Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
Хэргийн индекс | 146/2016/00265/И |
Дугаар | 146/ШШ2016/00253 |
Огноо | 2016-09-06 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 146/ШШ2016/00253
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Монгол Улсын иргэн, 1966 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 50 настай, эмэгтэй, Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум, 1 дүгээр багт оршин суух, ЙР66051161 дугаарын регистртэй, Халтар овгийн Тогмидийн Нэргүйгийн
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгээд, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Т.Нэргүй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулангоо оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.Нэргүй шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Т.Нэргүй миний бие нь 1986-1988 оныг дуустал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын "Батзам" нэгдэлд малчнаар ажилласан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүй учраас ажилласан хугацаа тооцогдохгүй байна. Иймд миний 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 02 дугаар сарыг дуустал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Би 1983 онд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр гардаг байхад аав маань өнгөрсөн. Ээжтэйгээ хамт илгээлтээр гарч сааль саадаг байсан. Тэр үед хөдөлмөрийн дэвтэр байсан. Үрэгдээд алга болсон. 1986 оноос 1988 оны хооронд ажиллаж байсныг маань тогтоож өгнө үү...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Т.Нэргүй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Т.Нэргүй нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн №477 дугаартай архивын лавлагааны хуулбар, гэрч Г.Дондогсэрчин, Ж.Сүхээ нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи бичгийн нотлох баримт болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэн Халтар овгийн Тогмидийн Нэргүйг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Т.Нэргүйгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Халтар овгийн Тогмидийн Нэргүйг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Т.Нэргүйгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч, зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА