Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/01021

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 13 210/МА2024/01021

 

 

А ХХК нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2024/00719 дугаар шийдвэртэй

А ХХК нэхэмжлэлтэй, Ж.Т, А.Л нарт холбогдох

16,979,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Ж.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

А ХХК нь 2014-2016 оны хооронд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт кофе шоп ажиллуулж байгаад үйл ажиллагаагаа түр зогсоож тоног төхөөрөмжүүдээ өөрийн агуулахдаа түр хураасан. Гэтэл Ж.Т нь өөрийгөө би танай хүүгийн ажлын албаны дарга байна гэж танилцуулан танай тоног төхөөрөмжүүдийг худалдаж авъя, харин одоо төлбөрийг нь төлж чадахгүй үйл ажиллагаагаа явуулж эхлээд удахгүй төлнө гэж хэлсэн. Тиймээс 16,979,000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжүүдийг хариуцагч Ж.Тд худалдсан боловч тэрээр тохиролцсон хугацаанд төлбөрийг төлөөгүй.

Улмаар тоног төхөөрөмжөө буцаагаад авъя гэхэд түрээсэлсэн газрын эзэнд түрээсийн төлбөрөө төлөөгүй гээд барьцаалсан байсан. Иймд тоног төхөөрөмжөө буцаан гаргуулахаар шаардсан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тул хариуцагч Ж.Т, А.Л нараас тоног төхөөрөмжийн үнэ болох 16,979,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.  Хариуцагч Ж.Т-гийн татгалзал, тайлбарын агуулга:

Би өөрийн хамаарал бүхий С ХХК-иар дамжуулан 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр кофе шоп ажиллуулахаар Н ХХК-тай түрээсийн гэрээг байгуулж хоосон талбайг 40,000,000 төгрөгөөр тохижуулан 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нээлтээ хийсэн. Нэхэмжлэгч нь кофе шопны тоног төхөөрөмжийг эхлээд ашиглуулж байгаад үйл ажиллагаа жигдэрсний дараа худалдахаар тохиролцсон. Гэвч кофе шопны үйл ажиллагаа эхлэх үед бүх нийтийг хамарсан цар тахал гарч хөл хорио тогтоосны улмаас үйл ажиллагаа явуулж чадаагүй.

Гэтэл хариуцагч А.Л-д нь С ХХК-ийн үйл ажиллагаа явуулахаар тохижуулсан кофе шопны газар болон кофе шопны тоног төхөөрөмжийг түрээсийн төлбөр болох 13,000,000 төгрөгт тооцон хураан авч ашиглаж ашиг орлого олж байна. Иймд нэхэмжлэгчийн тоног төхөөрөмжийн үнийг хариуцах эрх бүхий этгээд нь Н ХХК, А.Л-д нар болно гэжээ.

 

3. Хариуцагч А.Л-дийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгчтэй ямар нэгэн гэрээ, эрх зүйн харилцаанд ороогүй тул шүүх хуралдаанд биечлэн оролцох шаардлагагүй. Иймд миний эзгүйд уг хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Т-гаас 16,979,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгож, хариуцагч А.Л-дэд хобогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Т-гаас улсын тэмдэгтийн хураамж 243,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч Ж.Т-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээс хоёр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон бөгөөд П.Б-т олгосон итгэмжлэл нь хуулийн шаардлагыг хангаагүй. Харин Б.Т-т олгосон итгэмжлэл хуульд заасан шаардпагыг хангасан, хүчин төгөлдөр бөгөөд шүүхээс түүнд шүүх хурлын товыг мэдэгдсэн. Гэтэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул хариуцагчаас нэхэмжлэлийг буцаах хүсэлт гаргахад шүүгч П.Б-т олгосон итгэмжлэл хуулийн хүчин төгөлдөр байна гэж хариуцагч талын маргаж буй асуудлаар урьдчилан шийдвэр гарган захирамжид гомдол гаргах эрхгүй гэж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн, хариуцагчийн эрхийг хязгаарласан.

5.2. Хариуцагч Ж.Т-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нотлох баримт гаргуулах, үзлэг хийлгэх хүсэлт гаргахад шүүгч хүсэлт шийдвэрлэхдээ хэрэгт ямар ач холбогдолтой болох нь ойлгомжгүй гэх үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Гэтэл нотлох баримт хэрэгт ач холбогдолтой эсэх нь шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад тогтоогддог болохоос шүүгчийн байр сууринаас хариуцагчийн байр суурийг тодорхойлох боломжгүй. Мөн үзлэг хийснээр кофе шопны тоног төхөөрөмж бодитоор хаана, хэн ашиглаж мөнгө олсон зэргийг нотлохоос гадна жинхэнэ хариуцагч нь хэн болохыг тодорхой болох байсан.

5.3. Нэхэмжпэгч нь хариуцагч Ж.Т-тай кофе шопны тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзээд тоног төхөөрөмжийн үнийг шаардсан. Гэвч талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний үүрэг үүсээгүй, харин хамтран ажиллахаар эхний ээлжинд нэхэмжлэгч талаас тоног төхөөмжөөр хөрөнгө оруулах, хариуцагч Ж.Т нь засварын бүх зардлыг гаргаж үйл ажиплагаа явуулж эхлэх зардлуудаа нөхөх замаар тохиролцсон. 2020 оны ковид-19 цар тахлаас үүдэн үйл ажиллагаа явуулж чадаагүй байхад А.Л-днь тоног төхөөрөмжийг авч үйл ажиллагаа явуулан ашиг орлого олж өнөөдрийг хүртэл түүний эзэмшил, ашиглалтад байдаг. Шүүх талуудын хооронд Иргэний хуульд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж хийсвэрлэн дүгнэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, А.Л-д нь А ХХК-тай гэрээний харилцаанд ороогүй гэж тайлбарпах боловч Ариундэвжих ХХК-ийн эд хөрөнгийг бодитоор эзэмшиж ашиг орлого олсон.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

6.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа иргэн, хуулийн этгээд өөрөө биечлэн оролцоогүй тохиолдолд төлөөлөгчөө томилон оролцуулах, өмгөөлөгч авах эрхтэй бөгөөд төлөөлөгч томилж оролцуулсан тохиолдолд тоо хязгаарлаагүй байна гэх үндэслэлээр А ХХК нь н.Түвшинтөгс П.Б гэх 2 иргэнийг итгэмжлэлээр оролцуулсан. Тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох үед итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Түвшинтөгс эрүүл мэндийн шалтгаантай байсан тул П.Б миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцсон. Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцож мэтгэлцэхэд бэлэн байхад намайг нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжээгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Иргэний хуульд хуулийн этгээдийг төлөөлөхдөө хуулийн этгээдийн тамга дарагдсан, эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурсан байх шаардлага байдаг болохоос эрх бүхий албан тушаалтны нэр бичигдсэн байхыг заагаагүй. П.Б миний биед олгогдсон итгэмжлэл хуульд заасан үндэслэл журмын дагуу олгогдсон.

6.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо бараа бүтээгдэхүүн болон тоног төхөөрөмжөө буцаан авъя гэх агуулгаар тодорхойлсон боловч нэхэмжлэлийн шаардлагыг тоног төхөөрөмжийн төлбөрийг гаргуулахаар өөрчилсөн. Хариуцагч Ж.Т маргаан бүхий мөнгийг өгөх ёсгүй бөгөөд А.Л-ээс авах ёстой гэж тайлбарладаг. Гэтэл бидний зүгээс Ж.Т-тай маргаан бүхий тоног төхөөрөмж худалдах хэлцэл хийж нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг үнийн дүнтэй хамт жагсаан бичиж талууд гарын үсэг зурж гэрээг баталгаажуулсан. Иргэний хуульд худалдах, худалдан авах гэрээг заавал бичгээр байгуулахыг шаардахгүй бөгөөд хэлцлээр баталгаажуулах журмаар тухайн бараа бүтээгдэхүүний жагсаалтыг гаргаж өгч харилцан тохиролцсоноо баталгаажуулж гарын үсэг зурсан байгаа нь нотлох баримтын шаардлага хангасан. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан байдаг.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлж, хуульд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч Ж.Т-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

3. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Ж.Т, А.Л нарт холбогдуулан кофе шопын тоног төхөөрөмж буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 16,979,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгчтэй хариуцагч нарын хэн нь худалдах, худалдан авах гэрээний харилцаанд оролцсоноос хамаарч тоног төхөөрөмжийн үнийг хэн төлөх нь маргааны зүйл болсон байна.

 

4.1. Нэхэмжлэгч А ХХК гүйцэтгэх захирал Д.А нь хариуцагч Ж.Т-тай кофе шопын 23 нэр төрлийн тоног төхөөрөмжийг 16,979,000 төгрөгөөр худалдахаар талууд харилцан тохиролцож уг тоног төхөөрөмжийн жагсаалтад гарын үсэг зурж баталгаажуулсан нь хэрэгт авагдсан тоног төхөөрөмж эд хогшлын жагсаалт үйлдсэн баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх-8/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч А ХХК болон Ж.Т нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, уг гэрээг хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

 

4.3.Хариуцагч Ж.Т кофе шоп ажиллуулахаар Н ХХК буюу А.Л-дтэй түрээсийн гэрээ байгуулж кофе шопын 23 нэр төрлийн тоног төхөөрөмжийг уг түрээсийн байранд ашиглаж байсан бөгөөд түрээсийн төлбөрийг төлж чадаагүйн улмаас А.Л-д 13,000,000 төгрөгний төлбөрт уг тоног төхөөрөмжийг тооцон хураан авсан нь худалдах, худалдан авах гэрээний үнийг төлөхгүй байх үндэслэл болохгүй.

 

Учир нь дээрх хөдлөх хөрөнгийн хувьд Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Ж.Т-гийн эзэмшилд маргааны зүйл болох кофе шопын 23 нэр төрлийн тоног төхөөрөмжийг шилжүүлэн өгснөөр түүнд өмчлөх эрх үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

Иймээс нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Ж.Т-гаас худалдах худалдан авах гэрээний үүргийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

4.4.Түүнчлэн, хариуцагч Ж.Т нь тоног төхөөрөмжийг худалдан авах зорилгогүй, харин тодорхой хугацаанд ашиглаж байгаад худалдан авахаар тохиролцсон, мөн хамтран ажиллахаар хөрөнгө оруулсан гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч Ж.Т-гаас 16,979,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгож, хариуцагч А.Л-дэд хобогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...П.Б-т олгосон итгэмжлэл хуульд заасан шаардлагыг хангаагүй, улмаар шүүх нэхэмжлэлийг буцаах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ гомдол гаргах эрхийг хязгаарласан... гэх гомдлыг хангахгүй.

 

5.1. Учир нь нэхэмжлэгч А ХХК-аас 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр П.Б-т 2 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон бөгөөд уг итгэмжлэлд тус компанийн эрх баригч гарын үсэг зурж, тамга тэмдэг дарагдсан байх тул Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна. Уг итгэмжлэлийг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцсон байх тул шүүх нэхэмжлэлийг буцаах үндэслэлгүй, улмаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар дурдсан нь хууль зөрчөөгүй.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах, үзлэг хийлгэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэх гомдлыг хангахгүй.

 

6.1. Учир нь шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШЗ2024/01316 дугаартай захирамжаар нотлох баримт гаргуулах хүсэлт нь юуг тодруулах зорилгоор ямар баримтыг гаргуулахаар хүсэлт гаргаж байгаа нь тодорхойгүй, мөн тус кофе шопд ашиглагдаж байсан тоног төхөөрөмжид үзлэг хийж, одоогийн нөхцөл байдлыг тогтоох шаардлагагүй буюу нэхэмжлэлд тус төхөөрөмжийн үнийг шаардсантай холбоотойгоор энэ ажиллагаа нь хэрэгт ач холбогдолгүй дүгнэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. Түүнчлэн, шүүгч хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн буруу биш байна.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2024/00719 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ж.Тгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч Ж.Тгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 243,000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ