| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2019/00018/Э |
| Дугаар | 12 |
| Огноо | 2019-02-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхболд |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул, улсын яллагч Г.Мөнхболд, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амаржаргал, шүүгдэгч Н.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тов овогт Н.Л холбогдох эрүүгийн 1839005110068 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, халх, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, 2005 оны 01 дүгээр сарын 01-нд Хэнтий аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.1 дэх хэсэгт зааснаар 110 цагийн албадан ажил хийлгэх ял, 2005 оны 11 дүгээр сарын 07-нд Хэнтий аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял, 2010 оны 03 дугаар сарын 10-нд Хэнтий аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 145.2, 150.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хорих ял, 2012 оны 05 дугаар сарын 02-нд Хэнтий аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял, 2015 оны 10 дугаар сарын 26-нд Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Н.Л
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Н.Л нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Галшар сумын Сангийн далай багийн “Цагаан дэрс” багт оршин суух Д.Д гэрт малчнаар ажиллаж байхдаа хохирогч Д.Д эзэмшлийн их гарын мөнгөн чимэгтэй эмээлийн 12 ширхэг мөнгөн чимгийг хулгайлж нийт 2.640.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүгдэгч Н.Л шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Би 2018 оны 02 дугаар сарын 13-ний өдөр Д.Д гэдэг айлынд очсон. Намайг ахдаа хэд хоног хонь хараад өгөөч гээд аймгаас аваад явсан. Тэднийд би 7 хоноод эргээд би аймаг явлаа гээд Д.Д ах руу ярьсан. Хадам ээж нас барчихлаа гэж би хэлсэн. Тэгээд Тайван гэдэг хүн аймаг явах гэж байгаа тэр хүнтэй яваад хүрээд ирээ ахын дүү гэж хэлсэн. Тэгээд би явахдаа эмээлийнх нь чимгийг юман дотор байхад эмээлийнх нь модноос аваад аймагт очоод Цэцэг гэдэг ломбарданд тавьсан ...хүүг нь адуундаа явах хойгуур нь би хулгайлсан юм. Цагаан даавуунд боогоод өвөртөө хийгээд явсан. Хадам ээжийн ажил явдалд зарцуулах гэж ломбарданд тавьсан. Үдээс хойш нь хүнтэй нийлж архи уугаад маргааш өглөө нь сэрсэн халаасанд 40, 50 мянган төгрөг л байсан. Ажил явдалд нь мөнгө явуулж чадаагүй” гэв.
Шүүгдэгч Н.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “Би Хэнтий аймгийн Галшар сумын Сангийн далай багт оршин суух Д.Д гэдэг айлд 2018 оны 02 сарын 27, 28-ны үед мал маллахаар очсон. Д.Д гэдэг хүн Хэнтий аймагт очоод ах нь ийш тийшээ явах ажилтай болчихлоо манай хүүтэй хамт мал хараад байж байгаач гэж гуйсан юм. Тэгээд тэдний гэрт очоод мал маллаж байгаад Д.Д ах эхнэр хүүхдийн хамт 2018 оны 03 сарын 13-ны өдөр шиг санаж байна аймгийн төв рүү ажилтай гээд явсан би гэрт нь Д.Д ахын хүү болох Ж ийн хамт үлдсэн. Тэгээд хүү Ж малдаа явсан хойгуур нь гэрийнх нь хойд талд чингэлэгэн доор нь байсан эмээлийн мод байхаар нь модноос нь 12 ширхэг мөнгөн чимгийг авторикоор хөшиж хулгайлж аваад цагаан өнгийн даавуунд боогоод Д.Д ахад аймаг явлаа аймагт ажилтай болчихлоо гэж хэлээд хүүгээр нь мотоцикльтой саахалт айл болох Э гэдэг хүнийд хүргүүлээд Э ах машинтайгаа аймаг орох байсан тул машинд нь суугаад аймаг руу яваад шөнийн 02 цагт аймагт очоод гэр лүүгээ очиж хоносон гэрт маань ээж дүү хоёр маань байсан би хулгайлсан мөнгөн чимгээ хашааны баруун урд талын буланд байсан хөрзөнд булж орхиод гэртээ орж унтсан. Маргааш өглөө нь эмээлийн мөнгөн чимгээ авч яваад Хэрлэн хороололд байдаг "Цэцэг" ломбарданд 700,000 төгрөгөөр тавиад Г ахтай архи уусан би "Тулга" бааранд архи уусан тэгээд согтчихсон байсан нэг мэдэхэд Г ахын гэрт унтаж байсан. Тэгээд өглөө босоход миний хармаанд 50,000 төгрөг байсан бусад мөнгөө хаясан юм уу мэдэхгүй ямар ч байсан байхгүй байсан. Архи уухдаа бүх мөнгөө аваад явж байсан. Чингэлэгний доод талд ил байхад нь авсан. Би мөнгө олох зорилготой л хулгай хийсэн. 700,000 төгрөгөнд тавьсан” гэх мэдүүлэг /хх-н 52 хуу/
Хохирогч Д.Д 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр шиг санаж байна гэрийн хойд талд байдаг чингэлгэнд хийсэн их гарын мөнгөн чимэгтэй эмээлийнхээ боолтыг задлаж үзэхэд бүрэн бүтэн байхаар нь чингэлэгний доод талд хийгээд дээрээс нь юм тавьж орхисон. Ингээд 2018 оны 05 дугаар сарын 10-ны үед шиг санаж байна чингэлэгнээс юм авах гээд чингэлэгэнд байсан юмаа гаргаж үзэж байгаад ногоон өнгийн дээлэнд боолттой байсан их гарын мөнгөн чимэгтэй эмээлээ задалж үзэхэд эмээлийн модноос нь чимгүүдийг авчихсан хоосон мод байсан. Миний их гарын мөнгөн чимэгтэй эмээлийн 2 ширхэг баавар, 4 ширхэг даруулга, 4 ширхэг сүвэгч /гуурс/ нийт 10 ширхэг чимэг алга болсон байсан. 2018 оны 03 дугаар сарын 05-наас 05 дугаар сарын 10-ны хооронд манайд эхнэр Ц, хүү Ж нар байсан. Гаднаас малчнаар Н.Л манайд 2018 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 15-ны хооронд байсан. Мөн манай ойр хавьд нутагладаг нутгийн хүмүүс манайхаар орж гардаг. Манай хойд талд Э , миний төрсөн ах О , Ч зүүн талд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын харьяат Бат-Өлзий, баруун талд Б урд талд ойрхон айл байдаггүй юм. Бид нар малд явахдаа гэрээ онгорхой орхиод өдрийн цагаар явчихдаг тэр хооронд ямар ямар хүн орж гарсан талаар мэдэхгүй байна. 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр урьд нь манайд мал маллаж байсан Л гар утсаар холбогдож манайд хэд хоног мал маллаад өгчих гэсэн чинь Н.Л зөвшөөрч би Л эхнэр Ц хамт очиж Н.Л, Ц бид гурав манай хөдөө гэрт Галшар сум Сангийн далай багийн нутаг Цагаан дэвсэг гэдэг газарт ирсэн. Бид нарыг хөдөө гэрт ирэхэд манайд хүү Ж байсан. Ингээд Н.Л манайд нилээн хэд хоносон. Би 2018 оны 03 дyraap сарын 13-ны өдөр эхнэр Ц хамт аймаг явах ажилтай аймагт ирсэн. Манайд Л Ж хоёр үлдсэн. 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шиг санаж байна намайг Хэнтий аймагт байж байхад Н.Л манай хөдөө гэрийн 83141511 дугаарын утсаар миний ......... дугаарын гар утас руу залгаж Бор-Өндөр суманд хадам ээж нас барсан байна би яаралтай явахгүй бол болохгүй гэж утасдахаар нь Э ах орой аймаг руу явна гэж байсан чи Э ахад суучих гэж хэлээд хүү Ж т Н.Л ахыгаа Э ахынх руу орой хүргэж өгөөрэй гэж хэлсэн. Ингээд тэрнээс хойш би Л уулзаагүй. Миний хулгайд алдсан их гарын мөнгөн чимэгтэй эмээл миний ааваас надад өвлөгдөж ирсэн эмээл би хэзээ хэдэн төгрөгөөр авч байсныг нь мэдэхгүй байна. Би одооны ханшаар үнэлүүл 20 сая төгрөгөнд үнэлнэ” гэх мэдүүлэг. /хх-н 18-19 хуу/
Хохирогч Д.Д 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...алдсан эмээлийн чимгээ олж авсан. Одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-н 20-21 хуу/
Иргэний нэхэмжлэгч Ж.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би "Хэрлэн Тэс" ХХК-ны захирал ажилтай. Манай "Хэрлэн Тэс" ХХК-н 2016 оноос "Мөнгөн гоёл" нэртэй ломбардны үйл ажиллагаа эрхэлж байна. Манай мөнгөн гоёл ломбард Хэрлэн сумын 4 дүгээр баг А-56 дугаар байрны 55 тоотод үйл ажиллагаа явуулдаг юм. 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хэрлэн сумын 5 дугаар баг Шинэ дулааны 20-04 тоотод оршин суух иргэн Наранцэцэгийн Н.Л гэдэг хүн их гарын мөнгөн чимэгтэй эмээлийн 10 ширхэг мөнгөн чимэг 2 ширхэг навчтай нийт 12 ширхэг мөнгөн чимэг 800,000 /найман зуун/ төгрөгөнд тавьсан байсан. Н.Л ломбардын хүүг төлөөгүй. Тавьсан их гарын мөнгөн чимэгтэй эмээлийн 12 ширхэг чимгийг манай ломбарданд байхад цагдаагийн байгууллагаас 2018 оны 10 дугаар сарын 31-ны өдөр Хэнтий аймгийн прокурорын газрын эд мөрийн баримт хураан, түр авах тухай зөвшөөрлөөр 12 ширхэг их гарын мөнгөн чимэгтэй эмээлийн 12 ширхэг чимэгийг хурааж авсан. Н.Л гэдэг хүний 800,000 мянган төгрөгөнд тавьсан их гарын мөнгөн чимэг одоо хүүг нь бодоход нийт 1 сая 184 мянган төгрөг болж байна. Миний хувьд одоо Н.Л гэдэг хүнээс 800,000 мянган төгрөгний 6 сарын хүүг нийт 1 сая 184 мянган төгрөг нэхэмжилж байна. Н.Л хулгайн эд зүйл гэж хэлээгүй миний мөнгөн чимэгтэй эмээлийн чимэг гэж хэлээд манай ломбарданд тавьсан юм. Манай Хэрлэн тэс ХХК-н Н.Л гэдэг хүнээс 1 сая 184 мянган төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-н 24-25 хуу/
Гэрч Д.Ж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манайх Хэнтий аймгийн Галшар сумын Сангийн далай багийн нутаг Цагаан дэвсэг гэдэг газар нутагладаг юм. Би аав Д.Д , ээж Ц , 3 дүүгийн хамт амьдардаг юм. 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр аав бид хоёр гэрийн хойд талд байдаг ногоон өнгийн чингэлэгэнд дээлэнд боолттой байсан их гарын мөнгөн чимэгтэй эмээлийг задлаж үзэхэд аавын эмээлийн чимэг бүрэн бүтэн эмээл нь ямар нэгэн эвдрэл байхгүй байсан. 2018 оны 05 дугаар сарын 10-ны үед аав чингэлэгнээс юм авах гэж байгаад өөрийнхөө дээлэнд боолттой байсан эмээлийг задалж үзэхэд 2 ширхэг навчтайгаа нийт 12 ширхэг их гарын мөнгөн чимэгтэй эмээлийнх нь 12 ширхэг чимгийг эмээлийнх нь модноос залгаад авчихсан байсан. Миний хувьд аавын эмээлийн 12 ширхэг чимгийг хэн авсан талаар мэдэхгүй байна. Манай ойр хавийн хүмүүс манайхаар орж гардаг юм. Манайх өдрийн цагаар хүнгүй бид нар малд явчихсан хойгуур хүмүүс орж гардаг юм. 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр аав аймаг ороод ирэхдээ манайд урьд өмнө мал маллаж байсан Н.Л гэдэг ахыг мал харуулахаар авчирсан Н.Л ах манайд 10 гаран хоноод байхад 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр аав, ээж хоёр аймаг руу ажилтай болоод 3 дүүг дагуулаад явсан. Би гэрт Н.Л ахтай хамт үлдсэн. Би өглөө адуунд явчихдаг Н.Л ах манайд ганцаараа үлддэг байсан. 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр намайг адуунд яваад ирэхэд Н.Л ах Бор-Өндөр суманд манай хадам ээж нас барчихсан байна би явахгүй бол болохгүй гээд аавтай утсаар яриад байсан. Аав Н.Л ахтай утсаар ярьчихаад надтай утсаар яриад Н.Л ахын чинь хадам ээж нас барчихсан байна гэж байна миний хүү Э ах орой аймаг руу явна гэж байсан Н.Л ахыгаа Э ахынд хүргээд өгчих гэж хэлсэн. Ингээд би орой 18 цагийн үед Эхэн шанд гэдэг газарт манайхаас хойш нутагладаг Э ахынд Н.Л ахыг мотоциклоор хүргэж өгөөд буцсан. Батноров хийцтэй шинэ цагийн чимэг байсан. Н.Л ах манайхаас явахдаа цүнхтэй савтай яваагүй. Дотуураа хар куртик, гадуураа хар өнгийн хөвөнтэй дээлтэй явсан. Би өвөрт нь юу байгааг мэдээгүй Н.Л ахын өвөрт юм байгаа үгүй нь сайн мэдэхдэхгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-н 27-28 хуу/
Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2018 оны хавар 3, 4 сарын үед би аймгийн төвд нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм. Манайх тэр үед Галшар сумын 4 дүгээр багийн нутаг Сангийн далай гэх газар хаваржаанд байсан юм, мал дээр манай хүү Ж /19 настай/ нь Н.Л гэдэг залуугийн хамт байсан. Нөхөр болохоор аймгийн төвд ирсэн байсан. Нэг өдөр манай хүү утсаар яриад “Луубаатарын хадам ээж нь нас барчихсан гэж байна, аймаг явъя гээд байна” гэж хэлсэн. Тэр үедээ үнэхээр тийм зүйл болсон юм байх гэж бодоод Луубаатарыг явуул явуул гэж хүүдээ хэлсэн. Тэгээд эмнэлгээс гараад нөхөр бид хоёр хөдөө гэртээ очсон, нөхөр очоод л чингэлэгнээс эмээлийн мөнгөн чимэг алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд цагдаад хандсан. Чингэлэг байнга цоожтой байсан, миний санаж байгаагаар том дөрвөлжин хар цоожтой байсан. Түлхүүр нь тэр үед бол надад явж байсан. Тэгэхээр тэр Н.Л цоожийг нь эвдээд л чингэлэг нээсэн байх гэж бодож байна. Эмээлийн мөнгөн чимгээ бүрэн бүтэн олж авсан. Н.Л нь хулгайлаад аймгийн төвд Мөнгөн гоёл гэдэг ломбарданд барьцаанд тавьсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 29-30 хуу/
Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би “Хэрлэн тэс” ХХК-д зээлийн мэргэжилтэн хийдэг юм. Манай компанийн салбар Хэнтий аймгийн Хэрлэн сум 4-р баг Хэрлэн хороололд үйл ажиллагаа явуулдаг. “Мөнгөн гоёл” барьцаат зээлийн газар гэдэг. Хүмүүс “Цэцэг” ломбард гэдэг юм. 2018 оны 04-р сарын 16-ны өдөр би ажил дээр байсан. 17 цаг өнгөрч байхад Н.Л гэх хүн ирж мөнгөн эмээлийн чимэг барьцаанд тавих хүсэлт гаргасан. Н.Л эмээлийн чимэг уутанд хийгээд бариад явж байсан. Би Л-аас хэдэн төгрөгний барьцаанд тавих вэ гэж асуухад та хэдэн төгрөгөнд авах уу гэж Н.Л надаас асуусан. Би чимгийн жинг үзэхэд 1кг жинтэй байсан дээд тал нь 800.000 төгрөгөөр барьцаанд авч болно гэсэн. Н.Л зөвшөөрсөн. Би тэгээд зээл олгох баримт үйлдэж Л-аас эмээлийн мөнгөн чимгийг 1 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй 800.000 төгрөг өгөөд барьцаанд авсан. Зээлийн баримт 2 хувь үйлдэж 1 хувийг Луубаатарт өгсөн. Н.Л нь авсан зээлээ төлж барагдуулаагүй байгаа Л-ын барьцаалсан эмээлийн чимгийг хулгайлагдсан эмээлийн чимэг байна гээд хурааж авсан. Манай байгууллагад учирсан хохирлыг манай захирал Бэгз нэхэмжлэх байх би энэ талаар мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-н 31-32 хуу/
Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би он сарыг нь сайн санахгүй байна. Намайг гэртээ байхад саахалт айлын Д.Д надруу утсаар ярьж “Би аймагт явж байна. Манайд мал маллаж байгаа хүний хадам ээж нь нас барсан гэнэ. Та аймаг руу хүргээд өгөөч” гэж над руу 19 цагийн орчимд 2-3 удаа залгаж гуйсан. Би анхандаа татгалзаж байсан боловч хүнд өвчин зовлон тохиолдсон байхад яаж үгүй гэхэв гээд тус болохоор болоод өөрийн эзэмшлийн 18-31 ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн Бонго-3 маркийн автомашинаар Хэнтий аймгийн Чингис хот руу хүргэж өгсөн. Д.Д ийн захисан залуу манай гэрт хүнээр хүргүүлж ирсэн. Тэр залууг Д.Д ийн хүү нь хүргэж өгсөн. Ингээд тэр залууг суулгаад 19 цаг өнгөрч байх үед гараад Чингис хотод 21 цагийн үед очсон. Бид хоёр Чингис хотод очоод би машинаа дүү Чойбалсангийн хашаанд тавиад Хэрлэн хороололд байх гэр лүүгээ такси барьж явах гэхэд Д.Д ийн захиж авчруулсан залуу Чингис хотын Сангийн аж ахуй орно гэхээр нь өөрөө Хэрлэн хороололд бууж үлдээд таксины жолоочид уг залууг хүргээд өгчихөөрэй гээд мөнгийг нь өгөөд явуулсан. Түүнээс хойш тэр залуутай дахиж уулзаагүй” гэх мэдүүлэг /хх-н 38-39 хуу/
Гэрч Д.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Н.Л 1986 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн, одоо 32 настай. Миний 4 дэх хүүхэд байгаа юм. Н.Л дээрээ 3 эгчтэй, 1 дүүтэй. Н.Л сургуульд сурч байгаагүй бичиг үсэг мэдэхгүй. Цэргийн алба хаагаагүй. Гэр бүл байхгүй, нэг хүүхэнтэй найзлаад байдаг юм. Би нэрийг нь мэдэхгүй. Урд нь эхнэртэй байсан одоо салчихсан, нэг хүүхэдтэй, хүүхдийг нь Анхбаяр гэдэг ээжтэйгээ хамт байдаг. Н.Л архи уудаггүй, тамхи татдаг. Хар бор ажилд сайн хүнд их тусч хүүхэд байгаа юм. Нэг удаа хэрэгт холбогдож шоронд орж байсан. Н.Л өөрийн гэсэн гэр орон, мал хөрөнгө байхгүй. Н.Л элэг, уушги өвчтэй бие муутай хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-н 34-35 хуу/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан талаарх тэмдэглэл /хх-н 5 хуу/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх-н 10-11-р хуу/, эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 12-13-р хуу/, эд зүйлийн талаарх шинжээчийн дүгнэлт /хх-н 45-46-р хуу/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 57-58-р хуу/, Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоол /хх-н 60-61-р хуу/, Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоол /хх-н 62-р хуу/, Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоол /хх-н 63-65-р хуу/, Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоол /хх-н 66-67-р хуу/, Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 30А дугаартай шийтгэх тогтоол /хх-н 68-69-р хуу/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байх тул эдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлж дүгнэн, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Шүүхээс шүүгдэгч Н.Л-ын гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Н.Л нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн орчим Хэнтий аймгийн Галшар сумын Сангийн далай багийн нутаг Цагаан дэвсэг гэх газар нутаглах иргэн Д.Д малыг маллаж байх хугацаандаа түүний өмчлөлийн их гарын мөнгөн чимэгтэй эмээлийн 12 ширхэг мөнгөн чимгийг хулгайлж нийт 2.640.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч Д.Д “...2018 оны 05 дугаар сарын 10-ны үед шиг санаж байна чингэлэгнээс юм авах гээд чингэлэгэнд байсан юмаа гаргаж үзэж байгаад ногоон өнгийн дээлэнд боолттой байсан их гарын мөнгөн чимэгтэй эмээлээ задалж үзэхэд эмээлийн модноос нь чимгүүдийг авчихсан хоосон мод байсан. Миний их гарын мөнгөн чимэгтэй эмээлийн 2 ширхэг баавар, 4 ширхэг даруулга, 4 ширхэг сүвэгч /гуурс/ нийт 10 ширхэг чимэг алга болсон байсан ... алдсан эмээлийн чимгээ олж авсан. Одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг
Иргэний нэхэмжлэгч Ж.Б-ийн “...2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хэрлэн сумын 5 дугаар баг Шинэ дулааны 20-04 тоотод оршин суух иргэн Наранцэцэгийн Н.Л гэдэг хүн их гарын мөнгөн чимэгтэй эмээлийн 10 ширхэг мөнгөн чимэг 2 ширхэг навчтай нийт 12 ширхэг мөнгөн чимэг 800,000 /найман зуун/ төгрөгөнд тавьсан байсан. Н.Л ломбардын хүүг төлөөгүй. Тавьсан их гарын мөнгөн чимэгтэй эмээлийн 12 ширхэг чимгийг манай ломбарданд байхад цагдаагийн байгууллагаас 2018 оны 10 дугаар сарын 31-ны өдөр Хэнтий аймгийн прокурорын газрын эд мөрийн баримт хураан, түр авах тухай зөвшөөрлөөр 12 ширхэг их гарын мөнгөн чимэгтэй эмээлийн 12 ширхэг чимгийг хурааж авсан...” гэх мэдүүлэг
Гэрч Д.О-ийн “...Би Хэрлэн тэс ХХК-д зээлийн мэргэжилтэн хийдэг юм. Манай компаний салбар Хэнтий аймгийн Хэрлэн сум 4-р баг Хэрлэн хороололд үйл ажиллагаа явуулдаг. “Мөнгөн гоёл” барьцаат зээлийн газар гэдэг. Хүмүүс “Цэцэг” ломбард гэдэг юм. 2018 оны 04-р сарын 16-ны өдөр би ажил дээр байсан. 17 цаг өнгөрч байхад Н.Л гэх хүн ирж мөнгөн эмээлийн чимэг барьцаанд тавих хүсэлт гаргасан. Н.Л эмээлийн чимэг уутанд хийгээд бариад явж байсан. Би Луубаатараас хэдэн төгрөгний барьцаанд тавих вэ гэж асуухад та хэдэн төгрөгөнд авах уу гэж Н.Л надаас асуусан. Би чимгийн жинг үзэхэд 1кг жинтэй байсан дээд тал нь 800.000 төгрөгөөр барьцаанд авч болно гэсэн. Н.Л зөвшөөрсөн...” гэх мэдүүлэг
Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр үйлджээ. Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан хэр нь түүнийг хүсч, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн үйлдлийг ойлгох бол шунахайн сэдэл нь өөрт болон бусад этгээдэд эдийн болон эдийн бус баялаг олж авах, эд хөрөнгийн ашиг хонжоо олох гэсэн эрмэлзлээр тодорхойлогдоно.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Н.Л үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй юм.
Шүүхээс шүүгдэгч Н.Л уубаатарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Шүүх хуралдааны явцад шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол болох 800.000 төгрөгийг хоёр хувааж төлөхөө илэрхийлсэн хүсэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн ар гэрийн байдлыг харгалзан үзэж түүнд 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах саналыг тус тус гаргасан боловч дээрх хүсэлт, саналыг хүлээн авч хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх бөгөөд шүүгдэгч нь урд нь хулгайлах гэмт хэргийг удаа дараа үйлдэж шүүхээр шийтгүүлж байсан тул түүнд хорих ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Иргэний нэхэмжлэгч Ж.Б нь шүүгдэгчээс нийт 1.184.000 төгрөг /үндсэн зээл, зээлийн хүү/ нэхэмжилж байгаа талаар мэдүүлжээ. Хэрэгт авагдсан нотлох баримт болох барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгосон гэрээнд зээлийн хэмжээг нэг сарын 800.000 төгрөг, хүүг 64.000 төгрөг нийт 864.000 төгрөг байхаар харилцан тохиролцжээ. Үүнээс хойш дээрх гэрээг сунгаагүй, алданги төлөхөөр тохиролцоогүй тул шүүгдэгчээс 864.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгчид олгох зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Л уубаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг
тус тус удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1. Шүүгдэгч Тов овогт Н.Л-ыг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л уубаатарыг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л-аас 864.000 /найман зуун жаран дөрвөн мянга/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ж.Б-эд олгосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Л урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР