Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00746

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 12 210/МА2024/00746

 

 

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2024/00299 дугаар шийдвэртэй,

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 182,259,323 төгрөг гаргуулах тухай үндсэн,

67,670,977 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Ц.О, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. М ХХК болон Х ХХК-иудын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч Б ХХК нь  Х ХХК-ийн хийж гүйцэтгэх Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших байх МАК ХХК-ийн Хийт бетоны үйлдвэрийн /АDH-12-24 бар/ маркийн ХБНГУ-ын Оmnikal зуухны үйлдвэрт нэг ширхэг шинэ уурын зуух угсарч, суурилуулах ажлыг 221,970,490 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр хариуцагчаас ажлын урьдчилгаанд 100,000,000 төгрөгийг авч, ажлыг хийж гүйцэтгэсэн. Дээрх ажлын үлдэгдэл хөлс болох 121,970,490 төгрөгийг төлөөгүй талаар хариуцагчаас Баянгол дүүргийн Татварын хэлтэст албан бичгээр хандаж байсан.

1.2. М ХХК болон Х ХХК-иудын хооронд 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч Б ХХК нь Х ХХК-ийн хийж гүйцэтгэх Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших М ХХК-ийн Хийт бетоны үйлдвэрт 2 ширхэг хийн компрессор, шугам хоолойн суурилуулалт, угсралт, тохируулга хийх ажлыг 60,916,833 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр хариуцагчаас ажлын хөлсөнд 50,000,000 төгрөгийг авч, ажлыг хийж гүйцэтгэн М ХХК-д актаар хүлээлгэн өгсөн. Дээрх ажлын үлдэгдэл хөлс болох 10,916,833 төгрөгийг хариуцагч төлөөгүй.

1.3. Нэхэмжлэгч Б ХХК нь Х ХХК-тай 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Халаалтын зуух угсарч, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу М ХХК-ийн үндсэн захиалгын дагуу Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байрлах цементийн үйлдвэрт 2 ширхэг зуухны суурилуулалт, угсралт, тохируулгыг хийх, ажлын хөлс 136,180,000 төгрөгийг төлөхөөс хариуцагчаас урьдчилгаанд 81,708,000 төгрөг авч, ажлыг хийж гүйцэтгэсэн. Дээрх ажлын үлдэгдэл хөлс болох 49,372,000 төгрөгийг хариуцагчаас төлөөгүй.

1.4. Нэхэмжлэгч Б ХХК-ийн хийж гүйцэтгэсэн дээрх 3 ажлын чанарын болон доголдлын талаар үндсэн захиалагч М ХХК, Х ХХК-иуд гомдлын шаардлага гаргаагүй. Улмаар гэрээний ажлын үлдэгдэл төлбөрийг хариуцагч Х ХХК-аас шаардан 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр болон 2021 оны 5 дугаар сард биечлэн уулзсан, мөн и-мэйлээр удаа дараа шаардахад төлбөрийг удахгүй төлнө, тодруулчихаад хариу өгье гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Иймд дээрх гэрээнүүдийн ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт нийт 182,259,323 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Х ХХК нь М ХХК-тай 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Технологийн уурын зуух угсарч, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ, 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Хийн компрессор ба хий дамжуулах шугам хоолойг угсарч, суурилуулах гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Халаалтын зуух угсарч, суурилуулах гэрээг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн. Дээрх ажил гүйцэтгэх гэрээний талууд М ХХК болон Х ХХК байхад Б ХХК-ийн хэрхэн холбогдож байгаа үндэслэл тодорхойгүй байна.

2.2. Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тус компанийн эрхлэх үйл ажиллагааны чиглэл гадаад худалдаа гэсэн байна. Мөн ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь зайлшгүй мэргэжлийн болон чанарын өндөр түвшний гүйцэтгэл шаардагдсан, тусгай зөвшөөрлөөр гүйцэтгэх үйл ажиллагаанууд байдаг тул нэхэмжлэгчийн эрхлэх үйл ажиллагааны чиглэл гэрээний зүйлтэй холбоогүй, ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй.

2.3. Х ХХК болон М ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээтэй холбоотой татвар, төлбөр, хураамжийг Х ХХК хариуцах учиртай. Үүний дагуу Х ХХК нь төлбөр, тооцоо, татварыг гүйцэтгэсэн. Гэтэл нэхэмжлэгчээс энэ гэрээний үнийн дүнгээр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

2.4. Нэхэмжлэгч захиалагчаас доголдолтой холбоотой гомдол гаргаагүй гэх агуулгыг тодруулсан байна. Гэвч Х ХХК болон М ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээгээр ажлын үр дүнг ажил гүйцэтгэгч Х ХХК хүлээлгэн өгсөн нь ажил хүлээлцсэн актуудаар нотлогддог тул ажлын доголдлыг Б ХХК хариуцах учиргүй.

2.5. Х ХХК болон Б ХХК-иудын хоорондын харилцааг авч үзвэл Б ХХК нь туслан гүйцэтгэгчээр ажилласан гэжээ. Бидний хооронд гэрээ хэлцэл байхгүй, хийж гүйцэтгэсэн гэх ажлын хөлсийг төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

3.1. Б ХХК-ийн захирал С.Г нь Х ХХК-ийн тэргүүн дэд захирлын албан тушаалд ажиллаж байх хугацаандаа М ХХК болон Х ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу манай компанийн гүйцэтгэх зарим ажлыг өөрийн хамаарал бүхий компаниар гүйцэтгүүлсэн. Х ХХК нь М ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын үр дүнг чанартай хүлээлгэж өгсөн дээрх ажлын дийлэнх хэсгийг өөрсдөө хийж гүйцэтгэсэн.

Х ХХК нь Б ХХК-д тэдний хийж гүйцэтгэсэн гэх өөрсдийн тодорхойлж ирүүлсэн ажлын хэмжээг харгалзан 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 100,000,000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдөр 50,000,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 81,708,000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 5,100,000 төгрөг, нийт 236,808,000 төгрөгийг төлсөн.

3.2. Шинжээчийн дүгнэлтээр Б ХХК-ийн гүйцэтгэсэн ажлуудын нийт төсөвт өртөг 169,137,023 төгрөг гэж тодорхойлсон. Шинжээчийн дүгнэлт болон бидний тооцоогоор тэд хийж гүйцэтгээгүй ажлын хөлсөнд 67,670,977 төгрөгийг илүү авч үндэслэлгүй хөрөнгөжсөн байна.

Иймд нэхэмжлэгч нь 67,670,977 төгрөгийг илүү авч үндэслэлгүй хөрөнгөжсөн тул гаргуулж өгнө гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Х ХХК нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, мөн хуулийн 343 дугаар зүйлд зааснаар дээрх гурван гэрээний ажлын гүйцэтгэлийн чанар доголдол болон гэрээний төлбөрийг илүү төлсөн талаар шаардлага гаргаагүй тул сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Харин Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар Б ХХК-ийн хийж гүйцэтгэсэн Технологийн уурын зуух угсарч суурилуулах ажлын хөлсний үлдэгдэл 121,970,490 төгрөг, Хийн компрессор ба дамжуулах шугам хоолойг угсарч суурилуулах ажлын хөлсний үлдэгдэл 10,916,833 төгрөг, Халаалтын зуух угсарч, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээний дагуу үлдэгдэл 49,372,000 төгрөг нийт 182,259,323 төгрөгийг хариуцагч Х ХХК төлөөгүй тул үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр 67,670,977 төгрөг гаргуулахаар шаардах эрхгүй.

Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х ХХК-д холбогдох 182,259,323 төгрөг гаргуулах тухай Б ХХК-ийн үндсэн нэхэмжлэл, Б ХХК-д холбогдох 67,670,977 төгрөг гаргуулах тухай Х ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б ХХК-аас төлсөн 1,069,246.61 төгрөг, хариуцагч Х ХХК-аас төлсөн 496,305 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:

6.1. Шүүхийн шийдвэрт шинжээч дүгнэлт гаргахдаа хуулиар тогтоосон журам зөрчөөгүй, зохигч талууд шинжээчийн дүгнэлтийн үнэн зөвд маргаагүй, аливаа байдлаар үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүх уг дүгнэлтээр тогтоогдсон хэмжээгээр гүйцэтгэсэн ажил болон ажлыг хөлсийг тооцох нь хуульд нийцнэ гэж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлж хэргийг үйл баримтын талаар хууль зүйн зөв дүгнэлт хийж чадаагүй. Учир нь нэхэмжлэгч шинжээчийн дүгнэлтийн үнэн зөвд маргаагүй гэж дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлагад үндэслэсэн баримтуудыг харьцуулан судалж дүгнэхээс татгалзах болон нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах нэхэмжилж буй мөнгөн дүн тус бүрд бичгийн болон эд мөрийн баримтаар хамаарах баримтыг шүүхэд нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн, улмаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах, үгүйсгэх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, баримтуудыг няцааж чадаагүй байхад шинжээчийн дүгнэлтийг аливаа байдлаар үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй гэж шийдвэрт дүгнэсэн нь буруу юм.

6.2. Шинжээчийн дүгнэлт нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан нөхцөл байдлыг бүрэн тогтоох боломжгүй, ажил гүйцэтгэх гэрээнд ажлын хөлсний хэмжээг тодорхой тусгасан нөхцөл байдлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь нэхэмжлэгч нь гурван төрлийн ажил тус бүрээр нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон. Харин шинжээчийн дүгнэлт нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тус бүрд хариуцагчаас шилжүүлсэн хөлсийг зааглан тогтоогоогүй нийт үүргийг хооронд харьцуулан гаргасныг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Б ХХК-ийн дүгнэлт Хууль зүй дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтран 2023 оны 09 сарын 13-ны өдрийн А/314, А/178 тоот тушаалаар батлагдсан Эдийн засгийн шинжилгээ хийх журам-д заасан шаардлагад нийцээгүй, Шүүхийн шинжилгээний тухай хуулийг баримтлаагүй байна.

 

6.3. Шүүх нэмэлтээр нотлох баримтыг олж цуглуулаагүй, талуудын батлагдсан төсвийн дагуу ажил гүйцэтгэж дууссан М ХХК-аас Х ХХК-дтөлбөр тооцоо нь бүрэн шилжсэн ажлууд нь тодорхой байхад дахин шинэ төсөв зохиож тэр төсөвтэйгөө Б ХХК-ийн нотлох баримтуудыг харьцуулж дүгнэлт гаргасан нь хуулийн хүрээнд цуглуулсан бусад баримттай харьцуулан дүгнээгүй шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрт шинжээчийн дүгнэлтээс бусад нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн талаар дүгнэлт хийгээгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

7.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид тооцоо нийлэх хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч Б ХХК болон Х ХХК-ийн дунд үл ойлголцол үүсэж, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудыг гаргах, тооцоо нийлэх, ажлын цар хүрээг тодорхойлох асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй. Талууд тооцоо нийлж, хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг тодорхойлох, нэхэмжлэгчид нэхэмжлэлд дурдсан хэмжээний ажлыг хийх мэргэжилтэй ажилтнууд, хүний нөөц, техник хэрэгсэл байсан эсэхээ нотолж чадаагүй, энэ асуудлаар тооцоо нийлэх, харилцан зөвшилцөж чадаагүй тул шинжээч томилуулахаар хүсэлт гаргасан. Шинжээчийн дүгнэлтээр Б ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын нийт төсөвт өртөг 169,137,023 төгрөг гэж тодорхойлсон. Гэтэл Б ХХК нь технологийн уурын зуух угсарч суурилуулах ажил, хийт компрессор ба хий дамжуулах шугам хоолойг угсарч суурилуулах, халаалтын зуух угсарч суурилуулах ажилд ногдох өөрсдийн хийж гүйцэтгэсэн ажлын санхүүжилт авахдаа 67,670,977 төгрөг илүү авсан нь тогтоогдсон.

Шүүхийн шийдвэрт шинжээч нь дүгнэлт гаргахдаа хуулиар тогтоосон журам зөрчөөгүй, зохигчид шинжээчийн дүгнэлтийн үнэн зөвд маргаагүйгээс гадна аливаа байдлаар үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүх уг дүгнэлтээр тогтоогдсон хэмжээгээр гүйцэтгэсэн ажил болон ажлын хөлсийг тооцох нь хуульд нийцнэ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Шинжээчийн дүгнэлтээ зохигчдоос гаргасан санхүүгийн баримтад үндэслэн гаргасан байдаг бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар давхар нотлогдсон. Түүнчлэн, нэхэмжлэгч нь шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна гэж үзсэн тохиолдолд нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах эрхтэй байсан ч хүсэлт, гомдол гаргаагүй. Иймд анхан шатны шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн гаргасан шинжээчийн дүгнэлтийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол нь үндэслэлгүй.

7.2. Зохигчдын хооронд зөвхөн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 53/15-HMW дугаартай халаалт угсарч, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд технологийн уурын зуух угсарч суурилуулах, хийт компрессор ба хий дамжуулах шугам хоолойг угсарч суурилуулах ажлыг гүйцэтгэхтэй холбоотой харилцааг зохицуулсан гэрээг бичгээр байгуулаагүй, нөхцөл тохироогүй. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт заасны дагуу технологийн уурын зуух угсарч суурилуулах, хийт компрессор ба хий дамжуулах шугам хоолойг угсарч суурилуулах ажлыг гүйцэтгэхэд Б ХХК-ийн бодитой гүйцэтгэсэн ажлын хэмжээгээр ажлын хөлсийг зах зээлийн дундаж үнэлгээний дагуу тооцож олгох ёстой. 

Гэтэл нэхэмжлэгчийн гомдолд дурдсанчлан ажил гүйцэтгэх бичгээр байгуулсан гэрээнд ажлыг хөлсний хэмжээг тодорхой тусгасан нөхцөл байдлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон гэх нөхцөл байдал бий болоогүй. Учир нь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ тодорхой болсон бол зөвхөн түүнд тохирсон ажлын хөлс тооцогдон бодогдох учиртай. Нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтад үндэслэн гарсан шинжээчийн дүгнэлтээр Б ХХК нь Х ХХК-ийн шилжүүлэн өгсөн ажлын хөлс, зардлыг ажил гүйцэтгэхэд зарцуулсан эсэх нь тодорхойгүй, дээрх 3 ажлыг бие даан хийж гүйцэтгэхэд шаардлагатай ажиллах хүч, техник, хэрэгсэл тус компанид байгаагүй болохыг бодитой тогтоосон.

Иймд шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байх шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 182,259,323 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, илүү төлсөн 67,670,977 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ М ХХК болон Х ХХК-ийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу 3 ажлыг манай компани хийж гүйцэтгэсэн тул ажлын үлдэгдэл хөлс болох 182,259,323 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч нь татгалзлаа гэрээнд заасан ажлыг манай компани гүйцэтгэн Х ХХК-д актаар хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч Б ХХК гэрээний нэг тал биш, гэрээг бичгээр байгуулаагүй, гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэхэмжлэгчид төлсөн төлөх төлбөргүй гэж тус тус тайлбарласан.

 

4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоогдсон байна. Үүнд:

 

4.1. М ХХК болон Х ХХК-ийн хооронд 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших захиалагчийн Хийт бетоны үйлдвэрт нэг ширхэг шинэ уурын зуухыг угсарч суурилуулах, тохируулгын ажлыг 45 хоногийн дотор гүйцэтгэн актаар хүлээлгэн өгөх, захиалагч нь ажлын гүйцэтгэлийг харгалзан 221,970,490 төгрөгийг хэсэгчлэн төлөх,

2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан Хийн компрессор ба хий дамжуулах шугам хоолойг угсарч, суурилуулах гэрээгээр гүйцэтгэгч нь Хийт бетоны үйлдвэрт 2 ширхэг шинэ хийн компрессор, шугам хоолойн суурилуулалт, угсралт, тохируулгын ажлыг 21 хоногийн дотор гүйцэтгэн актаар хүлээлгэн өгөхөөр, захиалагч нь ажлын гүйцэтгэлийг харгалзан 60,916,833 төгрөгийг хэсэгчлэн төлөх,

2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан Халаалтын зуух угсарч, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших захиалагчийн Цементийн үйлдвэрт 1.4MBт хүчин чадал бүхий босоо 2 ширхэг усан халаалтын зуухны суурилуулалт, угсралт, тохируулгын ажлыг гүйцэтгэн актаар хүлээлгэн өгөх, захиалагч нь ажлын гүйцэтгэлийг харгалзан 136,180,000 төгрөгийг хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээсэн. /3-р хх224-226, 234-236, 4-р хх60-62/

 

4.2. Дээрх 3 гэрээгээр хүлээсэн ажлын гүйцэтгэлийг хариуцагч Х ХХК-аас 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр, 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр болон 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр, 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тус тус актаар захиалагч М ХХК-д хүлээлцсэн. /1-р хх132, 188-232, 3-р хх233, 242/

 

4.3. Мөн Х ХХК болон Б ХХК-тай 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан Халаалтын зуух угсарч, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээгээр нэхэмжлэгч нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших захиалагчийн Цементийн үйлдвэрт 1.4MBт хүчин чадал бүхий босоо 2 ширхэг усан халаалтын зуухны суурилуулалт, угсралт, тохируулгын ажлыг гүйцэтгэн актаар хүлээлгэн өгөх, хариуцагч нь ажлын гүйцэтгэлийг харгалзан 136,180,000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцсон. /1-р хх181-185/

 

4.4. Хариуцагч Х ХХК-аас ажлын хөлсөнд нэхэмжлэгч Б ХХК-ийн Худалдаа, хөгжлийн банк дахь *********** тоот дансанд 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 100,000,000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдөр 50,000,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 81,708,000 төгрөг, ХААН банк дахь С.Г-ийн *********** тоот дансанд 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 5,100,000 төгрөг, нийт 236,808,000 төгрөгийг шилжүүлсэн. /1-р хх 12, 127, 186-187/

 

4.5. Гэрч Ж.Г шүүхэд Х ХХК-д ажиллаж байхад ...Төв аймгийн 461-р зөрлөгт хийт бетон үйлдвэрийн тоноглолуудыг угсар гэж явуулсан. 1 ширхэг Германы зуух, 3 том автокап, усан хаалтын төхөөрөмжийг угсарсан. Манай дэд захирал н.Гансүх Дорноговь аймгийн цементны үйлдвэр яв гэсэн. 2004-2016 онуудад Х ХХК-д мастер хийсэн гэх агуулгатай,

 

Гэрч Т.Дэлгэрмаа шүүхэд ... Энэ 3 ажлын хувьд Х ХХК-тай байгуулсан МАК ХХК-ийн гэрээ байдаг. Уг 3 ажлын нэгэн дээр нь Б ХХК-тай гэрээ байгуулсан байдаг... тухайн үед зуух, хийн зуухтай хариуцлагатай ажил байсан учир Х ХХК-аас өндөр зэрэглэлийн гагнуурчид слесарь ажиллаж байсан... Б ХХК-ийн хэдэн ажилтан оролцож, ямар байдлаар оролцсон талаар мэдэхгүй, 70 гаруй сая төгрөгийн цалинг олгосон... гэх агуулгатай,

 

Гэрч Л.Б шүүхэд Тухайн үед цалингаа Х ХХК-аас авч байсан. Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байрлах МАК-ийн цементийн үйлдвэрт ажиллаж байсан. Х ХХК-аас очиж ажилла гэсний дагуу ажилласан гэх агуулгатай,

 

Гэрч С.Г шүүхэд Даланжаргалан дээр 100 хувь Б ХХК үйлчилсэн, Ойролцоогоор 5-8 хүн ажилласан. Төв аймгийн Сэргэлэн сумын ажил дээр хамгийн бага нь 3 хүн, хамгийн их нь 12-13 хүн байсан. Зөвхөн гагнуур хийх ажил дээр Х ХХК-аас заримдаа 2 хүн ажиллуулж байсан. Бусдыг нь Б ХХК-аас. 3 ажлын нэг Даланжаргалангийн ажлыг 100 хувь манай компани хийсэн. 2 ажил нь Налайхад зөвхөн гагнуурчин туслах ажилтан авдаг байсан. Бусдыг нь манай ажилчид хийдэг байсан. Гэрээг Х ХХК байгуулсан, ажлыг манайх хийж байсан гэх агуулгатай,

 

Гэрч А.Э шүүхэд Х ХХК-д 2009 оноос хойш ажиллаж байсан гэх агуулгатай мэдүүлэг тус тус өгсөн байна.

 

4.6. Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэгийг харьцуулан дүгнэвэл Б ХХК болон Х ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн эсэх, хэрэв ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн бол хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ болон ажлын хөлсийг хэрхэн тохирсон, хийсэн ажлын хөлсийг бүрэн төлсөн эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

 

5. Дээрх 3 гэрээнд М ХХК захиалагч Х ХХК ажил гүйцэтгэгчээр оролцсон бөгөөд уг гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгүүлэхдээ Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт зааснаар Х ХХК нь ерөнхий гүйцэтгэгчийн хувьд туслан гүйцэтгэгчээр Б ХХК-ийг оролцуулсон болох нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.

 

5.1. Хэрэгт цугларсан Б ХХК-ийн татварын тайлан, зарлагын баримт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, дансны хуулга, хариуцагч Х ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн Татварын хэлтэст хандсан албан бичиг, гэрч Ж.Г, Т.Д, Л.Б, С.Г, А.Э нарын мэдүүлэг, талуудын тайлбар зэрэг баримтуудыг харьцуулан дүгнэхэд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Хийт бетоны үйлдвэрт технологийн уурын зуух болон хийн компрессор ба хий дамжуулах шугам хоолойг угсарч, суурилуулах ажлыг гүйцэтгэхээр зохигчид урьдчилан хийгдэх ажлын төсөв, гүйцэтгэх ажлын хэмжээ, гэрээний үнийг хэрхэн тодорхойлсон болох нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх ажлын төсөвт өртөг, ажлын хөлс төлсөн баримт, ажил хүлээлцсэн акт зэрэг баримтаар нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээг тогтоох боломжгүйгээс гадна маргаж буй 3 гэрээний ажлыг Б ХХК дангаараа хийж гүйцэтгэсэн гэж эргэлзээгүйгээр үзэх үндэслэл тогтоогдоогүй. Харин Х ХХК-тай хамтарч гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.

 

5.2. Нөгөө талаар талууд технологийн уурын зуух угсарч, суурилуулах, хийн компрессор ба хий дамжуулах шугам хоолойг угсарч, суурилуулах гэрээг бичгээр байгуулаагүйгээс хийж гүйцэтгэх ажлын хэмжээ, ажлын хөлсний талаар хэрхэн тохирсон нь тодорхой бус байгаа нөхцөлд нэхэмжлэгч нь М ХХК болон Х ХХК-ийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнгээр ажлын хөлс шаардсан нь үндэслэлгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

5.3. Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн гэрээгээр 221,970,490 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн гэрээгээр 60,916,833 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн гэрээгээр 136,180,000 төгрөгийн хөлсөөр ажил гүйцэтгэхээр тохирсон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно. Иймд нэхэмжлэгчийн шүүх нотлох баримтыг дутуу үнэлсэн, нэмэлтээр нотлох баримтыг цуглуулаагүй гэх гомдлыг хангахгүй.

 

6. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэж заасан.

 

6.1. Шүүх хариуцагчийн хүсэлтээр гэрээгээр хийж гүйцэтгэхэд зохигчдын гаргасан зардал, ажлын төсөвт өртөг, нэхэмжлэгчийн ажиллах хүч, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, машин механизмийн нөөц байсан эсэхийг тодорхойлуулахаар Б ХХК-ийг шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШЗ2023/02656 дугаар захирамж гарган шинжээчээр томилсон бөгөөд шинжээчийн дүгнэлтээр ...3 ажлын төсөвт өртгийг тооцоход Б ХХК-ийн гүйцэтгэсэн ажлуудын нийт төсөвт өртөг 169,137,023 төгрөг болж Х ХХК-аас авсан 236,808,000 төгрөгөөс 67,670,977 төгрөгийн зөрүү гарсан... хоёр компанийн ажилчдын ажилласан цаг нийт 4,521 хүн/цаг бүртгэгдсэнээс Х ХХК нь 3,210 хүн/цаг, Б ХХК нь 1,311 хүн/цаг буюу Х ХХК-ийн ажилчдын хүн/цаг 71 хувь, Б ХХК-ийн ажилчдын хүн/цаг 29 хувийг гүйцэтгэлтэй бөгөөд цагийн бүртгэлээс харахад 3 ажлын 71 хувийг Х ХХК гүйцэтгэсэн нь Б ХХК-ийн шүүхэд өгсөн хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Дорноговь аймгийн Даланжаргалан суманд МАК ХХК-ийн Цементийн үйлдвэрийн халаалтын зуух угсарч, суурилуулах ажлыг 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 53/15-HMW дугаартай нийт 136,180,000 төгрөгийн төсөвт өртөгтэй гэрээ байгуулсан байна. Бусад 2 ажлуудад байгуулсан гэрээ нь хавтаст хэрэгт авагдсан материалд байхгүй гэж тодорхойлжээ. /4-р хх159-181/

6.2. Анхан шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээнүүдийг нэгтгэн дүгнэж, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хэмжээгээр гүйцэтгэсэн ажил болон ажлын хөлсийг тооцож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Иймд нэхэмжлэгч талын шинжээчийн дүгнэлт хууль болон журамд нийцээгүй, гэрээг нэгтгэн дүгнэсэн нь үндэслэлгүй гэх гомдлыг хангахгүй.

 

7. Хариуцагч Х ХХК нь нэхэмжлэгч Б ХХК-д холбогдуулан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн илүү төлсөн 67,670,977 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд анхан шатны шүүх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэгч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлгүй тогтоогдоогүй гэж үзэхгүй гэж дүгнэн, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. Энэ шийдвэрт хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2024/00299 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр урьдчилан төлсөн 1,069,246 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ