| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0078/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/085 |
| Огноо | 2019-03-28 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2019/ШЦТ/085
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч: Э.Гантулга
Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж
Хохирогч Д.Р
Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Бт холбогдох эрүүгийн 1814007360098 тоот хэргийг 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн,******* овогт Т.Б
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Т.Б нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг 3-47-6 тоотод 2018 оны 12 сарын 12-ны өдөр эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Д.Рийг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Т.Бын мөрдөн байцаалтад өгсөн
... Би 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Д.Рийнд очсон охин нь хүүтэйгээ танихгүй нэг 50 гаран насны эрэгтэй хүн гэрт нь хамт байсан. Маргааш нь буюу 2018 оны 12 дугаар сарын 12-нд 18 цагийн үед очиж өчигдөрийн байсан хүн юун хүн гэж Д.Роос асуухад надад миний нөхөр болж байгаа хүн чамайг бодоход цалин тэтгэвэр авдаг хүн гэж хэлсэн. Тэр үед би Д.Рид хандаж чамд нөхөр амар олддог юм, насандаа байгаач гэж хэлээд гарахад миний араас Д.Р гарч ирсэн, намайг бариад авахад нь би гараараа хоёр удаа цохиж нэг удаа өшиглөөд би зугтаагаад явсан. Арван мянгатын нүүрний гудамжинд ирээд байж байхад миний араас утсаар ярьсан хүн чанартай юм бол хүрээд ир намайг эмнэлэг хүргээд өг гэж хэлсэн, би эргэж Д.Р дээр очиж эмнэлэгт хүргэж өгөхөд надаас хэрүүл нэхээд байхаар нь би яваад өгсөн. Д.Рийг эмнэлэгт хүргэж өгөхдөө цохиж зодсон зүйл байхгүй. Би гэрийн гадаа байхдаа Д.Рийн гуянд нэг удаа өшиглөсөн, мөр болон гарын дунд чөмөгний булчинд нэг удаа цохисон өөрөөр цохиж зодоогүй. Тухайн үед би архи уугаагүй эрүүл байсан. Би Д.Ртой хардалт болон хувийн маргаанаас болж хэрүүл маргаан хийсэн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна ... гэх мэдүүлэг / хх-ийн 52-54 /
Хохирогч Д.Рийн мөрдөн байцаалтад өгсөн
... 2018 оны 12 дугаар сарын 12-нд 17 цагийн үед байх би гэртээ хоолоо хийгээд сууж байхад гаднаас Т.Б согтуу ирээд хөөгөөд, та нарыг сайн сайхан явахыг харна гэж хэлээд аяга шидсэн би тэр үед гэрээсээ гарч зугтаахад үед миний араас гарч хөөж намайг барьж аваад цохиж зодсон. Миний хөл гар луу өшиглөж үснээс зулгааж чирсэн энэ үед миний утас дуугарч би утас авч хүүхэд ирэх гэж байна гэж хэлэхэд Т.Б үснээс зулгааснаа болиод такси барих гэж зам руу алхсан. Тэр үед би бас зам дээр очиж такси барих гэж явсан энэ үед намайг Б хүчээр би чамайг авч явж чиний хувцасыг солиулна би чамайг арай хэтрүүлчих шиг боллоо уучлаарай эмнэлэг дээр хувцасыг чинь солиулчихаад үзүүлье гэж хэлээд такси руу оруулж миний утсыг авсан. Тэр үед би жолоочид хандаж намайг 103 дээр хүргээд өг гэж хэлтэл жолоочийг Т.Б доромжлоход таксины жолооч та буу гэж хэлэхэд Т.Б дуугүй болж намайг 103 нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр буулгасан. Т.Б надтай хамт буусан эмнэлэг дотор ороход намайг бас хэл амаар доромжилсон нэг сувилагч Т.Быг загнаж миний утсыг авч өгсөн. Т.Б нь миний баруун гаранд өшиглөж гэмтээсэн, миний зүүн гуянд өшиглөж мах тасарсан, зүүн гаранд өшиглөсөн мах тасарсан, миний эмзэг эрхтэний ойролцоо өшиглөсөн тэр хэсэгт гэмтсэн үснээс зулгаасан толгойн хэсэг өвдсөн. Тухайн үед Т.Б бид 2-оос өөр хүн байгаагүй. Т.Б согтууруулах ундааны зүйл хэрэглсэн байсан, биеэ авч явах чадвартай байсан. Би гомдолтой байна би өдөр бүр 40000-50000 төгрөг орлого олдог байсан одоо бараг сар гаран ажилгүй байна эм тарианы мөнгө эмчилгээний зардал мөнгө гаргуулж авмаар байна ... гэх мэдүүлэг / хх-ийн 22-24 /
Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтад өгсөн
... манай ээж утсаар яриад 103 дээр хүрээд ир хүнд зодуулчихлаа гэхэд нь очиход хувцас нь шороо болчихсон, өмдөндөө шээчихсэн, баруун гар, зүүн хөл хөдлөхгүй даагдахгүй байна Т.Б намайг зодсон гэж байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 25-26 /
Гэрч Л.Агийн мөрдөн байцаалтад өгсөн
... Д.Р гэх эмэгтэйг үзэж тодорхойлолт бичиж өгсөн. Тэр эмэгтэйг анх үзэх үед танил эрэгтэй хүн нь архи ууж орж ирээд зодсон гэж хэлсэн, өмдөндөө бие зассан байдалтай байсан. Тэр эмэгтэйн баруун шуунд 2 газарт хавдсан зөөлөн эдийн гэмтэл үүсч хавдсан зүүн шуу хөхөрсөн, гуяны мах овойж хөхөрсөн байдалтай байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 44-45 /
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаартай шинжээчийн
1. Д.Рийн биед баруун шуу богтос ясны зөрөөтэй далд хугарал, баруун зүүн шуу, зүүн гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх баруун шууны богтос ясны хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, харин баруун зүүн шуу, зүүн гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 10-11/,
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 36-37/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 39-43/, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тогтоол /хх-ийн 100/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 64/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа / хх-ийн 63/, шүүгдэгч Т.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хх-ийн 65-66/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн /79-81, 82-87/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 67/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Шүүгдэгч Т.Б нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг 3-47-6 тоотод 2018 оны 12 сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Д.Рийг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч Т.Бын .. би гараараа хоёр удаа цохиж нэг удаа өшиглөөд би зугтаагаад явсан ... Д.Рийн гуянд нэг удаа өшиглөсөн, мөр болон гарын дунд чөмөгний булчинд нэг удаа цохисон... гэх мэдүүлэг / хх-ийн 52-54 /
Хохирогч Д.Рийн ... Миний хөл гар луу өшиглөж үснээс зулгааж чирсэн ... миний баруун гаранд өшиглөж гэмтээсэн, миний зүүн гуянд өшиглөж мах тасарсан, зүүн гаранд өшиглөсөн мах тасарсан, миний эмзэг эрхтэний ойролцоо өшиглөсөн тэр хэсэгт гэмтсэн үснээс зулгаасан толгойн хэсэг өвдсөн.... гэх мэдүүлэг / хх-ийн 22-24 /
Гэрч Б.Бийн.. манай ээж утсаар яриад 103 дээр хүрээд ир хүнд зодуулчихлаа гэхэд очиход хувцас нь шороо болчихсон, өмдөндөө шээчихсэн, баруун гар, зүүн хөл хөдлөхгүй даагдахгүй байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 25-26 /
Гэрч Л.Агийн....Р гэх эмэгтэйг өмдөндөө бие зассан, баруун шуунд 2 газарт хавдсан зөөлөн эдийн гэмтэл үүсч хавдсан зүүн шуу хөхөрсөн, гуяны мах овойж хөхөрсөн байдалтай байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 44-45 /
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 сарын 17-ны өдрийн 16 дугаартай ... Д.Рийн биед баруун шууны богтос ясны зөрүүтэй далд хугарал, баруун зүүн шуу, зүүн гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,.. гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна , харин баруун зүүн шуу, зүүн гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хх-ийн 10-12 / зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр дугаар зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Т.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.Бт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч Д.Р нь Т.Бын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч Т.Б нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Б нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч Т.Бын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Шүүгдэгч Т.Бт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүгдэгч Т.Б нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, “Алтайн хүдэр” ХХК-д операторчиноор ажилладаг, шүүгдэгчийн хувийн байдал болон хохирогч Д.Р шүүхийн хэлэлцүүлэг гомдол саналгүй цаашид хамтран амьдрах талаар илэрхийлсэн зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Бт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмждэгдсэн шүүгдэгч Т.Б эзэмшлийн “... самсунг маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Т.Бт олгож, уг хэргийн улмаас шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Т.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.******* овогт Т.Быг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Т.Бт хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар шүүгдэгч Т.Б нь тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албагдлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т заанаар шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох сургалтанд хамруулах хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.5-т зааснаар шүүгдэгч Т.Б нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч Т.Бт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч Т.Бын эзэмшлийн “... Самсунг маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Т.Бт буцаан олгосугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Бт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Даргалагч ШҮҮГЧ Ч.Байгалмаа