Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/00799

 

 

 

 

 

 

 

2024 04 17 210/МА2024/00799

 

 

О ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2024/00504 дугаар шийдвэртэй,

О ХХК-ийн нэхэмжлэлтэй, Р ХХК, П.Б нарт холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 49,988,261 төгрөг гаргуулах үндсэн,

ажил гүйцэтгэх гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд 146,077,550 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч П.Б, хариуцагч Р ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Н.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. О ХХК нь Р ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр High apart төслийн барилгын смарт зогсоолын барилгад БНХАУ-ын Joydan брэндийн шилэн фасад бэлтгэн нийлүүлэх, угсралт, суурилуулалтын ажлын дагуу гэрээг байгуулсан. Дээрх гэрээний явцад 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр тус тус нэмэлт ажлын гэрээ байгуулсан. Дээрх 4 гэрээний нийт үнийн дүн 549,313,900 төгрөг байхаар тусгасан бөгөөд гэрээний төлбөрт О ХХК-аас 316,065,900 төгрөгийг бэлнээр, 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр бартерын гэрээгээр 161,865,650 төгрөгийг тус тус төлсөн.

1.2. Гэрээнүүдийг 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар дүгнэхэд 7,095,761 төгрөгийг илүү төлсөн байсан. Мөн доголдолтой болон дутуу хийсэн ажлаа 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн дуусгахаа амласан боловч хэлсэн хугацаандаа засаагүй. Улмаар О ХХК нь доголдолтой ажлаа 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дуусгахыг шаардаж, уг заасан хугацаанд засаагүй тохиолдолд ажлыг өөр компаниар гүйцэтгүүлж, гарсан зардлыг нэхэмжлэх талаар албан бичгээр мэдэгдсэн. Гэвч хариуцагч нь ажлаа гүйцэтгээгүй тул М ХХК-иар ажлыг гүйцэтгүүлэн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 42,892,500 төгрөгийг төлсөн.

Иймд Р ХХК-аас хохирол 42,892,500 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт илүү төлсөн 7,095,761 төгрөг, нийт 49,988,261 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Р ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. О ХХК болон О ХХК-иудын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Р ХХК нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах High apart сууцны барилгын смарт зогсоолын барилгад гадна шилэн фасадны ажлыг хийж гүйэтгэхээр БНХАУ-ын Joydon брэндийн металл шилэн фасад бэлтгэн нийлүүлэх, угсралт, суурилуулалтын ажлыг 60 хоногийн хугацаанд гүйцэтгэх, ажлын хөлс 536,885,500 төгрөг байхаар харилцан тохиролцсон.

Гэрээний 6 дугаар зүйлд нийт төлбөрийн 60 хувийг мөнгөн хэлбэрээр, үлдэгдэл 40 хувийг бартерын зүйлээр тооцож олгохоор тохиролцсон. Улмаар талууд 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр бартерын гэрээ байгуулж, 183,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг гүйцэтгэгч талд шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. Улмаар О ХХК нь манайд 161,065,650 төгрөгт үл хөдлөх хөрөнгө болон 305,000,000 төгрөгийг дансаар төлж, үлдэгдэл 70,819,850 төгрөгийг төлөөгүй.

2.2. 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр А, Б блокийн гадна дотор хаалга нийлүүлэлт, угсралт суурилуулалтын ажлын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр О ХХК ажлын хөлс 7,826,000 төгрөг төлөх үүрэгтэй. Үүнээс манай компанид 7,434,700 төгрөг төлсөн боловч үлдэгдэл 391,300 төгрөгийг төлөөгүй.

2.3. 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Өргөтгөлийн хаалга нийлүүлэх, угсрах суурилуулах гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу О ХХК нь 2,234,400 төгрөг төлөх үүргээс 2,131,200 төгрөгийг бэлэн төлсөн. Харин үлдэгдэл 103,200 төгрөгийг төлөөгүй.

2.4. 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр фасадны төгсгөл дээр хийгдэх парпетны хавтангийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу О ХХК манайд 2,368,000 төгрөг төлөх үүрэгтэйгээс 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 1,500,000 төгрөг төлж, үлдэгдэл 868,000 төгрөгийг төлөөгүй. О ХХК нь манай компанид дээрх гэрээнүүдийн төлбөрт нийт 549,313,900 төгрөг төлөхөөс 477,131,550 төгрөгийг төлсөн. Харин манай компанид тооцооны зөрүү буюу дутуу төлсөн 72,182,350 төгрөгийн авлагатай байна.

2.5. О ХХК-тай байгуулсан гэрээгээр силконы ажил хийж гүйцэтгэхээр тохиролцоогүй. Манай компанийн хийж гүйцэтгэсэн гадна шилэн фасадны ажил нь БНХАУ-ын Joydon фермийн бэлдэцээр хийж гүйцэтгэсэн. Энэхүү систем нь ямар нэг силконгүй систем юм. Манай компанийн хийж гүйцэтгэсэн ажил ямар нэг доголдолтой байгаагүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх байх тул бүхэлд хэрэгсэхгүй болгож өнгө үү гэжээ.

 

3.Хариуцагч П.Б татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Би жинхэнэ хариуцагч биш байхад хамтран хариуцагчаар татан нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Улмаар миний мөнгө, эд хөрөнгийг битүүмжилж, дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Харин би Р ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувиар О ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд компанийг төлөөлж гарын үсэг зурсан нь иргэний хувиар үүрэг үүсэх боломжгүй.

3.2. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөпөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж зааснь дагуу компанийг төлөөлж гэрээ байгуулсан. Гэтэл П.Б болон Р ХХК гэх өөр өөр субьект байхад нэг субьект мэтээр ойлгож хариуцагчаар татсаныг хүлээн зөвшөөрхгүй.

Иймд О ХХК-тай гэрээ байгуулаагүй, эрх зүйн харилцаа үүсгээгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

4.1. Талуудын хооронд байгуулсан гэрээний 7.2-т туслан гүйцэтгэгч нь ажлын чанар аюулгүй байдлын чанарын баталгаат хугацааны хувийг гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувиар суутгах ба мөн гэрээнд заасны дагуу тогтоосон хугацаанд буцаан олгоно гэж заасан. Энэхүү хугацаа нь тус гэрээний 7.1-д заасны дагуу 3 жилийн баталгаат хугацаа тогтоосон. Үүнийг гэрээний хавсралт 2.6-д захиалагч нь гэрээний нийт үнийн дүнгийн 40 хувьтай тэнцэх төлбөрийг бартераар олгох бөгөөд бартерын 40 хувийн төлбөрөөс гэрээний 7.2-т заасан гэрээний нийт үнийн дүнгийн барьцаа баталгаажуулалтын 10 хувийг авч үлдэнэ гэж тус тус тохиролцсон.

Гэрээний нийт үнийн дүнгийн 40 хувь буюу 214,754,200 төгрөгийн үнийн дүнгээс барьцаа баталгаажуулалтын 10 хувь буюу 53,688,550 төгрөгийг суутган баталгаат хугацаа өнгөрсний дараа уг төлбөрийг олгохоор тохиролцсон. Гэтэл дээрх хугацаа 2021 оны 10 сарын 04-ний өдөр өнгөрсөн байхад мөнгөн төлбөрөө төлөөгүй. О ХХК-ийн зүгээс 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн High apart төслийн смарт зогсоолын гадна шилэн фасад бэлтгэн нийлүүлэх, угсралтын ажил гүйцэтгэсэн төлбөрт манайд бэлэн мөнгөөр 322,131,300 төгрөг төлөх ёстойгоос 305,000,000 төгрөгийг төлсөн. О ХХК манайд бэлнээр төлөх төлбөрөөс 17,131,300 төгрөгийг дутуу төлсөн. Үүн дээр барьцаа баталгаажуулалтын 10 хувь буюу 53,688,550 төгрөгийг нэмээд нийт 70,819,850 төгрөгийг гаргуулна.

4.2. 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн High apart төслийн смарт зогсоолын гадна шилэн фасад бэлтгэн нийлүүлэх, угсралт, суурилуулалтын ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт ажлын гэрээний дагуу О ХХК ажлын хөлс 2,368,000 төгрөг төлөх үүрэгтэйгээс 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 1,500,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 868,000 төгрөгийг төлөөгүй. Мөн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн High apart төслийн смарт зогсоолын гадна шилэн фасад бэлтгэн нийлүүлэх, угсралт, суурилуулалтын ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт ажлын гэрээний дагуу О ХХК ажлын хөлс 7,826,000 төгрөг төлөх үүрэгтэйгээс 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 4,000,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 3,434,700 төгрөг тус тус төлж, нийт 7,434,700 төгрөг төлөөд, үлдэх 391,300 төгрөгийг төлөөгүй. Мөн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн High apart төслийн смарт зогсоолын гадна шилэн фасад бэлтгэн нийлүүлэх, угсралт, суурилуулалтын ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт ажлын гэрээний дагуу О ХХК нь 2,234,400 төгрөг төлөх үүрэгтэйгээс 2018 онд 2,131,200 төгрөгийг бэлэн төлсөн. Үлдэгдэл 103,200 төгрөгийг төлөөгүй.

4.3. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн High apart төслийн смарт зогсоолын гадна шилэн фасад бэлтгэн нийлүүлэх, угсралт, суурилуулалтын ажил гүйцэтгэх гэрээний 6.10-д захиалагч нь гэрээнд заасан нөхцөлийн дагуу гэрээний төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.15 хувьтай тэнцэх алданги төлөх бөгөөд алдангийг ажлын хөлс төлөх ёстой байсан өдрөөс ажлын хөлс төлсөн өдөр хүртэл хугацаанд тоолно гэж заасан.

Иймд нэхэмжлэгч нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн High apart төслийн смарт зогсоолын гадна шилэн фасад бэлтгэн нийлүүлэх, угсралт, суурилуулалтын ажил гүйцэтгэх ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт бэлэн мөнгөөр төлөх 322,131,300 төгрөгөөс 305,000,000 төгрөгийг хугацаа хоцроож төлсний алдангид 40,052,788 төгрөг, төлөгдөөгүй 17,131,300 төгрөг болон түүний алданги 8,565,650 төгрөг, мөн бартерын 40 хувь буюу 214,754,200 төгрөгийн үнийн дүнгээс барьцаа баталгаажуулалтын 10 хувь болох 53,688,550 төгрөг, түүний алданги 26,844,275 төгрөг, нэмэлт ажил гүйцэтгэх гэрээнүүдийн үүрэгт 868,000 төгрөг, 391,300 төгрөг, 103,200 төгрөг, нийт 147,645,063 төгрөгийг О ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Р ХХК-ийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа ажил гүйцэтгэх 4 гэрээгээр тохиролцсон ажлуудыг зохих тоо ширхэг, чанар стандартын дагуу нийлүүлж, угсралт суурилуулалтын ажлуудыг БНХАУ-ын Joydan фермийн системээр бүрэн хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн гэж үзээд сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй.

Учир нь талуудын хооронд ажил гүйцэтгэх 4 гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээний дагуу ажлын гүйцэтгэлээ 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дүгнэхэд Р ХХК нь дутуу хийсэн ажлуудыг 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн дуусгах талаар амлалт өгсөн. Хариуцагч нь манай компаниас 147,645,063 төгрөгийн авлагатай байсан бол тооцоо нийлэхэд энэ талаар дурдах байсан. Мөн дутуу ажлаа 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дуусгах талаар амлалт өгч байсан нь ажлаа дуусгаагүй дутуу гүйцэтгэсэн болохыг нотолж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.4, 232.6 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Р ХХК болон П.Б нараас 49,988,261 төгрөг гаргуулах тухай О ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч О ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 108,273,525 төгрөгийг гаргуулан хариуцагч Р ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 37,804,025 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,892 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 896,176 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч О ХХК-иас 699,318 төгрөгийг гаргуулан Р ХХК-ид олгож, нэхэмжлэгч О ХХК-иас шинжээчийн зардал хөлсөнд 2,000,000 төгрөгийг гаргуулан Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын Голомт банкны *********** дансанд төлүүлж шийдвэрлэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

7.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах гэж, бүх шатны шүүхийн шүүх хуралдааныг өдрийн цагаар, амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна гэж заасан. Гэтэл 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдааныг шөнийн цагаар буюу хуульд заасныг зөрчиж явуулсан тул шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна.

7.2. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 13 дугаар талд ... хариуцагч тал 4 гэрээт ажлын хөлс 549,313,900 төгрөг төлөгдөхөөс 18,493,800 төгрөгийн хөлс болон барьцаа баталгааны 53,688,550 төгрөгийн үүрэг биелэгдээгүй, баталгаат хугацаа өнгөрсөн тул нийт 72,182,350 төгрөгийг нэхэмжлэгч талаас шаардсан нь үндэслэлтэй гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэргийн бодит байдлыг тогтоосон нотлох баримтуудыг үнэлж дүгнээгүйгээс хууль зүйн үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь талуудын хооронд анх ажил гүйцэтгэх гэрээ байгуулахаас өмнө хариуцагчаас тухайн гүйцэтгэх ажлын талбайн 1 м.кв үнийг 400,000 төгрөгөөр тооцож хийх саналаа О ХХК-д туслан гүйцэтгэгч О ХХК-аас үнийн санал гэх баримтыг цахим хаягаар илгээсэн нь хэрэгт авагдсан 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогддог. О ХХК нь энэхүү үнийг хүлээн зөвшөөрснөөр гэрээ байгуулсан. Уг гэрээний 2.1-т үнийн саналд заасны дагуу тоо ширхэг, өнгө загвар, үнэ зэргийг талууд харилцан тохиролцсон талаар дурдсан.

7.3. 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн НА/АГГ/011822 дугаартай гэрээний 5.2.31-т заасны дагуу хариуцагч ажлын гүйцэтгэлийн маягтын дагуу ажлын гүйцэтгэл бичиж бодох, хянах журмын дагуу хугацаанд хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. О ХХК-аас энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь хэрэгт авагдсан Р ХХК-аас О ХХК-д явуулсан 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн албан бичгээр нотлогддог. О ХХК-аас хариуцагчийн 4 гэрээний дагуу хийсэн ажлаа дутуу гүйцэтгэсэн тул гүйцээж хийхээр баталгаа гаргасан албан бичгүүдийг үндэслэн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хариуцагчаас хийсэн ажил, нэхэмжлэгч компаниас хэдэн төгрөг төлсөн, дутуу хийгдсэн ажил, барьцаа баталгааны дүн зэргийн талаар дүгнэж, О ХХК болон гүйцэтгэх захирал П.Бийг байлцуулан талбайд хэмжилт хийж, хэмжилтийг гэрээний үнийн саналд заасан дүнгээр тооцож, О ХХК нь хэрэгт авагдсан 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01/488 дугаартай албан шаардлага хүргүүлсэн. Энэхүү албан шаардлагаар талуудын хооронд байгуулсан 4 гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгч компанид 7,095,761 төгрөгийг төлөх төлбөртэй болохыг баталгаажуулж илгээсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Энэхүү албан шаардлагыг хариуцагч компаниас хүлээн зөвшөөрөхгүй байсан бол авсан даруйдаа зөвшөөрөхгүй талаарх баримтыг нэхэмжлэгчид хүргүүлэх байсан.

7.4. Хариуцагчийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн албан бичиг болон амлалт бичиг, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн хариулт 1, 3-д дүгнэсний дагуу хариуцагчийн хийх ёстой дутуу ажлууд биет байдлын доголдолтой ажил гэдэг нь тогтоогддог бөгөөд хариуцагчаас 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор гүйцээх үүрэг хүлээсэн болох нь нотлогдсон. Үүнээс хойш хариуцагч компанийн зүгээс тогтсон хугацаанд доголдолтой ажлаа хийгээгүй учраас 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор яаралтай дуусгахыг шаардаж хугацаа өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01/648 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. Улмаар заасан хугацаанд засварлаагүй тул бусдаар гүйцэтгүүлсэн 42,892,500 төгрөгийг шаардах үндэслэлтэй. Харин хариуцагчаас гэрээнд заасан үүргээ биелүүлж, гэрээний 5.1, 5.2-т зааснаар зохих ёсоор хүлээлгэж өгөөгүй байх тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

8.1. Шүүх хуралдааныг шүүгч нээсний дараа талуудад эрх, үүргийг нэг бүрчлэн танилцуулж, шинээр гаргаж өгөх нотлох, хүсэлт байгаа эсэхийг асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаагүй. Түүнчлэн талуудаас шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас хуульд заасан үндэслэлээр гаргах татгалзал байгаа эсэхийг тодруулахад нэхэмжлэгчээс татгалзан гаргах хүсэлт гаргаагүй тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн. Шүүх нэгэнт хэрэг хэлэлцэж эхлэхээс шийдвэр гаргах хүртэл үргэлжлэх хугацаанд явагдаж байгаа ажиллагааг шүүх хуралдаан тасралтгүй явуулах ажиллагаа юм. Иймд шүүх хуралдааны явцад шүүгч хууль зөрчиж шүүх хуралдаан завсарласаар талуудаас санал, хүсэлт авах хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй.

8.2. Р ХХК нь үнийн санал гэх албан бичгийг О ХХК-д өгч байгаагүй бөгөөд уг баримтад Г.Баяраа гэх хүн гарын үсэг зурсан. Гэтэл Р ХХК нь байгуулагдсан цагаас П.Б гүйцэтгэх захирлаар ажилласан. Түүнчлэн, үзлэг хийсэн гэх и-мэйл хаяг нь ************-co.mn гэх хувь хүний и-мэйл хаягт үзлэг хийсэн талаар үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан. Энэ нь О ХХК-ийн ажилтны и-мэйл хаяг гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарладаг ч тус компанийн ажилтан болохыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, нотолж чадаагүйн сацуу хэний ямар хаяг нь тодорхой бус байх тул шүүх үнэлээгүй нь үндэслэлтэй. Мөн и-мэйл хаягийг ямар ч нэр өгч хэн нээж болдогийг шүүх анзаарсан бусад нотлох баримтуудтай харьцуулан эргэлзээгүй талаас нь үнэлсэн гэж үзэж байна.

Шүүх О ХХК-аас Р ХХК-д явуулсан гэх 04/18-04 дугаартай үнийн санал гэх баримтад эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй байх тул уг үнийн саналыг гэрээний талууд тохиролцон баталгаажуулсан гэж үзэх үндэслэлгүй гэж зөв дүгнэжээ. Учир нь О ХХК, Зэт ХХК, О ХХК-иудын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн нэмэлт ажлын 3 төрлийн гэрээнүүдийг шүүхэд нотлох баримтын шаардлага ханган талууд аль аль нь шүүхэд гаргаж өгсөн. Дээрх гэрээнүүдийн ажпын хөлс 549,313,900 төгрөг төлөхөөс О ХХК 477,131,550 төгрөг төлсөн. Үлдэгдэл буюу дутуу төлсөн 18,493,800 төгрөг, барьцаа баталгааны 53,688,550 төгрөг, нийт 72,182,350 төгрөг төлөөгүй нь нотлох баримтаар тогтоогдож байгааг шүүх бодит байдлыг зөв дүгнэж нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв эргэлзээгүй, хэрэгт хамааралтай талаас нь үнэлж дүгнэсэн.

8.3. Талуудын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн НА/АГГ/011822 дугаар ажил гүйцэтгэх гэрзэний 9.2-д туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүн хангалтгүй гэж үзвэл зураг төслийн болон мэргэжлийн байгууллагаар шалгуулах ажлыг 10 хоногийн дотор зохион байгуулж, шалгалтын үр дүнг туслан гүйцэтгэгчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Энд Р ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үр дүн хангалтгүй гэж үзэж мэргэжпийн байгууллагаас 10 хоногийн дотор шалгалтын үр дүнг хүлээлгэн өгөх нөхцөл байдал үүсээгүй. Харин ч манай гүйцэтгэсэн ажлын үр дүнд ямар нэгэн гомдлын шаардлага гараагүй учраас барилгыг улсын комисс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2018/836 дугаар дүгнэлтээр ашиглалтад оруулах нь зүйтэй гэж дүгнэсэн. Талуудын хооронд байгуулагдсан НА/АГГ/011822 дугаар ажил гүйцэтгэх гэрээний 5.2.29-д ажлын үр дүнг улсын комиссын өмнө хариуцаж хүлээлгэн өгөхөөр тогтоосон.

Мөн О ХХК нь 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 03/18-01 тоот албан бичгээр О ХХК-д ажил хүлээж авахгүй удаа дараа хойшлуулсаар байсан тул ажлаа хүлээн авч, үлдэгдэл төлбөрөө хийх талаар хүсэлт зэргийг хүргүүлж байсан. Дээрх нотлох баримтуудаар ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй гэх худал тайлбар няцаагдаж байна. О ХХК нь манай компанид талуудын хооронд байгуулсан 4 төрлийн гэрээний дагуу төлөх ажлын хөлсөө дутуу төлсөн нь О ХХК-ийн Хас банкны дансны хуулга, гэрч Д.Нарантунгалагын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн мэдүүлэг, талуудын хооронд 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн акт, О ХХК-д хүргүүлсэн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 03/18-01, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 10/19-01, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 03/20-02 дугаар албан бичгүүдээр тус тус тогтоогдож байна. О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гаргасан нотлох баримт гаргаж өгсөн хүсэлтээр манай компанид гэрээний дагуу төлөх ажлын хөлсийг гэрээнд заасан хэмжээгээр төлөөгүй болохыг өөрсдөө нотолдог.

8.4. Шинжээчийн дүгнэлтэд хариуцагчийн хийх ёстой дутуу ажлууд биет байдлын доголдолтой учраас бусдаар гүйцэтгүүлсэн сильконыг хуулж үзэхэд, мөн шилэн фасад каркас ханатай нийлсэн залгаасыг шинээр дулаалгын материал, хөөсөнцөр чигжих, 14 ширхэг вакум цонх шинээр угсарч суурилуулах ажлууд нь О ХХК, З ХХК, О ХХК нарын хооронд байгуулсан гэх 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн НА/АГГ/011822 дугаар High apart төслийн смарт зогсоолын гадна шилэн фасад бэлтгэн нийлүүлэх, угсралт, суурилуулалтын ажлын дутуу гүйцэтгэлтэй холбоотой доголдолд хамаарахгүй гэжээ. Шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 184/Ш32023/00000 дугаар захирамжийн 5 дугаар зүйлийн хүрээнд О ХХК High apart төслийн смарт зогсоолын ажлын зураг төслийг М ХХК-аар зуруулан 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 755/2018 дугаар магадлалын дүгнэлтийн нэгтгэлээр баталгаажуулсан. 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хэмжилтээр смарт зогсоол нь 4 тал шилэн фасадтай зүүн талдаа 2 давхар өргөтгөл нэмж барьсан байдалтай байна. Өөрчлөлтийн зураг хийлгэлгүй, зүүн талд өргөтгөл болон 2 давхар обьект нэмж барьсан нь хууль зөрчсөн гэж тус тус дүгнэсэн.

Иймд О ХХК нь хууль зөрчсөн энэхүү өөрчлөлтийн ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн ажлын хөлсөө манайхаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч Р ХХК, П.Б нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 49,988,261 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 146,077,550 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Бүх шатны шүүхийн шүүх хуралдааныг өдрийн цагаар, амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна гэж, харин Хөдөлмөрийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт Орон нутгийн цагаар 22 цагаас дараагийн өдрийн 06 цаг хүртэлх хугацааг шөнийн цагт тооцно гэж заасан.

 

3.1. 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүх хуралдааныг 17 цаг 00 минутад нээж, 23 цаг 10 минутад хаасан. Иймд шүүх хуралдааныг шөнөөр цагаар явуулж хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангав.

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулах ажиллагааг хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоож, хэргийг шийдвэрлэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тус бүрийг тодруулах, энэ талаар зохигчдыг мэтгэлцүүлэх шаардлагатай байна.

 

5. Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2024/00504 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр урьдчилан төлсөн 949,259 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ