Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2019/0432

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0384 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0384 дүгээр шийдвэрээр: “Улсын бүртгэлийн тухай хуулийн /2009 оны/ 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.8, Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 7 дугаар зүйлийн 7.7, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.9 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэж нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 32В байрны 1 дүгээр давхрын 70 тоот авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр П.С-ыг бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203023515 дугаар бүртгэл болон 000171133 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож” тус тус шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А давж заалдах гомдолдоо: “...нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хөрөнгө, түүний бүртгэл давхцаж байгаа нь эрхийн бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдохгүй байхад зөвхөн нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбарыг үндэслэн П.С-ын өмчилж буй зогсоол нь “Б” ХХК-ийн зогсоол мөн гэсэн байдлаар дүгнэсэн нь үндэслэлгүй байна. 70 тоот автомашины зогсоол анх ямар замаар “Б” ХХК-ийн өмч болсон, түүний ашиглалтын зардлыг нэхэмжлэгч 2011 оноос хойш яагаад төлөхгүй болсон, “Таван-Өндөр” ХХК-ийн нягтлангаас уг зогсоолын ашиглалтын зардлын төлбөрийг П.С төлөхөөр болсон тухай нэхэмжлэгч компанид мэдэгдэж, төлбөрийн нэхэмжлэлд хасалт хийн хүргүүлж байсантай нэхэмжлэгч 2011 онд яагаад маргаагүй зэрэг маргаантай үйл баримтыг дурджээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэх эрхийн талаар зүй ёсны эргэлзээ үүсгэж буй дээрх маргаантай үйл баримт байсаар байхад эдгээрийг зөвхөн нэг талаас нь буюу хөөн хэлэлцэх хугацаатай холбон, улмаар хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой гаргасан шийдвэрийг нь дээд шатны шүүх хүчингүй болгосонтой уялдуулж тайлбарласан нь учир дутагдалтай болжээ. Дээрх үйл баримтыг хамтад нь нэгтгэн дүгнэсэн тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжлэх эрхтэй эсэх талаар дүгнэлт хийж, шийдвэрлэх боломжтой байсан.

Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий актыг 2014 оны сүүлээр мэдсэн мэтээр худал тодруулга өгсөн болох нь мөн актыг 2012 онд мэдсэн болох нь гэрч П.Пүрэвсүрэнгийн мэдүүлгээр тогтоогдсон. 2012 онд маргаан бүхий актыг мэдсэн атлаа нэхэмжлэгч гаргалгүй бүтэн 2 жил гарган хугацааны дараа Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргаж, гомдлыг хариуг авснаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх өмнөх буруу шийдвэрийг залруулалгүй 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 221/ШТ2019/0278 дугаар тогтоолоор дахин шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй. Анхан шатны шүүх дээрх тогтоолуудын улмаас маргаан бүхий актыг хэзээ мэдсэн хугацааны талаар дүгнэлт хийлгүй тойрч, энэ талаарх хуулийн заалтыг хэрэглэлгүй орхигдуулсан байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2019/0384 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь “Бодь пропертийз” ХХК-тай 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1/70 дугаартай “Авто машины зогсоолыг захиалгаар барих” тухай гэрээг[1] байгуулж, улмаар 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахаар мэдүүлэг болон холбогдох баримтуудыг гаргаж өгсний дагуу хариуцагч Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөний 32В-ийн 5, 70 тоот зогсоолын зориулалттай 9.6 м.кв талбайтай 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2203015602 дугаар бүртгэж, 000011218 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг[2] мөн өдөр олгожээ.

Гуравдагч этгээд П.С нь 2011 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргасны дагуу хариуцагчаас Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 32В дүгээр байрны 1 давхрын 70 тоот гаражийн зориулалттай 9,6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2203023515 дугаарт бүртгэж, тухайн өдөр 000171133 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг[3] олгосон байна.  

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “...нэг үл хөдлөх эд хөрөнгө буюу 70 тоот зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнд давхардуулан хоёр гэрчилгээ гаргаснаас болж манай өмчлөх эрх зөрчигдсөн” хэмээн тайлбарлан маргасныг анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн өмчилж буй зогсоол нь давхцаж байгаа нь эрхийн бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдохгүй байхад ...уг зогсоолыг “Б” ХХК-ийн зогсоол мөн гэсэн байдлаар дүгнэсэн нь үндэслэлгүй” хэмээн дурдсан байх бөгөөд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн гэрчилгээгээр тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь нэг гэдэг нь харагдахгүй ч тэдгээрийн хариуцагчид гаргасан мэдүүлэг, Авто машины зогсоолыг захиалгаар барих” тухай гэрээ, “Бодь пропертийз” ХХК-ийн гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.

П.С нь 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1/70 дугаартай “Авто машины зогсоолыг захиалгаар барих” тухай гэрээг[4] “Бодь пропертийз” ХХК-тай байгуулсан хэмээн хариуцагчид гаргаж өгсөн мэдүүлэгтээ хавсаргасан боловч уг гэрээ нь сүүлд нөхөж хийгдсэн, 2011 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гуравдагч этгээд тухайн зогсоолыг иргэн Н.Дүгэрсүрэнгээс 1/70-110825 дугаартай “Автозогсоол худалдах, худалдан авах гэрээ”-гээр[5] авсан болох нь тухайн гэрээнүүд, Л.Ичинхорлоогийн[6] “...”Үүнийг н.Солонгын нэр дээр гаргамаар байна” гэж 2011 онд хэлээд гэрээг нөхөж хийсэн” гэх, П.Пүрэвсүрэнгийн[7] “...манай охин 2 машинтай байсан юм. 2011 онд энэ гараашийг худалдаж авсан” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул хариуцагчийн маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдийн нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгосон үйлдлийг зөвтгөх үндэслэлгүй юм.

Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 он/-ийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно”,  18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох;”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө:”, 14.1.9-т “мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол.” гэж тус тус зааснаас үзвэл тодорхой нэг үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон нь хүчинтэй байхад өөр хэн нэгэн этгээдийн нэр дээр дахин бүртгэж, гэрчилгээ олгох нь хууль бус байна.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 32В дүгээр байрны 1 давхрын 70 тоот зогсоолын зориулалттай 9,6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэлтэй байхад давхардуулан гуравдагч этгээдийн нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгосноор дээрх хуулийг зөрчсөн төдийгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөд хүрчээ.

Түүнчлэн цаг хугацааны хувьд нэхэмжлэгч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн газарт мэдүүлэг гаргаж бүртгүүлсэн, гуравдагч этгээдэд худалдсан гэх Н.Дүгэрсүрэнгийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдэж, гэрчилгээ олгогдож байгаагүй байхад гуравдагч этгээдийн нэр дээрх бүртгэлийг хуульд нийцсэн гэж үзэхгүй юм.

Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн эсэх талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШЗ2018/8203[8], 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШЗ2019/1964 дүгээр захирамжууд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 221/ШТ2019/0010, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 221/ШТ2019/0278 дугаар тогтоолууд байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.7-д зааснаар уг хуулийн 122.1-д заасны дагуу гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүх шийдвэрлэж, тогтоол гаргах бөгөөд уг тогтоол нь эцсийн шийдвэр байхаар хуульчилсан тул тухайн асуудлаар дахин дүгнэлт хийх шаардлагагүй төдийгүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...анхан шатны шүүх дээрх тогтоолуудын улмаас маргаан бүхий актыг хэзээ мэдсэн хугацааны талаар дүгнэлт хийлгүй тойрч, энэ талаарх хуулийн заалтыг хэрэглээгүй орхигдуулсан” гэж дурдсаныг хүлээн авахааргүй байна.

Мөн гуравдагч этгээдээс шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон давж заалдах гомдолдоо “...ашиглалтын зардлыг нэхэмжлэгч 2011 оноос хойш төлөөгүй, ...дээрх үйл баримтыг хамтад нь нэгтгэн дүгнэсэн тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжлэх эрхтэй эсэх талаар дүгнэлт хийж, шийдвэрлэх боломжтой байсан” гэж дурдах бөгөөд уг үндэслэлээр гуравдагч этгээдийн бүртгэлийг зөвтгөх боломжгүй юм.

Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн нэрийг тодруулбал, Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 он/-ийн нэрийг “Улсын бүртгэлийн тухай хууль” гэж буруу бичсэн байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0384 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Улсын бүртгэлийн тухай хуулийн” гэснийг “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                            Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                            Ц.САЙХАНТУЯА

 


[1] Хавтаст хэрэг 1-84 хуудас

[2] Хавтаст хэрэг 1-15 хуудас

[3] Хавтаст хэрэг 2-133 хуудас

[4] Хавтаст хэрэг 1-56 хуудас

[5] Хавтаст хэрэг 2-193 хуудас

[6] Хавтаст хэрэг 3-142 хуудас

[7] Хавтаст хэрэг 4-63 хуудас

[8] Хавтаст хэрэг 3-174 хуудас