| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2019/0039/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/38 |
| Огноо | 2019-04-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нямбилэгт |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 2019/ШЦТ/38
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга П.Рэнцэндорж,
улсын яллагч Э.Нямбилэгт,
шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Н-д холбогдох эрүүгийн 1917000560030 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Э.Н /РД............., Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, Хорих 425 дугаар ангид ял эдэлж байгаа, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 1, урьд Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 45 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сар хорих ялаар, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 30 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 4 сар хорих ялаар тус тус шийтгүүлсэн гэх,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч Э.Н нь 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 08 цагийн үед Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 425 дугаар нээлттэй хорих ангийн хоригдлын байранд Я.А-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Н нь 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 08 цагийн үед Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 425 дугаар нээлттэй хорих ангийн хоригдлын байранд Я.А-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
Шүүгдэгч Э.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ Хохирогч А манай өрөөнд орж ирээд 3 сар болж байгаа. Намайг доромжлоод ерөөсөө таарахгүй байсан. Татан буугдсан шоронгоос ирсэн хэдэн нөхдүүд орой болгон орж ирээд доромжлоод байхаар нь би тоодоггүй байсан. Тэгсэн чинь тэр орой намайг өшиглөөд авахаар нь би цохисон. А-тэй сайн дураараа эвлэрсэн. Эмчийн хяналтад байдаг болохоор Улаанбаатар хот руу дөхөх бодолтой л байна” гэсэн мэдүүлэг.
Хохирогч Я.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Ц, Н хоёр маргалдсан. Саван, тамхи тарианы асуудлаас болсон. Тэгтэл Ц Н-ын өрөөг солиулъя гэж хэлсэн. Бид нар өмнө нь Н-ыг өрөөнөөс гаргая гэж ярьж байсан. Ц хэлээд би бичсэн. Өрөөнд байдаг хүмүүс гарын үсэг зурсан. Н энийг харчихаад би үзье, уншъя гэсэн. На өрөөнөөс гарч явж байгаад буцаж орж ирээд та нарыг харнаа та нар наадах бичгээ өгөөд солиулаарай. Ангийн дарга наад орыг чинь надад өгсөн шүү гээд байсан. Тэгээд хэрүүл хийж байгаад Н миний нүүр лүү гараа тулгаж байгаад ална шүү гээд салаавч хуруу гаргасан. Насанбаяр цаашаа эргээд явахаар нь чи яахаараа хүн алдаг юм бэ гээд араас нь өгзөг хавьд нь нэг удаа хөлөөрөө тийрсэн. Тэгтэл Насанбаяр эргэж хараад намайг тэвэрч өргөөд газар шалан дээр нуруугаар унагаагаад 2 гараа бүснээс нэг барьж аваад намайг тавиад холдсон. Ц босч ирээд боль гээд салгасан. Ц өрөөнөөс гараад явсан Н араас нь дагаад гараад явсан. Өрөөнд Ж, З, МН бид нар үлдсэн. Н эргэж орж ирээд Ц хаачсан юм бэ гээд асуусан. Бид нар мэдэхгүй гэсэн. Би тухайн үед өрөөний баруун талын өөрийнхөө орон дээр сууж байсан юм. Н миний урд ирж зогсоод баруун талын захнаас барьж аваад босоод ир гээд байсан. Би яах гээд байгаа юм бэ гээд сууж байтал Н гараараа миний хамрын зүүн хэсэг рүү нэг удаа цохьсон. Би нүүрээ гараараа арчаад үзсэн чинь зүүн нүдний доод зовхи шалбарсан байсан. Цус гарч байсан. Манай өрөөнд байсан хоригдлууд чиний хамар чинь муруйсан байна ахлагчид хэл гэхээр нь би яах юм бэ гэсэн чинь чи нуусан ч мэдэгдэх юм байна гээд Н гараад явсан. Нэг харсан чинь А ахлагч өрөөнд ороод ирсэн байсан. Тухайн үед хорихын эмч ирж үзсэн. Н бид хоёрт урдын өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Миний хамрын яс хугарсан, зүүн талын нүдний зовхи, баруун нүдний доод зовхи руу хөхөрсөн байсан. Дээрх гэмтлүүдийг Н надад учруулсан. Н намайг эмчилгээнээс ирсэний дараа байн байн өрөөнд орж ирээд хамар чинь зүгээр болсон байна ш дээ. Одоо би яах юм бэ гээд байсан. Цаашид Н-тай нэг хорих ангид хамт баймааргүй байна. ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 18-23 хуудас/
Гэрч Э.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 03 дугаар сарын 14-ны өглөө 03 тоот хоригдолын байранд явж ороход Ц, Ж, Н, А нар сууцгааж байсан. Би Н-тэй юм яриад зогсож байтал гаднаас Насанбаяр орж ирсэн. Тэгээд ар талд юм цохичих шиг чимээ гарахаар нь эргээд хартал Амармэнд нүүрээ дарчихсан орон дээр сууж байсан. Н та нар нийлээд намайг мууллаа гээд байсан. Н А-ийн хажууд зогсож байсан. Амармэнд нүүрээ дарж байсан гараа авсан чинь хамар нь муруйсан цус гарч байсан. Намайг 03 дугаар өрөөнд анх ороход А-ийн хамар нь зүгээр байсан. Н яваад А ахлагчийг дагуулаад ирсэн. Дараа нь сонсож байхад Н-ыг өрөөнөөсөө гаргаж өрөөг нь солино гэсэн асуудлаас болж муудалцсан юм байна лээ. Би Н-ыг А-ийг гараараа цохичихлоо гэж бодсон. Гартаа ямар нэгэн зүйл бариагүй байсан.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 24-25 хуудас/
Гэрч Н.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 08 цагийн үед байх хоригдолын байрны 3 дугаар өрөөнд хамт байдаг Ам бид хоёр Н-ын өрөөг солиулая гэж санал гаргаад өрөөнд хамт байдаг хоригдолууд дэмжсэн. Тухайн үед Н хажууд чимээгүй уурлаад байгаад байсан. Н өрөөнөөс гарах гэж байгаад Амармэнд рүү салаавч гаргасан. А Н-ын араас өгзөг орчимд нь 1 удаа өшиглөсөн. Н эргэж очоод А-ийг 2 гартай хамт цээжээр нь тэврээд ар нуруу хэсгээр нь газар унагаасан. Тэгээд Н өрөөнөөс гараад явсан. Н гараад 5 орчим минут болоод буцаж өрөөнд орж ирээд орон дээр гутлаа тослоод сууж байсан А*-ийг үгийн зөрөөгүй хамар луу цохисон. А хамраа дараад суусан. Н-ыг хойш нь татаад салгасан. А-ийн хамраас цус гараад байсан. Би өрөөнөөс гараад А ахлагчийг дуудаж ирсэн. А-ийн хамар нь баруун тал руугаа муруйсан байгаа харагдсан. Урд нь А-ийн хамар тэгшхэн зүгээр байсан. На- цохиулсаны дараа муруйсан байсан.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 26-28 хуудас/
Гэрч Д.Ц мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 03 дугаар сарын 14-ний өглөө босоод байж байтал А юу гэж хэлснийг мэдэхгүй Н А-ийн ам руу салаавч гаргасан. А чи яагаад миний ам руу салаавч гаргаж байгаа юм бэ гээд Н-ын өгзөг рүү нь 1 удаа өшиглөсөн. Нр өмдөө гөвчихөөд А-дийг эргэж хараад гартай нь хамт цээжээр нь тэвэрээд газар шалан дээр унагаасан. А босч ирээд чиний өрөөг солиулна гээд өргөдөл, хүсэлт бичсэн. Урд нь манай өрөөнийхөн Н-ын өрөөг солино гэж ярьдаг байсан. А хүсэлтээ бичээд надад өгсөн. Н үзье гэхээр нь би үзүүлэхгүй гээд өрөөнөөс гарсан. Н араас дагаж явж байгаад үлдсэн. Би нийгмийн ажилтаны өрөө орлоо гээд худлаа яриад явж байгаад цайны өрөө орчихоод буцаад 03 тоот өрөөндөө ороод ирсэн чинь Н А-ийг цохиод хамрыг нь хугалсан байсан. А-ийн хамраас цус гарсан байсан. ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 29-32 хуудас/
Гэрч Н.Ж мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 03 дугаар сарын 14-ний өглөө тоондоо гарчихаад орж ирээд нүүр гараа угаачихаад 03 тоот өрөөндөө орсон. А, Нү, М нар байсан. Би М, Н нартай юм яриад зогсож байтал тас хийсэн чимээ гарсан. Эргээд хартал А орон дээрээ суугаад хамраа гараараа дарсан байсан. Н урд талд нь зогсож байсан. А Н-т хандаад чи яаж байгаа юм бэ зүгээр сууж байхад цохьчихлоо ш дээ гэсэн. Амармэндийг харахад хамраас нь цус гараад хамар нь муруйсан байсан. Дараа нь сонсож байхад А Н нар муудсан гэсэн. А-йг Н өргөөд шалан дээр унагаасан гэсэн. Тэр үед би байгаагүй. Ад На-ыг миний хажууд цохиж зодоогүй.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 33-34 хуудас/
Гэрч Н.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Н-ын хувьд байнга бухимдуу байдаг. Өрөөнийхөө болон бусад хоригдолуудтай харилцахдаа муу. Харилцааны тал дээр доголдолтой. ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 26-27 хуудас/
Гэрч Д.Ц- мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Н их түргэн ууртай. Дарга нар байраар орж ирэхээр худлаа ёолоод орилоод байдаг. Н худлаа өвчин хэлээд тэрийгээрээ түрий бариад байдаг гэж боддог.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 29-30 хуудас/
Шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан баримтууд /х.х-ийн 45-52 хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /х.х-ийн 71-79 хуудас/ зэрэг болно.
Ялын тооцооны тодорхойлолт, зан байдлын тодорхойлолт, сахилгын шийтгэл оногдуулсан тушаалын хуулбар /х.х-ийн 81-84 хуудас/
Шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 108 дугаар дүгнэлтэнд:
1.Я.А-ийн биед хамрын зүүн хянга ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул“Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /х.х-ийн 38 хуудас/
Эд мөрийн баримт хураан авах тухай зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /х.х-ийн 62-65/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлхэ тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Э.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Э.Н-т ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан шүүгдэгч Э.Н-ыг 480 нэгжээр торгох ял оногдуулах саналыг хүлээн авах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Н-ын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл 16 хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцов.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нийгмийн хор аюул, хохирогчийн буруутай үйл ажиллагаа, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Н нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих ангийн хоригдлын 03 тоот өрөөний камерын бичлэгийг “ANGTE” “ эд мөрийн баримт 1917000560030” гэсэн бичиглэл бүхий сидийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-ыг 480 /дөрвөн зуун ная/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480 000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 480 /дөрвөн зуун ная/ нэгжээр торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцон нийт 32 /гучин хоёр/ хоногийн хорих ял дээр өмнөх Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 30 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 02 жил 13 хоногийг хорих ял дээр нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялын хэмжээг 02 /хоёр/ жил, 01 /нэг/ сар, 15 /арван тав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-т оногдуулсан 02 /хоёр/ жил, 01 /нэг/ сар, 15 /арван тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-ын цагдан хоригдсон 16 /арван зургаа/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч Э.Н нь бусдад төлөх гэм хорын төлбөргүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих ангийн хоригдлын 03 тоот өрөөний камерын “ANGTE” “ эд мөрийн баримт 1917000560030” гэсэн бичиглэл бүхий сидийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Н-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ