийг төлөөлж Б ХХК-ийн захирал Б.Б гарын үсэг зурж, байгууллагын тамга дарж баталгаажуулсан байна. Ийнхүү гэрээг баталгаажуулсан нь 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг нотолж байна. /1-р хх145/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн хэмээн зөв тодорхойлж, нэхэмжлэгч нь нийлүүлсэн шатахууны үнийг шаардах эрхтэй, хариуцагч нь төлөх үүрэгтэй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

5. Хариуцагчийн ...2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Шатахуун худалдах, худалдан авах гэрээнд дарагдсан Б ХХК гэсэн тамга хуурамч, компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан тул уг гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх татгалзал дараах үндэслэлээр үгүйсгэгдэж байна. Үүнд:

 

5.1. Талуудын хооронд байгуулсан гэрээнд хариуцагч Б ХХК-ийн тамга дарагдсан боловч уг тамга хуурамч байсан нь гэрээг байгуулагдаагүй буюу гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь гэрээнд тамга дарах нь гэрээг албажуулах агуулгатай болохоос талуудын хүсэл зоригийг илэрхийлэхгүй юм.

 

5.2. Түүнчлэн, талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж уг гэрээний дагуу шатахуун хүлээн авч шатахууны үнийг төлж байсан энэ хүртэлх хугацаанд тухайн гэрээний харилцааг зөвшөөрсөн атлаа нөгөө талаас үлдэгдэл төлбөр болон гэрээний хугацаа хэтрүүлсний хариуцлага алданги шаардахад компанийг төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан тул тухайн гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

 

5.3. Учир нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно, мөн хуулийн Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1 нэг этгээд өөрийгөө төлөөлөх эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн өүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй гэж зааснаар хариуцагч нь өөрийн ажилтны байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргах үндэслэлгүй.

 

5.4. Иймд хариуцагч Б ХХК нь төлөөлөх бүрэн эрх бүхий этгээд гэрээ байгуулсан гэх ойлголтыг нэхэмжлэгч Х ХХК-дтөрүүлсэн нөхцөл байдлыг бүрдүүлснээр компанийг төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгож хэлцэл хийсэн тул нэхэмжлэгчийн хувьд уг хэлцэл хүчинтэй байна.

 

5.5. Х ХХК болон Б ХХК-ийн хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байна. Иймээс ...төлөөлөх эрхгүй этгээдийн байгуулсан гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус, шүүх хүчин төгөлдөр бус гэрээний алданги, хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй... гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

6.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

6.2. Нэхэмжлэгч нь шүүхэд хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийг 2019 онд 12,228,400 төгрөг, 2020 онд 742,900 төгрөг, 2021 онд 90,857,786 төгрөг, 2022 онд 28,250,325 төгрөг буюу нийт 132,079,411 төгрөгийн үлдэгдлээс 2022 онд төлсөн 41,004,500 төгрөгийг хасаад 91,074,911 төгрөг болох бөгөөд үүнээс хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн 8,578,050 төгрөг, тооцооллын алдаанаас илүү нэхэмжилсэн 20,446,880 төгрөг, нийт 29,0249,930 төгрөгийг хасахад үндсэн төлбөр 62,049,981 төгрөг гэж тодорхойлсон боловч энэ байдлаа хэрэгт авагдсан баримтаар нотолж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, хэрэг авагдсан түлш авсан жагсаалт, шатахуун олгосон тэмдэглэл зэргээр 62,049,981 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдохгүй байна.

 

6.3. Хэрэгт авагдсан хариуцагчийн дансны хуулгаас үзэхэд шатахууны үнэд 2019 онд 140,603,750 төгрөг, 2020 онд 135,570,600 төгрөг, 2021 онд 208,231,754 төгрөг, 2022 онд 41,004,500 төгрөг, 2023 онд 8,578,050 төгрөг, нийт 533,988,654 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь тогтоогдож байна. Иймд хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үлдэгдэл 61,913,631 төгрөг гэж тайлбарласан нь үндэслэлтэй байна.

 

6.4. Анхан шатны шүүх хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр гэрээний үүрэгт 61,913,631 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байна. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ... нэхэмжлэлийн зөрүү 136,350 төгрөг гаргуулна гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Гэрээний 11.4 болон гэрээний хавсралт №1, №2-т хугацаа хэтэрвэл төлөгдөөгүй үнийн дүнгээр хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын бичгээр хийх шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч мөн зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрхтэй.

 

7.1. Хэргийн баримтаар Б ХХК нь гэрээгээр тохирсон шатахууны үнийг хугацаандаа төлөөгүй үүрэг зөрчсөн буруутай байх тул худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 61,913,631 төгрөгт алданги тооцож хариуцагчаас 30,956,815 төгрөгийг нэхэмжлэгчид гаргуулсан нь үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан хариуцагч талын гомдлыг хангахгүй.

 

7.2. Түүнчлэн, хариуцагчаас 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 8,578,050 төгрөгт ногдох алдангид 4,289,025 төгрөгийг нэмж гаргуулах талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Учир нь нэхэмжлэгч үндсэн үүрэг болон алдангийг шаардаж буй шаардлага, үндэслэлээ баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл, алданги 4,289,025 төгрөгийг ямар хугацаагаар тооцсон нь тодорхой бус байна. Иймд хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алданги тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

8. Нэхэмжлэгч нь шатахууныг гадаадаас ам.доллароор худалдан авсан бөгөөд хариуцагч мөнгийг цаг хугацаанд нь төлөөгүйгээс ханшийн зөрүүд 10,174,320 төгрөгийг хохиролд тооцон гаргуулах талаар гомдол гаргажээ.

 

8.1.Талууд гэрээний төлбөр тооцоог төгрөгөөр хийхээр талууд харилцан тохиролцсон тохиолдолд Монгол төгрөгийг ам.доллартай харьцах ханшийн өсөлт, бууралтын эрсдэлийг гэрээний үүргийн зөрчлөөс шууд шалтгаант холбоотой учирсан хохирол гэж үзэх нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцэхгүй.

 

8.2. Мөн нэхэмжлэгч нь хариуцагч 2019 онд 12,228,400 төгрөг, 2021 онд 90,857,786 төгрөгийг тус тус төлөөгүйгээс ханшийн зөрүүд 10,174,320 төгрөгийн хохирол учирсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй.

 

Иймд уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоохгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

9. Хариуцагч Бадрах бус ХХК нь нэхэмжлэгч Х ХХК-д холбогдуулан 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ болон мөн өдрийн №01 тоот гэрээний хавсралтыг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

9.1. Нэхэмжлэгч Х ХХК болон хариуцагч Б ХХК-ийн хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж шүүх дүгнэсэн тул талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж заасан үндэслэлд хамаарахгүй.

 

9.2. Нөгөөтэйгүүр гэрч Б.Д шүүхэд ...Х ХХК-тай шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. Би 2019 оны тооцоо нийлсэн актаа авахдаа байгуулсан гэрээгээ авъя гэхэд Х ХХК-ийн нягтлан бодогч Б.Батчимэг нь гэрээ байхгүй гэж хэлсэн. Гэтэл Х ХХК шүүхэд нэхэмжлэл гаргахад бид гэрээг харсан. Тэр гэрээнд гэрээний тамга гэх тамга дарагдсан, миний нэрийг бүтнээр нь бичсэн байсан. Тухайн гэрээнд дарагдсан гэрээний тамгыг Б.Б болон би өмнө нь харж байгаагүй. Би компанитай холбоотой баримт бичиг дээр бүтэн нэрээрээ гарын үсэг зурдаггүй, таталж гарын үсгээ зурдаг. Харин ХААН банкаар гүйлгээ хийхдээ нэрээ бүтнээр нь бичиж гарын үсэг зурдаг байсан. Би гэрээнд ямарч гарын үсэг зураагүй, гэрээний тамга гэх тамга хаанаас гарч ирсэн, миний гарын үсгийг хэн зурсан болохыг мэдэгүй... гэж мэдүүлсэн нь талуудын хооронд байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ болон мөн өдрийн №01 тоот гэрээний хавсралтыг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч Б ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлтэй боловч хариуцагчийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №01 тоот гэрээний хавсралтыг мөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох шаардлага гаргасан байхад тухайн шаардлагыг орхигдуулсан байгааг нэмж тусгаж, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг өөрчлөн найруулав.

 

10. Хариуцагч тал ...сөрөг нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг шүүх хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй... гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

 

10.1. Шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШЗ2023/15947 дугаартай захирамжаар хүчин төгөлдөр бус хэлцлийн ямар үр дагаварыг арилгуулахаар шаардаж байгаа нь тодорхойгүй, мөн хуульд заасан бүрдүүлбэрийг хангаагүй гэж дүгнэн, хариуцагчийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №02 тоот гэрээний хавсралтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, шүүх эрх хэмжээний хүрээнд сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу биш байх тул энэ талаарх хариуцагч талын гомдлыг хангахгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр зохигчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2024/00797 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2018/09 тоот гэрээг... гэснийг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2018/09 тоот гэрээ, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №01 тоот гэрээний хавсралтыг... гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн, хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 230,949 төгрөг, хариуцагчийн урьдчилан төлсөн 313,086 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ