| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2019/0040/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/39 |
| Огноо | 2019-04-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нямбилэгт |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 2019/ШЦТ/39
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Х.Ганзориг,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч М.М-д холбогдох эрүүгийн 1917000500031 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 12-нд Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд төрсөн, 23 настай, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, Шивээ-Овоо ХХК-д өрмийн туслах ажилтай, ам бүл 6, аав ээж, дүү нарын хамт Говьсүмбэр аймаг Шивээговь сумын 2-р баг, Сэвхүүлийн ........... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М.М /РД: ......../
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч М.М нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны шөнө Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1-р багийн нутаг дэвсгэр Нэгүн пабын гадаа иргэн Ч.Д-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж зодон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.М нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны шөнө Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1-р багийн нутаг дэвсгэр Нэгүн пабын гадаа иргэн Ч.Д-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “Нэгүн” пабд найзуудтайгаа ууж байгаад гадаа гарч тамхилах гэж зогсож байтал нэг ах тамхи өгөөч гэж хэлсэн. Байхгүй гэж хэлсэн чинь элдэв бусаар хараагаад байсан. Тэгээд заамдалцаад нүрэн тус газар нь 3 удаа цохисон” гэх мэдүүлэг.
Хохирогч Ч.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ Би 2019 оны 03 дугаар сарын 06-ны орой Шивээговь сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах Оргил караокед орж хоёр лааз пиво уусан. Тэгээд Оргил караокенаас гараад Нэгүн пабад ороод 3 лааз пиво аваад нэгийг нь уусан. Тэгээд тамхи татах гээд гадаа гарч ирсэн чинь би тамхиа хаячихсан байсан. Тэгээд хажууд тамхи татаж байсан залуугаас нэг тамхилчих гэсэн чинь чамд өгөх тамхи алга гэж хэлэхээр нь чи чинь яасан хөгийн бацаан бэ, жоохон хүүхэд байж яасан хэгжүүн юм бэ гэсэн чинь миний ямар байх чамд хамаагүй, зүгээр байгаарай гээд намайг ирээд заамдаад авахаар нь би зөрүүлээд заамдаад авсан чинь миний нүүрлүү 3-4 удаа цохиж татаж унагаад дээрээс дараад автал найз нь бололтой нэг залуу ирж салгасан. Тэгээд би босоод иртэл миний ам хамарнаас цус гоожиж байсан. Тэгээд хэрэлдэж байтал цагдаа нар ирсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би М-тэй учраа олж эвлэрсэн, би хиймэл шүд хийлгэсэн. 200 000 төгрөгийг М-гээс бэлнээр авсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 7,8 тал/,
Гэрч С.У мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Тухайн өдөр М ээлжийн амралтаа авсан гээд манай найз нар болох Г, М, М бид дөрөв Нэгүн пабад суусан юм. Бид нар эхлээд нэг шил 0.75 литрийн Улаанбаатар нэртэй архи ууж дуусгаад дахиж нэг шил архи захиалаад талд нь ортол уучихаад бүжиглэж байсан чинь М тамхи татчихаад ирье гээд гараад явсан. Тэгээд бид нар бүжиглээд байж байсан чинь Г ирснээ М гадаа хүнтэй зодолдоод байна, салгах гэсэн чинь надад дийлдэхгүй байна гэхээр нь бид нар гараад очсон чинь М Нэгүн пабын баруун хойд талд нэг ахтай хамт цагдаа нартай зогсож байсан. Тэгээд цагдаа нар М-г тэр ахтай хамт аваад явсан. Хоорондоо яаж зодолдсон талаар надад мэдэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг. /хх-ийн 12-р тал/,
Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би тухайн өдөр М, У, М нарын хамт М-г ээлжийн амралтаа авсан гээд Нэгүн пабад 2 шил 0.75 литрийн Улаанбаатар нэртэй архи уусан. Эхний шил архи ууж дуусгаад 2 дахь шил архи талдаа орж байхад М тамхи татчихаад ирье гээд пабаас гараад явсан. Тэгээд би У, М нарын хамт бүжиглэж байгаад М-г орж ирэхгүй удаад байхаар нь араас нь гарсан чинь Нэгүн пабын баруун талд хоёр хүн хэрэлдээд байхаар нь яваад очсон чинь М нэг ахыг газар унагачихсан дээр нь гарчихсан байж байсан. Тэгээд би очоод салгах гэсэн чинь салгаж дийлэхгүй буцаж ороод М, У хоёрт хэлээд хамт гараад ирэхэд цагдаа нар ирчихсэн байсан. Тэр хоёрыг маргалдаж байх үед паб ажиллуулдаг Б ах цагдаад дуудлага өгсөн юм шиг байна лээ.” гэх мэдүүлэг. /хх-ийн 13-р тал/,
Гэрч Н.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2019 оны 03 дугаар сарын 06-ны орой М.М-г ээлжийн амралтаа авсан гээд У, Г, М бид дөрөв Нэгүн паб руу орой 21 цагийн үед орсон. Тэгээд ороод 1 шил 0.75 литрийн Улаанбаатар нэртэй архи захиалж уусан. Тэгээд эхний захиалсан архи дуусахаар нь дахиад 1 шил архи захиалсан. Тэр архийг уугаад талд нь оруулж байхад баар хаах цаг болж байна гээд бид нар бүжиглэж байсан юм. Тухайн үед М тамхи татчихаад ирье гээд гараад явсан. Тэгээд бид нар бүжиглээд байж байсан чинь Гантогтох М гадаа хүнтэй зодолдоод байна, салгаад авах гэсэн чинь болихгүй байна хэдүүлээ гарч салгая гэхээр нь гараад очсон чинь Нэгүн пабын баруун хойд талд цагдаа нар ирчихсэн М нэг ахтай хамт аваад явж байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй. .” гэх мэдүүлэг. /хх-ийн 14-р тал/,
Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2019 оны 03 дугаар сарын 06-ны орой баарандаа ажиллаж байтал Ч.Д түрүүлээд ганцаараа орж ирээд 2 лааз пиво авч уугаад сууж байх үед нь гаднаас М найз нар нь болох С.У, М, Г нарын хамт орж ирээд Улаанбаатар нэртэй архи захиалаад уусан. Тэгээд тэд нар орж ирснээс хойш 40 орчим минутын дараа би гадаа тамхи татаад зогсож байтал М тамхи татах гэж гарч ирээд Д маргалдаад эхэлсэн. Тэгээд тэр хоёр барилцаж аваад баарны баруун хойд тал руу гараад явахаар нь баарлуугаа ороод цагдаад дуудлага өгчихөөд гараад ирсэн чинь тэр хоёр баарны үүдэнд байгаагүй. Тэгээд тэр хоёр буцаж орж ирээгүй..” гэх мэдүүлэг. /хх-ийн 15-р тал/,
Шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 92 дугаартай дүгнэлтэд:
-М.М-гийн биед гэмтэл тогтоогдсонгүй.
Шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 93 дугаартай дүгнэлтэд:
- Ч.Д-ы биед доод уруулд шарх, баруун хацрын төвгөр, зүүн хацарт зулгаралт. Зүүн дээд 2,3,4-р шүднүүд сууриараа унасан гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугааанд үүсэх боломжтой.
-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг 10 хувиар бууруулна гэх дүгнэлт /хх-ийн 17-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч М.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч М.М нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн 1917000500031 дугаартай хэрэгт битүүмжилсэн, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дүгээр хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч М.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ