Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00837

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 22 210/МА2024/00837

 

 

Ө.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2024/01362 дугаар шийдвэртэй,

Ө.М-ийн нэхэмжлэлтэй, С ХХК-дхолбогдох

Гэрээний хугацаа хэтрүүлсэн алдангид 6,190,756 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Би С ХХК-тай 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, **************, 51.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц захиалсан.

С ХХК-дби 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 6,600,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 14,000,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 35,100,000 төгрөг, 785,000 төгрөгийг бэлнээр төлж, нийт 56,485,000 төгрөгийг төлсөн.

1.2. Орог сууц захиалсан төлбөрийг бүрэн төлсөн байхад С ХХК гэрээнд заасан хугацаандаа орон сууцыг хүлээлгэж өгөөгүй. Иймд 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх 548 хоног хугацаа хэтрүүлсэн тул гэрээний 5.4-т заасны дагуу алдангид 6,190,756 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Манай компани нэхэмжлэгчтэй орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан биднээс шалтгаалахгүйгээр барилгын ажил хойшлогдсон. Ковид-19 буюу цар тахлын улмаас барилга угсралтын үйл ажиллагааг 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд зогсоосон. Хил гааль хаах, бараа материал буюу арматурын үнийн нэмэгдэл, хомсдол, ажиллах хүчгүй болсон.

2.2. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги төлөхөөр заасан байтал гэрээний үнийн дүнгээс алданги төлөхөөр гэрээгээр тохирсон нь хуульд нийцээгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С ХХК-аас 3,095,378 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө.М-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,095,378 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,003 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 64,476 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн дүгнэлт бодит байдалд бүрэн нийцээгүй, нотлох баримтыг дутуу үнэлж шийдвэрлэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Учир нь ковид-19 цар тахлаас 2020 оны 11 дүгээр сараас хөл хорио тогтоосон бөгөөд хөл хорио тогтоогоогүй байгууллагуудад барилгын салбар ороогүй. Хөл хорио тавигдсан ч хил хааж, бараа материалын хомсдол, үнийн нэмэгдэл, ажиллах хүчний хомсдлоос шалтгаалан барилгын салбарт хүнд туссан. Энэ нь нийтэд ил мэдээлэгдэж байсан бөгөөд холбогдох нотлох баримтуудыг хэрэгт хавсаргасан ч шүүх нотлох баримтаар үнэлээгүй. Мөн хариуцагчийн татгалзал үндэслэлтэй гэж дүгнэсэн атлаа 50 хувь бууруулж шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцэхгүй бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байсан.

4.2. Гэрээний үнийн дүнгээс алданги тооцох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Шүүх гэрээний үүрэг 548 хоног хугацаа хэтрүүлсэн алданги 6,190,756 төгрөгт маргаагүй гэх боловч хариуцагчаас хугацаа хэтрүүлсэн үйл баримт болон гэрээний үнийн дүнгээс алданги тооцсон нь хууль зөрчсөн талаар маргасан.

Дээрх нөхцөл байдал үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

3.Нэхэмжлэгч Ө.М нь хариуцагч С ХХК-дхолбогдуулан гэрээний хугацаа хэтрүүлсэн алдангид 6,190,756 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

4. Зохигчид 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр орон сууц захиалах гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтэгч буюу С ХХК нь Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, *************, 51.35 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2020 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулах, захиалагч буюу Ө.М нь гэрээгээр тохирсон үнэ 56,485,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. /7-8/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, уг гэрээг хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

4.1. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Ө.М нь орон сууцны үнэд 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 6,600,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 14,000,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 35,100,000 төгрөгийг дансаар, 785,000 төгрөгийг бэлнээр, нийт 56,485,000 төгрөгийг хариуцагч С ХХК-дшилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. /хх3-6/

 

4.2. Гэрээний 2.6-д гүйцэтгэгч нь захиалсан орон сууцыг 2020 оны 4 дүгээр улиралд багтаан гүйцэтгэхээр тохиролцсон боловч энэ хугацааг хэтрүүлэн орон сууцыг 2022 оны 12 дугаар сард захиалагчийн эзэмшилд шилжүүлж, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр А.Мөлдирийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байна. /хх 9/

 

5. Хариуцагч нь татгалзлаа ...ковид-19 цар тахлын улмаас барилгын үйл ажиллагаа зогсож, бараа материалын хомсдол үүсэж үнэ өссөн, хил гааль хаагдсан, ажиллах хүчгүй болсноор барилга ашиглалтад орох хугацаа хойшилсон, мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлд алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцохоор заасан байхад талуудын хооронд байгуулсан гэрээнд гэрээний үнийн дүнгээс алданги тооцохоор тохиролцсон нь хууль зөрчсөн хэлцэл байх тул алданги төлөх үндэслэлгүй... гэж тайлбарласан.

 

5.1. Талууд гэрээний 5.4-т гүйцэтгэгч нь захиалгат ажлыг гэрээнд заасан хугацаанаас 6 сараас дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 0.02 хувиар хоног тутам алданги төлөхөөр тохиролцсон.

 

5.2. Гэрээний дээрх тохиролцоо нь агуулгын хувьд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцохоор тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, талуудын тохиролцоо нь хуульд заасан алданги тооцох хэмжээнээс хэтрээгүй байх тул гэрээний 5.4 дэх заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөрчөөгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсний алдангийг хариуцагчаас шаардах эрхтэй. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 

5.3. Хэргийн баримтаар 2020, 2021 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор нийт 9 удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоосон нь ковид-19 цар тахлаас шалтгаалсан, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Force Majeure/-ийн гэрчилгээ олгогдсон, мөн цар тахлын улмаас Монгол Улс, БНХУ-ын хилийн боомтуудыг түр хаасан болон нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарласан, барилгын материалын үнэ өссөн зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байх ба энэ нь орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулж чадаагүй нөхцөл байдалд нөлөөлсөн гэж үзэхээр байна. Иймээс анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт зөв байна.

 

5.4. Анхан шатны шүүх хариуцагчаас гаргуулах алдангийн хэмжээг 3,095,378 төгрөгөөр бууруулж шийдвэрлэхдээ хэргийн болон цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан үзсэн байна. Өөрөөр хэлбэл, шүүх нийтэд илэрхий буюу цар тахлын нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээг багасгаж шийдвэрлэсэн нь шүүхийн эрх хэмжээнд хамаарах тул давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг 3,095,378 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт нийцсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2024/01362 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,447 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ