Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00975

 

 

 

 

 

 

 

 

2024 05 08 210/МА2024/00975

 

 

Т ББСБ нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2024/00896 дугаар шийдвэртэй

Т ББСБ нэхэмжлэлтэй, Ч.Б, Ц.М нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 99,490,581 төгрөг гаргуулах, фидуцийн болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Зээлдэгч нартай 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр 60,000,000 төгрөгийг сарын 2.7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Гэрээний хугацаа 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр дууссан ч зээлдэгч нар тухайн хугацаанд гэрээний үүргээ биeлүүлээгүйгээс гадна 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй.

1.2. Зээлдэгч нар фидуцийн болон баталгаат ипотeкийн гэрээний дагуу Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, ************* тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн *********** дугаарт бүртгэлтэй, 42.2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон фидуцийн гэрээний дагуу ************ улсын дугаартай, ************* арлын дугаартай, Хово маркийн автомашиныг тус тус барьцаалсан.

Иймд хариуцагч нараас 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар зээл 43,137,551 төгрөг, хүү 46,925,405 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,385,081 төгрөг, нотариатын зардал 6,500 төгрөг, нийт 99,490,581 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Хариуцагч нар 60,000,000 төгрөгийн зээлийн гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан талаар маргахгүй бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн. Харин 2020 оноос эхлэн ковид-19 цар тахал гарч бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлсний улмаас хариуцагч нарын бизнесийн үйл ажиллагаа зогссон.

2.2. Барьцааны зүйл болох автомашиныг худалдахаар болж хүнээс суудлын автомашин болон 40,000,000 төгрөг бэлнээр авахаар тохиролцсон ч автомашиныг авсан хүн сураггүй алга болсон. Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Автомашиныг буцааж авбал худалдан борлуулаад зээлийн үлдэгдэл төлбөр болох 56,977,235 төгрөгийг төлж дуусгана. Хариуцагч нарын зүгээс зээлийн хүүгээ багасгаж, дахин шинэчилсэн гэрээ байгуулахыг нэхэмжлэгчээс хүсэхэд нэмэлт гэрээ байгуулаагүй, эргэн төлөлтийн хуваарийг дахин гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлээс 42,573,346 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд гэрээний дагуу 96,933,235 төгрөг төлөхөөс төлсөн 39,956,000 төгрөгийг хасаад үлдэх 56,977,235 төгрөг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.М, Ч.Б нараас 99,048,081 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 442,499 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.М, Ч.Б нар үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагчийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, ************* тоот, 42.2 м.кв талбайтай, ************ дугаарт бүртгэлтэй орон сууц, мөн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний дагуу *************** арлын дугаартай, ******** улсын дугаартай Howo маркийн автомашиныг тус тус худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 725,610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.М, Ч.Б нараас 723,390 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 43,173,551 төгрөг, зээлийн хүү 46,556,692 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,311,338 төгрөг, нотариатын зардал 6,500 төгрөг, нийт 99,048,081 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх 442,499 төгрөгийг хэрэгсэхгүй болгохдоо юунаас хасаад хэрэгсэхгүй болгож байгаа нь ойлгомжгүй.

4.2. Хариуцагч нь Т ББСБ ХХК-тай 60,000,000 төгрөгийн зээлийн гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан. Гэтэл шүүх нэхэмжлэгч талаас 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар нэхэмжилсэн төлбөрийг гаргасан. Талуудын хооронд 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл гэрээ байгуулаагүй байхад нэхэмжлэлийг хангасан нь хуульд заасан хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр байгуулна гэх заалтыг зөрчсөн.

4.3. Хариуцагч талаас 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүртэл үндсэн зээл, зээлийн хүүнд 96,933,235 төгрөг төлөх ёстой байснаас 39,956,000 төгрөг төлж, үлдэх 56,977,235 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар хүүгийн хэмжээ нь хариуцагч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол илт хохиролтойгоор тогтоож байгаа тул зээлийг хүүг багасгах санал тавьсан ч хүлээж аваагүй.

Иймд шүүхийн шийдвэрт хүүгийн хэмжээг багасган төлбөл зохих 56,977,235 төгрөг гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч талын гомдолд 442,499 төгрөгийг аль хэсгээс хассан нь тодорхойгүй байна гэж дурдсан бөгөөд шүүхийн шийдвэрийн 14-т үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгээс хассан талаар дурдсан. Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүүг бууруулах, мөн хуулийн 282.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг хийгдээгүй гэж үзнэ гэж дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлд банк эрх бүхий этгээдээс зээл олгох, зээлийн төлбөр төлөх талаар зохицуулаагүй. Харин иргэд хоорондын буюу Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банкнаас албан ёсны зөвшөөрөл аваагүй этгээдүүд хоорондоо зээлийн үйл ажиллагаа эрхэлсэн тохиолдолд ашигладаг хуулийн зохицуулалт юм. Шийдвэрийн 4-т хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд Т ББСБ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болох нь тогтоогдсон. Хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээний холбогдох хэсгийг Иргэний хуулийн 451, 453 дугаар зүйлд заасны дагуу зохицуулсан нь үндэслэлтэй.

5.2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт зээл авснаас хойш 3 жилийн хугацаанд 96,000,000 төгрөгийг төлж барагдуулах ёстой учраас зөвхөн уг төлбөрөө төлнө гэж дурдсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зээлийн хүүг ашигласан хугацаагаар тооцно гэж тус тус заасан. Хэрэгт авагдсан баримтад хариуцагч нар гэр бүлийн маргаантай байснаас болж зээлийг дундаас нь төлөхгүй орхисон талаар хүсэлтийг хавсаргасан бөгөөд шүүх нийт төлөх ёстой төлбөрөөс 442,499 төгрөгийн хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

3. Нэхэмжлэгч Т ББСБ нь хариуцагч Ц.М, Ч.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 99,490,581 төгрөг гаргуулах, фидуцийн болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү хэт өндөр байна гэж маргажээ.

 

4. Талууд 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 60,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2.7 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд сарын хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцжээ. Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд уг гэрээ хүчин төгөлдөр гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна. /хх6-7/

 

4.1. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр Т ББСБ, Ц.Мөнхзул нарын хооронд баталгаат ипотекийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр улсын бүртгэлийн ************ дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, ************* тоот хаягт байрлах, 42.2 м.кв талбай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт нийцсэн, барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хх10-11/

 

4.2. Мөн өдөр талууд эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулж, 2010 онд үйлдвэрлэсэн, ************ улсын дугаартай, Хово /Howo/ маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар, тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг Т ББСБ ХХК-д шилжүүлсэн байна. Иймд зохигчдын хооронд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулагдсан нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж шүүх зөв дүгнэсэн. /хх8-9/

 

5. Нэхэмжлэгч Т ББСБ-аас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж хариуцагчид зээлийн мөнгөн хөрөнгө болох 60,000,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч нар 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлд 16,826,449 төгрөг, зээлийн хүүнд 22,785,635 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 269,321 төгрөг, нийт 39,956,000 төгрөг төлсөн нь зээл, зээлийн хүү тооцооллын баримт болон зохигчдын тайлбараар тус тус нотлогдож байна. /хх12/

 

5.1. Хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш зээлийн төлбөр төлөөгүй байхаас гадна гэрээгээр тохирсон хугацаанд үүргээ биелүүлээгүй буруутай байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу зээлийн мөнгөн хөрөнгө, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

 

5.2. Анхан шатны шүүх үндсэн зээл 43,173,551 төгрөг, зээлийн болон хэтэрсэн хугацааны хүү 46,556,692 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,311,338 төгрөг, нийт 99,041,581 төгрөгийг төлөөгүй болохыг зөв тогтоож, нэхэмжлэлээс үлдэх 442,499 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

5.3. Түүнчлэн, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэл, зохицуулалтад банк, эрх бүхий этгээдээс олгосон хэрэглээний зээл хамаарахгүй, фидуцийн гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсэн үйлдэлтэй холбоотой эрүүгийн журмаар шалгасан нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, зээл, фидуци болон барьцааны үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

 

6. Шүүх фидуцийн болон барьцааны гэрээ, талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн улсын бүртгэлийн ************ дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг 20 дугаар хороо, ************* тоот, 42.2 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн ************ улсын дугаартай, Хово /Howo/ маркийн тээврийн хэрэгслийг тус тус худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 235 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн байна.

 

7. Мөн шүүх нэхэмжлэгчийн нотариатчийн зардалд төлсөн 6,500 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Дээрхээс дүгнэхэд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлж, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

8. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ...Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар зээлийн хүүг багасгах санал гаргасан ч шүүх хүлээж аваагүй... гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

 

8.1. Нэхэмжлэгч Т ББСБ болон хариуцагч Ц.М, Ч.Б нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасан иргэн, хуулийн этгээдийн хоорондын зээлийн гэрээний зохицуулалт хамаарахгүй. Энэ талаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

9. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ...шүүх талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хүү тооцсон нь буруу... гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

9.1. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дуусгавар болсон эсэхээс үл хамааран хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй гэж зохицуулсан. Иймд энэ талаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2024/00896 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.М-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 368,304 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ