Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/00796

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 17 210/МА2024/00796

 

 

Ж.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2024/01123 дугаар шийдвэртэй,

Ж.Г-ийн нэхэмжлэлтэй С ХХК-д холбогдох

Алданги 22,293,408 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Би 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр С ХХК-ийн Баянбүрд резиденси-А блокт 51.35 м.кв, 47,42 м.кв, 32,55 м.кв талбайтай нийт 131.32 м.кв талбайтай 3 орон сууцыг 1 м.кв-ыг 1,290,000 төгрөгөөр тооцон нийт 169,402,800 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулж, төлбөрийг 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төлсөн.

1.2. Талуудын хооронд байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний 2.6-д ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг 2021 оны 1 дүгээр улиралд багтаан гүйцэтгэнэ, мөн гэрээний 5.4-т гүйцэтгэгч нь захиалгат ажлыг гэрээнд заасан хугацаанаас 6 сараас дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 0.02 хувиар хоног тутамд алданги төлөхөөр тохиролцсон боловч хариуцагч орон сууцыг хугацаандаа ашиглалтад ороогүй. 

1.3. Хариуцагч С ХХК-аас орон сууцаа хугацаандаа оруулахыг шаардахад удаа дараа хойшлуулсаар 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр орон сууцаа хүлээн авсан.

Иймд хариуцагчаас 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны 658 хоногийн алданги болох 22,293,408 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байршилтай Баянбүрд ресиденсийн А блокын барилгыг 2021 оны 01 дүгээр улиралд дуусгахаар ажил эхэлсэн боловч биднээс шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас барилгын ажил хойшлогдсон. Учир нь барилгын ажилд ковид-19 цар тахлын улмаас барилга угсралтын үйл ажиллагааг 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд зогсоосон. Дулааны улиралд барилгаа битүүлснээр өвлийн улиралд доторх ажлаа хийх боломжтой байдаг. Гэтэл цар тахлын хөл хорионоос хамаарч ажлаа хийж чадаагүй, хөл хорио дууссан ч хил гааль хаасан, бараа материалын үнийн нэмэгдэл, хомсдол зэрэг олон зүйл барилгын салбарт нөлөөлсөн.

2.2. Манайх Э ХХК-тай 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн барилгын туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээгээр 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 02 дугаар 28-ны өдрийг хүртэлх хугацаанд тухайн барилгын 4 ширхэг цахилгаан шат нийлүүлэх, суурилуулах, зүгшрүүлэх ажлыг олгосон зураг төслийн дагуу гүйцэтгэх байсан боловч төлбөрөө авсан ч ажлаа хийлгүй хугацааг хойш татан хохироосон. Уг асуудлаар Баянзүрх дүүргийн Прокурорын газарт эрүүгийн хэрэг үүссэн шүүхээр шийдвэрлэгдээгүй байна. Мөн дотор заслын ажил гүйцэтгэж байсан туслан гүйцэтгэгч нар ажлын хөлсөө аваад ажлаа гүйцэтгээгүйгээс тодорхой хугацаагаар ажил хойшлогдсон.

2.3. Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комисс 2023 оны 01 дүгээр сард ажиллаж 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр дүгнэлтээ гарсан байхад нэхэмжлэгч 2023 оны 07 дугаар сарын 20-ний өдөр орон сууцаа хүлээж аваад энэ өдөр хүртэл алданги тооцсон нь үндэслэлгүй. Талуудын гэрээгээр тохиролцсон алдангийн заалт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан байхад талуудын байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээнүүдийн 5.4-т гэрээний үнийн дүнгээс алданги тооцсон байдаг. Өөрөөр хэлбэл, хуульд алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцохоор заасан байхад гэрээгээр гэрээний үнийн дүнгээс алданги тооцохоор тохиролцсон нь хууль зөрчсөн.

Иймд гэрээний заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Хариуцагч нь гэрээний 5.4-т заасан 0.02 хувийн алданги гэдгийг хуульд заасан 0.5 хувь байна гээд тооны хувьд буруу ойлгосон байна. Мөн цар тахлын улмаас барилгын ажлаа хэсэгчлэн зогсоосон нь 658 хоног дотор биш 79 хоног байсан. Гэвч хариуцагч нь орон сууцны төлбөрийг бүрэн авсан боловч барилгаа барихгүй байсан. Түүнчлэн, хариуцагчийн гаргаж өгсөн баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч С ХХК-иас гэрээний хариуцлага алданги 22,293,040 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Г-т олгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 189 дүгээр зүйлийн 189.1.1, 232 дугаар зүйлийн 232.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Г-т холбогдуулан гаргасан 2020 оны 07 сарын 06-ны өдөр №20/07/06-1, 2020 оны 07 сарын 06-ны өдөр №20/07/06-2, 2020 оны 07 сарын 06-ны өдөр №20/07/06-3 тоот орон сууц захиалан бариулах тухай гэрээнүүдийн 5.4 дэхь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч С ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 269,417 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 269,418 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 269,417 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1. Шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, мөн зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй, бодит байдалд нийцэхгүй байна. Хариуцагч гэрээний үүргээ хугацаа хэтрүүлснийг үгүйсгэж маргаагүй боловч хугацаа хэтрүүлсэн нь ковид-19 цар тахлын улмаас барилга угсралтын үйл ажиллагаа зогссон, хил гааль хаагдаж барилгын материал хомсдож үнэ нэмэгдсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, мөн ковид цар тахал, бараа материалын хомсдол, туслан гүйцэтгэгч нарын буруутай үйлдэл байсныг үгүйсгэхгүй ч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд гүйцэтгэх боломжгүй талаар нэхэмжлэгчид мэдэгдэж байгаагүй гэж дүгнэсэн.

Гэтэл талуудын хооронд 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр буюу Монгол Улсын Засгийн газраас хөл хорио тогтоохын өмнө гэрээ байгуулагдсан. Монгол улс 2020 оны 11 сараас хөл хорио тогтоож эхэлсэн, хөл хорио тогтоогоогүй байгууллагуудад барилгын салбар ороогүй. Хэдийгээр хөл хорио тавигдсан хэдий ч хил хаасан, бараа материалын хомсдол, үнийн нэмэгдэл, ажиллах хүчний хомсдол зэргээс шалтгаалан барилгын салбарт хүнд тусч байсан. Энэ нь нийтэд илэрхий бөгөөд Монголын Худалдаа аж үйлдэрийн тамхимаас олгосон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн нотлох баримтыг шүүх үнэлээгүй. Мөн дээрх нөхцөл байдлыг нэхэмжлэгч мэдэж байсан тул заавал мэдэгдэх шаардлагагүй, мөн хариуцагч мэдэгдэх талаар үүрэг хүлээгээгүй. Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал бүрдсэн.

6.2. Гэрээний үнийн дүнгээс алданги тооцох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн байхад шүүх агуулгын хувьд хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн. Мөн гэрээний заалт нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр хэлцэл байхад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

Иймд дээрх нөхцөл байдал үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

7.1. Орон сууцыг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр захиалсан бөгөөд тухайн үед барилга угсралтын ажил эхэлсэн 9 сарын дараа ашиглалтанд орно гэж захиалга авсан. Орон сууц захиалснаас хойш 3 жилийн дараа буюу 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байраа хүлээж авсан тул хариуцагчийн гомдол үндэслэлгүй. Хариуцагч гэрээнд торгууль, алдангийн хувь хэмжээг 0.5 гэж буруу заасан гэж байна. Гэрээний саналыг барилгын компани өөрөө гаргасан, бүх захиалагч нартай энэ загвараар гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь орон сууцыг 9 сарын дараа ашиглалтанд орно гэж ойлгон байр, машинаа зарж, хадгаламжаа цуцлаад захиалсан байдаг. 3 жилийн хугацаанд орон сууцыг ашиглалтад орохыг хүлээхэд захиалагчийн хувьд маш их алдагдалтай, хэцүү нөхцөл байдал тулгарсан. Хариуцагч гэрээний зүйлийг гэрээнд заасан хугацаанаас хожимдуулсан тул алданги нэхэмжилсэнийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, процессын алдаагүй учраас шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

7.2. Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргахдаа Э ХХК-д цахилгаан шат захиалсан, тус гэрээнээс болж ажил хийгдэхгүй, маш их хугацаа алдсан гэж тайлбарладаг. Баянзүрх дүүргийн Прокурорын газарт эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх баримтаар хохирогч нь С ХХК биш байдаг. Гэрээний 4.2.3-т захиалагч нь тухайн байрны хууль ёсны өмчлөгч болсны дараа байраа хүлээж авах үүрэгтэй, 4.1.6-д гүйцэтгэгч нь захиалагчид байрыг ашиглалтанд орсны дараа эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт гэрчилгээ гаргахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгнө гэж тохиролцсон.

Энэ үүргийнхээ дагуу хэргийн 61-63 дугаар хуудаст авагдсан 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн албан бичгийг гаргаж өгсөн боловч нэхэмжлэгчтэй байгуулсан захиалгын гэрээний 1 дүгээр хуудаст 2021 оны 1 дүгээр улиралд ашиглалтанд орно гэснийг 2023 оны 1 дүгээр улиралд гэж засаж, 2 жилийн дараа ашиглалтанд орно гэдэг байдлаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад өг гэж шаардаж, албан бичиг гаргаж өгсөн. Гэрээ хүчин төгөлдөр болж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ 2023 оны 07 дугаар сард гарсан. Нэхэмжлэгч нь хариуцагчтай байнга уулздаг, захиалагчид хамтран албан бичиг өгч байсан. Хариуцагч компани хариу өгдөггүй бөгөөд одоо өөр нөхцөл байдал ярьж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Ж.Г нь хариуцагч С ХХК-д холбогдуулан гэрээний хугацаа хэтрүүлсний алданги 22,293,408 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний 5.4 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

3. Зохигчид 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 20/07/06-1, 20/07/06-2, 20/07/06-3 дугаартай орон сууц захиалах гэрээ байгуулж, уг гэрээгээр захиалагч Ж.Г нь Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Баянбүрд ресидэнс-А байрны 13 дугаар давхарын 32.55 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 41,989,500 төгрөгөөр, 51.35 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 66,241,500 төгрөгөөр, 47.42 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 61,171,800 төгрөгөөр худалдан авч нийт 169,402,800 төгрөгийг төлөх, гүйцэтгэгч С ХХК нь орон сууцыг 2021 оны 1 дүгээр улиралд ашиглалтад оруулахаар харилцан тохиролцжээ. /6-7, 10-11, 14-15/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэжээ.

4. Нэхэмжлэгч нь орон сууцны төлбөрийг төлсөн болох нь хэрэгт авагдсан Х ХХК-ийн 2020 оны 07 сарын 06-ны өдрийн № 20/247, №20/248, №20/249 тоот болон хариуцагч С ХХК-ийн2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №22/20/21-1, №22/20/21-2, №22/20/21-3 тоот тодорхойлолт гэх баримтаар тогтоогдож байна. Энэ талаар хариуцагч маргахгүй байна. /хх 4-5, 8-9, 12-13/

4.1. Талуудын байгуулсан гэрээнүүдийн 2.6-д зааснаар хариуцагч нь орон сууцыг 2021 оны 1 дүгээр улиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн боловч орон сууцыг 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарч, улмаар 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгчийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээ, комиссын дүгнэлт зэрэг баримтаар тогтоогдсон. /хх 17-19, 46-48/

4.2. Мөн гэрээний 5.4-т гүйцэтгэгч нь захиалгат ажлыг гэрээнд заасан хугацаанаас 6 сараас дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 0.02 хувиар хоног тутам алданги төлөхөөр тохиролцсон байх ба хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл хариуцагч гэрээнд заасан орон сууцыг ашиглалтад оруулаагүй, хугацаа хэтрүүлсэн буруутай байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, гэрээний 5.4-т зааснаар хугацаа хэтрүүлсний алдангиийг хариуцагчаас шаардах эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

4.3. Хариуцагч нь татгалзлалын үндэслэлээ ...ковид-19 цар тахлын улмаас барилгын үйл ажиллагаа зогсож, бараа материалын хомсдол үүсэж үнэ өссөн, туслан гүйцэтгэгч ажлаа гүйцэтгээгүйгээс хугацаа хойшилсон... гэж тайлбарлан маргасан.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2020, 2021 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор нийт 9 удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоосон нь ковид-19 цар тахлаас шалтгаалсан болохыг гэрчилж гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Force Majeure/-ийн гэрчилгээ олгогдсон, мөн цар тахлын улмаас Монгол, Хятадын хилийн боомтуудыг түр хаасан болон нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарласан, барилгын материалын үнэ өссөн зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнтэй холбоотойгоор хариуцагчийн гаргасан тайлбар үндэслэлтэй байх ба дээрх байдал нь орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулж чадаагүй нөхцөл байдалд нөлөөлсөн гэж дүгнэхээр байна.

4.4. Анхан шатны шүүх хариуцагчаас алданги гаргуулж шийдвэрлэсэн зөв боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж чадаагүй байна. Учир нь орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй нөхцөл байдал зөвхөн хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй, ковид цар тахалтай холбоотой хүчин зүйлс нөлөөлснийг харгалзан үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасны дагуу алдангийг 50 хувиар багасгаж, 11,146,520 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулна. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

5. Хариуцагч С ХХК нь нэхэмжлэгч Ж.Г-т холбогдуулан 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 20/07/06-1, 20/07/06-2, 20/07/06-3 дугаартай орон сууц захиалах гэрээнүүдийн 5.4-т заасан гэрээний үнийн дүнгийн 0.02 хувиар алданги тооцох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

5.1. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...хуульд алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцохоор заасан байхад талуудын хооронд байгуулсан гэрээнд гэрээний үнийн дүнгээс алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл... гэжээ.

5.2. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан. Харин талуудын байгуулсан гэрээний 5.4-т гүйцэтгэгч нь захиалгат ажлыг гэрээнд заасан хугацаанаас 6 сараас дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 0.02 хувиар хоног тутам алданги төлөхөөр тохиролцсон байдал нь агуулгын хувьд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцохоор тохиролцсон гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, талуудын тохиролцоо нь хуульд заасан алданги тооцох хэмжээнээс хэтрээгүй, талуудын зарчимд нийцсэн байна. Иймд талууд хүсэл зоригийн дагуу гэрээ байгуулсан, гэрээгээр алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангасан тул гэрээний 5.4-т заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэхгүй.

5.3. Анхан шатны шүүх хариуцагч С ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.1, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсныг залруулж мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримталсан өөрчлөлт оруулна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2024/01123 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С ХХК-иас 11,146,520 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 11,146,520 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Ж.Г-т холбогдуулан гаргасан 2020 оны 07 сарын 06-ны өдөр №20/07/06-1, 2020 оны 07 сарын 06-ны өдөр №20/07/06-2, 2020 оны 07 сарын 06-ны өдөр №20/07/06-3 тоот орон сууц захиалан бариулах тухай гэрээнүүдийн 5.4 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч С ХХК-ийнсөрөг нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дахь заалтын ...269,417 гэснийг ...193,294 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр урьдчилан төлсөн 380,885 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ