Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 086

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж

Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Бт холбогдох эрүүгийн 1814006670049 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, зам барилгын инженер мэргэжилтэй, Авгас овогт Ц.Х,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 06-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багт оршин суух Г.Угийн эзэмшлийн mogul i-5 маркийн нөүтбүүкийг кино үзэх нэрээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилж бусдад 700000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Ц.Бийн мөрдөн байцаалтад өгсөн

... Т.Саас mogul i-5 маркийн нөүтбүүкийг кино үзчихээд өгөх гээд авсан . би Т.С руу утсаар ярьчихаад 11-12 цагийн үед Баянхонгор аймаг Баянхонгор сумын Номгон 1 дүгээр баг тээврийн биржийн хажуу талын ломбарданд 50.000 төгрөгөнд тавиад Улаанбаатар хотруу яваад буцаж аймагт ирээд амралтаа аваад Ховд аймаг руу явсан. Намайг Ховд аймагт байхад ломбардны ажилтан гээд нэг эмэгтэй хүн утсаар залгаад чиний зээлийн хугацаа хэтэрчихсэн чи мөнгөө төлөөд нөүтбүүкээ авахгүй бол зарагдчихна гэж хэлсэн. Би Ховд аймагт байна 3-4 хоногоос очоод мөнгийг нь төлөөд авч болдоггүй юм уу гэж хэлсэн чинь тэрээр шууд утсаа салгачихсан. Ярьсанаас 5-6 хоногийн дараа Баянхонгор аймагт ирээд ломбардны хүнтэй яриад нөүтбүүкийг авах гэсэн чинь хугацаа хэтэрсэн тул зарагдчихсан гэж хэлсэн. Б.Сы эхнэр Г.У тэр нөүтбүүк миний эзэмшлийн нөүтбүүк байсан, чи хурдан төлж өг гэж удаа дараа хэлсэн боловч надад мөнгөний бололцоо олдоогүй учраас төлж чадалгүй байж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Г.Угийн дансруу 700.000 төгрөг шилжүүлж, нөүтбүүкийг нь төлж өгсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 78-80 /,

Хохирогч Г.Угийн мөрдөн байцаалтад өгсөн

... манай нөхөр Т.Саас хамт Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид ажилладаг Ц.Б нь миний эзэмшлийн mogul i-5 маркийн нөүтбүүкийг кино үзчихээд өгье гэж хэлээд аваад явсан байсан. Маргааш өглөө нь манай нөхөр Ц.Бээс нөтбүүкээ авах гэхэд тэрээр ломбарданд тавьчихсан байсан . Нөхөр бид хоёр олон удаа нөтбүүкээ авах талаар Ц.Бт хэлэхэд тэрээр удахгүй авч өгнө гэдэг байж байгаад сүүлдээ утсаа ч авахаа больсон. Сүүлд нь сонсоход бараг ломбардных нь хугацаа дуусаад нөүтбүүк зарагдсан байсан. Уг нөүтбүүк нь миний өөрийн эзэмшлийнх байгаа юм. Би уг нөүтбүүкийг 2016 оны намар шинээр нь 960.000 төгрөгөөр худалдан авч байсан. Хар өнгөтэй, дунд зэргийн хэмжээтэй нөүтбүүк байсан ... уг нөүтбүүк нь манай нөхрийн ажлын өрөөнд байсан чинь Б авч ломбарданд тавьсан юм ... Миний хувьд 2018 оны 10 дугаар сарын эхээр нөхрөөсөө нөүтбүүк яасан тал асуухад манай ажлын Ц.Б кино үзэх гэж аваад ломбарданд тавьсан байна лээ гэж хэлэхээр нь мэдсэн юм...2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Ц.Б нь манай нөхрөөс уг нөүтбүүкийг авсан юм билээ ... гэх мэдүүлэг /хх-ийн 39-45 /,

Гэрч Т.Сы мөрдөн байцаалтад өгсөн

... 2018 оны 09 дүгээр сарын 06-ны орой ажил тараад Ц.Б бид хоёр цэргийн ангиас миний машинтай хамт байрныхаа гадаа ирсэн. Би гэртээ орох гэсэн чинь Ц.Б нөүтбүүкээ өгчих манайд үзэх харах юм байхгүй болохоор би кино үзчихээд маргааш өглөө ажил дээр аваад очьё гэж хэлэхээр нь нөүтбүүк өгсөн. Намайг Ц.Бт нөүтбүүкээ өгөхөд Ц.Б бид хоёроос өөр хүн байгаагүй. Ц.Б нь надаас нөтбүүк авсаны маргааш өдөр нь буюу 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр би ажил дээр Ц.Бт нөүтбүүк авчираагүй юм уу гэхэд тэрээр нөтбүүк чинь гэрт байгаа орой гэртээ очоод өгье гэж хэлсэн. Тэгээд орой нь өгөөгүй 2018 оны 09 дүгээр сарын 08, 09 буюу Бямба, Ням гээд амралтын өдрүүд болчихсон. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр буюу Даваа гарагт ажил дээрээ очоод Ц.Бээс нөтбүүкээ асуусан чинь тэрээр гэртээ мартчихаж гэж хэлсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа Ц.Б нь надтай уулзаад - мөнгөний хэрэг гараад би чиний нөтбүүкийг ломбарданд тавьчихсан, удахгүй буцаагаад аваад өгье гэж хэлэхээр би хурдан авч өгөөрэй гэж хэлсэн. Түүнээс тэрээр нөтбүүкийг чинь ломбарданд тавьчих уу гэж хэлээгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 46-52 /,

Гэрч Ө.Хы мөрдөн байцаалтад өгсөн

... Ц.Б нь 2018.09.07-ны нөүтбүүк ломбардаанд тавьж 50 000 төгрөг зээлээд явсан бичиг байна....тэгээд хугацаандаа буюу 2018.09.21-ний ирж аваагүй 40 хоног хэтэрч 2018 оны 11-р сарын 20-ны үед зарагдсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/,

Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 321 дугаартай “...Хохирогч Г.Угийн эзэмшлийн нөүтбүүкний зах зээлийн ханш нь 700 000 төгрөгний үнэтэй болохыг тогтоосон ... дүгнэлт /хх-ийн 68- 69/,

 -Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 1-2/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 33-36/, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шүүгдэгч Ц.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 81/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 82/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 86/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 95/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 06-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багт оршин суух Г.Угийн эзэмшлийн mogul i-5 маркийн нөүтбүүкийг кино үзэх нэрээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилж бусдад 700000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

Шүүгдэгч Ц.Бийн ... Г.Угийн дансруу 700.000 төгрөг шилжүүлж, нөүтбүүкийг нь төлж өгсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 78-80 /,

Хохирогч Г.Угийн ... Манай ажлын Ц.Б кино үзэх гэж аваад ломбарданд тавьсан байна гэж хэлэхээр мэдсэн ...2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Ц.Б нь манай нөхрөөс уг нөүтбүүкийг авсан .. гэх мэдүүлэг /хх-ийн 39-45

Гэрч Т.Сы .. мөнгөний хэрэг гараад би чиний нөтбүүкийг ломбарданд тавьчихсан, удахгүй буцаагаад аваад өгье гэж хэлэхээр би хурдан авч өгөөрэй гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 46-52 /

Гэрч Ө.Хы .. 2018.09.21-ний ирж аваагүй 40 хоног хэтэрч 2018 оны 11-р сарын 20-ны үед зарагдсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/

Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 321 дугаартай ...Хохирогч Г.Угийн эзэмшлийн нөтбүүкний зах зээлийн ханш нь 700 000 төгрөгний үнэтэй болохыг тогтоосон ... дүгнэлт /хх-ийн 68- 69/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн бол ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.

Шүүгдэгч Ц.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь хохирогч Г.У, гэрч Т.Сы, гэрч Ө.Х, шүүгдэгч Ц.Бийн өөрийнх нь мэдүүлэг, барьцаат зээлийн гэрээний хуулбар, эд зүйлийн үнэлгээ зэргээр нотлогдож байх тул энэ нь дээрх хуулийн нэр томъёонд хамаарч байна.

Иймд шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгийг авч хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд шүүгдэгч Ц.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Г.Уд үнэлгээний байгууллагаар тогтоосон дүгнэлтийн дагуу 700000 төгрөгийг төлж барагдуулсан , хохирогч гомдол санлагүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ц.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Б нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал, хөнгөн гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Бт дээрхи зүйл, хэсэгт заасан байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг, тодорхой орлоготой зэргийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн буюу 2 сарын хугацаанд сар бүр 225000 төгрөг төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Ц.Бийн эзэмшлийн “... iphone-6 маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Ц.Б буцаан олгож , шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Авгас овогт Ц.Хийг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Бийг дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /450000/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.Бийг дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /450000/ төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 2 сарын хугацаанд сар бүр 225000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Бт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч Ц.Б эзэмшлийн “...iphone-6 маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Ц.Бт буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Бт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА