Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/00797

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 17 210/МА2024/00797

 

 

Ж.Б, Б.Э нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2024/00836 дугаар шийдвэртэй,

Ж.Б, Б.Э нарын нэхэмжлэлтэй, Б ХХК, Э.А нарт холбогдох,

2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээг цуцалж, хариуцагч Б ХХК-аас 8,100,000 төгрөг, хариуцагч Э.А-оос 10,800,000 төгрөг тус тус гаргуулж, орон сууц албадан чөлөөлүүлэх үндсэн,

Шүрэн толгойтой, алтан нуух, мөнгөн халбагатай дунд гарын халтар манан хөөргийг албадан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагч Э.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Б ХХК-ийн өмгөөлөгч Э.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, **************** тоот хаягт байрлах 65.9 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг нэг сарын 1,800,000 төгрөгөөр хөлслүүлэхээр Б-тай орон сууц хөлслөх гэрээг 12 сарын хугацаатай байгуулж, уг орон сууцыг Э.А-ын эзэмшилд шилжүүлсэн.

1.2. Гэрээний дагуу хөлслөгч нь орон сууцны хөлс болох 5,400,000 төгрөгийг 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төлөх ёстой байсан боловч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Орон сууцанд амьдарч байгаа Э.А, тус компанийн захирал М.Б-тай 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр уулзахад орон сууцны хөлсөө 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төлөх, төлбөрөө тохирсон хугацаанд төлөхгүй бол орон сууцыг суллаад гарна гэсэн боловч төлбөрөө төлөөгүй. Хариуцагч нар орон сууцны хөлсөө төлөөгүй атлаа өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч бид нарын өмчлөлийн орон сууцанд амьдарч бидний эрх ашгийг зөрчсөөр байна.

1.3. 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх орон сууц ашигласны төлбөрт сарын 1,800,000 төгрөгөөр тооцон нийт 10,800,000 төгрөгийг хариуцагч Э.А-оос гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Иймд 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээг цуцалж, хариуцагч Б ХХК-аас 8,100,000 төгрөг, хариуцагч Э.А-оос 10,800,000 төгрөг тус тус гаргуулж, орон сууц албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч Ж.Б, Б.Э нарын шүүхэд гаргасан 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээг цуцалж, орон сууцнаас албадан гаргуулах, 8,100,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг 6 дугаар сард бүтэн төлж чадахгүй тул хувааж өгөх талаар ярьсан боловч байрны эзэнтэй холбогдож чадаагүй. Иймд хэргийг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Э.А-ын татгалзал, тайлбарын агуулга:

Би Б ХХК-ийн захирал М.Б-д 40,000,000 төгрөг хүүгүйгээр зээлдүүлж хүүд нь тус байранд суухаар тохиролцож гэрээ хийсэн. Энэхүү гэрээний хугацаа дуусах хүртэл уг орон сууцанд амьдраад гэрээ дуусгавар болсноор орон сууцыг чөлөөлж өгөх талаар хэлсэн гэжээ.

 

4. Хариуцагч Э.А-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Би 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өөрийн өмчлөлийн эцэг өвгөдөөс өвлөгдөн ирсэн шүрэн толгойтой, алтан нуух, даваа хавчуурга, мөнгөн халбагатай дунд гарын хосгүй үнэтэй халтар манан хөөргөө Ж.Б, Б.Э нарт барьцаанд өгөөд 3,000,000 төгрөг зээлээр авсан. Улмаар зээл авсан мөнгөө төлөөд барьцаанд тавьсан хөөргөө буцааж авах гэхэд байрны түрээсийн барьцаанд авлаа гээд буцааж өгөөгүй.

Ийм шүрэн толгойтой, алтан нуух, даваа хавчуурга, мөнгөн халбагатай дунд гарын хосгүй үнэтэй халтар манан хөөргийг нэхэмжлэгч нараас албадан гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгч нарын тайлбарын агуулга:

Хариуцагч Э.А нь зээл авсан мөнгөө өгөхгүй байсан тул шүүхэд хандахад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Улмаар тохирсон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Хариуцагчийг зээл авсан мөнгөө төлөөд хөөргөө ав гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлтэй хамааралгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 305 дугаар зүйлийн 305.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Б ХХК-аас 8,100,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Б, Б.Э нарт олгож, хариуцагч Э.А-оос 10,800,000 төгрөг гаргуулж, орон сууц албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ж.Б, Б.Э нар нь шүрэн толгойтой, алтан нуух, мөнгөн халбагатай дунд гарын халтар манан хөөргийг хариуцагч Э.А-од шилжүүлэн өгч сөрөг нэхэмжлэлийг биелүүлснийг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Б, Б.Э нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 436,700 төгрөг, хариуцагч Э.А-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-аас 146,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт, нэхэмжлэгч нараас 70,200 төгрөг гаргуулан хариуцагч Э.Аод олгож шийдвэрлэжээ.

 

7. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх нэхэмжпэлийн шаардлагаас хариуцагч Э.А-оос 10,800,000 төгрөг гаргуулж, орон сууц албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй.

Учир нь Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.3 дахь хэсэгт Хөлслөгч эд хөрөнгийг гуравдагч этгээдийн ашиглалтад шилжүүлсэн тохиолдолд хөлслүүлэгч уг гуравдагч этгээдтэй дамжуулан хөлслөх харилцаа тогтоогоогүй бол гэрээ дуусгавар болоход хөлслүүлэгч гуравдагч этгээдээс эд хөрөнгөө шаардаж болно гэж заасан. Нэхэмжпэгч нарын хариуцагч Б-тай байгуулсан 2023 оны JD4 дүгээр сарын 26-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээ нь 1 жил хугацаатайгаар байгуулагдсан боловч энэ гэрээ нь цуцлагдсаны улмаас дуусгавар болсон, нөгөөтэйгүүр, энэхүү гэрээгээр хөлслүүлэгч буюу нэхэмжпэгч нар гэрээ дуусгавар болоход гуравдагч этгээдтэй дамжуулан хөлслөгчтэй гэрээ байгуулах үүрэгтэй эсвэл нэхэмжлэгч нар хариуцагч Э.Атой дамжуулан хөлслөх харилцааг гэх нөхцөл байдал тогтоогдоогүй атал шүүх Б ХХК, Э.А нарын хооронд байгуулагдсан орон сууц дамжуулан хөлс гэрээ цуцлагдаагүй, нэхэмжлэгч нь орон сууцыг дамжуулан хөлслөхөөс татгалзаагүй учир үндсэн гэрээний хугацаанд дамжуулан хөлслөгч нь дамжуулан хөлслүүлэгчтэй байгуулсан гэрээний дагуу орон сууцыг эзэмших эрхтэй гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй.

Иймд хариуцагч Э.А-оос 10,800,000 төгрөг гаргуулж, орон сууц албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нар болон хариуцагч Б ХХК-ийн хооронд 2022 оны 04 дүгээр сарын 26 өдөр болон 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тус тус орон сууц түрээслэхээр харилцан тохиролцсон. Харин Э.А-оос Б ХХК-д 40,000,000 төгрөгийг зээлдүүлж, зээлийн хүүд тухайн орон сууцыг хөлслөхөөр харилцан тохиролцсон. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр дуусах ёстой. Э.А нь Н.Б-аас 40,000,000 төгрөгийг авч чадаагүй нөхцөл байдал үүссэн. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Ж.Б, Б.Э нар нь хариуцагч Б.ХХК, Э.А нарт холбогдуулан 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээг цуцалж, хариуцагч Б ХХК-аас 8,100,000 төгрөг, хариуцагч Э.А-оос 10,800,000 төгрөг тус тус гаргуулж, орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.ХХК зөвшөөрсөн, харин хариуцагч Э.А эс зөвшөөрч, шүрэн толгойтой, алтан нуух, мөнгөн халбагатай дунд гарын халтар манан хөөргийг албадан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.А нь нэхэмжлэгч Ж.Б, Б.Э нарт холбогдуулан гаргасан шүрэн толгойтой, алтан нуух, мөнгөн халбагатай дунд гарын халтар манан хөөргийг албадан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг анхан шатны шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан орон сууц хөлслөх гэрээ цуцалсан эсэх, уг гэрээний дагуу ашигласан хугацааны хөлс болон хөлс төлөлгүй хугацаа хэтрүүлсэн хугацааны алдангийг 2 хариуцагчийн хэн нь ямар хэмжээгээр хариуцах нь маргааны зүйл болжээ.

 

4. Ж.Б болон Б ХХК-ийн хооронд 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хөлслүүлэгч Б.Э, Ж.Б нар нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нарлаг өрөө /13312/, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, ************** тоот хаягт байршилтай, 3 өрөө орон сууцыг 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хүртэл 12 сарын хугацаатай, сарын 1,800,000 төгрөгөөр хөлслүүлэх, хөлслөгч Б.ХХК нь гэрээнд заасан хугацаанд хөлс төлөх, төлбөрийг төлөхгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ. /хх4-9/

 

4.1. Энэ өдөр Б.ХХК болон Э.А нарын хооронд сууц хөлслөх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хөлслүүлэгч Б.ХХК нь Б.Э, Ж.Б нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нарлаг өрөө /13312/, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, ************** тоот хаягт байршилтай, 3 өрөө орон сууцыг 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хүртэл 12 сарын хугацаатай, сарын 1,700,000 төгрөгөөр хөлслүүлэх, гэрээний 2.2-т төлбөр тооцоо нь орон сууцны өмчлөгч буюу үндсэн хөлслүүлэгчтэй бүрэн хийгдсэн, харин хөлслөгч Э.А нь орон сууцны хэрэглээний зардлуудыг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх116-119/

 

Иймд нэхэмжлэгч Ж.Б, Б.Э нар, хариуцагч Б ХХК-ийн хооронд болон хариуцагч Б.ХХК, Э.А нарын хооронд тус тус Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан, уг гэрээнүүд хүчин төгөлдөр талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

4.2. Хэргийн баримтууд болон талуудын тайлбар, орон сууц хөлслөх гэрээнүүдийг хооронд нь харьцуулан дүгнэвэл Б.Э, Ж.Б нар өөрсдийн өмчлөлийн 3 өрөө орон сууцыг Б ХХК-д хөлслүүлсэн бөгөөд Б.ХХК нь Б.Э, Ж.Б нарын зөвшөөрөлтэйгөөр хөлслөсөн 3 орон сууцыг дамжуулан Э.Аод хөлслөсөн нь Иргэний хуулийн 305 дугаар зүйлийн 305.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

5. Ж.Б болон Б ХХК-ийн хооронд 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан орон сууц хөлслөх гэрээний 3.2-т орон сууцны хөлсийг улирал бүр төлөхөөр, мөн гэрээний 8.1.2-т гэрээний аль нэг тал үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нөгөө талын санаачилгаа гэрээг цуцлахаар тохиролцжээ.

 

5.1. Анхан шатны шүүх орон сууц хөлслөх гэрээг цуцлах шаардлагыг хариуцагч Б.ХХК зөвшөөрсөн гэж дүгнэн, орон сууцны хөлс 5,400,000 төгрөг, алданги 2,700,000 төгрөг, нийт 8,100,000 төгрөгийг хариуцагч Б ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Ж.Б, Б.Э нарт олгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Энэ шийдвэрт хариуцагч Б ХХК-аас давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

5.2. Харин шүүх Б.ХХК болон Э.А нарын хооронд байгуулсан орон сууц дамжуулан хөлслөх гэрээ цуцлагдаагүй, нэхэмжлэгч нар дамжуулан хөлслөх гэрээнээс татгалзаагүй, хариуцагч Э.А гэрээний үүргээ зөрчөөгүй тул гэрээний хугацаанд орон сууцыг эзэмших эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлээс хариуцагч Э.Аод холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Учир нь Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1 дэх хэсэгт Нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нөгөө талын санаачилгаар гэрээг цуцлахаар зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч нар 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд орон сууц хөлслөх гэрээг цуцалж, орон сууцны хөлс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул Ж.Б болон Б ХХК-ийн хооронд 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан орон сууц хөлслөх гэрээ цуцлагдсан гэж үзнэ.

 

5.3. Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.3 дахь хэсэгт Хөлслөгч эд хөрөнгийг гуравдагч этгээдийн ашиглалтад шилжүүлсэн тохиолдолд хөлслүүлэгч уг гуравдагч этгээдтэй дамжуулан хөлслөх харилцаа тогтоогоогүй бол гэрээ дуусгавар болоход хөлслүүлэгч гуравдагч этгээдээс эд хөрөнгөө шаардаж болно гэж заасан.

 

5.4. Ж.Б болон Б ХХК-ийн хооронд 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан орон сууц хөлслөх гэрээ цуцлагдснаар гэрээний харилцаа дуусгавар болсон тул Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.3 дахь хэсэгт зааснаар Э.А-ын эзэмшлээс өөрсдийн өмчлөлийн орон сууцыг буцаан шаардах эрхтэй.

 

Иймд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нарлаг өрөө /13312/, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, ************** тоот хаягт байршилтай, 65.9 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны эзэмшлийг Б.Э, Ж.Б нарт буцаан шилжүүлэхийг хариуцагч Э.Аод даалгасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

 

6. Түүнчлэн, Ж.Б болон Б ХХК-ийн хооронд 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан орон сууц хөлслөх гэрээ цуцлагдсан, нэхэмжлэгч нарт орон сууцыг буцаан шаардах эрх үүссэн боловч хариуцагч Э.А нь орон сууцыг өөрийн эзэмшилд байлгаж ашигласан хэвээр байх тул нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт зааснаар 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хугацааны хохирлыг хариуцагч Э.А-оос шаардах эрхтэй байна. Иймд хариуцагч Э.А-оос орон сууцны хөлс болох 10,800,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э, Ж.Б нарт олгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, энэ талаар гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2024/00836 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 295 дугаар зүйлийн 295.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК-аас 8,100,000 төгрөг, хариуцагч Э.А-оос 10,800,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж.Б, Б.Э нарт олгож, нэхэмжлэгч Б.Э, Ж.Б нарын өмчлөлийн улсын бүртгэлийн **********дугаартай, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нарлаг өрөө /13312/, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, ************** тоот хаягт байршилтай, 65.9 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны эзэмшлийг Б.Э, Ж.Б нарт буцаан шилжүүлэхийг хариуцагч Э.А-од даалгасугай гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтыг ...нэхэмжлэгч нараас 70,200 төгрөг гаргуулан хариуцагч Э.Аод олгосугай гэснийг хариуцагч Э.А-оос 257,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Б, Б.Э нарт олгосугай. гэж өөрчлөн, шийдвэрийг бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Б-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ