Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 00124

 

 

                                       “Алтан ном” ББН-ийн нэхэмжлэлтэй

                                                     иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 630 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч “Алтан ном” ББН-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Саран Үйлс” ХХК-ийн захирал Г.Энхсаранд холбогдох

6.033.550 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Г.Энхсарангийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч “Алтан ном” ББН-ийн захирал М.Байгальмаа

Хариуцагч “Саран Үйлс” ХХК-ийн захирал Г.Энхсаран

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Тогтохбаяр

            Нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч “Алтан ном” ББН шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Энхсарангийн “Саран үйлс” оёдлын цех нь 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс “Алтан ном” ББН-ийн 2 дугаар давхар 72 м2 талбайг сарын 500.000 төгрөгийн төлбөртэй түрээслэсэн. Г.Энхсаран нь 2013 оны 09 сараас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй түрээсийн төлбөрөө хагас дутуу төлж, зарим саруудад огт төлбөр төлөөгүй. Г.Энхсаран нь 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 15 хүртэл 30 сар түрээслэсэн бөгөөд 2013 оны 09, 10 сарын төлбөрийн үлдэгдэл 200.000 төгрөг, 11 сард 100.000 төгрөг, 12 сард 300.000 төгрөгийн төлбөрийг дутуу төлсөн, 2014 онд нийт    2.520.000 төгрөг дутуу, 2015 онд 2.260.000 төгрөг дутуу, нийт түрээснээс 5.880.000 төгрөгийн төлбөр, цахилгаанд 153.650 төгрөг төлөөгүй. Манай “Алтан ном” ББН-ийн зүгээс тухайн бүрт нь шаардлага хүргүүлж байсан бөгөөд шаардлага хүргүүлэх болгонд хохирлыг барагдуулна, төлбөрөө бүрэн төлнө гэсээр өнөөг хүрлээ. Иймд “Саран үйлс” ХХК-ийн оёдлын цехийн захирал Г.Энхсарангаас түрээсийн төлбөрийн үлдэгдэл    5.880.000 төгрөг, цахилгааны төлбөр 153.650 төгрөг, нийт 6.033.650 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Г.Энхсаран шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Алтан ном ББН-ийн 2 давхарын байрыг түрээслэж байх хугацаанд түрээсийн төлбөрийг аль болох боломжоороо төлж байсан. 2014, 2015 оны өвлийн халаалтын үед зориудаар халаалт таслах /1 сараар/ ажиллах боломжгүй болгож байсан. Дээр нь дулааны мөнгө гэж 100 000 төгрөг нэхдэг байсан. Ажилчдын дунд намайг гутаан доромжилж нэр хүндийг унагах явдал их гаргадаг. Нэг удаа 2014 оны 04 сарын 20-ны өдөр нөхөртэй /нөхөр нь согтуу байсан/ ирж намайг зодох гэж дайрч, оёдлын машиныг гаргана гэж эвдэж байсан. Эдгээр нүдэн дээр болсон. Тэрээр миний бизнесийн нэр хүндэд халдах, тэр хэрээр ажлын захиалга буурч алдагдалтай ажиллах болсон. Мөн ажилчид ч тогтвортой ажиллах боломжгүй болж байсан нь үүнтэй холбоотой гэх үзэж байна. Мөн тэрээр МСҮТ-ийн сургуулийн хүүхдүүд дадлага хийж байхад намайг доромжлон хүүхдүүдэд буруу хандлага төрүүлэх сургуульд хүртэл буруугаар ярьж явсан гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 630 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2-д заасныг баримтлан хариуцагч “Саран Үйлс” ХХК захирал Г.Энхсарангаас түрээсийн төлбөр 5.880.000 төгрөг, цахилгааны төлбөр 153.650 төгрөг, нийт 6.033.650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Алтан ном” ББН-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111.490 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “Саран Үйлс" ХХК захирал Г.Энхсарангаас 111.490 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Алтан ном” ББН-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “Саран Үйлс” ХХК-ийн захирал Г.Энхсаран давж заалдах гомдолдоо:

1.“Алтан ном” ББН болон “Саран үйлс” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2013.06.01-ний өдрийн түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй нь Иргэний хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй байх бөгөөд тус хуулийн 318.4-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Анхан шатны шүүх хүчин төгөлдөр бус хэлцлийг хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэж, Иргэний хуулийн 318.3 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлийг хангаж, түрээсийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн.

2.Хэргийг шийдвэрлэсэн шүүгчийн туслахтай 2016.05.06-нд уулзахад хурлын тов мэдэгдээгүй. Гэтэл намайг УБ хотод сургалтанд сууж байхад 2016.05.09-ний өглөө нь 11 цагийн үед нэг эрэгтэй хүн утсаар шүүх хурал болно гэж мэдэгдсэн ба УБ хотод байсан би шүүх хуралдаанд оролцож чадаагүй. Хурлын товыг хурал болох өдрийн өглөө нь утсаар мэдэгдэж байхад хаа УБ хотод явж байгаа хүн амжиж ирж чадахгүй нь тодорхой билээ.

3.“Саран үйлс” ХХК-ийн дүрэмд заасан зорилго, үйл ажиллагаатай холбоотой түрээсийн гэрээнээс үүдсэн маргаанд гэрээний нэг тал болох “Саран үйлс” ХХК-ийг бус харин иргэн Г.Энхсаранг хариуцагчаар татан, “Саран үйлс” ХХК-ийн үйл ажиллагаатай холбогдох түрээсийн төлбөрийг тус компаниас бус харин иргэн Г.Энхсарангаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрдэх тухай хуулийн 116-р зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Алтан ном” ББН нь хариуцагч Саран Үйлс ХХК-ийн захирал Г.Энхсарангаас түрээсийн төлбөр 5.880.000 төгрөг цахилгааны төлбөрт 153.650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч “Алтан ном ” ББН-ийн захирал Байгальмаа хариуцагч Саран-Үйлс ХХК-ийн захирал Г.Энхсарантай 2013 оны 06-р сарын 01-ний өдөр 02 тоот түрээсийн гэрээ байгуулж Уурхайчин багт байрлах “Алтан ном” ББН-ийн өргөтгөл болох 2 дугаар давхарыг оёдол сургалт үйлдвэрлэлийн чиглэлээр 2 жилийн хугацаатай түрээслэх сарын төлбөрт 500.000 төгрөг жилдээ 6.000.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож оёдлын үйлдвэрлэл явуулсан байна.

Хариуцагч Саран-Үйлс ХХК-ийн захирал Г.Энхсаран гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй. Түрээсийн төлбөрт 5.880.000 төгрөг, цахилгааны төлбөр 153.650 төгрөг төгрөг төлөөгүй талаар зохигчдын хооронд маргаан үүсчээ.

Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн. Хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй, шүүх хуралдааны товыг албан ёсоор хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдэгдээгүйгээс хариуцагч Г.Энхсаран анхан шатны шүүх хуралдаанд оролцох боломжоор хангагдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25 дугаар зүйлүүдийн шаардлагад нийцээгүй байна. 

Шүүх 2016 оны 05 сарын 05-ны өдөр хариуцагч Г.Энхсаранд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн тухай баримт (хх-47-р хуудас) хэрэгт байгаа боловч 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хэргийн материал танилцуулсан баримт (хх-н 46-д) авагдсан нь цаг хугацааны хувьд зөрүүтэй.

Хариуцагч Г.Энхсаран 05 сарын 06-ны өдөр хэргийн материалтай танилцуулахад шүүх хуралдааны товыг мэдээгүй, 05 сарын 09-нд Улаанбаатар хотод байхад шүүх хуралдаан болох гэж байгаа тухай утсаар ярьсан гэсэн гомдол мэдүүлсэн байгаа зэргээс дүгнэхэд шүүх хуульд заасан ажиллагааг зохих журмын дагуу хэрэгжүүлээгүйгээс хэргийн зохигчийн эрхийг хангаагүй /шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрх/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6,25 дугаар зүйлүүдийг зөрчсөн.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч “Саран Үйлс” ХХК-ийн захирал Г.Энхсарангийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн алдаа гаргасан тул хэргийн шийдвэрлэлтэнд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 630 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Хариуцагч “Саран Үйлс” ХХК-ийн захирал Г.Энхсарангийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111.489 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН ҮҮРГИЙГ

                                  ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                                    БАТТӨР

                             ШҮҮГЧИД                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

                            С.УРАНЧИМЭГ